Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 852

 

 

З.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор А.Ганзориг,

            цагаатгагдсан этгээд З.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 427 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Ганзоригийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр З.Т-д холбогдох 1908 02209 0777 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн З-н Т, 19.. оны ... дугаар сарын ..-ний өдөр ........ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../,

Нийслэлийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хугацааны өмнө тэнсэж суллагдсан;

З.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х т”-ийн 48 дугаар байрны гадна талд байрлуулсан ... УББ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын автомашин дотор иргэн П.Э-г “найзтай маргалдлаа яв гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар иргэн П.Э-н хэвлий болон цээжин тус газар нь хутгаар хутгалж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулсан, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02209 0777 дугаартай хэргийг шүүгдэгч З.Т нь “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан нь нотлогдоогүй буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-д эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан 1908 02209 0777 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч П.Э нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан 1908 02209 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг прокурорт буцааж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц З.Т нь энэ хэргийн улмаас хохирогч П.Э-т урьдчилан төлсөн хохирлын мөнгөө буцаан нэхэмжлэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар өөрт учирсан хохирлоо төрөөс нөхөн төлүүлэх эрхтэй болохыг тусгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Ганзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив.

1. Улсын яллагчийн шүүх хуралдаанд гэрч А.А, А.О, хохирогч П.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон тэднийг оролцуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг үндэслэн яллах ажиллагаа явуулсан боловч гэрч А.А, хохирогч П.Э нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн, мөн эх сурвалжаа тодорхой зааж чадаагүй гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Э нь яллагдагч З.Т-н биед нь халдаж, хутгаар гэмтэл учруулсан талаар тодорхой мэдүүлж, таньж олуулах ажиллагаагаар яллагдагч З.Т-г шууд зааж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотлосон. Гэрч А.А нь хохирогч П.Э, гэрч А.Н нартай яллагдагч З.Т нь маргалдаж байх үед салгаж, орц руу нь оруулсан, улмаар хохирогч П.Э нь бусдад хутгалуулж, туслалцаа хүсэж орилох үед хохирогч П.Э-н байсан зүгээс яллагдагч З.Т нь зөрөөд гүйсэн талаар тодорхой мэдүүлдэг. Мөн өөрийн амьдардаг байрны 2 давхарт оршин суудаг залуу мөн болохыг шууд зааж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэрч А.А нь таньж олуулах ажиллагаагаар яллагдагч З.Т-г шууд зааж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолдог.

Гэрч А.О нь хохирогч П.Э-г бусдад хутгалуулахын өмнө яллагдагч З.Т-г гэмт хэрэг гарсан газрын ойролцоо буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т”-ийн 48 дугаар байрны ард байрлах хашаа руу шээж, хэл амаар доромжилж, маргалдсан талаар мэдүүлдэг, мөн таньж олуулах ажиллагаагаар яллагдагч З.Т-г шууд зааж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолдог.

Дээрх нотлох баримтууд нь яллагдагч З.Т-г гэмт хэрэг гарах цаг хугацаанд гэмт хэрэг гарсан газар байсан болохыг нотолсон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч П.Э, гэрч А.А нар нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн, ноцтой зөрүүтэй мэдүүлээгүй байхад шүүхээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн, мөн эх сурвалжаа тодорхой зааж чадаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Түүнчлэн гэрч Ц.Б нь яллагдагч З.Т өөр дээр нь ирж, “танай баарнаас гараад хүн хутгалчихсан байна, цагдаагийн байгууллагад очоод надад ашигтай мэдүүлэг өгчих” гэж ятгасан талаар мэдүүлсэн. Уг мэдүүлэг авах ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгч И.Чимэдбадам оролцсон болно.

Яллагдагч З.Т нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч П.Э-с уучлалт гуйж, хохирлын мөнгө гэж 3.000.000 төгрөг өгсөн нь бусдыг хутгалж, гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна.

2. Хаан банкны лавлагаагаар шүүгдэгч З.Т-н 5058231139 дугаартай данснаас 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 03 цаг 40 минутанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффис байршилтай бэлэн мөнгөний машинаас 60.000 төгрөгийн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж дахь “С-100” гэсэн POS машинаас 03 цаг 42 минутанд 127.000 төгрөг болон 03 цаг 43 минутанд 6.000 төгрөгийн зарлага тус тус гарсан болох нь хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдов.

Энэхүү техник технологийн үр дун бүхий нотлох баримт нь шүүгдэгч З.Т-н шүүх хуралдаанд өгсөн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хүүхдийн 100 дахь Хаан банкны урд хуучнаар “Солонго” рестораны баруун талд байрлах “Смайл” бааранд үйлчлүүлсэн бөгөөд цуг явсан “Танан Гарьд” багийнхан маань явсны дараа найз Ц болон хоёр эмэгтэйн хамт дөрвүүлээ сууж байгаад би тооцоогоо хийгээд тэндээс гараад Ц бид хоёр хамт явсан юм. Намайг явах гэж байх үед баарны зөөгч залуу надаас 60.000 төгрөг зээлчих гэж гуйж байсан бөгөөд миний картыг авч явж АТМ-ээс мөнгө авсан, дараа нь би 127.000 төгрөгийн тооцоо хийгээд, гарахдаа 6.000 төгрөгөөр нэг ундаа авчхаад баарнаас гарсан...” гэсэн мэдүүлгийг давхар баталж байна. Энэ үед шүүгдэгч З.Т нь Хаан банкны 5058231139 дугаартай данс бүхий өөрийн эзэмшлийн картаа 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “С” бааранд өөрөө ашиглаж явсныг нь түүнээс 60.000 төгрөг зээлж авсан баарны ажилтан Ц.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө баталжээ” гэж дүгнэж яллагдагч З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь, гэрч Ц.Б нь Хаан банкны АТМ-ээс 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн үед 60.000 төгрөгийг бэлнээр авсан, мөн яллагдагч З.Т-г 00:00 цагийн үед “Симпэл” баарнаас гарч явсан талаар мэдүүлсэн. Шүүхээс хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа болон мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэж, зөвхөн “Хаан” банкны дансны хуулгаар яллагдагч З.Т-г 03 цаг 40 минутын үед “Симпэл” бааранд үйлчлүүлж байсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, яллах талын үндэслэл болсон гэрч Ц.Б-ны мэдүүлэгт няцаалт хийсэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчил гаргасан байна.

Түүнчлэн, банкны систем доголдох, гацах, дансны хуулганд засвар оруулах, өөрчлөлт оруулах боломжтой байхад “Хаан” банкны лавлагааны цаг хугацааг хөдөлбөргүй, эргэлзээгүй гэж үзэн, яллагдагч З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь учир дутагдалтай юм.

Иймд Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 427 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд З.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан учраас намайг энэ хэрэгт буруутгаад байна. Манай байрныхан намайг өмнө нь шоронд орж байсан гээд ийм мэдүүлэг өгсөн байх. Гэрчээр мэдүүлэг өгсөн Алтанзул, Отгонжаргал гэх хүмүүс нь хоорондоо найзууд юм. ...” гэв.

 Цагаатгагдсан этгээд З.Т-н өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “Шүүхийн тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болно.

Прокуророос З.Т-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х т”-ийн 48 дугаар байрны гадна талд байрлуулсан  .... УББ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын автомашин дотор иргэн П.Э-г “найзтай маргалдлаа яв гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар иргэн П.Э-н хэвлий болон цээжин тус газар нь хутгаар хутгалж, биед нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсний чацархай, их сэмж гэмтээсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулсан, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... хохирогч П.Э-г Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Х т-н 48 дугаар байрны гадна бусдад хутгалуулж байх цаг мөчид Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжинд байрлах “Simple” нэртэй бааранд үйлчлүүлж байсан болох нь Хаан банкны пос машинаас зарлага гарснаар тогтоогдсон. ...” гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд, прокурорын ялласан дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлүүдийг заагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх хохирогч П.Э, цагаатгагдсан этгээд З.Т, гэрч А.А нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдийг хэрхэн үнэлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр зөвхөн “... З.Т-н Хаан банкны данснаас РОS машинаас мөнгө авсан ...” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ноцтой зөрүү үүсгэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлын хүрээнд Хаан банкны РОS машинаас мөнгө гарахдаа хэдэн цагийн үед хэрхэн хэвлэгдэн гарсан болох, баримт олгогддог эсэх, хэн уг машинаас бэлэн мөнгө авсан талаарх үйл баримтыг дахин нарийвчлан шалгаж тодорхойлох шаардлагатай байх тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх эргэлзээ бүхий байдлыг нэг мөр тогтоох нь гэмт хэрэгт холбогдогчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан тул “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” талаар бичсэн прокурор А.Ганзоригийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.