| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-02-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
2024 02 16 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
Шүүгдэгч У.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Нд холбогдох эрүүгийн 2319004220018 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ....
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч У.Н нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн гадаа талбайд Ю.Гийн орхиж явсан, гээгдүүлсэн Самсунг А14 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 660,000 төгрөгийн хохирол учруулж “Гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтуудаар У.Н нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн гадаа талбайд Ю.Гийн орхиж явсан, гээгдүүлсэн Самсунг А14 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 660,000 төгрөгийн хохирол учруулж “Гээгдэл эд хөрөнгийг завшсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ю.Гийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед 1 дүгээр сургуулийн гадна талбай дээр сандал дээр самсунг А14 маркийн гар утсаа мартаж явсан. Эргэн очиж үзэхэд байхгүй алга болсон байсан. Уг гар утсыг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мобикомын салбараас 699,000 төгрөгөөр худалдаж авсан...” “...Утсыг минь олж авсан хүн болох У.Н нь надтай утсаар холбогдсон тэгээд 660,000 төгрөг болох утасны үнэлгээнд тогтоогдсон хохирлыг минь 7 хоногийн дотор төлж барагдуулна гэж хэлсэн. Хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөөрэй гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хх 08-09, 40-рт/,
Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №ТХҮ-923/8276 дугаартай “...Самсунг А14 загварын гар утасны хохирлын үнэлгээ 660,000 төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 10-12-рт/,
Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр манай нөхөр миний ....... дугаарын сим картыг аваад ногоон өнгийн Самсунг маркийн гар утсанд хийсэн. Би тухайн гар утсыг хэний утас юм гэж асуухад манай нөхөр олсон гэж надад хэлсэн. Тэгээд өөрийнхөө сим картыг хийгээд ашиглаж байгаад 2023 оны 12 сард гээчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх 26-27-рт/,
Шүүгдэгч У.Нн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 19-нд юм уу эсвэл 20-ны өдөр Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр сургуулийн урд явж байгаад Самсунг маркийн гар утас олсон. Тухайн гар утсаа гэртээ авч очоод эхнэр болох Б.С-ийн ...... дугаарын сим картыг хийж үзээд дараа нь өөрийн ....... дугаарын сим картаа хийж ашигласан...”, “...би хохирогчийн хохирлыг төлж барагдуулна. Би өмнө гэмт хэрэгт холбогдож үзээгүй болохоор иймэрхүү гэмт хэргийн талаар ойлголтгүй байсан юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 22-23, 37-рт/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42-рт/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч У.Н нь Самсунг А14 маркийн гар утас буюу эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж өөртөө авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч У.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Гийн эд хөрөнгөнд 660.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч У.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч У.Нд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт У.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР