Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 24

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны                                            шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч  Д.Сугар даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
    Улсын яллагч Б.Очбадар,
         Шүүгдэгч С.Ганбаатарын өмгөөлөгч Д.Зулаа
    Шүүгдэгч А.Баяржаргалын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
         Шүүгдэгч С.Ганбаатар, А.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар:
    Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаанууд овгийн Амарсайханы Баяржаргал, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ренчин овгийн Сүхбаатарын Ганбаатарт холбогдох 201617000359 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 10 сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 5-6 насны 2 хүүхдийнхээ хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг нь тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар ЛЮ85102136, Ренчин овогт Сүхбаатарын Ганбаатар,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 03 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн  хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ЖВ86031818, Цагаанууд овогт Амарсайханы Баяржаргал,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Ганбаатар нь согтуурсан үедээ буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн 180 айлын орон сууцны 1-2 тоотод оршин суух иргэн Ч.Лутбаярын гэрт  А.Баяржаргалыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт, 
Шүүгдэгч А.Баяржаргал нь согтуурсан үедээ буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн 180 айлын орон сууцны 1-2 тоотод оршин суух иргэн Ч.Лутбаярын гэрт С.Ганбаатарын зүй бус үйлдлийн улмаас маргалдаж, түүний зүүн хөлийн өвдөгний дээр, зүүн бугалганы гадна дунд хэсэгт хутгалж бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч  С.Ганбаатар  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж. Надад хэлэх зүйл алга. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Би тухайн үед согтуу байсан тул үйлдлээ сайн санахгүй байна гэх,

   -Шүүгдэгч  А.Баяржаргал  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болдог өглөө 09 цаг 30 минутын үед би гэртээ байж байсан. Тэр өдөр зулын 25-н байсан учраас би эхнэртэйгээ гандан орох ажилтай байсан. Гэтэл Ганбаатар 2 залуутай манайд 0.75 литрийн нэг шил архитай ирсэн.  Би уухгүй гэтэл гадаа хүйтэн байна, танайд ууя гэсэн. Тэгэхээр нь ганц шил архи юм чинь гайгүй байлгүй гэж бодсон. Энэ архийг бид дөрвүүлээ уусан. Тэгж байтал Ганбаатар гараад буцаж орж ирэхдээ нэг хайрцаг тамхи,  0.75 литрийн нэг шил архи аваад орж ирсэн. Тэгээд бид архиа ууж дуусгаад гадаа зогсож байтал эхнэр ирээд гэр рүүгээ ор гэсэн. Тэгтэл Ганбаатар хоёулаа Лутаа ахынх руу явъя гэсэн. Би Лутаа ахтай өмнө архи ууж байгаагүй. Лутаа ах манай талийгаач ахтай хамт ажиллаж байсан. Тэгээд би талийгаач ахынхаа талаар Лутаа ахтай юм яриад сууж байтал чи яасан талийгаач нартаа хайртай пиздаа вэ? гээд намайг цохисон. Лутаа ах бид нарыг салгаад орон дээр суулгасан.   Бид Лутаа ахтай юм ярьж байхад Ганбаатар нь би таныг Дорноговь аймагт байхад тусалж байсан. Та тэгэхэд Улаанбаатар хотоос ирж байхад тосоод авч чадахгүй гээд Лутаа ахтай маргасан. Тэгэхээр нь чи ахтайгаа маргаад яах гээд байгаа юм явъя гэсэн. Тэгээд гарах гээд гутал, гадуур хувцсаа авах үед халаасанд байсан хутга газар унасныг мэдээгүй. Тэгээд авах гэтэл Ганбаатар цаанаа байж бай гэсэн. Тэгтэл миний авч явж байсан хутга Ганбаатарын гарт байгаа харагдсан. Тэгээд би хутгаа аваад эргэтэл чи намайг хутгалах гэж байгаа юм уу гээд дараад ойчсон. Тэгээд би хутгаа өгөхгүй гэж булаацалдаж байхад эвхдэг хутганы эвэхээс нь тавигдаад Ганбаатарын гарыг зүссэн. Тэгтэл чи миний гарыг хутгалчихлаа гээд миний нүүр, хувцсыг цус болгосон. Лутаа ах та хоёр яв гээд бид хоёрыг гэрээсээ гаргасан. Тэгээд гараад явтал миний араас зууралдаад дээр гараад зодоод, салж өгөхгүй байхаар нь буглаг руу нь нэг хатгаад, хөлний бүдүүн булчин руу нь нэг хатгасан. Тэгээд би цааш түлхэж унагаад яваад өгсөн. Тэгээд гэртээ очоод унтаж байтал Ганбаатарын дүү ирээд ах хутгалуулаад эмнэлэгт байна гэсэн. Тэгээд би очсон чинь Буяннэмэх байцаагч намайг барьж авч явсан. Ганбаатарын эмчилгээний зардалд 750000 төгрөг төлсөн. Надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх, 

         - Хохирогч С.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би А.Баяржаргалтай маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан Баяржаргал миний зүүн гар руу юмаар хатгаж байсан. Тэгээд босох гэтэл босч чадахгүй нүд харанхуйлаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 х/

          - Хохирогч А.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С.Ганбаатар нь Лутбаяр ахыгаа тоосонгүй гээд маргалдаад байхаар нь чи ахтайгаа маргалдаад яах гээд байгаа юм бэ гээд болиулах гэтэл намайг С.Ганбаатар нь цохиод зодсон. Үүнээс болж баруун хацар хавдаж, зүүн нүд хөхөрсөн. Тэгээд С.Ганбаатартай гадагш гарахад зуураад хавсарч унагаад байхаар нь өмдний халаасанд байсан хутгаар хатгачихсан гэх мэдүүлэг... гэх мэдүүлэг, / хх-н 26-67 х /

 - Гэрч А.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...орцны үүдэнд Ганбаатар болон манай нөхөр хоёр архи уусан байдалтай байж байсан. Тэгээд ажил дээрээ 14 цагийн үед байхад манай нөхөр нүүр нь цус болчихсон хүрч ирсэн. Тэгээд гэр рүүгээ авч явж унтуулчихаад байж байхад С.Ганбаатарын дүү орж ирээд ахыг хутгалчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 28 х /

    - Гэрч Ц.Цэрэннямын мөрдөн байцаалтанд өгсөн: ...12 цаг 30 минутын үед Лутбаяр ахын дүү Омбоо гэх залуу нэг танихгүй залуутай 0.75 граммын Ерөөл архи авчихсан орж ирсэн. Лутбаяртай Омбоо гэх дүү нь маргаан үүсгэсэн.Нөгөө танихгүй залуугийн халааснаас эвхдэг тонгорог унасныг аваад халаасандаа хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 29 х /

- Гэрч Ч.Лутбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ганбаатар нь найзыгаа зодоод байсан. Тэгсэн хамт ирсэн залуу нь чамд хутга шаасан ч яадаг юм бэ гээд маргалдаж байгаад түрийгээ ухаад жижиг хутга гаргаж ирээд Ганбаатар руу дайраад баруун гарыг нь зүсчихсэн. Тэгэхээр нь тэр залуугаас хутгыг нь аваад салгасан чинь Ганбаатар нь чи намайг хутгалчихлаа гээд дахиад зодоод байхаар нь дахин салгаад гадагш нь гаргаад хаалгаа түгжсэн...” гэх мэдүүлэг /хх-н 31 х /

- Гэрч С.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...гэртээ байхад эмнэлгээс яриад ах чинь хутгалуулсан байдалтай эмнэлэгт ирлээ гэж хэлсэн. Тэгээд хүлээн авах дээр очиход ах нэлээд согтуу зүүн хөл, зүүн гараас нь их цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32 х /

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 506 дугаартай дүгнэлтэд /хх-н 51-52 х /
- С.Ганбаатарын биед өвдөгний дээд хэсгийн шөрмөсний тасрал, зүсэгдсэн шарх, зүүн бугалганы гадна дунд хэсэгт хатгагдсан шарх, зүүн гарын алганд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо
-    Дээрх гэмтэл нь ир үзүүртэй  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
- Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
- Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт,

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 505 дугаартай дүгнэлтэд /хх-н 37 х /
- А.Баяржаргалын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, нүдний гадна булан, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
-    Дээрх гэмтэл нь хатуу  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
- Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
- Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй, гэсэн дүгнэлт,

-    Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-н 6-10 х/
-    Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тухай тэмдэглэл / хх-н 11-15 х /
-    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн засаг даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 4/831 дугаартай тодорхойлолт / хх-н 93 х /
-    А.Баяржаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас / хх-н 94-95 х /
-    С.Ганбаатарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас / хх-н 99 х /
-    Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоол / хх-н 100-102 х /
-    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн засаг даргын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 4/36 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 104-105 х /, эд мөрийн баримт  зэрэг болно. 

Шүүгдэгч С.Ганбаатар нь согтуурсан үедээ буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн 180 айлын орон сууцны 1-2 тоотод оршин суух иргэн Ч.Лутбаярын гэрт  А.Баяржаргалыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, 
Шүүгдэгч А.Баяржаргал нь согтуурсан үедээ буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн 180 айлын орон сууцны 1-2 тоотод оршин суух иргэн Ч.Лутбаярын гэрт С.Ганбаатарын зүй бус үйлдлийн улмаас маргалдаж, түүний зүүн хөлийн өвдөгний дээр, зүүн бугалганы гадна дунд хэсэгт хутгалж бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан С.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн:...би А.Баяржаргалтай маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан Баяржаргал миний зүүн гар руу юмаар хатгаж байсан. Тэгээд босох гэтэл босч чадахгүй нүд харанхуйлаад байсан... гэх, А.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: ...С.Ганбаатар нь Лутбаяр ахыгаа тоосонгүй гээд маргалдаад байхаар нь чи ахтайгаа маргалдаад яах гээд байгаа юм бэ гээд болиулах гэтэл намайг С.Ганбаатар нь цохиод зодсон. Үүнээс болж баруун хацар хавдаж, зүүн нүд хөхөрсөн. Тэгээд С.Ганбаатартай гадагш гарахад зуураад хавсарч унагаад байхаар нь өмдний халаасанд байсан хутгаар хатгачихсан гэх мэдүүлэг... гэх, гэрч А.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...орцны үүдэнд Ганбаатар болон манай нөхөр хоёр архи уусан байдалтай байж байсан. Тэгээд ажил дээрээ 14 цагийн үед байхад манай нөхөр нүүр нь цус болчихсон хүрч ирсэн. Тэгээд гэр рүүгээ авч явж унтуулчхаад байж байхад С.Ганбаатарын дүү орж ирээд ахыг хутгалчихсан байна гэж хэлсэн...” гэх, гэрч Ц.Цэрэннямын мөрдөн байцаалтанд өгсөн: ...12 цаг 30 минутын үед Лутбаяр ахын дүү Омбоо гэх залуу нэг танихгүй залуутай 0.75 граммын Ерөөл архи авчихсан орж ирсэн. Лутбаяртай Омбоо гэх дүү нь маргаан үүсгэсэн.Нөгөө танихгүй залуугийн халааснаас эвхдэг тонгорог унасныг аваад халаасандаа хийж байсан...” гэх, гэрч Ч.Лутбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ганбаатар нь найзыгаа зодоод байсан. Тэгсэн хамт ирсэн залуу нь чамд хутга шаасан ч яадаг юм бэ гээд маргалдаж байгаад түрийгээ ухаад жижиг хутга гаргаж ирээд Ганбаатар руу дайраад баруун гарыг нь зүсчихсэн. Тэгэхээр нь тэр залуугаас хутгыг нь аваад салгасан чинь Ганбаатар нь чи намайг хутгалчихлаа гээд дахиад зодоод байхаар нь дахин салгаад гадагш нь гаргаад хаалгаа түгжсэн гэх мэдүүлгүүд, шүүх эмчийн шинжээчийн 505, 506 тоот дүгнэлтүүд болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.Ганбаатарыг иргэн А.Баяржаргалыг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан хорих ялыг оногдуулах,
    Шүүгдэгч А.Баяржаргалыг С.Ганбаатарын зүй бус үйлдлийн улмаас маргалдаж, түүний зүүн хөлийн өвдөгний дээр, зүүн бугалганы гадна дунд хэсэгт хутгалж бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан хорих ял тус тус оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

             Шүүгдэгч Ганбаатарыг  Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан ба  С.Ганбаатар нь шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй ялтай байдал арилсан нь  эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялгүй болсон байх  тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
        Хэдийгээр шүүгдэгч нараас авсан цусны шинжилгээнд  цусанд спиртийн агууламж илрээгүй гэх боловч шүүгдэгч нар  хэрэг үйлдэх үедээ согтуурсан байсан нь шүүгдэгч нарын өөрсдийнх болон, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул тэднийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
        Шүүхээс ял шийтгэл ногдуулахад шүүгдэгч С.Ганбаатар, А.Баяржаргал нарыг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас  гэмшсэн, А.Баяржаргал нь С.Ганбаатарын эмчилгээний зардлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

      Шүүгдэгч С.Ганбаатар, А.Баяржаргал  нар нь  хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа,   үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч А.Баяржаргал нь хохирогч С.Ганбаатарын эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, шүүгдэгч С.Ганбаатарын хувийн байдал, шүүгдэгч нарын бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

             Шүүгдэгч А.Баяржаргалын цагдан хоригдсон 7 хоног, шүүгдэгч С.Ганбаатарын цагдан хоригдсон 14  хоногийг тус тус  эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч А.Баяржаргал нь хохирогч С.Ганбаатарт эмчилгээний зардал 750.000 төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, тухайн хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн   ажлын хэсэг нь 7 см бариул нь  8 см урт нийт урт нь 15 см  хүрэн өнгийн модон бариултай эвхдэг тонгорог хутга 1 ширхэг,  ялтан С.Ганбаатарын өмсөж явсан хар өнгийн ар нуруундаа цагаан өнгийн дүрстэй майк 1 ширхэг, хар саарал өнгийн урдаа цахилгаантай чагтан товчтой пальто 1 ширхэг, хар цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн  энгэртээ цахилгаантай малгайтай цамц 1 ширхэг, хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгөтэй  жинсэн өмд 1 ширхэг, ялтан А.Баяржаргалын өмсөж явсан урдаа цахилгаантай  хоёр хажуу талдаа цахилгаантай, 2 ханцуйныхаа үзүүр хэсэгт ханцуйгаа дарсан даруулгатай хар саарал өнгөтэй куртик 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 
 
          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ренчин овогт Сүхбаатарын Ганбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цагаанууд овогт Амарсайханы Баяржаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

             2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч С.Ганбаатарыг 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч А.Баяржаргалыг 2 / хоёр /жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

             3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан С.Ганбаатарт оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг, ялтан А.Баяржаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан ялтан С.Ганбаатарын цагдан хоригдсон 14, ялтан А.Баяржаргалын цагдан хоригдсон 7  хоногийг  тус тус эдлэх ялд нь оруулах тооцсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялтан  С.Ганбаатарт оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01/нэг/ жилийн хугацаагаар, ялтан  А.Баяржаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 01 /нэг / жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

             6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан А.Баяржаргал, С.Ганбаатар нарт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

          7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  ажлын хэсэг нь 7 см бариул нь  8 см урт нийт урт нь 15 см  хүрэн өнгийн модон бариултай эвхдэг тонгорог хутга 1 ширхэг,  ялтан С.Ганбаатарын өмсөж явсан хар өнгийн ар нуруундаа цагаан өнгийн дүрстэй майк 1 ширхэг, хар саарал өнгийн урдаа цахилгаантай чагтан товчтой пальто 1 ширхэг, хар цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн  энгэртээ цахилгаантай малгайтай цамц 1 ширхэг, хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгөтэй  жинсэн өмд 1 ширхэг, ялтан А.Баяржаргалын өмсөж явсан урдаа цахилгаантай  хоёр хажуу талдаа цахилгаантай,2 ханцуйныхаа үзүүр хэсэгт ханцуйгаа дарсан даруулгатай хар саарал өнгөтэй куртик  1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

            8.Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, ялтан А.Баяржаргал нь С.Ганбаатарт эмчилгээний зардалд 750.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэн аль нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
             9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Баяржаргал, С.Ганбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

          10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 


                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Д.СУГАР