Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00080

 

Х-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар             

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00723 дугаар шийдвэр, 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00021 дүгээр магадлалтай,

Х-ны нэхэмжлэлтэй,

Ү.Н-д холбогдох

3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Б, нарийн бичгийн дарга  Х.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Ү.Н-д холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00723 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар хариуцагч Ү.Н-гээс 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Х-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00021 дүгээр  магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00723 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Ү.Н-д холбогдох, Х-ны нэхэмжлэлтэй, 3,750,000.00 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж 129/ШШ2022/00723 дугаар шийдвэр гаргасан байдаг.

Миний бие Н.Б би Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцохдоо эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэж заасныг харгалзан үзэхгүй, Иргэний хулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 заасныг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн талд хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзсэн боловч нэхэмжлэгчийн талд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82,4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн, 317 дугаар зүйлийн 317.1-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаархи энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэх хуулийн заалт, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6.1 дүгээр заалт, дэлхий нийтийг хамарсан цар тахалын үе зэрэг олон хүчин зүйлийг харгалзан авч үзэхгүй зөвхөн хариуцагчид илтэд давуу байдал үүсгэн шийдвэрлэсэн нь иргэн, хуулийн этгээд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчимыг алдагдуулсан гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн хүрээнд гомдол гаргаж байх бөгөөд Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00021 дугаар шүүхийн магадлал, шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.            

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 001/ШХТ/2023/00390 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

ХЯНАВАЛ: 

6. Нэхэмжлэгч “Х-” нь хариуцагч Ү.Н-д холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... тухайн тракторын үнэ төлөгдсөн гэж бодож явсан, ... хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн,  энэ мөнгийг төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа  өнгөрсөн үндэслэлээр хариуцагч Ү.Н-д холбогдуулан гаргасан “Х”-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн гомдлыг хангахгүй орхисон.

8. Хуучнаар Тариаланг эрхлэлтийг дэмжих сангаас Ү.Н- нь 5,000,000 төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхгийг урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл 50% болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож,  2012.07.05-ны өдрийн 030 дугаартай гэрээ байгуулан авсан боловч  зээлийн үлдэгдлээ төлөөгүй, 2022.08.25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр, алданги, нийт 3,750,000 төгрөгийг гаргуулна гэсэн агуулгаар нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан.  

9. Хариуцагч нь “... сан нь тухайн үед хөнгөлөлттэй нөхцөлөөр бага оврын тракторыг худалдан борлуулсан ба үлдэгдэл мөнгийг төрөөс хариуцна гэж тайлбарлаж байсан. Гэтэл одоо 10 жилийн дараа надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн тракторын үнэ төлөгдсөн гэж бодож явсан. ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч оролцоно” гэжээ.  

Түүний өмгөөлөгч “...сан болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг 2017.12.31-ний өдрөөр дуусгавар болох байснаас хойш нэхэмжлэгч талд шаардах эрх нь нээгдсэн боловч 5 жилийн дараа нэхэмжилж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлж, шаардах эрхээ алдсан учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай” гэсэн тайлбар гаргасан.  

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 030 дугаартай бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дансанд Ү.Н-гээс тракторын төлбөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

11. 2012.07.05-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Ү.Н- нарын хооронд байгуулагдсан 030 дугаартай “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ” нь 5 жилийн хугацаатай, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, эд хөрөнгийг хүлээн авахдаа 2,500,000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013-2017 онд жил бүр 500,000 төгрөг төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж, түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар тохиролцжээ. 

12. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч Ү.Н- нь эд хөрөнгийг хүлээн авахдаа 5,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2012.09.21-ний өдөр санд төлж, тракторыг хүлээн авсан, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь баримтаар тогтоогдсон, хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй буюу нэхэмжлэгч нь 2022.10.03-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

13. Хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

14. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээ нь “...худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн..”  гэж нэрлэгдсэн байх хэдий ч гэрээний төрлийн талаар талууд хангалттай мэтгэлцээгүй, өөрөөр хэлбэл, энэ нь худалдах-худалдан авах гэрээ, эсхүл санхүүгийн түрээсийн, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар зээлийн гэрээний аль нь болохыг хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэх боломжгүй байна. 

15. Хариуцагчийн эзэмшилд нэгэнтээ шилжиж, ашиглагдаж буй бага оврын тракторын үнийг шаардсан маргааныг шүүх шийдвэрлэхийн тулд  Иргэний хуульд заасан гэрээний аль төрөлд хамаарахыг зөв тодорхойлсноор талуудын эрх, үүрэг болон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийнэ.

16. Хэрэгт авагдсан ХХААХҮ-ийн сайдын тушаалаас үзэхэд хариуцагчаас нэхэмжилж буй “...трактор” нь тусгай төсөл, хөтөлбөрт заагдсан  хөрөнгө  мөн  эсэх нь  тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл ойлгомжгүй байна.

17. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2022/00723 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 211/МА2023/00021 дүгээр  магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч Х- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА 

                                                                           Д.ЦОЛМОН                                                            

                                                                           Х.ЭРДЭНЭСУВД