Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/00871

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/00871

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Метро бизнес төвийн 5 давхарт байрлах, регистр 9089314, Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо,   М ХХК-д холбогдох 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Э.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.2, 25-р зүйлийн 25.2.10-т заасны дагуу М ХХК-д 2013 онд 3 жилийн хугацаатай кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан. М ХХК нь гэрээнд зааснаар 2013-2014 оны төлбөр 1 500 000 төгрөг, 2014-2015 оны нэг жилийн төлбөр 1 500 000 төгрөг, 2015-2016 оны нэг жилийн төлбөр 2 500 000 төгрөг, 2016-2017 оны нэг жилийн төлбөр 2 500 000 төгрөг нийт 8 000 000 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй. Үүнээс 2015 онд 3 000 000 төгрөгийг төлж 5 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй. М ХХК-ний бүртгэлтэй хаягаар нь мэдэгдлийг хүргүүлж байсан. 2020 оны 10-р сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сангаас мэдээлэл авч утсаар холбогдоход төлөх боломжгүй гэсэн. Иймд М ХХК-иас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-ийг би 2014 онд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед компанийг ийм өртэй гэдгийг мэдээгүй. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуулийн хэлтсээс надтай холбогдсон, би өөрийнхөө нөхцөл байдлыг хэлээд өмнөх удирдлагуудтай нь холбогдох боломжгүй юу гэдгийг хэлсэн. Компани 8 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөг төлөөгүй байна гэсэн. Тусгай зөвшөөрөл сэргээгдвэл төлөлтийн хуваарь гаргаад төлөх боломжтой гэдгээ хэлсэн. Гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь М ХХК-д холбогдох зохицуулалтын үйлчилгээний хөлс 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4 166 666 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.16.2 дахь хэсэгт зааснаар харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо нь М ХХК-д Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2014 оны 10-р сарын 16-ны өдрөөс 2016 оны 06-р сарын 28-ныг хүртэл хугацаатай /хх 7/ олгож, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ /хх 8-13/ байгуулжээ.

 

Харилцаа холбооны тухай 3-р зүйлийн 3.1.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч М ХХК нь үйлчлэгч хуулийн этгээд бөгөөд энэ хуулийн 25.2.10-т зааснаар үйлчлэгч нь зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлөхгүй гэж маргажээ.

 

Харин Харилцаа холбооны тухай хуулиар үйлчилгээний хөлс төлөх хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр заагаагүй байх тул Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар ерөнхий хугацааг 10 жил гэж үзнэ.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 2-р сарын 27-ны өдрийн 09 тоот тоот тогтоолоор зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулж Улаанбаатар хотод жилийн төлбөрийг 2 500 000 төгрөгөөр тогтоосон байна.

 

Хариуцагчид олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа нь 1 жил 8 сар бөгөөд энэ хугацаанд ногдох төлбөр 4 166 666 төгрөг байна. Энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-иас 4 166 666 /дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж Харилцаа холбооны зохицуулах хороонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 833 334 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас 81 616 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА