Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00764

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2021/00764 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 00 дүгээр байр, 00 давхар 0000 тоотод байрлах, А.Ч.Б УТҮГ  /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Э.Ч.Б ХХК /РД:0000000/-д холбогдох,

Газрын төлбөрт 1,933,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н Ө.С нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2017 оны 4 дүгээр сард Э.Ч.Б ХХК-ийн гаргасан газар эзэмшихийг хүссэн өргөдлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/00 дугаартай Эрх шилжүүлэх тухай, Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/00 дугаартай захирамжаар 2 га, газрыг агуулахын зориулалтаар эзэмшүүлэхээр захирамж гарсан. Захирамжийг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 00/00 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ, мөн өдрийн 00/00 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулсан. Э.Ч.Б ХХК нь газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д Газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, мөн гэрээний 4.2.4-т Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, гэх гэрээний үүргийг биелүүлээгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/00 дугаартай захирамжаар Газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх 4.2.4-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх зэрэг үүргээ биелүүлээгүй тул хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан.

А.Б.Ч нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Э.Ч.Б ХХК-нь 2020 оны эзэмшиж байсан хугацааны төлбөрөө хуваарийн дагуу дагуу төлөөгүй тул газрын төлбөр 1,933,150 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Э.Ч.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд, хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ...

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ч.Б нь хариуцагч Э.Ч.Б ХХК-д холбогдуулан газар эзэмшсэний төлбөрт 1,933,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэргийн баримтаас үзэхэд А.Б.Ч захирагчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/32 дугаар захирамжийн дагуу Э.Ч.Б ХХК-нд 20.000 м2 талбайтай газрыг эзэмшүүлэхээр баталгаажуулж, захирамжийн дагуу талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А.Б.Ч-д газар эзэмшүүлэх №00/00 дугаар гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А.Ч.Б нь 2 га газрыг агуулахын зориулалтаар, 15 жилийн хугацаатай, жилийн 2,400,000 төгрөгийн төлбөртэйгөөр эзэмшүүлэх, Э.Ч.Б ХХК нь гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх гэж тус тус заасан тул газрын төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ цуцлагдсан зэрэг үйл баримтад маргаагүй, харин ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмшүүлэх 17/05 дугаартай гэрээний 4.1.4 дүгээр зүйлийн 4.2.4-т Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх-өөр гэрээний талууд тохиролцсон байна.

Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж заасан тул гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлэх үүрэгтэй юм.

Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 294 хоногийн газар эзэмшсэний газрын төлбөр нийт 1,933,150 төгрөгийн төлбөр төлөх гэрээний үүргээ хариуцагч биелүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,880 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Ч.Б ХХК-иас газрын төлбөрт 1,933,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ч.Б -д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,880 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                    Ц.ОЮУНБИЛЭГ