Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00921

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00921

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж, Бодь цамхаг, 508 тоотод байрлах, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, М ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээ цуцалж, 1 309 964 073 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н /үнэмлэх 0167/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Эрх шилжүүлэх тухай А/246 дугаар захирамжаар Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэх-ийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс Э.Ганхүү, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Л.Н нарт даалгасан байдаг. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь 2014 оны 10-р сарын 07-ны өдөр М ХХК-тай СХД-А-246/01 дугаартай Сонгинохайрхан дүүргийн камержуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр 1 585 365 820 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Гэрээт ажлыг 2014 оны 10-р сарын 07-ны өдрөөс 2014 оны 12-р сарын 07-ны хооронд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар заасан. Гэтэл М ХХК нь ажлыг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад оруулаагүйгээс 2014 оны 12-р сарын 07-ны өдөр, 2015 оны 6-р сарын 30-ны өдөр гэрээг тус тус сунгаж 2015 оны 8-р сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар тохирсон. Энэ хугацаанд М ХХК-д 1 309 964 073 төгрөгийн санхүүжилт олгосон боловч ажлыг өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй, улсын комисс хүлээж аваагүй байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэсэн үүргээ зөрчиж захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэх үүргээ биелүүлэх тухай албан шаардлагууд удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд гэрээ цуцлах журмыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасныг зөрчсөнөөс төрд хохирол учруулж байна. Иймд М ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, олгосон санхүүжилт 1 309 964 073 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани туслан гүйцэтгэгч А ХХК-иас болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Уг гэрээг 2018 онд байгуулсан. Би тэр үед Дорноговь аймгийн Зам-Үүд суманд байсан, энэ компанийг шилжүүлж аваагүй байсан. Би Өвөрмонгол хүнээр зуучлуулж хятад хүнтэй танилцсан ба камер суурилуулдаг компани хэрэгтэй, хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж хэлсэн. Тэгээд би М ХХК-ийг 2019 онд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед би энэ компанийг ийм өртэй байсан гэдгийг мэдээгүй. Миний хувьд болон манай компани төлөх ямар ч боломжгүй. Туслан гүйцэтгэгч А ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах саналтай байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх Айзар зон ХХК-ийг хамтран хариуцагчаар татсангүй. Энэ туслан гүйцэтгэгч компани ажлаа хариуцлагагүй хийснээс болж ийм байдалд хүрсэн. М ХХК-ийн захирлаар ажиллаж байсан н.Түшиг нь манай компани 2017 он гэхэд санхүүгийн хүнд байдалд орсон гэж хэлсэн байсан. А.Б-ий хувьд энэ компанийг шилжүүлж авснаасаа хойш ажиллуулж чадаагүй. Хөрөнгө оруулалт орж ирнэ гэж найдаад шилжүүлж авсан боловч тэр нь бүтээгүй. Одоогийн байдлаар М ХХК нь ямар ч төлбөрийн чадваргүй болсон. Гэрээгээр хүлээсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэрээг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан гэдэг, үүнээс хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн, хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ нь М ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 1 309 964 073 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь М ХХК-тай 2014 оны 10-р сарын 07-ны өдөр СХД-А-246/01 дугаартай Сонгинохайрхан дүүргийн камержуулалтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, гэрээний үнэ 1 585 365 820 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлэх, гүйцэтгэгч нь ажлыг 2014 оны 12-р сарын 07-ны өдөр ашиглалтад хүлээлгэж өгөхөөр /хх 6-9/ тохирчээ.

 

Талууд 2014 оны 12-р сарын 07-ны өдөр Камержуулалтын ажлын гэрээний сунгах гэрээ хийж, ашиглалтад оруулах хугацааг 2015 оны 6-р сарын 30-ныг хүртэл сунгасан, мөн 2015 оны 6-р сарын 30-ны өдөр дахин хугацааг сунгасан гэрээг байгуулж 2015 оны 8-р сарын 1-нийг хүртэл /хх 10-19/ сунгасан байх ба эдгээр гэрээгээр гүйцэтгэгч шаардлага хангасан урьдчилгаа төлбөрийн баталгаа ирүүлсэн тохиолдолд түүнийг үндэслэн урьдчилгаа төлбөрийг олгох, санхүүжилтийг Сангийн сайдын 2012 оны 290-р тушаалаар баталсан төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журмын дагуу гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тохирсон байна.

 

Харин 2015 оны 08-р сарын 01-нд гэрээний хугацаа дуусахад ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүрэг бүрэн камержуулсан байх үр дүн гараагүй байсан нь 2015 оны 9-р сарын 30-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол, гүйцэтгэлийг дүгнэж баталгаажуулсан баримт, 2015 оны 11-р сарын 22-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, гүйцэтгэл дүгнэсэн баримт, 2017 оны 12-р сарын 04-ний өдрийн гэрээ дүгнэсэн протокол зэрэг баримтуудаар /хх 24-30/ тус тус тогтоогджээ.

 

Эдгээрээс дүгнэвэл М ХХК нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, үүргээ ноцтой зөрчсөн, захиалагч 2016 оны 2-р сарын 4-ний өдөр болон гэрээний биелэлт, дүгнэсэн байдал зэргээр нэмэлт хугацаа тогтоосон, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, ажлыг гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

 

Миротек ХХК-д ажлын хөлс 1 309 964 073 төгрөгийг шилжүүлсэн нь төлбөрийн баримтаар /хх 70-75/ тогтоогдсон, үүнээс 404 584 399 төгрөгийн ажил гүйцэтгэснийг талууд дүгнэж баталгаажуулсан /хх 29/ байна. Иймд гүйцэтгэсэн ажлын зардлыг хасч хохирлыг 905 379 647 төгрөгөөр тооцлоо.

 

Хариуцагч М ХХК-ний захирал А.Б нь 2018 оны 9-р сарын 21-нд тус компаний 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, үүгээр компаний эрхийг шилжүүлэн авсан, 2019 оны 07-р сарын 01-ний өдөр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу захирлаар бүртгэгдсэн /хх 56, 88/ байна.

 

Иймд М ХХК-ний бусдад төлөх өр төлбөр болон бүх эрх, үүргийг шилжүүлэн авсан, өр төлбөрийн талаар мэдээгүй гэх үндэслэлгүй.

 

Нөгөө талаас, ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчийг оролцуулж болох ба туслан гүйцэтгэгчээр А ХХК-ийг оролцуулсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол Миротек ХХК нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын өмнө хариуцна. Харин хариуцагч туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан эсэх талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргах бөгөөд хариуцагч А ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг хангахгүй охиж шийдвэрлэсэн. Харин шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж дуусахад шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-114 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна.

 

Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2017 оны 12-р сарын 04-ний өдөр дүгнэсэн /хх 30/ байх ба энэ хугацаанаас шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж тухайн үед компаний захирал байсан гэх Т, З, А нартай ярилцлага хийж тэмдэглэл үйлдсэн, захирал А.Б-ээс тайлбар гаргуулсан /хх 33-34, 63-66, 76-78/, улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5-р сарын 16-ны өдрийн 00923 тоот шийдвэрээр М ХХК, захирал М.Т-ийг эрэн сурвалжилсан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04-р сарын 29-ний өдрийн 6668 тоот захирамжаар Хэргийг хэрэгсэхгүй болгосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8-р сарын 4-ний өдрийн 01736 тоот шийдвэрээр М ХХК, захирал А.Б-ийг эрэн сурвалжилсан, Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 6-р сарын 22-ны өдрийн 00764 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, эдгээр захирамж, шийдвэр /хх 79-85/ хүчин төгөлдөр байна.

 

Өөрөөр хэлбэл, тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хугацааг шинээр тоолбол хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.4-т төсөвт төлөх төлбөр төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба нэхэмжлэгч нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн төлбөр төлүүлэхээр нэхэмжилсэн тул хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 355-р зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ болон М ХХК-ний хооронд байгуулсан 2014 оны 10-р сарын 07-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн камержуулалтын ажлыг гүйцэтгүүлэх тухай СХД-А-246/01 тоот гэрээг цуцалж, М ХХК-иас 905 379 647 /есөн зуун таван сая гурван зуун далан есөн мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөг гаргуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГазарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 404 584 426 /дөрвөн зуун дөрвөн сая таван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 684 848 /дөрвөн сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун дөчин найм/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА