Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/396

 

     2024         4           15                                       2024/ШЦТ/396

 

                                   

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Шүүгдэгч Т.Инарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Иод холбогдох эрүүгийн 2409007320169 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 01 дүгээр сарын 04-ний өдөр С..... аймгийн Б.... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, VIP тавилгын үйлдвэрт мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .............................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.И, ......................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Инь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Т.И нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зөгийн үүр худалдааны төвийн баруун талын авто зогсоол дээр 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 22:21 цагийн орчим "Тоёота приус” маркийн ..-... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож зогсоолд байсан "Toyota Corolla Rumion" маркийн ...-..... УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэх заалтыг зөрчсөн үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харъяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтаны санал /хх-ийн 21/,

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Х-ийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтаны хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5, 19/,

Хохирогч Ч.Б-ын өгсөн: "...Би 2024 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед гэрийнхээ гадаа байрны зогсоолд "T.Rumion" маркийн ...-.... УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг байруулж тавьсан. 22 цагийн үед хүүгийн гар утас руу танай машиныг машин мөргөчихөөд явах гээд байна гэж утсаар хэлж манай хүү гарсан. Би гараад очиход машин дотор согтуу залуу сууж байхаар нь бичиг баримт машины түлхүүрээ өгчих гэхэд өгөхгүй гэсэн. Тэгтэл замын цагдаа ирж ослын газарт үзлэг хэмжилт хийж согтуу жолоочийг машиндаа суулгаад аваад явсан. Хойд гупер цуурч хагарсан Үнэлгээ хийлгэхэд 295 000 төгрөг болсон." гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Т.И-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хасагдсан талаарх жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 12/,

К Э ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: "Toyota Corolla Rumion" маркийн ..-.... УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардалд 265.000 төгрөг, нийт 295 000 төгрөгийн хохирол учирсан" гэх тайлан /хх-ийн 18/,

Яллагдагч Т.И-ын өгсөн: “...Тухайн өдөр 2024 оны 02 дугаар сарын 28-ны ажил дээрээ 100-н айлын Зөгийн үүрэн дээр ажлын найз Д-ийн хамт Жи эс капитал банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Toyota prius маркийн ...-....УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 1 шил 0,5 гр савалгаатай Хараа гэх нэртэй архи уугаад манай найз Д гэрлүүгээ харихаар явсан явсан би унаж явсан машинаа урагш нь харуулж байрлуулхаар хөдөлгөсөн. Тэгээд ухарч байгаад цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан тэрнийг мөргөөд арын гуперыг нь хагалсан. Тэгээд тэр мөргүүлсэн машины жолооч цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирээд миний машиныг ачаад намайг эрүүлжүүлэхэд хийсэн. ...2024 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Замын цагдаа дээр согтууруулах ундааны хэрэглэсэн гэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын цагдаад баригдаж нэг жилээр жолоодох эрхээ хасуулсан. Драйвгер багаж үлээлгэн шалгасан 1,82%-ийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Яллагдагч Т.Иын Тээврийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх гараар бичсэн хүсэлт  /хх-ийн 61/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Т.Инь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт сайн дураараа гаргасан, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Т.Иын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байна.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

 Хохирогч Ч.Бнь баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн хохирол 295 000 төгрөгийг хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 20-р хуудсанд авагдсан Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хохирогчийн гараар бичсэн хүсэлтээр тогтоогдож байх тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 2409007320169 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Иод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Иыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Иод оногдуулсан 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Инь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Иод оногдуулсан нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Инь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Иод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ