| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0028/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/35 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг,
Шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мт холбогдох эрүүгийн 2319002170302 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ...
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... УНЦ улсын дугаартай Тоёота аксио загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” болон мөн дүрмийн 12.3 дугаар заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгслийн зорчигч Ж.Иын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Та бүхнээсээ уучлалт хүсэж байна. Төв аймгийн Баянцагаан сумаас 2022 оны 10 дугаар сард Төмөр замын орон сууцын 2-р ангид машинистаар ажиллахаар орсон. 12 дугаар сард бие дийлэхгүй ажлаасаа гарсан. Тэр хугацаанд найз И танилцаж, нэг нэгнийхээрээ орж гараад найзалдаг байсан. И 5-н сар гээд ажлаасаа гарсан. Улирлын чанартай ажил байсан. Хоёулаа эхнэрийн ажил дээр хамт ажил хийх үү гэсэн би юуны ажил вэ? гэхэд Барилгын ажил гэсэн чинь найзынхан бие даахгүй, хүнд хүнд хагалгаанд орсон гэж тайлбарласан. 6 дугаар сарын 26-нд бил үү 27-нд байсан байхаа И хоёулаа Айраг сум руу явах ажил байна. Яах ажил вэ гэсэн чинь тэнд нэг судар байна. Яах судар вэ гэсэн чинь найзтайгаа жоншинд явж байхдаа өвөр монгол залуутай ярьсан. Нэг судар нь 100 хэдэн сая төгрөг болдог Алтанганжуур билүү тийм судар байгаа гэж чатаар судрынхаа зургийг явуулсан. 28-нд эхнэр хойшоо явсан 29-ний орой Айраг сум руу явж байгаад ийм зүйл болсон. Том тэрэгний гялбаанд орсон. Хурд бол 80, 90-тэй л явж байсан. Том тэрэгний гялбаа орж ирэхээр нь хажуу тийшээ дарсан шон очиж мөргөөд тэгээд хөрвөөсөн. Сайн мэдэхгүй байгаа тэрнээс хойшоо ухаан алдсан байсан байх. Харахад нэг хар жийп ирээд зогсож байсан. Гайгүй гэхэд нь би гайгүй гээд хартал цонхоороо шидэгдээд ойчихоод нас барсан байсан. Эхэндээ эмнэлэг ирээд цагдаа ирээд тэгээд шууд намайг аваад ирсэн. Эмнэлэг дээр ирсэн миний 2 хавирга, эгэм л хугарсан бусдаар гайгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...6 дугаар сарын 28-нд хэрэг гардаг өдөр би уурхай дээр ажилтай байсан. Маргааш өдрийн оройны 4-н цагт мэдсэн. Тэрнээс хойш 7,8-н сар өнгөрсөн миний нөхөр гэр бүлээ авч явдаг тохитой томоотой хүн. Би 5 настай хүүхэдтэй. Энэ хугацаа өнгөрч байхад яагаад энэ хугацаанд эргэж ирж болсонгүй вэ. Манай хүний ээж нь 70 настай ерөөсөө ганцхан хүүтэй. Ганц хүүгээ алдсан эмэгтэй яаж байгааг мэдэх юм уу. Өдөр болгон дусалтай өдөр болгон эмэгтэй, Би хэдэн шөнө нойртой нойргүй хоносныг мэдэх юм уу. Би эх хүн яагаад над дээр ирж болоогүй юм. Би хүүгээ 18 нас хүртэл яаж өсгөх юм. 70 настай хөгшин яаж шаналж зовж байгааг мэдэж байгаа юм уу. Би маш их гомдолтой байна. Миний хань 10-н жил архи уугаагүй. Яагаад гэртээ хүүхдээ хараад байж байсан хүнийг авч яваад алаад хаячиж байгаа юм бэ. Зүгээр л намайг ажилтай байхад гэртээ хүүхдээ хараад байж байдаг байсан. Би яаж хуруу нь чиний хүүхдийг аваад энэ олон жилийг туулах юм. Уучлаарай би жоохон сандраад байна. Миний хадам ээж 70-н настай миний хүү 5-н настай хүү байна. Би яаж энэ олон жилийг 18 нас хүртэл өсгөх юм. Миний хүү орой болгон унтахдаа аавыгаа ярьдаг, зүүдэлдэг. Бид хэдэд бүтэн нойртой шөнө байсангүй. Нэг өдөр ч тухтай унтаагүй. Миний амьдрал ямар байна Би хашаа нь дотор 5-н ханатай гэртэй 70 настай хөгшинтэй хамт амьдарч байна. Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 7-15-рт/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3028 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээрээс ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус илэрсэн. Объектууд дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой Х.Мын ДНХ-ийн тогтоц тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-51-рт/,
-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/052 дугаартай... Амь хохирогч Ж.И нь хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ..." гэсэн дүгнэлт /хх-ийн 67-70-рт/,
-Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн "Зогсоол овгийн Х.М нь 12. Тээврийн хэрэгсэл хурд 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх магадалгаа /хх-ийн 181-182-рт/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 16-20-рт/,
-Техникийн эвдрэлийн дүгнэлт/хх 55-61-рт/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Х.М нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... УНЦ улсын дугаартай Тоёота аксио загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” болон мөн дүрмийн 12.3 дугаар заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгслийн зорчигч Ж.Иын амь насыг хохироосон болох нь:
Шүүгдэгч Х.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Та бүхнээсээ уучлалт хүсэж байна. Төв аймгийн Баянцагаан сумаас 2022 оны 10 дугаар сард Төмөр замын орон сууцын 2-р ангид машинистаар ажиллахаар орсон. 12 дугаар сард бие дийлэхгүй ажлаасаа гарсан. Тэр хугацаанд найз И танилцаж, нэг нэгнийхээрээ орж гараад найзалдаг байсан. И 5-н сар гээд ажлаасаа гарсан. Улирлын чанартай ажил байсан. Хоёулаа эхнэрийн ажил дээр хамт ажил хийх үү гэсэн би юуны ажил вэ? гэхэд Барилгын ажил гэсэн чинь найзынхан бие даахгүй, хүнд хүнд хагалгаанд орсон гэж тайлбарласан. 6 дугаар сарын 26-нд бил үү 27-нд байсан байхаа И хоёулаа Айраг сум руу явах ажил байна. Яах ажил вэ гэсэн чинь тэнд нэг судар байна. Яах судар вэ гэсэн чинь найзтайгаа жоншинд явж байхдаа өвөр монгол залуутай ярьсан. Нэг судар нь 100 хэдэн сая төгрөг болдог Алтанганжуур билүү тийм судар байгаа гэж чатаар судрынхаа зургийг явуулсан. 28-нд эхнэр хойшоо явсан 29-ний орой Айраг сум руу явж байгаад ийм зүйл болсон. Том тэрэгний гялбаанд орсон. Хурд бол 80,90-тэй л явж байсан. Том тэрэгний гялбаа орж ирэхээр нь хажуу тийшээ дарсан шон очиж мөргөөд тэгээд хөрвөөсөн. Сайн мэдэхгүй байгаа тэрнээс хойшоо ухаан алдсан байсан байх. Харахад нэг хар жийп ирээд зогсож байсан. Гайгүй гэхэд нь би гайгүй гээд хартал цонхоороо шидэгдээд ойчихоод нас барсан байсан. Эхэндээ эмнэлэг ирээд цагдаа ирээд тэгээд шууд намайг аваад ирсэн. Эмнэлэг дээр ирсэн миний 2 хавирга, эгэм л хугарсан бусдаар гайгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...6 дугаар сарын 28-нд хэрэг гардаг өдөр би уурхай дээр ажилтай байсан. Маргааш өдрийн оройны 4-н цагт мэдсэн. Тэрнээс хойш 7,8-н сар өнгөрсөн миний нөхөр гэр бүлээ авч явдаг тохитой томоотой хүн. Би 5 настай хүүхэдтэй. Энэ хугацаа өнгөрч байхад яагаад энэ хугацаанд эргэж ирж болсонгүй вэ. Манай хүний ээж нь 70 настай ерөөсөө ганцхан хүүтэй. Ганц хүүгээ алдсан эмэгтэй яаж байгааг мэдэх юм уу. Өдөр болгон дусалтай өдөр болгон эмэгтэй, Би хэдэн шөнө нойртой нойргүй хоносныг мэдэх юм уу. Би эх хүн яагаад над дээр ирж болоогүй юм. Би хүүгээ 18 нас хүртэл яаж өсгөх юм. 70 настай хөгшин яаж шаналж зовж байгааг мэдэж байгаа юм уу. Би маш их гомдолтой байна. Миний хань 10-н жил архи уугаагүй. Яагаад гэртээ хүүхдээ хараад байж байсан хүнийг авч яваад алаад хаячиж байгаа юм бэ. Зүгээр л намайг ажилтай байхад гэртээ хүүхдээ хараад байж байдаг байсан. Би яаж хуруу нь чиний хүүхдийг аваад энэ олон жилийг туулах юм. Уучлаарай би жоохон сандраад байна. Миний хадам ээж 70-н настай миний хүү 5-н настай хүү байна. Би яаж энэ олон жилийг 18 нас хүртэл өсгөх юм. Миний хүү орой болгон унтахдаа аавыгаа ярьдаг, зүүдэлдэг. Бид хэдэд бүтэн нойртой шөнө байсангүй. Нэг өдөр ч тухтай унтаагүй. Миний амьдрал ямар байна Би хашаа нь дотор 5-н ханатай гэртэй 70 настай хөгшинтэй хамт амьдарч байна. Маш их гомдолтой байна...” гэв.
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3028 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээрээс ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус илэрсэн. Объектууд дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой Х.Мын ДНХ-ийн тогтоц тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-51-рт/,
-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/052 дугаартай... Амь хохирогч Ж.И нь хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ..." гэсэн дүгнэлт /хх-ийн 67-70-рт/,
-Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “...Зогсоол овгийн Х.М нь 12. Тээврийн хэрэгсэл хурд 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн...” гэх магадлагаа /хх-ийн 181-182-рт/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 16-20-рт/,
-Техникийн эвдрэлийн дүгнэлт/хх 55-61-рт/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь 27.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 гэсэн хэсгүүдэд зүйлчлэгдэх ба тус гэмт хэргийн үндсэн /ердийн/ шинж /бүрэлдэхүүн/ буюу 1 дэх хэсгийн дисдозицед “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор томьёолж өгсөн бөгөөд харин энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, их хэмжээний хохирол учруулсан бол 2 дахь хэсэгт зааснаар, харин гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бол, түүнийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол 3, 4 дэх хэсгийн диспозицед зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан.
Шүүгдэгч Х.М ... УНЦ улсын дугаартай Тоёота Аксио маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 дугаар заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Ж.И нь хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж амь нас хохирсон хор уршгийг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Х.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Х.Мын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Ж.Идэрбатын амь нас хохирсон, бусдын эд хөрөнгөд хохирол тус тус учирсан байна.
Иргэний нэхэмжлэгч Т.Түмэнжаргал шүүгдэгч Х.Мын унаж явсан ... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэлтэй боловч худалдах, худалдан авах иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр шүүгдэгчийн эзэмшил, ашиглалтад бүрэн шилжүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн байх тул иргэний нэхэмжлэгч Т.Түмэнжаргал төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт
1. Буяны ажлын зардалд 24.903.724 төгрөг,
Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “...Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй...” гэж, 230 дугаар зүйлийн 230.1-д “...Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй...” гэж, 230.2-т “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,
497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж,
499 дүгээр зүйлийн 499.1-д “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж,
508.1-д “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” гэж,
508.2-т “...Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй...” гэж,
508.3-т “...Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна...” гэж,
511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж,
511.5-д “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж тус тус гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтууд тусгагдсан.
Шүүх дээр дурдсан хохирлын нэхэмжлэлийн талаарх баримтуудыг нягтлан шалгаад дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Талууд буяны ажлын зардалд 24.903.724 төгрөгийг нэхэмжилснээс шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч нь 6.903.724 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 18.000.000 төгрөгийг шүүгдэгчтэй харилцан тохиролцож шүүх хуралдааны өмнө нөхөн төлсөн тул буяны ажил явдал оршуулгын зардал төлөгдсөн гэж үзлээ.
Шүүх дээр дурдсан бусад хохирол нэхэмжлэлийн талаарх баримтуудыг нягтлан шалгаад хуульд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг дараах байдлаар бодож олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “...Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна...” гэж,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.7-д “...Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна....” гэж заасан.
Амь хохирогч Ж.И нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Улаанбаатар төмөр замын барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангид Сайншанд хэсгийн 1 дүгээр зууханд уурын зуухны машинистаар ажиллаж байсан тушаал, нийгмийн даатгалын лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд түүний нас барахаас өмнө авч байсан 2023 оны 05, 04, 03 дугаар сарын үндсэн цалингийн дунджаас түүний 1 сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоолон гаргасан болно.
2023 оны 05 дугаар сард 1.014.372,84 төгрөг,
2023 оны 04 дүгээр сард 1.676.162,38 төгрөг,
2023 оны 03 дугаар сард 1.503.898,06 төгрөгийг цалин тус тус авсан байна/хх 154-рт/.
1.014.372,84+1.676.162,38+1.503.898,06=4.194.433,28/3=1.398.144,43 төгрөг.
Хохирогчийн охин И.Энх-үйлс нь 2019 он 07 дугаар сарын 31-нд төрсөн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш сар бүр 440.000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авдаг бөгөөд 2023 оны 07 дугаар сард зөрүү 100.531 төгрөгийг авчээ. /хх 152-153-рт/
440.000 төгрөг - 100.531 төгрөг=339.469 төгрөг /2023 оны 07 дугаар сарын зөрүү/
Нэг сарын дундаж цалин хөлс болох 1.398.144/2 ам бүл=699.072 төгрөг - 440.000 төгрөг= 259.072 төгрөг/Тэтгэмжийн зөрүү/.
Амь хохирогчийн охин И.Энх-Үйлс нь осол үйлдэгдэх үед 03 нас 11 сартай байсан бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар 18 нас хүртэл нь төлөгдөх бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сар бүр төлөх үүрэгтэй байна.
Тиймээс амь хохирогчийн охин И.Энх-Үйлс нь 2023 оны 07 сараас 2037 оны 07. 31-нд буюу 169 сарын дараа 18 нас хүрэхээр байна.
Тиймээс тэтгэмжийн зөрүү 259.072*169 сар=43.783.168 төгрөг.
43.783.168 төгрөг + 7 сарын тэтгэмжийн зөрүү 339.469 = 44.122.637 төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд гаргуулан олгох нь зүйтэй байна.
3. Монгол Улсын Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж,
511.5-д “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж тус тус заасан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд түүний сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг хохирогч түүнд аль болох ашигтай байдлаар шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Тиймээс гэмт хэрэг гарах үеийн бус амь хохирогчийн гэр бүлийн гишүүнд ашигтай байдлыг үүсгэхийн тулд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй 660.000 төгрөг * 150 = 99.000.000 төгрөгөөр тооцон гаргуулах нь зүйтэй байна.
Иймд амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99.000.000/Ерэн есөн сая/ төгрөгийг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 44,122,637 төгрөг /дөчин дөрвөн сая нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун гучин долоо/ төгрөгийг, шүүгдэгч Х.Маас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд олгох нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж хуульчилсан байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 3-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн санал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, хорих ялын санкц дээр тусгайлан хэлэх саналгүй байна...” гэсэн саналыг тус тус гаргаж оролцсон болно.
Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.
Шүүгдэгчийн хувьд 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр уг гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...”- ээр, хэрэг хянан шийдвэрлэгдэх үед 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...” гэж тус тус өөрчлөн найруулагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Өөрчлөн найруулагдсан хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдээгүй, эрүүгийн хариуцлага хүндэрч байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж үзэн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Х.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлоо нөхөн төлсөн, үлдэгдлийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан нөхцөлийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Cиди-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд буяны ажил явдал оршуулгын зардалд 18,000,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Зовогт Х.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Мт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Cиди-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд буяны ажил явдал оршуулгын зардалд 18,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйл, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 44,122,637 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОДБАЯР