Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/шш2021/01080

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/01080

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон Чулуутын 11 дүгээр гудамжны 55 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2Б хэсэг, 150 тоотод оршин суух, регистр ОМ 60021411, Бурд овогт Шаврайн Пүрвээгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 4 дүгээр гудамжны 3293 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 59 дүгээр байрны 11 тоотод оршин суух, регистр ВИ 92060711, Боржигон овогт Батчулууны Пүрэвнямд холбогдох

10950200 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ш.Пүрвээ, гэрч М.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Пүрвээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Пүрэвням нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 7 000 000 төгрөг зээлдүүлэх гэрээнд гарын үсэг зурснаас хойш санаатайгаар төөрөгдүүлсэн учир 4 дэх удаагаа шүүхэд хандаж байна.Иймд зээлдэгч Б.Пүрэвнямаас зээлийн үндсэн төлбөр 7 000 000 төгрөг, 5 хувийн хүүд 350 000 төгрөг, 0.5 хувийн алданги 3 500 000 төгрөг, шүүхэд төлсөн 30 00 төгрөг, 70 200 төгрөг нийт 10 950 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Пүрвээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б.Пүрэвнямаас 7 000 000 төгрөг авахаар гэрээ хийсэн, мөнгийг 2 хувааж төлнө гэж гэрээнд заасан боловч төлөхгүй болохоор нь Баянзүрх дүүргийн шүүхэд 2020 оны 7 дугаар сард хандахад 2020 оны 7 дугаар сарын 20-нд нэхэмжлэлийг буцаасан, Б.Пүрэвнямын ах Пүрэвдоржтой нь холбогдож яриад Баянхонгорт байгаа гэдгийг мэдээд Баянхонгор аймгийн эвлэрүүлэн зуучлалд хандсан, дараа нь Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.Би Б.Пүрэвнямтай гэрээ хийсэн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 7 000 000 төгрөгийг өгөөгүй, авлагаа нэхээд өгөхгүй болохоор нь 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Б.Пүрэвнямтай нь манай хүргэн Б.Булгантай машинаа сольсон бөгөөд Б.Пүрэвнямын өгсөн машин нь ББСБ-д хураагдсан, Б.Пүрэвням нь Б.Булганаас авсан машинаа алга болгосон байгаа.Манай хүргэн охин хоёр банкнаас зээл авч машин авсан, тэр машиныг нь Б.Пүрэвням алга болгосон, би хүргэн Б.Булганы машины төлбөрийг нэхээд байгаа юм гэв.

 

Гэрч М.Баянмөнх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Ш.Пүрвээ нь манай худ байгаа юм.Миний хүү Булган нь Пүрвээгийн охин Сүнжидмаатай гэр бүлийн хүмүүс юм.Миний хүү Булган 2019 онд Төрийн банкнаас зээл авч машин авсан, тэр машиныг нь Б.Пүрэвням Баянхонгор аймаг яваад ирье гэж гуйж аваад 10 гаруй хоноод авчирч өгсөн, дараа нь Б.Пүрэвнямтай машинаа сольсон байтал тэр машиныг нь ББСБ хураагаад авсан байсан, түүнээс хойш Б.Пүрэвнямтай ярилцаад олж өгнө гэж байсан.Ш.Пүрвээ бид хоёр Б.Пүрэвнямтай уулзаж ярилцаад зээлийн гэрээ хийсэн, Ш.Пүрвээ Б.Пүрэвнямд мөнгө өгөөгүй, манай хүүгийн банкнаас зээлийн хугацаа 2023 онд дуусах байгаа гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Пүрвээ нь зээлийн үндсэн төлбөр 7 000 000 төгрөг, зээлийн хүү 350 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30 00 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн 70 200 төгрөг нийт 10 950 200 төгрөгийг хариуцагч Б.Пүрэвнямаас гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Пүрвээ нь Б.Пүрэвнямтай 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээнд Б.Пүрэвням нь 7 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн мөнгийг хүүгийн хамт 2 хувааж Ш.Пүрвээд төлөхөөр тохиролцсон байна./хх 4, 5/

Нэхэмжлэгч нь 7 000 000 төгрөгийг Б.Пүрэвнямд бодитоор зээлдүүлээгүй, Б.Булганы авто машины мөнгийг Б.Пүрэвнямаас авах зорилгоор зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байна.

Ш.Пүрвээ нь 7 000 000 төгрөгийг Б.Пүрэвнямд бодитоор зээлдүүлээгүй, миний хүү Б.Булганы авто машины мөнгийг Б.Пүрэвнямаас авах зорилгоор зээлийн гэрээг Б.Пүрэвнямтай байгуулсан гэж гэрч М.Баянмөнх мэдүүлж байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Пүрвээ нь хүргэн Б.Булганыхаа авто машины үнийг Б.Пүрэвнямаас авах зорилгоор дээрх зээлийн гэрээг Б.Пүрэвнямтай хийсэн, бодитоор Б.Пүрэвнямд 7 000 000 төгрөг зээлдүүлж, шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

Ш.Пүрвээ нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б.Пүрэвнямтай зээлийн гэрээ байгуулсан үедээ 7 000 000 төгрөгийг Б.Пүрэвнямд бодитоор хүлээлгэн өгөөгүй болох нь нотлогдож байхад тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар үүрэг үүсээгүй байна.

Иймд Ш.Пүрвээ нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг Б.Пүрэвнямаас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байхад энэхүү гэрээний улмаас үүссэн үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал буюу Баянхонгор аймгийн эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30 000 төгрөг болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргахад төлсөн 70 200 төгрөгийг Ш.Пүрвээ нь хариуцагчаас шаардах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Б.Пүрэвнямаас 10 950 200 /арван сая есөн зуун тавин мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай Ш.Пүрвээгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН