| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0046/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/42 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгч Т.Т******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Т******* Т*******д холбогдох эрүүгийн 2331000870015 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Д******* аймгийн О******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын 01 дүгээр баг 01 дүгээр хэсэг 15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Б******* овогт Т******* Т*******, Регистрийн дугаар: *******,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т******* мэдүүлэхдээ: “...Ц сум ортол сумынхаа иргэдэд зөвшөөрөл өгнө өөр сумын хүмүүст өгөхгүй гээд зөвшөөрөлгүй модонд явсан. Хууль зөрчиж буруу зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-24 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У өгсөн: “...Хужир нуга гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ц сумын Т 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд газар зүйн байршлын хувьд сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ч өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн үед манай найз Т******* нь манай гэрт ирээд 2-уулаа Хужирнуга ороод тулээний мод ачаад ирье гэхэд нь би зөвшөөрөөд бид 2 явсан юм. Хужирнугад очход манай машин явхад хэцүү байсан тул ой******* хэсэгт очоод нь унагаасан байсан хус модны үзүүрийг ярлаж аваад хажууд нь ургаа хус мод байхаар нь 4-5 ширхэгийг хөрөөдөж унагаагаад аваад төв рүү ирж байгаад цагдаагийн алба хаагч нартай таарсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,
“...Т******* нь галын түлээгүй болсон гэсэн учраас Т******* нь өөрөө түлээндээ ашиглах гэж байсан. Бид 2 хуурай хус мод газар унасан байхад нь хөрөөдөөд тэвшин дээрээ ачаад явсан. Мөн хөрөөдөж бэлдэж байх үед хажууд орой хэсэг нь шатсан хатсан хус мод байхаар нь унагаагаад мөн хөрөөдөөд ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,
Сэлэнгэ бүсийн сум дундын Ойн ангийн инженер У.Б 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дугаартай “...Тухайн иргэн Сэлэнгэ аймгийн С******* сумын 4-р багийн иргэн Т.Т******* /РД:*******/, Д.Ч /РД:/ бэлтгэсэн мод нь нойтон хэрэглээний хус мод байна. Дундаж нь 2 метр 65 см-тэй 46 ширхэг мод байна. Тухайн бэлтгэсэн моднуудыг газар дээр нь очиж хэмжилт хийхэд шинээр бэлтгэсэн ба хуучин шатсан модны үзүүр байсан. Тухайн иргэний бэлтгэсэн мод нь хэрэглээний нойтон хус төрлийн мод байна. Манай Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангиас Сэлэнгэ аймгийн Ц сумын иргэдийн галын түлээний модны ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангиас бичиж олгодог. С******* сумын 4-р багийн иргэн Т.Т******* /РД:*******/, Д.Ч /РД:/ ямар нэгэн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Ц сумын "Дант" гэх газар нутаг нь Сэлэнгэ аймгийн Ц сумын ойн сан нь 3-р мужлалд хамрагддаг. С******* сумын 4-р багийн иргэн Т.Т******* /РД:*******/, Д.Ч /РД:/ хууль бусаар бэлтгэсэн хэрэглээний хус модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1-р хавсралт "Ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн тогтооход: мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр Ойн тухай хууль зөрчин хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэж ирсэн зөрчил илрүүлсэн нь С******* сумын 4-р багийн иргэн Т.Т******* /РД:*******/, Д.Ч /РД:/ нь Монгол улсын Ойн тухай хуулийн 47.2.4-д заасан нөхцөл болзлыг зөрчсөн байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын цагдаагийн шалгалтаар тогтоогдсон учир С******* сумын 4-р багийн иргэн Т.Т******* / РД:*******/, Д.Ч / РД:/ байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоов. Ц сумын Дант гэх газрын ойн сан нь 3-р мужид хамрагддаг бөгөөд тооллогын дүнгээр хус хэрэглээний мод 1.9419 метр куб гарсан бөгөөд үүнийг ойн нөөцийн төлбөрийн үнэлгээгээр 1 шоо метр хус модны үнэ болох 157,947 төгрөгөөр үржүүлэхэд 306,717 мөнгөн төлбөр гарч байна. Үүнийг мод модон материалын ашиглалтын гарцын итгэлцүүр / хэрэглээний бөөрөнхий мод, гуалин -1.8 /-аар үржүүлэн тооцоход 552,091 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол гарч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 51-57 дугаар тал/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр 17-ны өдрийн 01/29-01/068/01 дугаартай ...1,656,273 төгрөг болж байна...” акт /хх-ийн 60 дугаар тал/,
“А б” ХХК-ий 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-023/8037 дугаартай “...цахилгаан хөрөөг 80,000 төгрөг, төмөр иштэй сүхийг 30,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр тал/,
“А б” ХХК-ий 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1001613 дугаартай “...Т.Т*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Frontier маркийн автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 58, 70-71, 76-77 дугаар тал/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 130-132 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 117-118 дугаар тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 119 дүгээр тал/,
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 121 дүгээр тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 89 дүгээр тал/,
Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 90-113 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Т******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ц сумын 02 дугаар баг "Хужир нуга" гэх газарт Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн сангаас 46 ширхэг 1,9419 м.куб нойтон хус мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Киа вонго пронтер ВЗ загварын бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ч өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38, 41-42 дугаар тал/,
Сэлэнгэ бүсийн сум дундын Ойн ангийн инженер У.Б 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-57 дугаар тал/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр 17-ны өдрийн 01/29-01/068/01 дугаартай ...1,656,273 төгрөг болж байна...” акт /хх-ийн 60 дугаар тал/,
“А б” ХХК-ий 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-023/8037 дугаартай “...цахилгаан хөрөөг 80,000 төгрөг, төмөр иштэй сүхийг 30,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр тал/,
“А б” ХХК-ий 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1001613 дугаартай “...Т.Т*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Frontier маркийн автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар тал/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83 дугаар тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Т.Т*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “ гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,
35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,
35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилан заасан байна.
Шүүгдэгч Т.Т*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.Т*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.Т******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно “ гэж хуульчлан заасан байх тул ойн санд учирсан 552.091 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцож шүүгдэгч Т.Т*******аас 1,656.273 төгрөгийг гаргуулж, Ойн сайнд төлүүлэх нь зүйтэй байна гэж үзсэн.
Шүүгдэгч Т.Т******* нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд 1,656.273 төгрөгийн хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байна. Иймд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Т.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Т.Т*******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Т.Т*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирол төлсөн зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Т*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 46 ширхэг 1,9419 м.куб нойтон хус мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Т.Т*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн үнэлгээний байгууллагаар буюу шинжээчээр 3,500.000 төгрөгөөр үнэлэгдсэн Frontier маркийн автомашиныг тус тус улсын орлого болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг /80,000 төгрөг/, төмөр иштэй сүх 1 ширхэг /30,000/ зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, шүүгдэгч Т.Т*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Т******* Т*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т******* Т*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Т*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Т******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харъяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Т.Т*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан түүний эзэмшлийн ******* улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн шинжээчээр 3,500.000 төгрөгөөр үнэлэгдсэн Frontier маркийн автомашиныг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 46 ширхэг 1,9419 м.куб нойтон хус модыг тус тус улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг /80,000 төгрөг/, төмөр иштэй сүх 1 ширхэг /30,000/ зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Т.Т******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ