Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

           Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  Р.Атарцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

Иргэний нэхэмжлэгч   Б.Б*******,

Гэрч Б.Б*******,  О.Ч*******,  Г.Ө*******

Шүүгдэгч Г.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т******* овогт Г******* Б*******д холбогдох эрүүгийн 2331003230281 дугаартай, 175/2024/0010/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Энх-Ногоон” ХХК-д мод тарьдаг ажилтай, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт, У хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, 28-354 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Т******* овогт Г******* Б******* /РД: *******/;

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б******* нь  2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Х сумын нутагт улсын дугаартай, “Toyota Succeed” маркийн тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож  замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Э.М******* амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу, хохирол төлбөрийг төлнө. Мэдүүлэг өмнө нь өгсөн  учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Бидний хувьд маш их харамсалтай байна. Өнөөдөр бид хүүхдээрээ хохироод байна. Осол болдог өдөр 20 цагийн үед хүү маань надтай зүгээр утсаар ярьсан. Гэтэл шөнө 01 цагийн үед утас дугарахаар нь ярихад хүү маань осолд орсон эмнэлэг дээр байна гэхээр нь очиход хүү маань өнгөрсөн байсан. Маргааш нь би цагдаагийн байгууллагад очиход осол болоход хамт явсан хүүхдүүд нь бүгд гадуур зүгээр явж байсан. Мөн ах, дүү нарынхаа хамт хэргийн газар дээр очиход архи, пивоны шил байсан. Одоо би оршуулгын зардал 14.156.332 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 82.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Б*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний машин Х сумын ойролцоо явж байгаад эвдэрсэн тул би машинаа  эзэнгүй газар орхиод УБ хот явах ажилтай байсан тул Г.Ө*******т чи машиныг үзүүлээдхээч юу нь болохгүй байна гэж хэлээд түлхүүрээ орхиод явсан. Гэтэл  09-р сарын 22-нд билүү дээ Ө******* орой 20 цагийн үед шиг санаж байна утасдаад таны машиныг янзалчихлаа машинтай чинь сумын төв дээр явж байна гэж хэлсэн. Би Г.Ө******* болон Г.Б******* нарт миний машиныг унаад явж бай гэж ямар нэг зөвшөөрөл өгөөгүй. Гэтэл энэ осол болсон байсан. Би машинаа эхлээд нэхэмжлэнэ гэж бодож байсан боловч одоо Г.Б*******эс нэхэмжлэхгүй, нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэг ч төгрөг авахгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Ө******* мэдүүлэхдээ ... Надад Б******* ах миний машин асахгүй байна чи заваараа үзчихээрэй гэж хэлээд машины түлхүүрээ өгсөн.  Тэгээд би Б*******тэй очиж машиныг үзэж байгаад янзлаад асаачихсан. Тухайн үед Б******* нь машин унах зөвшөөрөл өгөөгүй. Бид хоёр хэлэлгүй унаж яваад энэ осол гарсан. Би найз Ч*******т юм захиад гүүрний тэнд аваад ир  гэж хэлсэн. Энэ үед талийгаач Ч*******той цуг ирсэн байсан. Уг нь би машиныг барьж явсан чинь Б******* ах чи  согтуу байна, би бариад явъя гэж хэлэхээр нь би Б******* ахад жолоог шилжүүлсэн. Осол болох үед хохирогчийн толгой машинд дарагдсан байсан. Тухайн үед ослыг надаас болсон гэж яриад байхаар нь би айгаад ар гэрийнхэнтэй нь уулзаж чадаагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч  Б.Б*******  мэдүүлэхдээ .. .Ө*******, Ч******* нартай би нэг ангийн хүүхдүүд байсан, бид найзууд юм. Харин талийгаач бол таньдаг нутгийн ах. Ч*******, талийгаач бид гурвыг хамт байж байхад Ө******* утасдаад Ч*******т юм захисан байсан. Бид гурав хамт машинтай яваад Ө*******т юмыг хүргэж өгсөн. Энэ үед би явах ажилтай гэхэд намайг Ч******* хүргэж өгөөд буцсан, талийгаач болон  Ө, энэ Б******* гэж хүнтэй цуг үлдсэн. Би тэгээд явсан учир өөр мэдэх зүйлгүй, маргааш нь осол болсон гэж сонссон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч  О.Ч******* мэдүүлэхдээ ..Тэр өдөр талийгаач Б******* бид гурвыг хамт байхад Ө******* утасдаад Б******* бид хоёрт юм захисан. Тэгээд бид гурав цуг яваад юмыг нь хүргэж өгөхөд Ө******* нь энэ Б******* гэж хүнтэй хамт байсан. Бид юм яриад жаахан сууж байтал Б******* гэртээ харихаар болж би Б*******г гэрт нь хүргэж өгөөд Ө, Б******* гэж энэ хүмүүстэй хамт машинд суугаад явсан. Эхлээд Ө машин бариад явж байтал Б******* гэж энэ хүн би баръя гэж хэлээд машиныг барьж явсан, эхлээд нэг том машин гүйцэд түрүүлсэн, дараа нь нэг протер гүйцэд түрүүлэх гэж байгаад машин дайвалзаад явсан нэг мэдэхэд осол. Машин тухайн үед 2-3 өнхөрөх шиг болсон.Би сандраад харахад машины цонх бүгд хагарсан, талийгаачийн толгой машинд дарагдсан байхаар нь бид өргөж гаргасан. Миний хувьд Б******* гэж хүнийг бол сайн танихгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач хүү маань 1995 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Х суманд миний том хүүхэд болон мэндэлсэн. Сэлэнгэ аймгийн Х сумын Тарвагатай 1 дүгээр багт надтай болон ээж, дүү нарын хамт амьдардаг байсан юм. Талийгаач нь эхнэр хүүхэдгүй. Хүү маань 2022 онд У хотод ахлагчийн сургууль төгсөөд улмаар Сэлэнгэ аймгийн Х сумын онцгой байдлын газрын эрэн хайх ангид ажиллаж байсан юм. Архаг хууч өвчин байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Миний хүүг амрах байран дээрээ байхад нь Ө, Ч******* нар дуудаад гараад явсан байсан. Ямар зорилготой авч явсныг тодруулж өгнө үү. Нас барахаас өмнө хэд хоногийн өмнө хүүг маань хүмүүс зодож үүдэн шүдийг нь хугалсан. Тэгээд шүдээ авахуулсан. Тухайн үед нь байгууллагын дарга нь хүүгээр минь өргөдөл бичүүлж сумын цагдаад өгсөн байсан. Уг асуудал юу болсон юм бол. Би сайхан хүүгээ алдсан гомдолтой байна. Уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж учрыг нь олж өгнө үү. Талийгаач хүүгийн маань амь насны хохирол, сэтгэл санааны хохирол, хүүгээ хөдөөлүүлсэн буяны зардал, цалингийн зээл зэргийг нэхэмжилж байна удахгүй танд баримтаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35 дугаар хуудас/,  

Гэрч О.Ч*******ийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би талийгаач М ах, Ганцоож ах, Мөөгий гэж дуудаг ах нарын хамт бид нар онцгой байдлын газрын байран дээр машин янзалж байсан. Машин янзалж байтал Б******* гээд найз маань ирсэн ба Б******* найз руу Ө******* залгаад “дэлгүүрээс юм аваад ир” гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр нь талийгаач М, Б******* нарын хамт Х сумын “Од” маркет нэртэй хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн 2 том “Сэнгүр” нэртэй пиво, хараа нэртэй 0.75 литрийн архийг аваад Х самбар руу найз Ө******* руу явсан. Тэнд очиход Ө*******, Б******* гэж дууддаг ахтай мөн танихгүй хоёр хүнтэй байсан. Ө*******тай уулзахад хамт явж байгаа хоёр хүнээ төв оруулж буулгаадахъя гээд Х сумын төв рүү яваад өгсөн. Энэ хооронд би Дошинтын гүүрэн дээр хүлээж байсан. Удалгүй найз Ө******* Б******* ахтай хүрч ирээд бид нар тэндээ Ө*******ын жолоодож явж байсан цагаан өнгөтэй машинд сууж 2.5 литрийн 2м том пивыг талийгаач М, Б*******, би, Ө******* нарын хамт ууж дуусгасан. Ө******* пиво уусны дараа манайд очиж хоол хийж идье тэгээд үлдсэн юм аа ууж дуусгая гэж хэлсэн. Тэгээд бид нар Дошинтын гүүрнээс 18 цаг болж байхад хөдлөөд Б*******г гэрт нь буулгаад унаж явсан машинаа гэртээ тавиад Ө*******ын жолоодон явж байсан машинд суугаад түүний гэр рүү нь явахдаа замаараа дэлгүүрээс 2.5 литрийн 1 том “Сэнгүр” нэртэй пиво, “Хараа” нэртэй 0.75 литрийн 2 шил архи авсан. Тэгээд Ө******* нь цагаан өнгөтэй машинаа жолоодоод хажуу талд нь Б******* ах хойно нь талийгаач бид хоёр сууж явсан юм. Замд явж байтал Ө******* урсгал сөрөөд яваад байхаар нь Б******* ах “заа чи муудсан юм шиг байна ахын дүү би уная машинаа зогсоо” гэж хэлсэн. Тэгээд Ө******* машинаа зогсоогоод Б*******тэй солигдсон. Ингээд замаараа Х самбар дээр зогсоод Хараа нэртэй архиа задлаад бүгд нэг нэг татсан. Х самбараас цаашаа Ө*******ын ажил руу явж байтал талийгаач М “манай найзынд очъё” гээд Гайдий нэртэй ахын гэрт очоод 1 том пивыг хувааж уусан. Тухайн үед Гайдий малаа харж байгаа гээд архи пиво уугаагүй. Тэндээ авсан пивыг ууж дуусгаад байж байтал Ө би төвөөс юм захичихсан байгаа юм одоо авчирч байгаа гэж хэлээд Г бусад нь машинд суугаад Б******* ах жолоо бариад машин зам дээр гартал өөдөөс 204 кроун маркийн машинтай 3 хүн мөн приус 20 маркийн машинтай 2 хүн ирсэн. Приус 20 маркийн машинтай Ганаа гээд залуу ирсэн байсан ба ууттай авсан зүйлээ Ө*******т өгчихөөд явчихсан. Харин кроунтай явж байсан 3 хүн болохоор талийгаач Мтэй харьцдаг Соёл-Ундрах гээд эмэгтэй нөгөө хоёр хүнийг танихгүй. Тэгсэн талийгаач Мийг Соёл-Ундрах хацар руу нь 3-4 удаа алгадаад хальт муудалцаад тэгээд яваад өгсөн. Тэгээд бид дөрөв Шандын даваа руу Ө*******ынх руу явах гэж байгаад болиод төв орж Намуунд ууя гээд буцаад Х сумын төв рүү явахаар болсон. Тэгээд машиныг Б******* ах бариад хажуу талд нь М суучихсан хойд талд би Ө*******тай суугаад явж байсан. Наашаа замд явж байтал ард талаас цагаан өнгөтэй портер гүйцэж түрүүлээд урд талд нь ороход Б******* гүйцэж түрүүлэх гэж байгаад үрүүлээ хальт дайвчуулаад хөдөлгөсөн чинь машин 2 тийшээ найгаж байгаад замын баруун тал руу хажуу талаараа өнхөрөөд явчих шиг болсон. Миний дотор хальт эвгүй болоод машин дотроос гартал 4 дугуй дээшээ харчихсан байсан ба талийгаачийн толгой машины урд талын хэсэгт дарагдчихсан байсан. Би шууд татсан боловч дийлэхгүй байхаар нь Ө*******ыг татаж гаргаад хамт машиныг нь өргөсөн чинь дийлэхгүй байсан юм. Тэгээд машин дотор байсан Б******* ах руу орилоод гараад ир гэсэн чинь мөлхөөд гараад ирсэн. Бид гурав хамтдаа машин өргөөд доороос нь Мийг татаж гаргаж ирэхэд амьсгаатай ухаан алдсан байсан. Тэгсэн гэнэт ухаан ороод хальт ухаантай байхаар нь түргэн дууд гэж хэлээд зам дээр машин ирж байхаар нь зогсоотол Х сумын засаг дарга явж байсан. Улмаар засаг даргын машинд бид нар бүгд суугаад Х сумын эрүүл мэндийн төв рүү очтол М үхсэн байсан. Ө*******, талийгаач нар нь нэлээд согтолттой байсан. Б******* ахыг гайгүй гэж харж байсан. 90 км-с дээш хурдтай явж байсан. Нэлээд хурдан яваад байсан. Машин хоёр тийшээ найгах үед тоормоз гишгэсэн. Мэдэхгүй байна. Жолоог Б******* бариад хажуу талд нь талийгаач М, хойд талд би Ө*******тай хамт сууж явсан. Б******* ахыг жолоо барьж байхад хэн ч хөндлөнгөөс нөлөөлөөгүй. Миний нуруу бага зэрэг өвдөж байна. Бусдаар бие маань гайгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-40 дүгээр хуудас/,

Гэрч Г.Ө*******ын 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр 17 цаг 40 минутын үед би Х сумын Х хаалганы цаана хамт ажилладаг Балдан гээд ахын “пробокс” маркийн машинтай зогсож байгаад найз Б******* рүү мессенжер чатаар залгаад “унаа байна уу?” гэхэд Ч******* машинтай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “2 том пиво аваад ир дундаа уулзъя” гэж хэлсэн. Удаа ч үгүй найз Б*******, Ч*******, Шандад хамт ажилладаг гээд Б*******, талийгаач Мөнх-Эрдэнэ нар хамт ирсэн. Би тухайн үед машиндаа танихгүй хоёр хүн суулгасан байсан ба Х сумын төв хүргэж өгчихөөд ирье гээд нөгөө хэдэд хэлээд авч явсан 2 хүнээ сумын төв буулгачихаад ирсэн. Буцаад Б*******, Ч*******, талийгаач Мөнх-Эрдэнэ нар дээр очиход Хийн Дошинтын гүүрэн дээр хүлээж байсан. Улмаар миний унаж явсан машинд бид хэд 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пивыг бүгд хувааж уусан. Би Ч*******т “чи машинаа гэртээ аваачаад тавьчих бүгдээрээ хөдөө явж манай ажлын байранд ууя тэнд хоол хийж идье” гэж хэлсэн. Ч******* машинаа гэртээ тавиад миний унаж байсан машинд суугаад би Х сумын төвд байх дэлгүүр ороод 2.5 литрийн 2 ширхэг “Сэнгүр”, 0.75 литрийн 1 шил “Хараа” нэртэй архи авсан. Улмаар Шандын даваа нэртэй газарт Гайдий гээд талийгаач Мөнх-Эрдэнийн найзынд очоод авсан байсан 2 том пивыг хувааж ууж дуусгасан. Уусан юм дууссан байсан тул найз Ган-Эрдэнэ рүү залгаад “төвөөс пиво, талх, хиам аваад ирээч” гэж хэлсэн. Улмаар найз Ган-Эрдэнэтэй Шандын зам дээр уулзахад тэр үед Мөнх-Эрдэнийн өмнө нь харилцдаг байсан охин ирсэн байсан тэнд Мөнх-Эрдэнэ уг эмэгтэйтэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би “болиоч ээ та хоёр” гээд очсон чинь Соёл-Ундрах гээд эмэгтэй миний толгой руу 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би “балай юм уу хаашаа юм уу зайлцгаа” гэж хэлээд машины ард Ч*******ийн хамт суугаад авсан талх, хиамаа идээд нөгөө хэддээ төв орж “Намуун”-д дуулъя гэж хэлсэн. Тэгээд уг газраас хэдэн цагт хөдөлснийг санахгүй байна гадаа харанхуй болсон байсан. Хөдлөх гэтэл Б******* “чи жаахан согтуу байна ах нь машиныг чинь бариад явчихъя” гэж хэлэхээр нь тэгээ тэг гээд зөвшөөрсөн. Замдаа явж байтал бидний сууж явсан машиныг цагаан өнгөтэй портер гүйцэж түрүүлээд эгнээнд орж байх үед жолоо барьж байсан Б******* машин зам дээр хоёр тийш займчуулаад байсан. Үүнийг хараад би Б*******д “үрүүлээ тэгшхэн бариад яв болохгүй бол зогсчих” гэж хэлэхэд л машин онхолдсон. Би нэг сэрэхэд машин дотор хэвтэж байсан ба найз Ч******* намайг цонхоор татаж гаргасан. Машинаас гараад байж байтал Ч******* “Мөнх-Эрдэнийн толгой дарагдчихсан байна машин өргөлцөөд өг” гэж хэлсэн. Би Ч*******, жолооч ах Б******* нарын хамт машиныг өргөөд доороос нь Мөнх-Эрдэнийн толгойг татаж гаргасан. Тэр үед Мөнх-Эрдэнэ нь амьсгаатай амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь Ч******* гадуур хувцсаа тайлаад толгой доор нь тавиад хөдлөхгүй хэвтэж бай гэж хэлсэн. Би Ч*******т чи зам дээр зогсоод машин зогсоо би энд байж байя гэж хэлээд хэсэг хугацааны дараа зам дээрээс машин зогсоосон байхаар нь Мөнх-Эрдэнэ ахыг машинд өвөр дээрээ суулгаад хажууд Б*******, Ч******* нар суугаад Х сумын эмнэлэг рүү явсан. Эмнэлэг явах замд Мөнх-Эрдэнэ толгойгоо дохиод унтах гээд мөн ёооё гээд дугараад байсан. Удалгүй эмнэлэгт очоод үзүүлтэл эмч Мөнх-Эрдэнийг үхсэн байна гэж хэлсэн. Манай найз Ч******* бид хоёр хойд талын суудал дээр, жолоочийн хажуу талд талийгаач Мөнх-Эрдэнэ, жолоог Б******* бариад явж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би Б*******тэй Тайга нэртэй 0.75 литрийн архийг Шандын даваа нэртэй газарт хөдөө гэрт хувааж ууж дуусгасан. Улмаар орой нь пиво уусан. Ч******* Б******* хоёр уусан ч гэсэн Б******* бид хоёрыг бодвол гайгүй байсан. Гадаа ямар нэгэн бороо, салхи байхгүй зүгээр байсан. Хамт явсан хүмүүсээс хамгийн их согтолттой нь байсан. Чи жаахан согтуу байна ах нь жаахан барьчихъя гэхээр нь зөвшөөрсөн. Ойролцоогоор 80 км цагийн хурдтай явсан байх. Ард сууж байсан болохоор хараагүй. Урд явж байсан цагаан өнгийн портерыг гүйцэж түрүүлэх гэж байгаад осолдсон... Би талийгаачийн бүтэн нэрийг Мөнх-Эрдэнэ гэж өмнө нь мэдүүлсэн жинхэнэ нэрийг нь М гэдэг юм байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44, 45 дугаар хуудас/,

Гэрч Б.Б*******гийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр найз М, Ч******* нартай 17 цагийн үед Эрэн хайх аврах салбар дээр уулзсан. Уг газарт машин янзалж байхад Ө******* 18 цагийн үед байх залгаад “чи Х хаалган дээр юм аваад ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Од дэлгүүрээс 2.5 литрийн 2 том “Сэнгүр” нэртэй пиво, 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архи, 1 асаагуур нэг кимбабтай аваад Х самбар руу М, Ч******* нартай явсан. Тэнд очиход Ө******* цуг ажилладаг гээд нэг ахтайгаа ард нь 2 танихгүй хүн байсан. Уг хоёр танихгүй хүнийг төв рүү оруулж өгчихөөд ирье та нар байж байгаарай гэхээр нь араас нь дагаж яваад Дошинтын гүүрэн дээр зогсоод хүлээж байсан. Удалгүй Ө******* хамт ажилладаг ахын хамт ирэхээр нь Ө*******ын жолоодоод явж байсан машинд суусан. Ганц пиво уучихъя гэхээр нь за за гэж хэлээд бид нар 1 том пивыг задлаад хувааж ууж дуусгасан. Үүний дараа Ө******* Шанд явж уух уу гэхээр нь би завгүй гээд Ө*******аар гэртээ хүргүүлсэн. Намайг Ө******* гэрт хүргэж өгөөд хөдлөөд явсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Ч*******, М бид гурав архи, пиво уугаагүй байж байгаад Дошинтын гүүрэн дээр очиж Ө*******ын машинд суугаад 1 пиво хувааж уусан. Ө******* халаалттай явж байсан. Хамт явж байсан ах нь мөн нэлээд халаалттай явж байсан. Талийгаач найз маань сумын эрэн хайх аврах салбарт ажилладаг. Эхнэр хүүхэд байхгүй, үерхэдэг эмэгтэйг нь мэдэхгүй юм байна. Хааяа нэг архи уучихсан байдаг. Байнга бол хэрэглэдэггүй. Намайг гэртээ харихад гадаа гэгээтэй байсан. 18 цаг өнгөрсөн байсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Э 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас оройн 21 цагийн үед буцаад сум руугаа явж байсан. Х сумын Х хаалга өнгөрөөд явж байтал зам дээр хүн гараа өргөөд зогсож байсан. Би зогсоод хартал манай Хийн хүүхэд “ахаа машин уначихлаа” гэж хэлэхээр нь буугаад хартал замын баруун талд цагаан өнгийн машин 4 дугуй нь дээшээ хараад уначихсан байсан. Цаанаас нь дахиад 2 залуу гарч ирээд нэг хүн дарагдчихлаа гэхээр нь хартал дарагдсан гэх залууг нааш нь өргөөд авч ирэхээр нь би машиндаа суулгасан. Замд явж байтал ард талаас амьсгалахгүй байна гэх яриа сонсогдож байсан ба эмнэлэг явах замдаа цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Би яараад хурдан явсан. Архи уусан талаар анзаараагүй. Би ослын талаар асуугаагүй. Тийм юм ярих ч байгаагүй. Манай Х сумын хүүхдүүд байсан. Зүс танина...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 дугаар хуудас /

Гэрч Ж.Б 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр намайг гэртээ байхад сумын цагдаа Ганхуяг 23 цаг өнгөрч байхад залгаад “Х хаалганы тэнд аваар гарсан байна та яаралтай эмч явуулаач эсхүл өөрөө яваад очооч” гэж хэлсэн. Би шууд ажил дээр ирээд гэмтлийн багцаа аваад эрүүл мэндийн төвийн хаалгаар гартал 2 эрэгтэй хүн талийгаачийг өргөөд өөдөөс ирж байсан. Би шууд яаралтай тусламжийн өрөө рүү оруулан орон дээр хэвтүүлэн зүрхний цохилтыг шалгахад зүрх зогссон нас барсан байсан. Талийгаачийн амнаас хөөс гарсан байдалтай хувцас нэлэнхүйдээ шороо болсон өмд нь норсон байдалтай зүүн талын тохойны бугалганы доод хэсэгт шалбарсан зүүн хацар бага зэрэг улайж зулгарсан байдалтай байсан. Биед нь өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Машин онхолдчихлоо гэж хэлж байсан. Лавлан асуухад өөрсдийг нь түрүүлж гүйцсэн машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад замын хажуу тал руу онхолдчихлоо гэж хэлж байсан. Өөр зүйл хэлээгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б*******ын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний нэр дээр тоёота “Toyota succeed” маркийн 5978 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. 2021 онд 12 сая төгрөгөөр худалдан авч байсан. Энэ оны 01 дүгээр сард ломбардаас 13 сая төгрөгийн үнэлгээтэй байна гэж хэлж байсан. “Энх ногоон” ХХК-д энэ оны 05 дугаар сард ажилд орсон ба 07 дугаар сард 10 хоног хэртээ мөн энэ сард 3-4 хоног хамт ажилласан. Би уг хүнд тээврийн хэрэгслээ өгөөгүй. Надаас унах талаар ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Г.Ө*******ыг танина. Х суманд хамт ажилладаг байсан. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ Х сумын Шанд нэртэй газарт байрлаж буй гэрээс 500 метрийн зайд тавьсан юм. Миний машин өмнөх өдөр нь эвдэрсэн тул уг газарт нь үлдээсэн. Тээврийн хэрэгслийн юу нь эвдэрсэн талаар би мэдэхгүй байна. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө У хот явсан ба хүрч ирээд машинаа Х сумруу авч яваад засварт өгнө гэж бодож байсан. Би тээврийн хэрэгслээ хамт ажилладаг хүмүүс болох Ө*******т хэлээд үлдээсэн. Өөр хүн амьтан явж байгаад тоночих вий гэхээс урьдчилан сэргийлээд хэлсэн. Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр У хотод явж байхад Ө******* 8 дугаарын гар утаснаас залгаад “би таны машиныг янзалсан доогуурх утас нь шатсан нэг гал хамгаалагч шатсан байсан мөн бензиний доод талаар шатахуун гоожиж дусалж байна тэгэхээр нь би абра цавуугаар наасан одоо машин чинь зүв зүгээр болсон” гэж хэлсэн. Заа тэгсэн бол ашгүй гэж хэлсэн. Тухайн үед надтай ярихдаа ямар нэгэн архи дарс уусан гэж сонсогдоогүй. Ө******* нь оюутан гэсэн ба бид нартай цуг ойн галын зурвас байгуулахад мод ухалцаж авдаг ажил хийж байсан. Би машиныхаа түлхүүрийг Б*******д үлдээсэн байсан. Одоогоор би гомдолтой байна. Би машинаа бүрэн болгох хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4725 дугаартай шинжээчийн: “...шинжилгээнд ирүүлсэн Г******* Б******* цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Гүррагчаа Б******* Гүррагчаа Б******* хуруу шилтэй цусанд 1,9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,9 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 111-112 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн: “...Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, аалзан хальсан доорх цус харвалт, САК, цээжинд суганы баруун ар шугамаар 3,4,5,6 дугаар хавирганы толгойн хэсгийн мултрал, сэлтэрхий хугаралтай, зүүн бугалга тохойн сарвуу, баруун дал, мөр хамарсан зөөлөн эдийн няцралын гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл болно. Талийгаачийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтын зэрэгт хамаарна. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь ослын улмаас гавал тархины битүү гэмтэл, хурц цус алдалт, гэмтлийн ШОК-н хүндрэлээр нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 124-127 дугаар хуудас/,

“Таван тунамал” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Ш/29 дугаартай шинжээчийн: “...Сэлэнгэ аймгийн Х сумын нутаг дэвсгэрт асфальтан замын хажууд улсын дугаартай “Toyota succeed” маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон нь зам тээврийн осол мөн. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-А согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 километрээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. улсын дугаартай “Toyota succeed” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Б******* нь зам тээврийн осол гаргасан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хурд хэтрүүлсэн нь осол гарах шалтгаан болсон байна. Г.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 938337 дугаартай үнэмлэхтэй тул улсын дугаартай “Toyota succeed” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 149-150 дугаар хуудас/,

“Алтан жолоо” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн: “... Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь ММ5-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамааралтай юм. 1. “Toyota succeed” маркийн Цагаан өнгийн Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо MNS-4598:2011 стандартыг хангаж оролцож байсан байна. 2. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй. 3.            Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системийн эд ангид эвдрэл гэмтэлгүй байна. 4. Тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. 5. Зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 156-159 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 02 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 04-15 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-23 дугаар хуудас/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 25-28 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 69-72 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /1-р хх-ийн 114-115, 135-136, 143-145, 151-152, 160-162 дугаар хуудас/,

Цогцост шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 128-134 дүгээр хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 549 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 140 дүгээр хуудас/,

“Toyota succeed” маркийн Цагаан өнгийн Улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 165 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь /1-р хх-ийн 186 дугаар хуудас/,

Хохирлын баримтууд /1-р хх-ийн 187-212 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1-р хх-ийн 217 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 218 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 219 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 220 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 221 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 222 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /1-р хх-ийн 224 дүгээр хуудас/,

“Toyota succeed” маркийн Цагаан өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 237 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Б******* нь  2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Х сумын нутагт  улсын дугаартай, “Toyota Succeed” маркийн тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-А согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 километрээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Э.М******* амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч  Г.Б гэм буруугаа хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эийн өгсөн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн иргэний нэхэмжлэгч  Б.Б*******, гэрч Г.Ө*******, О.Ч*******, Б.Б******* нарын мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4725 дугаартай шинжээчийн: “...шинжилгээнд ирүүлсэн Г******* Б******* цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Гүррагчаа Б******* Гүррагчаа Б******* хуруу шилтэй цусанд 1,9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,9 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 111-112 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн: “...Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, аалзан хальсан доорх цус харвалт, САК, цээжинд суганы баруун ар шугамаар 3,4,5,6 дугаар хавирганы толгойн хэсгийн мултрал, сэлтэрхий хугаралтай, зүүн бугалга тохойн сарвуу, баруун дал, мөр хамарсан зөөлөн эдийн няцралын гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл болно. Талийгаачийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтын зэрэгт хамаарна. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь ослын улмаас гавал тархины битүү гэмтэл, хурц цус алдалт, гэмтлийн ШОК-н хүндрэлээр нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 124-127 дугаар хуудас/,

“Таван тунамал” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Ш/29 дугаартай шинжээчийн: “...Сэлэнгэ аймгийн Х сумын нутаг дэвсгэрт асфальтан замын хажууд улсын дугаартай “Toyota succeed” маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон нь зам тээврийн осол мөн. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-А согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 километрээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. улсын дугаартай “Toyota succeed” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Б******* нь зам тээврийн осол гаргасан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хурд хэтрүүлсэн нь осол гарах шалтгаан болсон байна. Г.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 938337 дугаартай үнэмлэхтэй тул улсын дугаартай “Toyota succeed” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 149-150 дугаар хуудас/,

“Алтан жолоо” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн: “... Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь ММ5-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамааралтай юм. 1. “Toyota succeed” маркийн Цагаан өнгийн Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо MNS-4598:2011 стандартыг хангаж оролцож байсан байна. 2. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй. 3.            Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системийн эд ангид эвдрэл гэмтэлгүй байна. 4. Тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. 5. Зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлөөгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 156-159 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 02 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 04-15 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-23 дугаар хуудас/,

Хохирогч нарын нарын хохирол болон эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд болон бусад  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.Б  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс  шүүгдэгч Г.Б******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Э.М******* амь насыг хохироосон  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна  гэж үзлээ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд  түүний өмгөөлөгч  нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, Иргэний  хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал  болон  гэм хор  учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй, мөн хуулийн  511.5.Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж  тус тус хуульчлан заасны дагуу шүүгдэгч Г.Б******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг  хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардал 14.156.332 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82.500.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Г.Б******* нь 800.000 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлжээ.

Шүүх шүүгдэгч Г.Б*******эс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  оршуулгын зардал 13.356.332 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82.500.000 төгрөг бүгд 95.856.332 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Г.Б*******  болон түүний өмгөөлөгч нараас нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөхөөр  завсарлах ажлын  5 хоногийн  хугацааг авсан боловч дээрх хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн байна.

Иймд 95.856.332- 2.000.000 = 93.856.332 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1-т заасан “...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1-т ...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг “согтуурсан, мансуурсан үедээ” зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчилсан ба  Г.Бат-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Г.Б*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас  хүний амь нас хохирсон болон  хор уршгийн шинж чанар, хохирол хор уршгийг төлж барагдуулсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэрэг  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ... шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,   шүүгдэгчийн хувийн байдал, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ялын талаар хэлсэн санал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээ авахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,   битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Т******* овогт Г******* Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Т******* овогт Г******* Б  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  5 жилийн хугацаагаар хасаж,  3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  5  жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1,  511 дүгээр зүйлийн 511..5-д зааснаар шүүгдэгч Г.Б*******эс  оршуулгын зардал 13.356.332 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82.500.000 төгрөг бүгд 93.856.332 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж. Эт олгосугай.

7. Шүүгдэгч Г.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНГӨНЦЭЦЭГ