| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0056/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/53 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/53
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч Р.Мягмардорж
Шүүгдэгч Г.Г*******
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г******* Г*******т холбогдох эрүүгийн 2431000000026 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, суурь боловсрол эзэмшсэн, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн С******* сум 8 дугаар баг 2 дугаар хэсэг 072 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн хэрэг хариуцах чадвартай Б******* овогт Г******* Г******* (РД: *******),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г******* нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах "Коллектив" нэртэй шөнийн цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Ө******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь шар айргийн шилээр цохиж эрүүл мэндэд нь "духанд шарх, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүний баруун, зүүн хажуу, ар тал, цээж, зүүн мөрөнд зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Ө 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Өчигдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би гэртээ байж байтал орой 20 цагийн орчим манай найз болох Д бид хоёр уулзаад гадуур жимс хүргэлтээр ажиллаж байгаад 22 цагийн орчим гэртээ орж ирсэн. Манай гэрт Д хамт орж ирж байж байгаад надад “өнөөдөр хальт гарах уу ганц пиво уух уу?” гэж асуусан. Би тухайн саналыг зөвшөөрөөд бид гараад С******* сумын 6 дугаар багт байрлах “Коллектив” нэртэй бааранд орсон. Бид бааранд ороод 0.5 литрийн шилтэй Сэнгүр нэртэй пиво нэг нэг шилийг захиалаад суусан. Ингээд пиво дуусаад гараад “Мишээл нэртэй караоке” орсон. Тухайн караокед хараахан хүн байгаагүй учир бид буцаад “Коллектив” нэртэй бааранд ороод 0.75 литрийн Соёрхолт нэртэй архи, 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 6 шилийг аваад ширээнд суусан. Бид авсан пиво болон архиа уугаад бүжгийн талбай руу гарч бүжиглээд байж байсан бөгөөд би авсан архиа уугаад тасарчихсан байсан. Тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар хүмүүс бужигнаад, миний толгой маш ихээр өвдөж байгааг санаж байна. Тухайн үед манай найд Д манай найз охин Х дуудсан байсан. Манай найз охин очих үед “Коллектив” нэртэй баарны зөөгч бармен нар “танай найз залуугийн толгой руу Г******* шилээр цохиод хагалчихсан байсан” гэж хэлсэн. Миний мэдэх зүйл энэ л байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Х 2024 оны 01 дүгээр сарын 15-нд өгсөн: "... Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байхад өөрийн найз Дын хамт гэрээсээ "Найзтайгаа жимс хүргэлтээр хүргэж өгнө” гэж хэлээд гарсан. Ингээд би 00 цагийн орчим фейсбүүк чатаар зурвас илгээтэл манай найз залуу болох Э.Өсөхбаяр бааранд байна гэж хэлээд бааранд байгаа дүрс бичлэг илгээсэн. Удалгүй Өсөхбаяр гар утсаа салгачихсан. Ингээд би 03 цагийн орчим манай найз залуутай хамт гарсан Д гэх залуугийн гар утас руу залгатал Д гар утсаа аваад "Өсөхөө жаахан асуудалтай байна" гэж хэлсэн. Би "Өсөхөөг надтай яриулаадхаач" гэж хэлтэл Д 2 давхраас 1 давхар руу буугаад гар утсаа Өсөхбаярт өгөөд надтай яриулсан. Өсөхбаяр утсаа аваад "Хайр нь удахгүй очлоо" гэж хэлээд гар утсаа салгасан. Гэтэл цаана нь хүмүүс орилолдоод хараалын үг хэлцгээгээд муудалцаад байгаа бололтой байсан. Тиймээс би Өсөхбаяр ээж Ш.У дуудаж сэрээгээд "Өсөхбаяр бааранд хүнтэй муудалцаад байх шиг байна" гэж хэлээд би, Ө ээж Ш.У хамтаар С******* сумын 6 дугаар багт байрлах "Коллектив" нэртэй бааранд очтол манай найз залуу Өсөхбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тухайн баарны тайзан дээр хэвтчихсэн түүний дээрээс нь найз Д нь дарчихсан хэвтэж байсан. Би очоод Ө босгох гэтэл Өсөхбаяр босох л юм бол хүнтэй маргаж зодоон хийчих гээд байсан учир Д дээрээс нь дараад хэвтээд байсан ба Ө толгой хэсгээс нь цус гарчихсан биеийн хүзүү, цээж хэсэгт нь маажсан бололтой шархтай, хоёр мөр нь хөхөрсөн байдалтай байсан. Тухайн бааранд нь биднийг очих үед зохион байгуулагч нь гэх нэг эмэгтэй, болон зөөгч, гэх мэт хэд хэдэн хүн байсан. Тэгээд ээж Уянга орж тухайн баарыг харчхаад цагдаа дуудах гээд буцаж гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Дын 2024 оны 01 дүгээр сарын 18-нд өгсөн: "...2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн эгч Б ажиллуулдаг жимсний лангуунд ажиллаж байгаад орой 19-20 цагийн орчим өөрийн найз Э.Ө******* уулзсан. Бид уулзаад айлд 5кг алим хүргэж өгөөд замаараа манай найз болох Энхбатыг галт тэргэнд суулгаж өгөөд бид "1-2 пиво уух уу" гэж ярилцаж байгаад арай эрт байсан учир Э.Ө гэрт очсон. Ө гэрээс 22-23 цагийн орчим гараад шууд С******* сумын 6 дугаар багт байрлах "Коллектив" нэртэй бааранд орсон. Бид тухайн бааранд ороод нэг нэг шил пиво аваад уусан. Ингээд авсан пивоо ууж дуусгаад "Мишээл" нэртэй караоке орохоор гарсан. "Мишээл" нэртэй караоке ороод жаахан бүжиглэе гэж бодоод ортол баахан хөгшин хүмүүс дуулаад байсан учир бид буцаад "Коллектив" нэртэй бааранд орсон. Тухайн баарнаас дахин 6 шил пиво, "Соёрхол" нэртэй архи нэг шилийг аваад ширээнд суусан. Бид авсан архи болон пивоо ууж байгаад би нэлээд муудсан байсан учир тухайн үеийг сайн санахгүй байна. Би нэг хартал Өсөхбаяр баахан эмэгтэй хүмүүстэй маргаад байсан. Тэгж байгаад Өсөхбаяр нэг эмэгтэйг нь гараараа цохчихсон. Тэгээд л би дундуур нь ороод Ө хамгаалаад байсан юмаа. Би Ө яг яагаад цохисон талаар сайн санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.М 2024 оны 01 дүгээр сарын 19-нд өгсөн: "... 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний ажилладаг "Коллектив" нэртэй баар орой 20 цагийн орчимд үүд хаалгаа нээсэн. Ингээд манай баараар хүмүүс үйлчлүүлээд байж байтал орой 23 цагийн орчим миний зүс мэдэх Өсөхбаяр, Д нар орж ирсэн. Орж ирээд манай баараар үйлчлүүлж байгаад гараад явсан. Гарч яваад нэлээд удсан шиг санагдаж байна байж байтал миний зүс мэдэх Өсөхбаяр, Д нар дахин орж ирсэн. Дахин орж ирээд манай Баараар үйлчлүүлж байхад гаднаас Д, Г*******, У, Б, Б нар орж ирсэн. Ингээд манай бааранд орж ирээд нэг нэг "Kloud" нэртэй пиво авсан гэж байсан. Тэгээд Д, Г*******, У, Б, Б нар бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал Өсөхбаяр тэр хамт явсан Б гэх залууг хэд хэдэн удаа мөргөөд шүргээд байсан. Тэгээд хэд хэдэн удаа мөргөсөн учир Б гэх залуу нь уурлаад маргасан бөгөөд Б эргээд хартал Өсөхбаяр гараараа Бгийн нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гэрлээ асаагаад хөгжмөө зогсоогоод салгасан бөгөөд Ө салгаад цаашаа ширээн дээр аваачаад суулгасан. Тэгээд хамт хүмүүс нь маргаж байтал Өсөхбаяр эргэж хараад Дэлгэр-У нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Гэтэл Цаанаас нь Г******* ширээн дээрээс нэг шил аваад Ө толгой, дух хэсэг руу нь цохисон. Тэгтэл Өсөхбаяр уурлаад л орилоод босоод ирсэн. Босч ирэхэд нь харахад дух хэсгээс нь цус гарчихсан байдалтай байсан бөгөөд шууд л намайг ширээтэй хамаад түлхээд унагаасан. Тэгээд дахин Г*******той зууралдсан бөгөөд дахин салгаад байж байтал зүгээр 00 орох гээд явж байсан манай бармен эмэгтэйг барьж аваад үснээс нь зулгааж аваад чирсэн. Тэгээд салгатал дахиад л намайг үсдээд дайраад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн “ ... 1. Э.Ө биед духанд шарх, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүний баруун, зүүн хажуу, ар тал, цээж, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Д 2024 оны 02 дугаар сарын 09-нд өгсөн: ...хохирогч Э.Ө биед гэмтэл учирсантай холбогдуулан 7 удаагийн үйлчилгээгээр нийт 303,750 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-05 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/
Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 109-110 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Г******* нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах "Коллектив" нэртэй шөнийн цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Ө******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь шар айргийн шилээр цохиж эрүүл мэндэд нь "духанд шарх, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүний баруун, зүүн хажуу, ар тал, цээж, зүүн мөрөнд зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааныд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г*******ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Мөндөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ө 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Х 2024 оны 01 дүгээр сарын 15-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Дын 2024 оны 01 дүгээр сарын 18-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.М 2024 оны 01 дүгээр сарын 19-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн “ ... 1. Э.Ө биед духанд шарх, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүний баруун, зүүн хажуу, ар тал, цээж, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Д 2024 оны 02 дугаар сарын 09-нд өгсөн: ...хохирогч Э.Ө биед гэмтэл учирсантай холбогдуулан 7 удаагийн үйлчилгээгээр нийт 303,750 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Г.Г*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Г*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Г******* нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Г.Г******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Ц.Д ...хохирогч Э.Ө биед гэмтэл учирсантай холбогдуулан 7 удаагийн үйлчилгээгээр нийт 303,750 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч Г.Г*******оос гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хохирогч Э.Өсөхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нүдний шилний баримтыг хэрэгт хавсаргасан боловч нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй, нүдний шилийг гэмтээсэн эсэх талаар нотлох баримт тусгагдаагүй,мөн сорво арилгах эмчилгээ хийлгэх буюу эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байх тул баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Г.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Г.Г******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Г*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Г*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Г.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Г******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г******* Г*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Г*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Г*******оос 303750 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Э.Өсөхбаяр нь хохирлын баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Шүүгдэгч Г.Г*******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ