| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0174/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/40 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Цэрэндулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дд холбогдох эрүүгийн 2319000000236 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 09 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Монгол ардын намын байрны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдааны лангуунаас Iphone 14 pro max 256 gb 2 ширхэг, Iphone 14 pro 128 gb 2 ширхэг, Iphone 14 plus 256 gb 1 ширхэг, Iphone 14 pius 128 gb 1 ширхэг, Iphone 14 нэг ширхэг, Iphone 13 pro max 3 ширхэг, Iphone 12 pгo тах 2 ширхэг, Iphone 11 pro max 2 ширхэг, Iphone 13 pro 3 ширхэг, Iphone 13 гурван ширхэг, Iphone Xr 1 ширхэг Iphone 13 mini 1 ширхэг, SamsungS23 ultra 2 ширхэг, Airpad чихэвч 1 ширхэг, Ipad 1 ширхэг, Мі брэндийн цаг 1 ширхгийг хулгайлан авч нийт 49.028.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө гэрээсээ гарсан. Найз залгаад “миний төрсөн өдрөөр ирэх үү” гэсэн. Би найз дээрээ мөнгөтэй очмоор санагдаад шөнө нь намын хорооны цонхыг нь нээгээд гар утаснууд авсан. Би отверка, скочыг найзаасаа авсан. Мөн төв сааданд барилгын ажил хийж байсан газраас тоосго, хутга олж авсан. Цонхны төмрийг нь татахад онгойхоор нь цонхыг нь түлхэж нээгээд компьютерын хардыг салгасан. Лангууны шилийг татахад өөрөө онгойсон. Тэгээд цүнх рүүгээ утаснуудыг хийсэн. Мөн нэг хайрцаг байхаар нь утаснууд хийгээд авч явсан. Тэр хардыг нь авч замдаа дэвсэж эвдсэн. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед таксигаар хот явсан. Хотод очоод утсаа ломбардаад таксины мөнгийг өгье гэсэн. Тэгээд нэг ломбард орсон боловч авахгүй байсан. Нөгөө таксины ах ундаа авна гэж гараад удаж байгаад ирсэн. Тэгээд цагдаа ирж авч явсан. Отверкийг хэрэглэсэн. Би зарим зүйлийг мартаад байна. Хэргийн хувьд маргахгүй. Миний буруу. Би урьд нь авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг ойлгоогүй дахин гэмт хэрэг үйлдсэнээ ойлгож ухамсарлаж байна. Би гэмшиж байна. Хулгай хийгээд баригдсандаа баярлаж байгаа. Одоо дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Цаашдаа сурч боловсрон хүмүүжих тул ялыг багасгаж өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Дорноговь аймгийн Сайншанд суманд байх гэртээ байж байхад 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 09 цаг 40 минутын орчимд дүү Х над руу залган та лангуунаас утаснууд авсан уу гэж асуухаар нь би үгүй гэж хариулахад дүү хулгай орсон байна, та хурдан хүрээд ирээ гэж хэлэхээр нь удалгүй Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт байх Монгол ардын намын байрны ... тоот болох өөрийн гар утасны лангуу дээр очиход Iphone 14 pro max 256 gb ширхэг, Iphone 14 pro max 128 gb 2 ширхэг, Iphone 14 plus 256 gb 1 ширхэг, Iphone 14 plus 128 gb 1 ширхэг, Iphone 13 pro max 3 ширхэг, Iphone 12 pro max 2 ширхэг, Iphone 11 pro max 2 ширхэг, I phone 14 1 ширхэг, I phone 13 pro 3 ширхэг, Iphone 3 гурван ширхэг, Iphone Xr 1 ширхэг, Iphone 13 mini 1 ширхэг, SamsungS23 ultra 2 ширхэг, Airpad чихэвч 1 ширхэг, Airpad pro 1 ширхэг, Ipad 1 ширхэг, Мi брэндийн цаг 1 ширхэг, нийт 22 ширхэг Iphone гар утас, Samsung гар утас 2 ширхэг алдагдсан. Мөн камерын хард эвдэрсэн байсан. Манай нэг давхарт байх лангууны цонхны гадна хамгаалалт төмрийг хойш татан цонх түлхэн орсон байсан. Цонх бол хагараагүй байсан. Лангууны гүйдэг замыг нь эвдсэн байсан. Өөр эвдэрсэн зүйл байхгүй байсан. Миний тооцоолж үзсэнээр бол 70,000,000 /Далан сая/, төгрөгийн хохирол учирсан. Дандаа Солонгос улсаас орж ирсэн утаснууд байсан. ...Би хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн бүгдийг нь эргүүлэн авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгай гарах үед цонхны решотик болон бичлэг хадгалах хард, лангууны цоож эвдэрсэн байсан. Гэхдээ би хохирол нэхэмжлэхгүй, гарах гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1хх 12-14, 82 ху/,
-Гэрч Ю.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт байрлах Монгол ардын намын хороонд байдаг ... тоотод байдаг гар утасны лангуун дээрээ ганцаараа очин лангууны хаалгаа нээн ороход Iphone маркийн гар утас байдаг лангуунуудын гар утас байхгүй байхаар нь эгч болох Ч.Эийг авсан юм болов уу гэж бодон эгч рүү залган утас авсан уу гэж асуухад үгүй гэж байсан. Гар утсаар ярьж байх үедээ лангуун дээгүүрээ лангууны цаад талыг өнгийж харахад лангууны ард талын тавиурын хаалганууд нээлттэй, лангууны шилэн хаалгыг нь лангуун дээр тавьсан харагдахаар нь хулгай орсон байна гэж эгчид хэлж эгчийг дуудсан. Лангууны хойд талын цонх нээлттэй, цонхны хөшиг нээлттэй байсан. ...Монгол ардын намын хороонд байдаг ... тоот гар утасны лангуу нь бэр эгч болох Ч.Эийн ажиллуулдаг лангуу юм гэсэн мэдүүлэг /1хх 16 ху/,
-Гэрч З.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2023 оны 09 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос Сайншанд сумын нэгдсэн зар дээр Улаанбаатар хот руу явна гээд зар тавьж орхиод гэртээ хариад байж байтал 23 цаг 36 минутын орчимд миний утас руу ........ дугаараас залгаад өглөө гарна шүү та залгаарай гэж хэлсэн. Тэгээд би унтаж амраад тухайн ........ дугаарын утас руу 06 цаг 34 минутын үед залгатал Залуус хорооллын хойд гэр хорооллоос ирээд авчих гэсний дагуу очиж авсан...ойролцоогоор 180 см өндөртэй ногоон эрээн малгайтай цамцтай ногоон өмдтэй залуу гарч ирээд миний машины багажинд цэнхэр өнгийн нэг цүнх, хар өнгийн нэг цүнх бас нэг жижиг хайрцагтай юм нийт 3 хэсэг юм хийгээд суусан. ...Улаанбаатар хотод 14 цагийн үед орсон бөгөөд тухайн өдөр миний машины дугаар гардаггүй байсан тул хүмүүсээ Чулуун овоон дээр буулгатал тэр өндөр залуу ахаа би гар утас ломбардаж байгаад таны мөнгийг өгнө гэж хэлээд ломбард орсон боловч гар утсыг нь авахгүй байсан. Тэгээд бид 2 хамт 3, 4 дүгээр хороолол очоод зогсож байтал тэр залуу би гар утсаа ломбардад тавьчихаад ирье гэж хэлээд буугаад явах үед нь би тэр залуугийн ачааг нээж үзтэл хайрцаг дотор нь дүүрэн гар утас байсан. Тэгээд би хамт таксинд явдаг хүмүүс рүүгээ залгаад энд нэг сэжигтэй залуу байна гэж хэлтэл удалгүй над руу Батсүх гэдэг Дорноговь аймгийн цагдаа залгаад тэгээд би тэр цагдаад болсон явдлаа хэлсэн гэсэн мэдүүлэг / 1хх 28 ху/,
-Шүүгдэгч Ц.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай найз Аын төрсөн өдөр болох гэж байгаа гээд намайг Улаанбаатар хот руу дуудсан байсан бөгөөд тухайн үед надад мөнгө байхгүй байсан. /Би найздаа сүүлийн 1 сар орчим хөдөө ажил хийсэн гэж хэлж байсан, найз дээрээ мөнгөтэй очмоор санагдаад МАН-ын байрны дотор үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангуунаас хулгай хийхээр шийдэж МАН-ын байрны гадна талд очин эргэн тойрноор явж хүн байгаа эсэхийг шалгатал харуул нь үүдний буйдан дээрээ унтаж байсан. Тэгээд би тэр хавиар нэлээн тойрч явж байгаад МАН-ын урд талд байдаг саадан дотроос цайван өнгийн тал тоосго, хар иштэй өргөн хутга авсан. /Мөн найзынхаа машинаас буух үед машин дотроос нь 1 ширхэг автирка, скоч зэргийг авсан байсан/. Тэр гар утас зардаг лангуу байдаг өрөөний цонхны хамгаалалт төмрийг татаж үзтэл онгойсон. Би тэр зайгаар нь ороод вакум цонхыг түлхтэл тэр дороо онгойчихсон. Тэгээд Тэгээд би тэр цонхоор ортол тэр өрөөнд булан тохой бүрд нь нийт 3камер байсан бөгөөд би хамгийн эхний камерын тусгалыг доош харуулсан. Тэгээд дахиад 1 камер байхаар нь хар өнгийн хардыг нь салгаж орхиод гар утастай өрөөтэй байсан лангууны шилний ирмэгт байх зөөлөвч резинийг өөрт байсан автиркаараа лангууны шилийг нь лангуун дээр тавиад дотор байсан утаснуудыг өөрийн үүрч орсон хар өнгийн цүнхэндээ дүүртэл хийгээд хажуу талд нь байсан шкафан дотроос цаасан хайрцаг аваад дүүртэл нь хамгийн үнэтэй гэх гар утаснуудыг хийж дүүргээд буцаад орж ирсэн цонхоороо гараад явсан гэсэн мэдүүлэг /1хх 19 ху/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 29-30 ху/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 31-36 ху/,
-Шийтгэх тогтоолын хуулбар /1хх 43-44 ху/,
-Хохирлын үнэлгээ /2хх 58-61 ху/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 58-59 ху/,
-Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 83-84 ху/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 85-87 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 88 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 09 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Монгол ардын намын байрны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдааны лангуунаас Iphone 14 pro max 256 gb 2 ширхэг, Iphone 14 pro 128 gb 2 ширхэг, Iphone 14 plus 256 gb 1 ширхэг, Iphone 14 pius 128 gb 1 ширхэг, Iphone 14 нэг ширхэг, Iphone 13 pro max 3 ширхэг, Iphone 12 pгo тах 2 ширхэг, Iphone 11 pro max 2 ширхэг, Iphone 13 pro 3 ширхэг, Iphone 13 гурван ширхэг, Iphone Xr 1 ширхэг Iphone 13 mini 1 ширхэг, SamsungS23 ultra 2 ширхэг, Airpad чихэвч 1 ширхэг, Ipad 1 ширхэг, Мі брэндийн цаг 1 ширхгийг хулгайлан авч нийт 49.028.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Найз залгаад миний төрсөн өдрөөр ирэх үү гэсэн. Би найз дээрээ мөнгөтэй очмоор санагдаад шөнө нь намын хорооны цонхыг нь нээгээд гар утаснууд авсан. Би отверка, скочыг найзаасаа авсан. Мөн төв сааданд барилгын ажил хийж байсан газраас тоосго, хутга олж авсан. Цонхны төмрийг нь татахад онгойхоор нь цонхыг нь түлхэж нээгээд компьютерын хардыг салгасан. Лангууны шилийг татахад өөрөө онгойсон. Тэгээд цүнх рүүгээ утаснуудыг хийсэн. Мөн нэг хайрцаг байхаар нь утаснууд хийгээд авч явсан. ...Хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Эийн “...2023 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 09 цаг 40 минутын орчимд дүү Х над руу залган та лангуунаас утаснууд авсан уу гэж асуухаар нь би үгүй гэж хариулахад дүү хулгай орсон байна, та хурдан хүрээд ирээ гэж хэлэхээр нь удалгүй Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт байх Монгол ардын намын байрны ... тоот болох өөрийн гар утасны лангуу дээр очиход Iphone 14 pro max 256 gb ширхэг, Iphone 14 pro max 128 gb 2 ширхэг, Iphone 14 plus 256 gb 1 ширхэг, Iphone 14 plus 128 gb 1 ширхэг, Iphone 13 pro max 3 ширхэг, Iphone 12 pro max 2 ширхэг, Iphone 11 pro max 2 ширхэг, I phone 14 1 ширхэг, I phone 13 pro 3 ширхэг, Iphone 3 гурван ширхэг, Iphone Xr 1 ширхэг, Iphone 13 mini 1 ширхэг, SamsungS23 ultra 2 ширхэг, Airpad чихэвч 1 ширхэг, Airpad pro 1 ширхэг, Ipad 1 ширхэг, Мi брэндийн цаг 1 ширхэг, нийт 22 ширхэг Iphone гар утас, Samsung гар утас 2 ширхэг алдагдсан. ...Би хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн бүгдийг нь эргүүлэн авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /1хх 12-14, 82 ху/, гэрч Ю.Хгийн “...хаалгаа нээн ороход Iphone маркийн гар утас байдаг лангуунуудын гар утас байхгүй байхаар нь эгч болох Ч.Эийг авсан юм болов уу гэж бодон эгч рүү залган утас авсан уу гэж асуухад үгүй гэж байсан. Гар утсаар ярьж байх үедээ лангуун дээгүүрээ лангууны цаад талыг өнгийж харахад лангууны ард талын тавиурын хаалганууд нээлттэй, лангууны шилэн хаалгыг нь лангуун дээр тавьсан харагдахаар нь хулгай орсон байна гэж эгчид хэлж эгчийг дуудсан. Лангууны хойд талын цонх нээлттэй, цонхны хөшиг нээлттэй байсан” гэсэн /1хх 16 ху/, гэрч З.Бын “ ...ойролцоогоор 180 см өндөртэй ногоон эрээн малгайтай цамцтай ногоон өмдтэй залуу гарч ирээд миний машины багажинд цэнхэр өнгийн нэг цүнх, хар өнгийн нэг цүнх бас нэг жижиг хайрцагтай юм нийт 3 хэсэг юм хийгээд суусан. ...ахаа би гар утас ломбардаж байгаад таны мөнгийг өгнө гэж хэлээд ломбард орсон боловч гар утсыг нь авахгүй байсан. Тэгээд бид 2 хамт 3, 4 дүгээр хороолол очоод зогсож байтал тэр залуу би гар утсаа ломбардад тавьчихаад ирье гэж хэлээд буугаад явах үед нь би тэр залуугийн ачааг нээж үзтэл хайрцаг дотор нь дүүрэн гар утас байсан. Тэгээд би хамт таксинд явдаг хүмүүс рүүгээ залгаад энд нэг сэжигтэй залуу байна гэж хэлтэл удалгүй над руу Батсүх гэдэг Дорноговь аймгийн цагдаа залгаад тэгээд би тэр цагдаад болсон явдлаа хэлсэн” гэсэн /1хх 28 ху/ мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 21-22 ху/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 29-30 ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 31-36 ху/, хохирлын үнэлгээ /2хх 58-60 ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 58-59 ху/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 83-84 ху/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 85-87 ху/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх 43-44 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 88 ху/ зэрэг бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.
Хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Дын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иймд гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурор, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй.
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрийн дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн боловч уг хугацаанд шүүгдэгч нь дахин гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж заасан.
Иймд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн, эдлэх 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, нийт эдлэх ялыг 1 жил, 15 хоногоор тогтоож, уг ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд хохирогч Ч.Эийн эд хөрөнгөд 49.028.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлсийг биет байдлаар хүлээлгэн өгсөн тул шүүгдэгч Ц.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Дын цагдан хоригдсон 172 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан Сиди-г хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цэнхэр өнгийн бариултай аптерк, саарал өнгийн тасарч унасан хуванцруудын хэсгүүд, хар өнгийн иштэй хутга 1 ш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овогт Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн, эдлэх 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дын эдлэх 1 /нэг/ жил, 15 /арван тав/ хоногийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дын цагдан хоригдсон 172 /нэг зуун далан хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди-г хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цэнхэр өнгийн бариултай аптерк, саарал өнгийн тасарч унасан хуванцруудын хэсгүүд, хар өнгийн иштэй хутга 1 ш зэргийг устгасугай.
9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА