Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/01027

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/01027

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар байрны 54 тоотод оршин суух, регистр ГГ 86110313, Сүргүүч овогт Пүрэвжавын Даваадоржийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочин 5 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефть баазын 2-13 тоотод амьдарч байгаа, регистр ЧЕ 78090476, Тайж овогт Болдбаатарын Золзаяад холбогдох

 

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, хариуцагч Б.Золзаяа, гэрч С.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

                                     ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Нэхэмжлэгч П.Даваадорж 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот 88.9 м.кв талбайтай орон сууцыг иргэн Базаррагчаагийн Баярсайханаас 30 000 000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000527045 дугаар гэрчилгээг авсан.Орон сууц худалдан авах үед түрээслэн амьдардаг иргэд нь хавар байрыг чөлөөлж өгнө гэсэн болов ч өнөөдрийг хүртэл байрыг чөлөөлж өгөхгүй П.Даваадоржийн орон сууц өмчлөх эрхийг зөрчиж байна.Өмчлөх эрхийг зөрчсөн тул хариуцагч Б.Золзаяаг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болов ч тухайн хаягт бүртгэлгүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.Хариуцагч нь тухайн хаягт амьдардаг боловч хорооны хүн амын бүртгэлт бүртгүүлээгүй тул Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өмчлөх эрхийг зөрчиж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар өргөдлийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан болов ч дүүргийн хяналтын прокурор нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан.Хариуцагч нь тухайн байранд одоог хүртэл хугацаанд амьдарч орон сууц өмчлөгч П.Даваадоржийн эрхийг хязгаарлаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан тул Б.Золзаяаг гэр бүлийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:П.Даваадорж нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоотыг Баярсайхан гэдэг хүнээс худалдан авсан.Тухайн үед байранд орох гэтэл өмнөх түрээслэгч нар амьдарч байгаа, энэ хүмүүсийг хавар гаргана гэсэн тул үүнийг хүлээн зөвшөөрч түрээслэгч нарыг тус байранд үлдээсэн байдаг.Гэтэл хавар Б.Золзаяа байрыг суллаж өгөөгүй, Б.Золзаяа нь тус байранд бүртгэлгүй боловч гэр бүлийн хамт оршин сууж, хууль бусаар эзэмшиж, эзэмшигчийн хууль ёсны эрхийг зөрчиж байгаа тул бид шүүхэд нэхэмжлэл гаргасан.Хариуцагч огт үндэслэлгүй зүйлийг ярьж байна.Намайг 2018 онд очиж уулзаж байрыг чөлөөлж өгөхийг хүссэн гэж байна.Хариуцагч бид хоёр шүүх дээр л удаа уулзаж байна. Хариуцагч Б.Золзаяа тус байранд амьдардаг нь үнэн, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Баянгол дүүргийн 6 дугаар хорооноос тодорхойлолтыг авахад оршин суудаг гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Шүүхээс Б.Золзаяад мэдэгдэх хуудас явуулахад Б.Золзаяагийн ээж нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байдаг.Сүүлд 3 дугаар сард би өөрийн биеэр хорооноос тодорхойлолт очиж авахад Б.Золзаяаг оршин суудаг гэсэн тодорхойлолт өгсөн.Иймд Б.Золзаяа тус байранд амьдардаггүй гэдэг нь үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч Б.Золзаяа шүүхэд гаргасан тайлбартаа:Би нэхэмжлэлд дурдсан хаяг дээр амьдардаггүй ба энэ талаараа шүүхэд хорооны тодорхойлолт гаргуулж өгнө.Би дээрх хаягт амьдран суудаг Батсүх овогтой Дайчинхүүтэй садан төрлийн холбоотой ба энэ хүн бүрэн хариуцах ёстой гэжээ.

 

Хариуцагч Б.Золзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би тус байранд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орж 3 жилийн турш эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан, 2017 онд Баярсайхан нь П.Даваадоржоос 30,000,000 төгрөгийн зээл авч тус орон сууцыг барьцаанд тавьсан, 2018 онд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох энэ хүн надтай ирж уулзсан, 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.Та нар жил болчихлоо, 46,000,000 төгрөгийг төлж, П.Даваадоржийг хохиролгүй болгоод өгөөч гэх хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тавьсан, би 2018 оны 11 дүгээр сард байрнаас гарсан, би Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 27 дугаар байрны 13 тоотод оршин сууж байгаа.Монгол шуудангаас манай ээжийн 99293828 дугаар луу танай хүүд холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна, та үүнийг ирж авна уу гэж ярьж, ээж Монгол шуудангаас очиж авсан байсан.Тухайн үед би хөдөө орон нутагт ажлаар явж байсан гэв.

 

Гэрч С.Сүхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.Б.Золзаяа нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болно. 2021 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн 40 дугаартай баримтын боловсруулалтад алдаа гарсан байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Даваадорж нь хариуцагч Б.Золзаяад холбогдуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот байрнаас албадан гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Дайчинхүүг хариуцагчаар татан оролцуулсан боловч 2021 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Дайчинхүүгээс татгалзсан болно.

 

П.Даваадорж нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот орон сууцыг Б.Баярсайханаас худалдаж авсан болох нь тэдний хооронд 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 000527045 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна./хх 4, 5/

 

Хариуцагч Б.Золзаяа нь өөрийгөө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот байранд би амьдардаггүй гэж тайлбарлаж байх бөгөөд түүний иргэний үнэмлэхэд оршин суух хаягийг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочин 5 дугаар гудамж 6 тоот гэж бүртгэгдсэн байна./хх 29/

 

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс тус шүүхэд хаягласан 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтод-Болдбаатар овогтой Золзаяа нь 46 дугаар байрны 13 тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй гэжээ./хх 45/

 

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс тус шүүхэд хаягласан 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хаягласан 2021 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн 40 дугаартай баримтад-Тус хорооны 46 дугаар байрны 13 тоотод Болдбаатар овогтой Золзаяа амьдардаг болно гэжээ./хх 44/

 

Гэрч Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Сүхбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Б.Золзаяа нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болно гэж мэдүүлж байна.

 

Үүнээс үзэхэд Б.Золзаяа нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоотод байршилтай, П.Даваадоржийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь баримтаар нотлогдоогүй байх тул П.Даваадоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Даваадорж нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөх байтал, 307 950 төгрөг төлж, 237 750 төгрөгийг илүү төлсөн байгааг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар тогтоосон хэмжээнээс илүү хураасан гэж үзэж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоотод байршилтай орон сууцнаас Б.Золзаяаг гэр бүлийн хамт албадан гаргуулах тухай П.Даваадоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Даваадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 237 750 /хоёр зуун гучин долоон мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж П.Даваадоржид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН