Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/441

 

 

      2024         4           25                                          2024/ШЦТ/441            

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Т.Отгонбаатар,  

Шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Ц.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Н ын Б т холбогдох эрүүгийн 2309020602270 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б  нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ...  тоотод байхдаа иргэн Т.Б гийн эзэмшлийн хос алтан ээмэг, алтан бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,902,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Н.Б  нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ...  тоотод байхдаа иргэн Т.Б гийн эзэмшлийн хос алтан ээмэг, алтан бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,902,750 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ... тоотод байрлах зуслангийн байшиндаа Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг өөрийн ажиллуулдаг “... ” нэртэй ресторан буудлынхаа ажилчдыг авчирч 1 хоног амарсан. Тэр өдөр манай гэрт ажлаас нийт 12 хүн ирсэн. Тэр өдөр нь амралтын байдалтай ууж идээд гадаа том ширээ засаад сууж байгаад орой 21-23 цагийн хооронд ихэнх хүмүүс нь яваад манайд хононо гээд 3 хүн үлдсэн. Түүнээс Б , түүний эхнэр Т 2 гадаа майханд хоносон. Харин манай ажлын хамгийн бага Н.Б  нь манай гэрт хоносон. Б  нь ирснээсээ хойш бид нар гадаа байхад манай бага насны 3 охины хамт манай гэрт байгаад байсан. Тэгээд маргааш өглөө нь манайд хоносон 3 ажилтан явсны дараа гэрээ цэвэрлэж байгаад 2 давхарт унтлагын өрөөны толины шүүгээнд байсан үнэт эдлэл дундаас 1 ширхэг алтан бөгж, 1 хос алтан ээмэг алга болсон байсан. Ингээд ажлынхандаа хэлтэл бүгд аваагүй гэсэн. Гэхдээ манай ажлынхан манай гэр лүү бараг ороогүй гадаа ууж идэж байгаад орой нь явцгаасан. …Б ийг авсан гэж сэжиглэж байна. Би гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж миний алдсан алтан ээмэг, бөгжийг маань олж өгч, энэ хэргийг хийсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ...  барьцаалан зээлдүүлэх газрын ... байранд байх 5 дугаар салбарт 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Н ын Б  /РД:... / гэх эмэгтэй 1 ширхэг алтан бөгж, 9,16 сорьцтой 4,3 грамм жинтэй шигтгээгүй бөгж, 7,50 сорьцтой, 3,6 грамм шигтгээтэй, 0,3 грамм жинтэй 1 хос монетон ээмэг зэрэг эд зүйлсийг 1,100,000 төгрөгөөр тавьсан. 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөгийн хасалт хийлгээд, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийн нэмэлт хийсэн. 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дахин 200,000 төгрөгийн нэмэлт хийсэн. 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийн хасалт хийж, нийт 3 удаа сунгаад хүү нь 258,720 төгрөг болсон. Одоо манайд тухайн хүн 624,000 төгрөг өгөх ёстой. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/,

 

"Дамно" ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн СБ2-23-702 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Б  нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр алтан бөгж, алтан ээмэг зэрэг эд зүйлсийг 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай барьцаалж 1,100,000 төгрөг зээлсэн талаарх “Барьцаат зээлийн гэрээ” /хх-ийн 38 дугаар тал/,

 

Шүүгдэгч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хамт ажилладаг хүмүүсийн хамт Б  буюу манай ... компанийн захирлын Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байдаг зуслан дээр очсон. Бид цай хоол идэж байгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би спиртний харшилтай болохоор нэг их уугаагүй. Тэгээд би дүүжин орон дээр хэвтэж байсан чинь Б  гэх хүний бага охин нь ирээд намайг хүүхэлдэй тавиад өг гэхээр нь гэр лүү нь ороод зурагтыг нь асаагаад тухайн 3 юм уу 4 настай эмэгтэй хүүхдийг 1 давхрын орон дээр нь унтуулаад гарсан ба ажлынхан дээр очсон чинь Б  гэх хүний эхнэр Б  гэх эмэгтэй нилээн согтуу байсан. Орой болсон учир майханд унтах гэсэн чинь Б  гэх хүн над дээр ирээд “чи манай хүүхдүүдийг аваад манайд ороод унтчих, манай 3 охин чамтай хамт унтъя гээд байна” гэсэн. Би 2 давхарт нь хүүхдүүдтэй нь ороод хэвтсэн чинь Б , Б  гэх хүмүүс хоорондоо хэрэлдээд байх шиг байсан бөгөөд тэр хоёроос болоод хүүхдүүд нь уйлаад байсан. Тэгээд би буугаад хүүхдүүдэд нь хоол хийж өгсөн. Бид хэд 1 давхарт унтаад үүрээр 05 цагийн үед байх, байшин доторх нойл нь бөөлжистэй заваан байхаар нь би гарч бие засах гээд явж байсан чинь үүдний таамбарын газар шалан дээр хүүхдийн тоглоомны хажууд шар өнгөтэй металл шигтгээгүй бөгж, мөн шар металл ээмэг 1 хос байсан. Би тэрийг нь аваад халаасандаа хийсэн ба буцаж ороод унтаж байгаад өдөр буцаад хот руу явсан. Хотод орж ирээд ээжтэй ярьж байгаад гэнэт би нөгөө ээмэг бөгжөө санаад ээж Ганцацралд би ийм зүйл олсон гээд хэлсэн чинь манай ээж надад мөнгөний хэрэгтэй байна гээд намайг ломбарданд тавьчих гээд байсан. Би Реасе mall өнгөрөөд байдаг нэг ломбарданд 1,100,000 төгрөгөөр тавьсан. Би ээж рүү 700,000 төгрөгийг нь өгөөд үлдсэн мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Одоо тухайн ээмэг бөгж ломбарданд байгаа. Би тавьсан мөнгөнөөсөө 500,000 төгрөгийг өгсөн байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б ээс: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Н.Б  нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ...  тоотод байхдаа иргэн Т.Б гийн эзэмшлийн хос алтан ээмэг, алтан бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,902,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Ц.Дуламсүрэн нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Н.Б  нь хохирогч Т.Б гийн эзэмшлийн 1,902,750 төгрөгийн үнэ бүхий  хос алтан ээмэг, алтан бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Б ийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б д 1,902,750 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хос алтан ээмэг, алтан бөгжийг иргэний нэхэмжлэгч Б.М аас хураан авч, хохирогч Т.Б д хүлээлгэн өгсөн байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Б  нь иргэний нэхэмжлэгч Б.М т 625,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Н.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, түүний цагдан хоригдсон хоногийн эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай... ” гэсэн дүгнэлтийг;

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэнгээс: “...Шүүгдэгчийн эх нь мэс засалд орж эмчилгээ хийлгэж байгаа. Өнөөдөр мөн дахин хагалгаанд орох талаар ар гэрийнхэн нь хэлсэн. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Мөн хохирол төлбөр төлбөрөө төлж барагдуулсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Н.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Н.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.  

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 58 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х  овогт Н ын Б ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ийг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 192 /нэг зуун ерэн хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 58 /тавин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН