| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/00742/И |
| Дугаар | 102/ШШ2021/00920 |
| Огноо | 2021-04-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2021/00920
| 2021 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2021/00920 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6-р хороо, , Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн М сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 740 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: мандах өргөө сууц өмчлөгчдийн холбооны захирал Л.А 2020 оны 10-р сарын 30-ны өдөр надтай утсаар ярьж зогсоолын хаалт хийлгэх санал тавьсан. Бид уулзаад үнээ тохирч 100 айлаас шон авч 4 дүгээр байранд хадгалуулсан. Ингээд 2020 оны 11-р сарын 12-ны өдөр ажлаа хийж дуусгасан. Л.А энэ ажлыг хийлгэхдээ мөнгө төгрөг бэлэн гэж хэлсэн, гэвч зогсоолын хаалтыг бүрэн хийж дууссаны дараа манайд мөнгө байхгүй, би юу ч мэдэхгүй гэх болсон. Тэгээд мөнгөө нэхэхээр эрэгтэй хүнээр яриулж хэл амаар доромжилсон. Зогсоолын хаалт 1 800 000 төгрөг, хаалтны хоёр талд хийсэн хамгаалалтын төмөр, ажлын хөлс 300 000 төгрөг, цахилгааны утас, дамжуулах шон 70 000 төгрөг, цахилгааны кабель 50 м 150 000 төгрөг, кабелийн бүрээс 25 000 төгрөг, урсгал хязгаарлах шон 250 000 төгрөг нийлээд 2 740 000 төгрөгийг М СӨХ-оос нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Сууц өмчлөгчдийн холбоо зогсоолын хаалт хийлгэхээр болж 2020 оны 11-р сарын эхээр Ч.Б-тай ярьсан. Газраа ирж үз, газар хөлдлөө, сайн зөвлөөрэй гэхээр стандартын дагуу хийнэ гээд маш хурдан ачаад ирсэн. 2020 оны 11-р сарын 12-ноос цар тахлын улмаас хөл хорио тогтоосон. Би Ч.Б-д мөнгө байхгүй гэж хэлээгүй. Хийсэн хаалтыг нь ерөөсөө ашиглаагүй, оршин суугчдаас мөнгө ав гэхээр нь би машинтай өрхүүдээс л авна гэж хэлсэн. Автомат хаалт хийлгэе гэхэд 1 000 000 төгрөгийн үнэтэй гэсэн, хийсэн хаалт нь чипээр онгойдог, 2 ширхэг чип өгсөн, манай оршин суугчид дургүй байгаа. Зогсоолын хаалт нь хэврэг дороо суурь байхгүй, цахилгааны шон нь хазгай суулгасан. Намайг хэл амаар доромжилсон, би энэ хүнээс айж байгаа, гэрээ хийе гэхээр нь би цагдаатай цуг хийе гэж хэлсэн. Одоо энэ хүнтэй гэрээ хийхгүй, мөнгийг нь төлөхгүй гэж хэлмээр байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь М өргөө сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний хөлс 2 740 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
М сууц өмчлөгчдийн холбоо нь Э ХХК-тай 2020 оны 10-р сард харилцан тохирч Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг 4, 5, 6-р байрны авто зогсоолын хаалт хийлгэхээр харилцан тохирчээ.
Ажил гүйцэтгэгч нь авто зогсоолын хаалтыг 2020 оны 11-р сард хийж гүйцэтгэсэн боловч М сууц өмчлөгчдийн холбоо хөлсийг төлөөгүйгээс маргаан гарсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ... мөнгө байхгүй гэж хэлээгүй, хаалтыг нь ашиглаагүй, машинтай өрхүүдээс мөнгө авч өгнө, хаалт нь хэврэг, суурьгүй, цахилгааны шон нь хазайсан, одоо энэ хүнтэй гэрээ хийхгүй, мөнгийг нь төлөхгүй гэж тайлбарладаг боловч энэ нь гүйцэтгэсэн хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Ажил гүйцэтгэх гэрээг амаар тохирсон, гүйцэтгэгч өөрийн материалаар зогсоолын хаалтыг хийсэн талаар талууд маргаагүй, харин захиалагч нь хаалт чанаргүй, ашиглаагүй гэх боловч энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй, гүйцэтгэсэн ажлын үр дүн нь доголдолтой бол түүний зардлаар арилгуулах, эсхүл шинээр гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэгч тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүй бол захиалагч доголдлыг арилгаж гарсан зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас үнэ нь буурсан бол төлбөл зохих хөлсийг бууруурах зэрэг шаардлага гаргаагүй байна.
Гагцхүү эрх бүхий этгээдүүд нь бие биеэ хэл амаар доромжилсон гэх таарамжгүй харилцааны улмаас хөлс төлөөгүй маргаан үүссэн гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын зардалд 2 740 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд гарсан зардлыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан М сууц өмчлөгчдийн холбооноос 2 740 000 /хоёр сая долоон зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж Э ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 790 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М сууц өмчлөгчдийн холбооноос 58 790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА