Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/00738

 

 

 

 

 

 2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/00738

                          Улаанбаатар хот

 

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Я-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Н.Э-д холбогдох

            21 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, хариуцагч Н.Э, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Я-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Э-тай САТ 374 экскаваторын эргэх хүрд худалдан авахаар 2018.02 сард тохиролцож, би төлбөрийг төлөх, Н.Э нь эргэх хүрдийг БНСУ-аас захиалж, нийлүүлсний дараа үлдэгдэл төлбөрийг борлуулалт хийх замаар төлж барагдуулахаар тохиролцсон. Би урьдчилгаа төлбөрийг 2018.02.27-ны өдөр Н.Эын 0000000 тоот дансанд 12 000 000 төгрөг, 2018.02.27-ны өдөр бэлнээр 3 000 000 төгрөг, 2018.5.31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018.6.21-ний өдөр 5 000 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл захиалсан барааг нийлүүлэхгүй байсаар 2 жил өнгөрсөн. Н.Э-д гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй, урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байсан тул 2020.9.15-ны өдрийн дотор төлж барагдуулах мэдэгдлийг 2020.8.15-ны өдөр хариуцагчид өгсөн. Иймд хариуцагч Н.Э-аас 21 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Н.Я нь манай арван жилийн ангийн хүүхэд бөгөөд тухайн үед САТ 374 экскаваторыг Монголын алт олборлолтын оператор компанид нийлүүлэх тендэрт шалгарч 1 ширхэгийг нийлүүлсэн байдаг. Гэтэл уг САТ 374 экскаваторын эргэх хүрд нь эвдэрсэн тул миний ажилладаг Солонгосын хөрөнгө оруулалттай компаниар дамжуулж захиалахаар болж урьдчилгаа төлбөрт 21 000 000 төгрөгийг төлсөн боловч 76 000 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн үнийг гүйцэд төлөөгүй. Ингээд тоног төхөөрөмж авах компани нь манайд захиалга хийсэн талаар байнга лавлаж байсан тул захиалга хийсэн төлбөрийг бага багаар хийж байгаа талаар хэлж байсан боловч Н.Я нь уг төлбөрийг нь авсан байсан байдаг. Би компанийн захирлаасаа гуйж уг тоног төхөөрөмжийг солонгос улсад авчруулсан бөгөөд одоо төлбөр мөнгийг нь төлөхгүй ийм асуудал үүсгэсэнд гомдолтой байна. Миний хувьд Н.Я-г асуудалд орохоос нь хамгаалж байсан бөгөөд өөрийн компанийн удирдлагуудтай асуудал үүсгэж, улмаар намайг дундаас нь мөнгө завшсан мэт ойлголт төрүүлсэн. Нийт 21 000 000 төгрөг өгснийг нь зөвшөөрч байгаа боловч энэ хугацаанд нөхөр маань нас барж, ар гэрт асуудал үүссэн, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон байсан гэв.

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.               

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Я хариуцагч Н.Э-д холбогдуулан тоног төхөөрөмж авахаар урьдчилгаанд шилжүүлсэн 21 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2008 оны 2 сард САТ 374 экскваторын эргэх хүрд худалдах худалдан авахаар аман хэлцэл хийгдэж, худалдагч тал эргэх хүрдийг БНСУ-аас захиалан худалдагч талд нийлүүлж, худалдагч тал төлбөрийг борлуулалт хийх замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Н.Я нь хариуцагч Н.Э-ын Хаан банкны 0000000 тоот дансанд 2018.02.27-ны өдөр 12 000 000 төгрөг, 2018.02.27-ны өдөр 3 000 000 төгрөгийг бэлнээр, 2018.05.31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018.6.21-ний өдөр 5 000 000 төгрөгийг тус тус шилжүүлжээ. /хх-ийн 6-8/

 

Харин хариуцагч Н.Э нь дээрх үйл баримтын тухайд маргаагүй боловч уг САТ 374 экскваторын эргэх хүрд нь 76 000 000 төгрөгийн үнэтэй бөгөөд уг мөнгийг бэлэн төлсөн тохиолдолд захиалж өгөхөөр тохиролцсон боловч Н.Я нь мөнгөө бүрэн төлөөгүй бүрэн төлөөгүй ба Монголын алд олборлолтын оператор компанид өгөх ёстой сэлбэг байсныг сүүлд мэдсэн, хэрвээ уг мөнгийг төлөх болвол Н.Я-д биш тус компанид төлнө. Манай компани уг сэлбэгийн мөнгийг бүрэн төлж, авсан бөгөөд энэ мэт үл ойлголцлоос болж миний хувьд компанидаа худлаа ярьсан болж асуудалд ороод байна гэж тайлбар гаргажээ.

 

Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... худалдах-худалдан авах гэрээний үүргээ хариуцагч Н.Э нь зөрчиж, сэлбэгийг нийлүүлээгүй бөгөөд нэмэлт хугацаа өгсөн боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан гаргуулна. гэж тайлбар гаргажээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна.

Уг гэрээгээр “...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,  түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ба талуудын хооронд дээрх гэрээнд заасан гол нөхцлийн талаарх тохиролцоо хийгдээгүй байна.  

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.” гэж,  мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “хэлцлийн гол нөхцлийн талаар амаар хэлэлцэн тохиролцсон бол хэлцэл хийсэн гэж үзнэ.” гэж заажээ.

 

Эдгээр байдлуудаас талууд тухайн сэлбэгийг ямар үнээр, хэдий хугацаанд нийлүүлэх, урьдчилгаа төлбөрт хэдийг төлөх, түүнчлэн үнийг ямар хэмжээнд төлснөөр сэлбэгийг захиалах, хүлээлгэн өгөх зэрэг нь тодорхойгүй, талууд энэ талаараа зөрүүтэй тайлбар гаргаж байгаа зэргээс талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй тул хэн алийг нь гэрээний үүрэг зөрчсөн гэх үндэслэлгүй. 

 

Иймд нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэх үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгч Н.Я нь 21 000 000 төгрөгийг буцаан шаардах үндэслэлтэй.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э-аас 21 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Я-д олгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Я-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-аас улсын тэмдэгтийн хураамжинд 262 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Я-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Б.МӨНХЖАРГАЛ