Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/00688

 

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2021/00688 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Д хутагт жамсранжав гудамж, 00/0 дүгээр байр 00 тоотод оршин суух, Т овогт Ө.Т /РД:УИ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0 дүгээр байр, өргөтгөлд байрлах /нотариатчийн ажлын байр/,Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо зүүн тасган 0 гудамж 0а тоот оршин суух, Ж овогт И.Д /РД:ЧВ00000000/-д холбогдох

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, Голден вилл 000 байр 000 тоотод оршин суух, Б овогт Ө.Ө /РД:УИ00000000/-ыг оролцуулан,

Ө.Ө өвлөх эрх нээсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т хариуцагч И.Д бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жнар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ө.Т миний эцэг Б.Ө нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Нас барснаас хойш түүний хууль ёсны өв залгамжлагч тул өвийг авах гэтэл түүний хувь эзэмшдэг Мон элч ББН-ийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой маргаан бүхий нэхэмжлэлийг аав Б.Өэгч Б.ӨХан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гаргаж уг маргаанд миний бие гуравдагч этгээдээр татагдан оролцож ирсэн. Миний зүгээс 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Монголын нотариатчдын танхимд аав Б.Ө өмчлөлийн Мон элч ББН-ийн өвлөх эрхтэй холбоотой хууль ёсны өвлөгчдийн хооронд маргаантай байх тул өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байх тухай хүсэлтийг албан ёсоор гаргасан. Үүний дагуу нотариатчдын танхимаас нийт нотариатчдад анхааруулга явуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал гарч 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал болж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн билээ.Өвлөх эрхээ нээлгэхээр холбогдох баримтуудыг цуглуулан Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчид хандаж мэдээлэл, лавлагаа автал 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нотариатч И.Д иргэн Ө.Ө өвлөх эрх нээсэн байна.

Миний зүгээс ийм байдал бий болохоос урьдчилан сэргийлж Монголын нотариатчдын танхимд хуулийн дагуу нийт нотариатч нарт анхааруулга өгөхийг хүссэн, мөн иргэний шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэж дуусаагүй байхад нотариатч И.Д нь ямар мэдээлэл, лавлагаа, нотлох баримт зэргийг үндэслэж аавыг минь нас барснаас хойш 2 жилийн дараа иргэн Ө.Ө өв нээсэн нь ойлгомжгүй, өвлөх эрх нээсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч И.Д ы 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн иргэн Ө.Ө өвлөх эрх нээсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч И.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өв залгамжлагч Ө.Ө өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохын тулд тухайн өвлөгчийн хүсэлтийг үндэслэдэг бөгөөд Ө.Ө хүсэлтийн дагуу Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан өвлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалтыг өгч, үүний дагуу материалуудаа бүрдүүлж ирэх тухай зөвлөгөө өгсөн. Түүнчлэн тухайн өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохын тулд өөр өвлөгч байгаа эсэх байгаа бол өв хүлээн авахаас татгалзсан болон өвлөх эрхийн гэрчилгээ авсан эсэх талаар Монголын нотариатчдын танхимаас би цахим лавлагааг авах хүсэлтийг танхимдаа гаргасан. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ө.Өнь жагсаалт ёсоор бүрдүүлсэн материалаа бүрдүүлэн авчирсан. Мөн нотариатчдын танхимаас цахим лавлагаа авах хүсэлтийн хариу ирсэн. Эдгээр материалуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл бүрдсэн гэж үзсэн. Өв хүлээн авах гэрчилгээ гаргахад нэгдүгээрт хүсэлт гаргагчийн амаар болон бичгээр гаргасан хүсэлтийг бичүүлж авдаг. Мөн эцэг Б.Ө нас барсны гэрчилгээ 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нас барсан 2539 тоот гэрчилгээ, Б.Ө гэрлэлт бүртгэлгүй тухай Улсын бүртгэлийн лавлагаа, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны засаг даргаас нас барагч нь нас барахын өмнөх нэг жилийн хугацаанд хэн хэнтэйгээ амьдарч байсан тухай тодорхойлолтыг ганцаараа амьдарч байсан, өрхийн бүртгэлийн хуулбарын хамт мөн нас барагч Б.Ө өөрийн төрсөн эцэг болон эхийн нас барсны улсын бүртгэлийн лавлагааг албан ёсоор гаргуулан авч ирдэг. Түүнчлэн Ө.Ө нь өөрийгөө Б.Ө хүү гэдгийг нотлох төрөл садангийн лавлагааг өөрийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг авч ирсэн. Үүн дээр Мон элч бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулагчдын гэрээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нийтдээ 10 төрлийн бүрдүүлэх материалын жагсаалтыг бүрэн авч ирсэн байсан. Б.Ө нь 1972 онд төрсөн, Ө.Өнь 1997 онд төрсөн байсан ба өөр хүүхэд байгаа талаарх лавлагааг улсын бүртгэлийн лавлагаа гаргуулах гэтэл энэ талаар 1988 оноос хойш төрсөн хүмүүсийн талаарх лавлагаа гардаггүй учраас бидэнд өөр хүүхэд байгаа эсэхийг тодруулж мэдэх боломж байгаагүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн хууль ёсны өвлөгч мөн эсэх талаарх тодруулга хийхэдӨ.Өнь эцэг Б.Ө аар овоглосон, эцэг хүү мөн гэсэн улсын бүртгэлийн лавлагаа байсан учраас Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч мөн гэж үзсэний үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Ө.Т байсан эсэхийг миний хувьд мэдэх боломжгүй байсан. Нотариатчдын танхимаас бидэнд өдөр бүр итгэмжлэл хүчингүй болсон гэх мэт олон төрлийн анхааруулга ирдэг бөгөөд маргаан бүхий асуудлын талаар 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр анхааруулга ирсэн байсан бөгөөд энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь 2019 оны 3 дугаар сард буюу анхааруулга ирсний бүтэн жилийн дараах үйл явдал байсан тул энэ талаар мартах санах тохиолдол гарсан бөгөөд миний цахим лавлагаа дээр энэ талаарх анхааруулга мэдээлэл байхгүй байсан. Хамгийн гол нь Монголын нотариатчдын танхимаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ирсэн 630 тоот лавлагааны хариу нь Мон элч бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн ногдох хэсэг өвлөх эрхтэй холбогдуулаад хууль ёсны өв залгамжлагч болон өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан болон нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна гэсэн тул өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Хүсэлт гаргагчаас хэрвээ өөр өвлөгч гарч ирвэл би өөрийн биеэр хариуцна гэсэн баталгааг өргөдөлд нь бичүүлж авсан бөгөөд үүнийг ч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс дүгнэхэд миний өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Ө.Тийн хувьд дээрх нөхөрлөлийн гишүүнчлэлтэй холбогдох иргэний маргаанд гуравдагч этгээдээр оролцсон байсан шүүхийн шийдвэрээс үзэхэд Ө.Т нь өвтэй холбоотой ямар нэгэн маргаанд ямар нэгэн мэдээлэл нотолгоо байхгүй байсан. Монголын нотариатчдын танхимд хандахад хууль ёсны өвлөгчид өв хүлээн авах болон өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтүүдийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсгүүдэд заасны дагуу нотариатчид болон сум, багийн засаг даргад энэ тухай хүсэлтийг ирүүлэх ёстой байдаг. Хэрвээ Ө.Т үүний дагуу аливаа хүсэлтийг гаргасан байсан бол энэ тухай нотариатчдын цахим санд тухайн хүсэлт гаргасан өдөрт нь шивж оруулдаг байтал хүсэлт гаргаагүй байсан нь түүнийг мэдэх боломжгүй болох үндэслэл болсон. Иймд би тухайн үед өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хууль, Нотариатын хуулийн зохих зүйл, заалтыг удирдлага болгон өвлөгчийн Өв хүлээн авах хүсэлт болон өв хүлээн авахтай холбоотой бүрдүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн 20 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хууль зөрчсөн үйлдэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ө.Ө хэлэхдээ миний аав Б.Ө нь албан ёсны гэр бүлгүй байсан бөгөөд надаас өөр төрсөн хүүхэд байхгүй, өргөж авсан хүүхэд ч байгаагүй, аавын эцэг, эх нь хоёулаа нас барсан түүнчлэн нас барах хүртэл нь асрамжид нь байсан хүн байхгүй байсан гэж хэлж байсан. Мөн аавыгаа бие нь муу байхад нь үргэлж очиж уулзаж тусалдаг байсан бөгөөд хамт байхдаа надад ямар нэгэн ах дүү байдаг тухай ярьж байгаагүй учраас ааваасаа үлдсэн зүйлээс тодорхой хувийг авах эрхтэй гэсэн байр суурьтай байгаа тул нотариатчийн үйлдлийг манай талаас хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна. Тухайн үед Ө.Т хүүхэд нь байсан эсэх нь эргэлзээтэй учир нь аавыг нас барах үед намайг ээжтэйгээ оршуулгын үйл ажиллагаанд очиж байхад Ө.Т гэдэг хүн ер ирж байгаагүй. Хэрвээ Ө.Т хүүхэд нь байсан бол аавын төрөл садан энэ талаар ярих байсан. Гэтэл огт тийм зүйл болоогүй бөгөөд би өөрийн төрсөн хүүхэд нь мөн гэдгийг батлах бүхий л бичиг баримтуудыг нотариатад гаргаж өгсөн. Гэхдээ нэгэнт аавын төрсөн хүүхэд нь байгаа бол өвийг хуваах боломжтой, маргахгүй гэж хэлсэн ... гэв

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ө.Т нь хариуцагч И.Д-д холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ө.Ө өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Ө.Т ... миний эцэг Б.Ө нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Миний бие хууль ёсны өв залгамжлагч бөгөөд өвийг авах үед аавын хувь эзэмшдэг Мон элч нөхөрлөлийн үүсгэн байгуулагчидтай холбоотой маргаан үүссэн. Үүний улмаас миний бие 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Монголын нотариатчдын танхимд аав Б.Ө хувь эзэмшдэг Мон элч нөхөрлөлийн хөрөнгөтэй холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байх тухай хүсэлтийг нотариатчдын танхимд гаргасан. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Ингээд өвлөх эрхээ нээлгэхээр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчид хандаж мэдээлэл, лавлагаа автал 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нотариатч И.Д хууль ёсны өвлөгч байсаар байхад миний эцгийн Мон элч нөхөрлөлийн хөрөнгөөс ногдох хөрөнгийг иргэн Ө.Ө хууль зөрчиж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дээрх шаардлагаа дэмжиж байна... гэж тайлбарлажээ.

Хариуцагч И.Д ... 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөрӨ.Өнь жагсаалт ёсоор материалаа бүрдүүлэн авчирсан. Мөн Мон элч нөхөрлөлийн хөрөнгөнөөс өвлөх өөр өвлөгч байгаа эсэх, өв хүлээн авахаас татгалзсан эсэх, өвлөх эрхийн гэрчилгээ авсан эсэх талаарх лавлагааг Монголын нотариатчдын танхимаас миний бие авахад, цахим лавлагаанд ямар нэгэн анхааруулга мэдээлэл байгаагүй. Б.Ө нь 1972 онд төрсөн,Ө.Өнь 1997 онд төрсөн байсан ба өөр хүүхэд байгаа талаарх лавлагааг улсын бүртгэлийн лавлагаа гаргуулах гэтэл энэ талаар 1988 оноос хойш төрсөн хүмүүсийн талаарх лавлагаа гардаггүй учраас бидэнд өөр хүүхэд байгаа эсэхийг тодруулж мэдэх боломж байгаагүй. Хууль ёсны өвлөгч мөн эсэх талаарх тодруулахадӨ.Өнь эцэг Б.Өаар овоглосон, эцэг хүү мөн гэсэн улсын бүртгэлийн лавлагаа байсан учраас хууль ёсны өвлөгч мөн гэж үзсэний үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Ө.Т байсан эсэхийг миний хувьд мэдэх боломжгүй. Нотариатчдын танхимаас өдөр бүр олон төрлийн анхааруулга ирдэг бөгөөд маргаан бүхий асуудлын талаар 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр анхааруулга ирсэн байсан. Өвлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 3 дугаар сард олгосон, анхааруулга ирсэн бүтэн жилийн дараах үйл явдал байсан тул энэ талаар мартах санах тохиолдол гарсан. Мөн цахим лавлагаа дээр энэ талаарх анхааруулга мэдээлэл байхгүй байсан. Мон элч нөхөрлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг өвлөх эрхтэй холбогдуулаад хууль ёсны өв залгамжлагч болон бусад этгээдээс өв хүлээн авах хүсэлт, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх тухай танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй гэсэн тул өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Хүсэлт гаргагч Ө.Ө-аар хэрвээ өөр өвлөгч гарч ирвэл өөрийн биеэр хариуцна гэсэн баталгааг өргөдөлд нь бичүүлж авсан, үүнийг ч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... өөрийн эцэг Б.Ө-ыг өөр хүүхэдтэй гэдгийг мэдэхгүй, аавын талын хамаатан садан энэ талаар хэлж байгаагүй учир өөрийгөө ахтай гэдгээ мэдээгүй тул нотариатын хийсэн үйлдэл хууль зөрчөөгүй. Харин эцэгт маань надаас өөр хүүхэд байгаа бол хөрөнгийг хуваах боломжтой, маргахгүй ... гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Мон элч БГБХ нөхөрлөлийн үүсгэн байгуулагчаар Б.Өлзийсүрэн, Б.Ө, Б.Б нар болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /х.х-ийн 32 хуудас/

Өвлүүлэгч Б.Ө Мон элч БГБХ нөхөрлөлийн 34,4 хувийн буюу 33,334,986 төгрөгийн хөрөнгийг Ө.Ө өвлүүлэхээр, 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өвлөх эрхийн 20 дугаартай гэрчилгээг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч И.Д олгожээ.

Талийгаач Б овогт Б.Ө 1972 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эцэг С. Б, эх Б.Ч болох нь Б.Ө төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба түүний эцэг С.Б 2008 оны 10 дугаар сарын 21-ны өдөр, эх Б.Ч1984 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогджээ./х.х-ийн 58,59 хуудас /

Б.Ө нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нас барж, өв нээгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нас барагчийн төрсөн хүү 1993 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Ө.Т 1997 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн Ө.Ө буюу хууль ёсны өвлөгч нар нь түүний эд хөрөнгө болох Мон элч БГБХ нөхөрлөлийн 34,4 хувийн буюу 33,334,986 төгрөгийн хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх эрх нээгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн, 60, 67, 79, 85, 86 хуудас/

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгоно.

Нэхэмжлэгч Ө.Т Мон элч БГБХ нөхөрлөлийн өвлөх эрхтэй холбоотой хууль ёсны өвлөгчдийн хооронд маргаантай байх тул өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байх тухай нийт нотариатчдад хандсан анхааруулгыг Монголын нотариатчдын танхимаар дамжуулан нотариатч нарт мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хэргийн оролцогч нар үгүйсгэж маргаагүй, харин хариуцагч И.Д танхимаас өдөр бүр олон төрлийн анхааруулга ирдэг бөгөөд маргаан бүхий асуудлын талаар 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр анхааруулга ирсэн байсан. Өвлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 3 дугаар сард олгосон, анхааруулга ирсэн бүтэн жилийн дараах үйл явдал байсан тул энэ талаар мартах санах тохиолдол гарсан гэж тайбарладаг. Иймээс Мон элч БГБХ нөхөрлөлийн өвлөх эрхтэй холбоотой анхааруулгыг нийт нотариатч нарт мэдэгдэж байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Мон элч БГБХ нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүх хянан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 509 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 887 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 329 дугаар тогтоол гарч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 10-14 хуудас/

Дээрх нөхөрлөлийн үүсгэн байгуулагчийн бүртгэлд талийгаач Б.Өыг бүртгэсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох маргаан үүсэж, хэрэг шүүхэд хянагдсаны улмаас хууль ёсны өвлөгч Ө.Т Мон элч БГБХ нөхөрлөлийн хөрөнгөөс ногдох өвийг хүлээн авах хүсэлтээ өв нээгдсэн газрын нотариатад гаргах боломжгүй байсан болох нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл өвлөгч Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг хүсэлтийн хамт нотариатчид бүрдүүлж өгөхөөр хуульд заасан байна. Өвлүүлэгч Б.Ө-ыг Мон элч БГБХ нөхөрлөлийг үүсгэн байгуулагчийн бүртгэлийг бүртгэсэн нотариатийн үйлдлийг шүүх бүрэн хянаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй цаг хугацаанд Мон элч БГБХ нөхөрлөлийн хөрөнгөөс талийгаач Б.Ө-ад ногдох хөрөнгө нь тодорхойгүй, өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг үнэн, зөв бүрэн нотариатчид өвлөгч Ө.Т гаргах боломжгүй тул Монголын нотариатын танхимаар дамжуулан нийт нотариатч нарт хандаж хууль ёсны өвлөгч Ө.Т анхааруулга хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.2-д төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа болон бусад баримтыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч олгохоор хуульчилжээ.

Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг буюу талийгаачийн төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагааг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгохоор заасан байна.

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т нотариатын үйлдэл холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянах, 21 дүгээр зүйлийн 21.2.8-д гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжүүлэх үүрэгтэй байх бөгөөд нотариатч үйлдэл хийхдээ өөр хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг зохих төрийн байгууллагаас тодруулж, шаардлагатай тодорхойлолтыг гаргуулсны дараа нотариатын үйлдлийг хийх үүрэгтэй байна.

Өвлүүлэгч Б.Ө хүү Ө.Т буюу хууль ёсны өвлөгчийн талаарх нотлох баримтын бүрдүүлэлт бүрэн бүрдээгүй байхад өвлүүлэгч Б.Ө Мон элч БГБХ нөхөрлөлийн 34,4 хувийн буюу 33,334,986 төгрөгийн хөрөнгийг зөвхөн Ө.Ө өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хуульд нийцээгүй байх тул 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ө.Ө өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг тус тус баримтлан Ө.Ө /РД:УИ00000000/-д 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдийн 20 дугаартай өвлөх эрх гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Д-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ               Ц.ОЮУНБИЛЭГ