| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2021/03110/И |
| Дугаар | 001/ХТ2023/00076 |
| Огноо | 2023-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2023/00076
“У” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2022/03478 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00406 дугаар магадлалтай,
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
54,324,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, хариуцагчийн төлөөлөгч Б.Ч, Ч.А, нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 54,324,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2022/03478 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч “Э” ХХК-аас дутуу нийлүүлсэн эд зүйлийн үнэ, доголдлыг арилгахад зарцуулсан зардал, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд нийт 9,852,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,472,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 434,747 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 172,595 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00406 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2022/03478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч “Э” ХХК-аас 54,324,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.02.17-ны өдрийн 210/МА2023/00406 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан хуулийн заалтыг зөрүүтэй хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын тухай: Манай компани хариуцагч “Э” ХХК-тай байгуулсан маргаан бүхий 2017.04.13-ны өдрийн 02/161 дугаар “Худалдах, худалдан авах” гэрээтэй холбоотойгоор анх 2020.06.23-ны өдөр “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул тус гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 141,560,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус шүүх хэргийг 2021.11.03-ны өдрийн 182/ШШ2021/02381 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэхдээ “манай компанийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу 1200 ширхэг буудал зарлан мэдээлэх системийн тоног төхөөрөмжийг гэрээнд заасны дагуу акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй, манай компани 1200 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээж аваагүй, үүнийг нотлох баримт байхгүй гэх үндэслэлийг анхан шатны шүүхээс дүгнэхдээ “Э” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн 2017.11.10-ны өдрийн Автобус баазад шалгалт хийсэн актад үндэслэн 1132 ширхэг төхөөрөмжийг шалгасан акт үйлдсэн буюу энэ нь нэхэмжлэгч “УБСК” ХХК нь 1132 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авсан гэж үзнэ гэж шийдвэрлэсэн байдаг. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг манай давж заалдах гомдлоор 2022.02.09-ний өдрийн 223 дугаар магадлалаар хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй хэмээн үзэж хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Э” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу 1132 ширхэг тоног төхөөрөмжийг нийлүүлэн, хүлээлгэн өгсөн байх тул гэрээнээс татгалзах нь үндэслэлгүй, харин нийлүүлсэн бүтээгдэхүүний доголдолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болно гэж шийдвэрлэсэн байдаг. Анхан, давж заалдах шатны шүүхийн энэхүү шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд миний бие эдгээр шийдвэрийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн дутуу нийлүүлсэн 68 ширхэг төхөөрөмжийн үнэ, мөн нийлүүлсэн бүтээгдэхүүний доголдлыг арилгахад гаргасан зардал, нийт 54,324,800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийг 2022.11.29-ний өдөр хянан шийдвэрлэхдээ дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн нэгэнт хүчин төгөлдөр болсон шийдвэрт заасны дагуу буюу 1132 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гэх баримтыг ИХШХШтХ-ийн 40.4-т заасны дагуу дахин нотлох шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь зөв юм. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү үйл баримтыг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд үүнийхээ үндэслэлийг “дээрх шийдвэрүүдээр зөвхөн 1132 ширхэг тоног төхөөрөмжид хяналт шалгалт хийсэн болохыг дүгнэсэн болохоос 68 ширхэг төхөөрөмж дутуу нийлүүлсэн болохыг тогтоогоогүй” гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь 1132 ширхэг тоног төхөөрөмжийг хариуцагч “Э” ХХК нь манай компанид хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн байгаа нь өөрөө гэрээний дагуу 1200 ширхэг төхөөрөмж хүлээлгэн өгөх ёстой бөгөөд үүнийхээ төлбөр мөнгийг бүрэн хүлээгээд авчихсан байхад манай компани илүү өгсөн буюу хүлээж аваагүй 68 ширхэг төхөөрөмжийн төлбөрөө буцаан авах нь зүйн хэрэг юм. Мөн манай компанийн анхны нэхэмжлэлийн шаардлага “гэрээнээс татгалзах” байсан бөгөөд энэхүү шаардлагад анхан, давж заалдах шатны шүүх 1132 ширхэг төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн буюу энэ нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх тул гэрээнээс татгалзах шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж шийдвэрлэсэн байгааг анхаарч үзээгүй. Иймд 1132 ширхэг тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх нь үндэслэлтэй юм. Түүнчлэн давж заалдах шатны шүүх манай компани болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийн талаар маргаж байхад манай компанийн Нийтийн тээврийн газар руу явуулсан албан бичгийг үндэслэж 1200 ширхэг тоног төхөөрөмжийг “Э” ХХК бүрэн хүлээлгэж өгсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн материалд “Э” ХХК нь 1200 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн гэх баримт нэг ч байхгүй, гэтэл гэрээнд акт үйлдэж хүлээлгэж өгнө гэсэн заалттай, харин ч 1132 ширхгийг хүлээлгэж өгсөн гэдгийг нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг. Мөн Нийтийн тээврийн газар руу манай компаниас явуулсан гэх албан бичигт 1200 ширхэг тоног төхөөрөмжийг “Э” гэдэг компаниас худалдан авч суурилуулсан гэх үг үсэг байхгүй байхад тэрхүү албан бичигт дурдсан 1200 ширхэг тоног төхөөрөмжийг “Э” ХХК суурилуулсан гэж давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж үндэслэлгүй үнэлж, дүгнэж шийдвэрлэсэн. Мөн бусад нотлох баримтыг няцаасан нэг ч дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн шат шатны буюу 2021, 2022 оны дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг давж заалдах шатны шүүх яагаад нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй тухай хүлээн зөвшөөрөхүйц үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр “нэгэнт тогтоогдсон баримт гэж үзэхгүй” гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.04.06-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00353 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
ХЯНАВАЛ:
6. “Нэхэмжлэгч У” ХХК хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан дутуу нийлүүлсэн 68 ширхэг төхөөрөмжийн үнэ 8,078,400 төгрөг, доголдол арилгаж шинээр худалдан авсан дуу өсгөгчийн үнэ 38,400,000 төгрөг, кабелийн үнэ 7,800,000 төгрөг, нотариатын зардал төлсөн 46,400 төгрөг, нийт 54,324,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
7. Анхан шатны шүүх хариуцагч “Э” ХХК-аас дутуу нийлүүлсэн эд зүйлийн үнэ, доголдлыг арилгахад зарцуулсан зардал, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд нийт 9,852,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,472,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангасан байна.
8. “У” ХХК, “Э” ХХК -ийн хооронд 2017.04.13-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр “Э” ХХК нь 1200 ширхэг автобусны зарлан мэдээлэх систем нийлүүлэн суурилуулах ажлыг гүйцэтгэж, “У” ХХК нь 142,560,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
9. Нэхэмжлэгч нь “...1200 ширхэг төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулж үнийг бүрэн төлсөн, хариуцагч нь 1132 ширхэгийг хүлээлгэн өгсөн... дутуу нийлүүлсэн 68 төхөөрөмжийн үнэ, гэрээнд заасан баталгаат хугацаанд илэрсэн доголдлыг арилгахад зарцуулсан зардал буюу шинээр худалдан авсан 1200 ширхэг дуу өсгөгч болон кабелийн утасны үнэ, нэхэмжлэл гаргахад зарцуулсан зардлыг тус тус шаардах эрхтэй” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч нь “...худалдан авагч нь гэрээнд заасан төхөөрөмжийн үнийг манай компанид бүрэн төлсөн, энэ нь тоо ширхэгийг бүрэн авсан гэж үзнэ ... гэрээнд заасан баталгаат хугацааны дотор илэрсэн доголдлыг бүрэн арилгасан, энэ хугацаа дууссанаас хойш гарсан зардлыг төлөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа тайлбарласан байна.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үндэслэл бүхий дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-д зааснаар үнэлсэн байна.
10.1. Дутуу нийлүүлсэн 68 ширхэг төхөөрөмжийн үнэ 8,078,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд “...“Э” ХХК нь 1132 ширхэг автобусны зарлан мэдээлэх систем хүлээлгэн өгч, “У” ХХК 141,560,000 төгрөг төлсөн үйл баримт нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/02381 тоот шийдвэрээр тогтоогдсон, ... “Э” ХХК 1200 ширхэг автобусны зарлан мэдээлэх систем хүлээлгэн өгөхөөс 1132 ширхэгийг өгч, 68 ширхэгийг дутуу нийлүүлсэн байх тул 8,078,400 төгрөгийг нэхэмжлэгч “У” ХХК-д төлөх үүрэгтэй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д нийцсэн гэж үзнэ.
10.2. Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар доголдлыг арилгахад гаргасан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй буюу 38,400,000 төгрөгөөр дуу өсгөгч шинээр худалдан авч доголдлыг арилгасан гэсэн шаардлагаас 1,728,000 төгрөгийн хэмжээнд хангасан нь зөв, түүнчлэн “Э” ХХК-д 7,800,000 төгрөгийг дууны кабелийн төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгч кабелийн үнэ шаардсан хэсгийнхээ нотолгоо болгосон боловч “... гэрээний зүйл болох төхөөрөмжийн нэг хэсэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй” гэж дүгнэн 7,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
10.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахад бүрдүүлсэн баримтын зардалд шаардсан нийт 46,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг зөв хэрэглэсэн байна.
11. Анхан шатны шүүхийг “...нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
11.1. Давж заалдах шатны шүүх “...өмнө нь “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох гэрээнээс татгалзаж, 141,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд 2017.11.10-ны өдөр 1132 ширхэг төхөөрөмжид гэрээний талууд шалгалт хийж, акт үйлдсэн болохыг дүгнэсэн болохоос гэрээнд заасан 1,200 ширхэг тоног төхөөрөмжөөс 68 ширхгийг дутуу нийлүүлсэн гэх үйл баримтыг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т нийцээгүй байна.
11.2. Нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан “...гэрээнээс татгалзаж, 141,560,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалаас үзэхэд “...1200 биш 935 ширхэг төхөөрөмж суурилуулсан, ...гэрээгээр тохиролцсон бүтээгдэхүүнийг манай компанийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй” гэж энэ нэхэмжлэлд дурдсан буюу анхнаасаа дутуу нийлүүлсэн тухай шүүхэд мэдүүлж байсан, түүнчлэн анхан шатны шүүх маргааныг 2021.11.03-ны өдөр шийдвэрлэхдээ “...автобусны буудал зарлан мэдээлэх системийн төхөөрөмж суурилуулах ажлын акт, ...автобус баазад шалгалт хийж 1132 ширхэг төхөөрөмжийг шалгасан акт” гэсэн баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчөөгүй.
11.3. Давж заалдах шатны шүүх “У” ХХК-аас Нийслэлийн тээврийн газарт явуулсан 2018.08.22-ны өдрийн 2/372 тоот албан бичгийг үнэлж, “...гэрээний дагуу 1,200 ширхэг автобусны зарлан мэдээлэх систем нийлүүлэн суурилуулах ажлыг “Э” ХХК нь гүйцэтгэж, худалдан авагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай буюу гэрээнээс татгалзахтай холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн цаг хугацаа болон “албан бичгийг” хэргийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэж чадаагүй байна.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00406 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2022/03478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 172,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД