Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/00800

 

      2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/00800

              Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ............оршин суух Б овогт Г-ын М /РД:................/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн .................байрлах НШШГГ холбогдох

            эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Г.М миний өмчлөлийн  М”ХХК-ийн барьцаанд тавьсан Хан-Уул дүүргийн ............. тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038659 дугаартай, 51.61 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтээр “Мөнх-Оргил трейд”ХХК-ийн үнэлгээ хийж тогтоосон үнэ 93.218.600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/000дугаар шийдвэрийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 22-нд дуудлага худалдаагаар оруулах мэдэгдэл ирүүлсэн. Нэхэмжлэгч Г.М миний бие Хан-Уул дүүргийн .............. тоот хаягт байрлах 51.61 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн “М”ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээг эсэргүүцэж байна. Иймд эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч Ц.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/0000 дугаар тогтоолоор Г.М,”М ХХК нараас 66.745.847 төгрөгийг гаргуулж “Э  ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. “Э  ХХК нь нэрээ 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “В ХХК болгон нэрээ өөрчилсөн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.М-ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-000000дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ...............тоот хаягт байршилтай, 51.61 м.кю талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ....... тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдргийн ........... тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч “М ХХК болон Г.М нар өөрийн өмчлөлийн 54д байрны 16 тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 300.000.000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналыг өгсөн ба төлбөр авагч “В ХХК нь зах зээлийн үнийг шинжээч томилуулан гаргуулах хүсэлтийг тус тус ирүүлсэн. Иймд тус газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ......... тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “М ”ХХК-ийг томилж, зах зээлийн үнийг тогтоолгоход төлбөр төлөгч Г.М-ын өмчлөлийн 54д байрны 16 тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 93.218.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн .............. дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Г.М-т **** утсаар болон баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон  зах зээлийн үнэ болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 54Д байрны 16 тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэ 93.218.600 төгрөгийн 70 хувь болох 65.253.020 төгрөгөөр  доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр оруулах тухай мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-222/40**** дугаартай албан бичгээр Г.М-т .......... утсаар болон баталгаат шуудангаар хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн байна. Төлбөр төлөгч Г.М нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргахад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1560 дугаар шийдвэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч “Э”ХХК-ийн эрх залгамжлагчаар “В ХХК-ийг тогтоосон ямар нэгэн баримт авагдаагүй  үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан, түүнийг хэргийг хэрэгсэхгүй болгосон  хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй болж олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хуулийн дагуу байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “В ХХК-ийн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Г.М нь Хан-Уул дүүргийн .............тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгохоор шаардсан боловч чухам ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбарлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийг үнэлсэн “М ХХК-ийн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч болон гуравдагчийн этгээдийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-д холбогдуулан Хан-Уул дүүргийн .....................тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 93.218.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/......... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн .................. дугаар тогтоолоор “М ХХК болон Г.М нараас 66.256.614 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э ”ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ГХ2019/01101 дүгээр гүйцэтгэх хуудас, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2019........... дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч “М ХК болон Г.М нарт удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн .......... дүгээр тогтоолоор төлбөр төлөгч Г.М-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ............., 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ........ тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/546 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоохоор “М ”ХХК-ийг шинжээчээр томилжээ.

            “М”ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөрт хураагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ..............тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 93.218.600 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

            Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/54 дүгээр албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 93.218.600 төгрөгийн 70 хувь буюу 65.283.020 төгрөгөөр тогтоон 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт дуудлага худалдааг явуулахаар төлбөр төлөгчид 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ...........тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч Г.М-т 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг мэдэгдэж, танилцуулсан боловч төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш  7 хоногийн  дотор  шүүхэд гаргах шаардлагыг зөрчжээ.

            Нэхэмжлэгч Г.М нь төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн .............тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 93.218.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь “М ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн .................. тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, түүнтэй холбоотой баримтыг гаргаж үүргээ биелүүлээгүй болно.   

            Төлбөр авагч “Э ”ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэрээ ”В ХХК болгон өөрчилсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчаар оролцож байгааг буруутгах үндэслэлгүй бөгөөд  хуулийн этгээд  татан буугдаж, өөрчлөн байгуулагдаагүй, шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлээгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эрх залгамжлагчаар тогтоох шаардлагагүй юм.  

            Иймд төлбөр төлөгч Г.М, “М ХХК нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн  хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГГ холбогдох тоот хаягт байршилтай, 51.61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 96.218.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      

 

                                                                                                                                                  

                                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨ