Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/00990

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/00990

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн , Г ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 24-р хороо,  Б овогт Т-ын Э-д холбогдох зээлийн гэрээ цуцалж, 157 556 338.86 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь Т.Э, Ц.Н нартай 2016 оны 4-р сарын 21-ний өдөр ЗГ1105116295 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 122 800 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож БГ1105116295 тоот Ипотекийн гэрээг байгуулж улсын бүртгэлийн Ү-2205062626 дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, т 79.8 м2 талбайтай 3 өрөө сууцыг барьцаалсан. 2016 оны 7-р сарын 07-ны өдөр ЗГ1105116295 тоот зээлийн гэрээний хавсралт №1-д нэмэлт өөрчлөлт оруулж эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж ЗГ1105116295А дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш Т.Э, Ц.Н нар нь уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсээр байна. Иймд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 157 556 338.86 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Ц.Н-ын хамт 2016 онд 8 хувийн ипотекийн зээлийг Г банкнаас авсан. Би 2017 оны 7-р сарын 17-ныг хүртэл зээлээ бүрэн төлж байсан юм. Ц.Н бид хоёр таарамжгүй харьцааны улмаас салсан, гэхдээ гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй. Ц.Н нь зээлээ бүрэн төлнө, тэгээд байраа надад шилжүүлж өгнө гэж амаар болон бичгээр тохирч гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Ц.Н зээлийг бүрэн төлөхөөр болсон шалтгаан нь төрсөн дүү Ц.Зундуй нь 2016 онд Голомт банкинд ажилладаг байхдаа хүний данснаас их хэмжээний мөнгө авсан нь шалгалтаар илэрсэн. Тухайн үед 80 сая төгрөгийн өртэй байсан бөгөөд Ц.Н энэ өрийг Г ХХК-ийн хүмүүстэй ярилцаж 40 сая төгрөгийг нь төлөхөөр болсон. Тэгээд миний нэр дээр байсан Алтай хотхоны 100 000 000 төгрөгийн үнэтэй 2 өрөө байрыг худалдаж дүүгийнхээ өрийг дарсан. Би тухайн үед 2 дахь хүүхдээ төрүүлэх гэж байсан, хууль зүйн мэдлэггүй, зээлийг төлөх чадваргүй байхад Г ХХК ийм хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би тухайн үед хувийн бизнес эрхэлдэг байсан. Ц.Н-оос асуухаар зээлээ төлж байгаа гэдэг байсан. Энэ 3 жилийн хугацаанд Г ХХК-иас над руу нэг ч удаа залгаагүй, холбогдоогүй, 2016 онд зээл авахад байсан утасны дугаар хэвээрээ байгаа. Ц.Н одоо Монголд байхгүй, Швед улсад байгаа. Харин би хөл хорио тогтоохоос өмнө өөрөө Голомт банкны төв дээр очиж Н гэдэг хүнтэй уулзсан. Ингээд үндсэн зээлээ төлье гэж тохиролцсон, байраа зараад ч хамаагүй үндсэн зээлийг төлнө гэж бодож байсан. Энэ хэрэгт Ц.Н оролцох ёстой, банк хариу өгөхгүй хугацаа алдсан. Зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК нь Т.Э-д холбогдох зээлийн гэрээг цуцалж, 157 556 338.86 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Голомт банк нь Т.Э, Ц.Н нартай 2016 оны 4-р сарын 21-ний өдөр ЗГ1105116295 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 122 800 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай, БГ1105116295 тоот ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, Т.Э, Ц.Н нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 79.8 м2 талбайтай 3 өрөө сууцыг барьцаалан зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр /хх 7-19/ байна.

Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгч нарт бэлэн бусаар шилжүүлсэн байх ба зээлдэгч нь гэрээний хугацаанд 2017 оны 7-р сарын 17-ныг хүртэлх хугацааны зээл, зээлийн хүүг төлж, энэ хугацаанаас хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ. Улмаар гэрээний 4-р зүйлийн 4.4.1 дэх хэсэгт заасан зээл, зээлийн хүүг төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэх үндэслэлээр зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээгээ цуцлахыг шаарджээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2046 онд дуусах ба Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нарт үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, улмаар тогтоосон хугацаанд үр дүн гараагүй гэх гэрээ цуцлах үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, нэмэлт хугацаа тогтоосон, үр дүн гаргаагүй гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөө талаас, зээлийн болон барьцааны гэрээг Т.Э, Ц.Н нартай байгуулсан, 2 хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байхад зөвхөн нэг зээлдэгчид холбогдуулан гэрээ цуцлах нэхэмжлэл гаргасан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 03-ны өдрийн 182/ШШ2019/00049 дугаар шийдвэрээр Т.Э, Ц.Н нарыг эрэн сурвалжилсан ажиллагааг явуулсан эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, гэрээний тал болох Ц.Н-д холбогдох гэрээ цуцлах эсэхийг

хэрхэн шийдвэрлэхийг нэхэмжлэгч тодорхойлох шаардлагатай гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1, 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Э, Ц.Н нартай байгуулсан 2016 оны 4-р сарын 21-ний өдөр ЗГ1105116295 тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцлах, Т.Э-ээс 157 556 338.86 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн Г банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945 732 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА