Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/шш2022/0463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б*******т

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргын газар чөлөөлөх захиргааны актад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч**********,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А**********, С.Ө*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л***********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Ж.Б*******тоос Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/363 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоолгож, захирамжийн 1 дэх заалтын холбогдох хэгсийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 1 тоот гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн үйл ажиллагаанаас учирсан хохирол 13,600,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.            Нэхэмжлэгч Ж.Б*******т нь 2013 оны 12 дугаар сарын16-ны өдөр Б.Батболдтой Худалдах, худалдан авах гэрээг байгуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 9 дүгээр байрны зүүн /164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах / талд хойноосоо 1 дэх гараашийг 13 600 000 төгрөгийн үнэ бүхий 18 м.кв гараашийг худалдан авсан. 

Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 04/11 дүгээр “Мэдэгдэх хуудас”-аар “Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 164 дүгээр цэцэрлэгийн ард ... тоотод оршин суугч та Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5 дахь заалт болон Хот байгуулалтын тухай хууль, дэд бүтцийн байгууламжид мөрдөж байгаа норм дүрмийн заалтыг зөрчиж мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй гэр, хашаа, хайс, байшин, гарааш, чингэлэг, түц, өргөтгөл байрлуулсан байгаа тул энэ тухай албан ёсоор анхааруулж 14 хоногийн дотор зөрчил арилгаж газар чөлөөлөхийг шаардаж байна” гэсэн шаардлагыг хүргүүлсэн.

Нэхэмжлэгч Ж.Б*******тоос 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргад хандан “...гарааш эзэмшигч иргэдийн өмчлөх эрхэд халдах тухай мэдэгдлийг хүргүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй...иймд Баянгол дүүргийн газрын албаны албаны шаардлага нь нэр бүхий гарааш эзэмшигч иргэдийн өмчлөлийн эрхэнд халдсан, өмчлөгчдийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус үйлдэл үйл ажиллагааг таслан зогсоож эрх хэмжээний хүрээнд гарааш эзэмшигч өмчлөгч иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж хууль бус үйлдэл ажиллагааг таслах зогсоож шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан.

Баянгол дүүргийн Засаг даргаас 2021 ооны 8 дугаар сарын 18-ны өдөр “Газар чөлөөлөх тухай” А/363 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.4, 59, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн машинууд нэвтрүүлэх, зам өргөтгөн, шинэчлэх зорилгоор 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах зөвшөөрөлгүй 7 ширхэг гарааш, 8 дугаар байрны хойд орцыг хааж барьсан 1 өргөтгөл 195 м2, 6 дугаар хороо Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн хойд талын хашаан доторх 4 гарааш, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 77 дугаар сургуулийн баруун хойно талд байрлах 2 гарааш, зүүн талд нь байрлах 8 гараашуудыг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсний дотор, нэхэмжлэгч Ж.Б*******тын гарааш хамрагдсан байна.

3.            Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад хандахад 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 07/3777 дугаар албан бичгээр “...тус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх татгалзсан хариу авсан тул анх 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандан “...Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/363 дугаар захирамж хууль бус болохыг тогтоолгож, захирамжийн 1 дэх заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/363 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоолгож, захирамжийн 1 дэх заалтын холбогдох хэгсийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 1 тоот гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн үйл ажиллагаанаас учирсан хохирол 13,600,000 төгрөг гаргуулах” гэж нэмэгдүүлсэн, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

4. Нэхэмжлэгч Ж.Б*******т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ Иргэн Ж.Б*******т миний бие 2013 онд тоосгон гарааш зарна гэх зарын дагуу Батбаярын Батболд гэх хүн холбогдож наймаа тохиролцож Баянгол дүүргийн газрын албанд хандсан.

Баянгол дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдтэй гараашийн тухайн үеийн эзэмшигчийг байцуулан худалдан авах гэрээний асуудлаар биечлэн уулзахад Баянгол дүүргийн газрын албанд гарааш худалдан борлуулагчийн өргөдөл, худалдан авагч талын шилжүүлэн авах тухай өргөдөл гаргах үүрэгтэй гэсний дагуу холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн болно.

Ж.Б*******т миний бие Батбаярын Батболдтой 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 1 тоот гараашийг 13.500.000 /арван гурван сая таван зуун мянган /төгрөгийн худалдан авч хууль ёсны өмчлөгч нь болсон.

2013 оны 12 сард өдөр Баянгол дүүргийн газрын албаны дарга С.Б*******, төлбөрийн байцаагч Д.Э********* нартай Газрын төлбөрийг тодорхойлох акт №4/9 б/3х-1 тоот үйлдэж жил бүр газар ашигласны төлбөрт 95040 төгрөг төлөхөөр тохиролцож, үүнээс хойш газрын төлбөрийг төлсөөр ирсэн.

Гэтэл Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04/11 дугаар мэдэгдэх хуудсаар "... тоотод оршин суугч та Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 57 зүйлийн 57.3, 57.4, 57.5 дахь заалт болон Хот байгуулалтын тухай хууль, дэд бүтцийн байгууламжид мөрдөж байгаа норм дүрмийн заалтыг зөрчиж мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй гэр, хашаа, хайс, байшин, гарааш, чингэлэг, түц, өргөтгөл байрлуулсан байгаа тул энэ тухай албан ёсоор анхааруулж 14 хоногийн дотор зөрчил арилгаж газар чөлөөлөхийг шаардаж байна" гэх шаардлага хүргүүлсэн байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Засаг даргад гомдол гаргаж байсан.

2/ Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С********** нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дугаар А/363 тоот захирамжаар "БГД-ийн 4 хорооны нутаг дэвсгэрт 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах зөвшөөрөлгүй 7 ширхэг гараашуудыг албадан буулгаж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсүгэй" гэсэн захирамж гарсан болохыг 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр миний гараашийг нурааж байгаа талаар мэдэж 99063103 гэх дугаартай газрын албаны мэргэжилтэнтэй холбогдож мэдэж, Нийслэлийн захирамжийг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан.

Засаг даргад хууль бус Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах гараашийн эзэмшигч иргэн би зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж бариагүй, бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшээгүй тул Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, дэд бүтцийн байгууламжид, мөрдөж байгаа норм дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Мөн Баянгол дүүргийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актын гаргахдаа гарааш эзэмшигч надад мэдэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг мэдүүлэг аваагүй байна нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулж, тайлбар мэдүүлэг аваагүй.

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны А/363 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт нь Ж.Б*******т миний 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 1 тоот гараашийн өмчлөлийн эрхэнд халдаж, албадан нураасан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Ж.Б*******т маргаан бүхий гараашийг хууль ёсны дагуу эзэмшсэн, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг бий болгосон. Тухайн үед захиргааны зүгээс уг гараашийг авах ажиллагааг татгалзсан санал гаргасан Ж.Б*******тод 13,600,000 төгрөгийн хохирол үүсэхгүй байсан. Баянгол дүүргийн Засаг дарга болон Газрын албанаас дэмжиж оролцсон учраас гарааш эзэмшсэн үйл ажиллагаа хууль бус биш. Харин газрын ашиглах төлбөр төлсөн тул эзэмших, ашиглах эрх хууль бусаар үүсээгүй гэж үзэж байна. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 1-т “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна” гэж заасны дагуу нөхөн төлбөр гаргуулах хүсэлттэй байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх олгогдоогүй, гэрээ, гэрчилгээ байхгүй гэж тайлбарлаж байна. Гэрээ байгуулах эрх нь Захиргааны байгууллага буюу Газрын албанд байдаг. Мөн нэхэмжлэгчид гэрчилгээ олгох асуудал Засаг даргын эрх хэмжээний асуудал. Энэ гарааш 2002 оноос хойш буюу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд баригдаагүй.

Төр иргэнээс татвар хураамж авсан. Татвар хураамжийн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаад явж байгаа тохиолдолд төрийн чиг үүргийн нэг чиглэлээс нөгөөдхөө үгүйсгэж байна. Гарааш баригдсан цаг хугацааг Газрын алба мэдэж байх ёстой.

2/ Нийтийн эрх ашгийн төлөө гэж яриад байна. Тухайн баригдсан цаг хугацаанд нөхцөл байдал боломжтой байсан учраас гарааш эзэмшүүлж, ашиглуулаад, орчин нөхцөлийг нь төр захиргааны байгууллага бүлдүүлээд татвар хураамж авсан. Гэтэл одоо нийтийн эрх ашиг хөндөгдөөд зам харилцаа явах бололцоо хязгаарлагдаж эхлэхээр гэнэт, мэдээгүй юм шиг, огт байгаагүй зүйл биш гэдгийг дурдаж байна.

Ж.Б*******т газар болон гараашийг авч үлдэх хүсэл сонирхолгүй. Харин хуульд заасны дагуу үүргээ биелүүлсэн. Үүний төлөө хөндөгдсөн эрх ашгаа хамгаалуулах байр суурьтай байна. Гараашийг анх худалдаж авсан мөнгөн дүнгээрээ нэхэмжлэл гаргасан. 

3/ Мөн доторх эд зүйлүүдийг авах шаардлагатай байгаа. Энэ хүн хуульч, өмгөөлөгч учраас үйлчлүүлэгчийн мэдээлэл, хувийн бичиг баримтуудыг болох 3 хайрцагтай цаас хадгалж байсан талаараа хэлдэг. Тэр дотор үнэлж баршгүй их мэдээлэл байгаа учраас даруй очиж авах гэсэн юм. Ж.Б*******т хувь хүний хувьд хууль зөрчих үйл ажиллагаа явуулах хүн биш, хууль дээдлэх үндсэн суурь зарчимтай. Захиргааны байгууллагад оролцуулж өгөөч гэж утсаар н.Э******** гэх алба хаагч руу мэдэгдсэн. Тухайн үед Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан давхардсан байсан. Миний хувьд Ж.Б*******ттой хамт шүүх хуралдаанд оролцож байсан учраас уг асуудлыг тодорхой асуусан юм. Захиргааны байгууллага хэт хүч түрсэн байр сууринаас хандсан учир хөндөгдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө********* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Ж.Б*******тод гараашийг буулгаж газар чөлөөлөх тухай мэдэгдлийг 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 14 хоногийн хугацаатай, 05 дугаар сарын 28-ны өдөр 14 хоногийн хугацаатай тус тус өгсөн.

Ж.Б*******т нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн Засаг даргад хаяглан мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар саналаа ирүүлсэн, тухайн тайлбарын хариуд дүүргийн Засаг даргаас 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 9/1439 дүгээр албан бичгээр тухайн байршилд авто замын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн талаар мэдэгдэл хүргүүлсэн болно.

Нэхэмжлэгч захиргааны байгууллагаас хүргүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар ирүүлсэн боловч дүүргийн Засаг дарга маргаан бүхий актаар газар албадан чөлөөлөх тухай шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т "Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ" гэж заасанд нийцүүлэн гаргасан шийдвэр болно.

Иймд "шийдвэр гаргах талаар мэдэгдээгүй, тайлбар санал аваагүй" гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

2/. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө тухайн гараашийг хэн барьсан бэ гэсэн талаар биш, харин газар эзэмшихтэй холбоотой эрх хууль, ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар маргаан байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж зааснаар бусдаас гарааш шилжүүлэн авсан хэлцэл, гэрээ, гараашийн доорх газар ашигласны төлөө газрын төлбөр төлүүлэх тухай "Газрын төлбөр тогтоох тухай акт" гэсэн баримт бичиг нь хэн нэгэн этгээдэд газар эзэмших эрх үүсгэхгүй юм.

Иймд "зөвшөөрөлгүйгээр барилга байшин бариагүй, бусдаас шилжүүлэн авсан тул хууль тогтоомж зөрчөөгүй” гэсэн тайлбар нь Газрын тухай болон Хот байгуулалтын тухай хууль, тогтоомжид нийцэхгүй, үндэслэлгүй тайлбар байна. Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэг 26 27 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 64 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 7 ширхэг тоосгон гараашийн 1 тоот гараашийн  эрхийн гэрчилгээг иргэн Ж.Б*******т эзэмшдэггүй тул Баянгол дүүргийн Засаг даргын зүгээс газар чөлөөлөх тухай сонсох ажиллагааг ажиллагааны мэдэгдлийг 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өгсний дагуу газар чөлөөлөөгүй тул 2021 он 8 дугаар сарын 18-ны өдрийн А/352 дугаар захирамжаар газрыг албадан чөлөөлсөн. Монгол Улсын үндсэн хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан захиргааны акт юм.

2/ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор батлагдсан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тухай журмын 1.1-т заасны дагуу газар өмчлөгч, эзэмшигч этгээдийн тухайд нөхөн олговор олгох талаар яригдана гэж заасан. Ж.Б*******тын хувьд хууль ёсны эзэмшигч, өмчлөгч биш учраас 13,600,000 төгрөгийн нөхөн олговор олгох боломжгүй. Засаг даргын шийдвэр, үйл ажиллагаа хуульд заасан хууль ёсны шийдвэр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Ж.Б*******т тус шүүхэд хандаж “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/363 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоолгож, захирамжийн 1 дэх заалтын холбогдох хэгсийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 1 тоот гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн үйл ажиллагаанаас учирсан хохирол 13,600,000 төгрөг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Б.Батболдоос 13 500 000 төгрөгөөр худалдан авсан гарааш, жил бүр газар ашигласны төлбөрт 95040 төгрөг төлсөөр ирсэн байхад нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж тайлбарласныг хариуцагч “...Газрын тухай хуулийн 27.1-д зааснаар газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд эрхийн гэрчилгээгүй тохиолдолд бусдаас гараашийг худалдаж авсан эсэх, төлбөр төлсөн эсэх нь газар эзэмших эрхийг үүсгэхгүй, захирамж хууль зүйн үндэслэлтэй...” гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл,

-2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”-гээр иргэн Б.Батболд нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны зүүн талд хойноосоо 1 дэх хаягт байрлах гарааж 18 м2-ыг иргэн Ж.Б*******тод 13 600 000 төгрөгөөр худалдах, төлбөрийг мөн өдөр төлж дуусгахаар, газрын төлбөрийг тодорхойлох акт болон энэхүү гэрээний дагуу №4/9 б/зх-1 тоот  гарааш нь худалдан авагч Ж.Б*******тын нэр дээр шилжихээр тус тус тохиролцон, улмаар уг гараашийн үнэ 13 600 000 төгрөгийг Б.Батболдод хүлээлгэн өгсөн баримт үйлдэж талууд гарын үсгээ зурсан,

-Иргэн Ж.Б*******т, Б.Батболд нараас Баянгол дүүргийн газрын албанд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр огноолон “Гарааж шилжүүлэн авах тухай” хүсэлт гаргасан, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/9 б/з х-1 тоот “газрын төлбөрийг тодорхойлох тухай акт”-аар дээрх хаягт гарааш зориулалтаар газрын үнэлгээний 1-р бүсэд 18 м2 газар ашиглаж байгаа тул төлбөрт жилд 95040 төгрөг төлөхөөр тогтоосон, нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлбөрөө төлсөн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

Түүнчлэн  маргаан бүхий захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/363 дугаар “Газар чөлөөлөх тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.4, 59, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн машинууд нэвтрүүлэх, зам өргөтгөн, шинэчлэх зорилгоор 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах зөвшөөрөлгүй 7 ширхэг гарааш, 8 дугаар байрны хойд орцыг хааж барьсан 1 өргөтгөл 195 м2, 6 дугаар хороо Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн хойд талын хашаан доторх 4 гарааш, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 77 дугаар сургуулийн баруун хойно талд байрлах 2 гарааш, зүүн талд нь байрлах 8 гараашуудыг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, Албадан буулгах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс болон 4, 6, 8 дугаар хорооны Засаг дарга нарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Уг захирамжийг гаргахаас өмнө буюу 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04/11 дүгээр, мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 04/26 дугаар мэдэгдэх хуудсаар тус тус “Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 164 дүгээр цэцэрлэгийн ард ... иргэн та Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5 дахь заалт болон Хот байгуулалтын тухай хууль, дэд бүтцийн байгууламжид мөрдөж байгаа норм дүрмийн заалтыг зөрчиж мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй гэр, хашаа, хайс, байшин, гарааш, чингэлэг, түц, өргөтгөл байрлуулсан байгаа тул энэ тухай албан ёсоор анхааруулж 14 хоногийн дотор зөрчил арилгаж зөрчил арилгаж газар чөлөөлөхийг мэдэгдэж, заасан хугацаанд газар чөлөөлөхгүй, зөрчлийг үл тоох буюу давтан үйлдвэл Монгол Улсын Газрын тухай хуулийн 57.4 дэх заалт /Мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна/, Зөрчлийн тухай хууль, болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах болохыг...” мэдэгдсэн, уг мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн эзэмшлийн гараашийн хаалган дээр наасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан фото зургаар тогтоогдсон болно.

Тус захирамжийн үндэслэл болгосон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй.”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.”, 59 дүгээр зүйлд “Газрын харилцааны талаарх цагдаагийн байгууллагын үүрэг”-ийг тус тус заасан.

Хуулийн, дээрх заалтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэнээс гадна тухайн актаар нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эерэг нөлөө үзүүлэхүйц асуудлыг шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт гэж шүүх дүгнэв. Тухайлбал:

Маргаан бүхий захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/363 дугаар “Газар чөлөөлөх тухай” захирамжийн дагуу мөн оны 8 дугаар сарын 28-ны өдөр 9 болон 10 дугаар байрны урд талын гараашуудыг албадан буулгаж, энэ үйл ажиллагааны талаар тэмдэглэл үйлдсэн байх ба гараашийг “Түмэн алт” ХХК буулгах үед 1 дүгээр гараашт “тоолуур 1 ширхэг, дугуй 9 /4 ширхэг обудтай, 5 ширхэг обудгүй/, цэнхэр хайрцаг 1 ширхэг, шар канестер 1 ширхэг, машины обуд 4 ширхэг, панер 1 ширхэг, жижиг хайрцагтай 2 ширхэг, машины амаржин 1 ширхэг эд зүйлс байсан болох нь тухайн өдрийн тэмдэглэл болон шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо хариуцсан газар зохион байгуулагч Э.Эрдэнэбаярын “...гараашийг урд талаасаа эхэлж буулгасан, тухайн үед доторхи эд зүйлсийг нь протоколдож аваад, журмын хашаа руу ачуулаад явуулсан” гэх, гэрч Баянгол дүүргийн хэсгийн ахлагч Б.О********ийн “...тэр өдөр гарааш буулгахад...бүгдээрээ байж байгаад бичиж тэмдэглэж, харж байсан, гарааш дотор байх ёстой юмыг нэг бүрчлэн бичсэн, Ж.Б*******тын гараашид олон дугуйнууд байсныг би сайн мэдээд байна. Тэр дугуйнуудыг бүгдийг нь тоолоод бичсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдсон, нэхэмжлэгч нь эд зүйлсээ өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй байгаа болох нь тогтоогдсон.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан, Зам тээврийн яамны Зам тээврийн хөгжлийн төвөөр магадлал хийгдсэн, Геодези, авто зам зураг төсөл, зөвлөх үйлчилгээний “Г** ***** **********” ХХК-ийн боловсруулсан ГУК-21/21 шифр бүхий “Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2, 5, 6, 8, 10, 12, 13, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах автозамын шинэчлэлтийн ажлын зураг”-аас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гараашийг буулгаж тус газрыг албадан чөлөөлсний дараа тухайн чөлөөлөгдсөн байршилд авто зам барихаар төлөвлөлт хийгдэж улмаар баригдсан байгаа болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Үүнээс үзвэл хариуцагч нь нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, дүүргийн оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс нэхэмжлэгчийн эзэмшлийн гараашийг буулгаж, газрыг чөлөөлөн тухайн чөлөөлсөн газарт нийтийн зориулалттай авто зам барьж байгуулсан нь хууль зөрчөөгүй, улмаар нийтийн ашигт сонирхолд нийцсэн байх ба уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” хэлэх ба тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь “Газрын төлбөр тодорхойлох акт”-ыг үндэслэн газар ашигласны төлбөрийг төлж байсан хэдий ч тухайн баримт бичиг нь нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэйг гэрчилсэн баримт бичиг болохгүй, нөгөө талаар нэхэмжлэгч Ж.Б*******тын төлсөн төлбөр нь гараашийг эзэмшиж байх хугацааны газар ашигласны төлбөрт хамаарна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь уг газрыг гараашийн зориулалтаар ашиглаж байсны хувьд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж зааснаар тухайн газрыг ашиглаж буй этгээд болохын хувьд газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй, энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээг орлохгүй юм..

            Хариуцагч захиргааны байгууллага “мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулаагүй шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн” гэх тухайд:

            Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан, энэ тохиолдолд гараашийн хаалган дээр мэдэгдэл нааснаар гарааш эзэмшигч иргэд уг асуудлыг мэдэж 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргад гомдлын өргөдөл гаргасан, үүний хариуд засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 9/1439 дүгээр албан бичгээр “...таны ашиглаж буй газар нь нийтийн эдэлбэрийн газар тул уг байршилд Зам тээврийн хөгжлийн сайдын багцын санхүүжилтээр 0,157 км авто замын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж мэдэгдсэн нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзнэ.

            Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгч Ж.Б*******тоос гаргасан, “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/363 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоолгож, захирамжийн 1 дэх заалтын холбогдох хэгсийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 1 тоот гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн үйл ажиллагаанаас учирсан хохирол 13,600,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б*******тоос гаргасан, “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/363 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоолгож, захирамжийн 1 дэх заалтын холбогдох хэгсийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 1 тоот гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн үйл ажиллагаанаас учирсан хохирол 13,600,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН