Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 610

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00104 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.И, Б.Мнарт холбогдох,

 

2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Авто машин худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, 99-96 УНО улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины шударга эзэмшигч болохыг тогтоолгох, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Автомашины бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулан, үндэслэлгүйгээр олж авсан автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.И

Хариуцагч: Н.Игийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Хариуцагч Б.М-н өмгөөлөгч: М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 02 дугаар сарын 11-нд Н.Ид Арабын Эмират улсаас Ланд 200 жийп автомашин худалдан авахаар 52 000 ам.долларыг захиалгын урьдчилгаанд хүлээлгэн өгсөн. Ингээд 2011 оны 3 сарын 15-ны өдөр захиалсан машин гааль дээр ирсэн тул тээвэрлэлтийн хөлс, гаалийн татвар, машины татвар гэх мэт зардалд 12 000 ам.доллар болохоор тооцоо гарч, би Б.Балдан-Осорын жолооч Ганчулуунд хүлээлгэн өгч явуулсан. Үүнээс хойш Н.Игөөс автомашинаа шаардахад танай найз Б.Балдан-Осор авсан, унаж байгаа гэсэн. 2011 оны намар талийгаачийн хүү Мөнхболд би хөдөө явах гэсэн юм машиныг чинь түр унаж яваад ирье гэж гуйхаар нь автомашины түлхүүрийг түүнд өгөхийг зөвшөөрсөн юм. 2017 онд Мөнхболдоос машинаа удаа дараа нэхсэн боловч яасан их ярьдаг юм, одоо болоо юм биш үү гэх зэргээ хариу өгдөг болсон. Б.Балдан-Осор нь 2010 оны 11 дүгээр сарын дунд үеэс манай гэрт ирж, бидэнтэй хамт амьдарч байсан. Тэрээр өвчтэй байсан тул манай гэр бүлийнхэн бүгд л түүнийг асарч байсан. Иймд Б.Балдан-Осор нь бие муутай, хөдөө гадаа явахад том машин хэрэгтэй байсан тул би уг машиныг захиалсан. Бид 2013 оны 11 сарын 27-ны өдөр гэр бүл болсон боловч 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Балдан-Осор нь хүнд өвчний улмаас нас барсан. Энэхүү жийп машиныг Н.Игөөс хүлээн авч түлхүүрийг нь надад өгсөн бөгөөд машины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болон бусдад шилжүүлсэн талаар огт яриагүй. Гэтэл 2017 онд талийгаачийн хүү Мөнхболд нь надад холбогдуулан өвийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өвийн маргаантай асуудлаар шүүхийн шийдвэр гарсны дараа холбогдох байгууллагад хандаж миний өмчлөлийн автомашиныг хэрхэн яаж шилжүүлэн авсан талаар лавлагаа авахад 2011 оны 03 дугаар 15-ны өдөр автомашин Худалдах худалдан авах гэрээг Н.И Б.Балдан-Осорт 1 сая төгрөгөөр уг автомашиныг худалдсан гэсэн хуурамч гэрээ хийж, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Мөнхболдод машиныг шилжүүлэн бүртгүүлсэн болохыг олж мэдсэн. Энэ хуурамч гэрээнд үндэслэн Мөнхболд автомашиныг өөрөө нэр дээр шилжүүлэн бүртгүүлж, надаас машины түлхүүрийг авахын тулд түр хэрэглээд өгнө гэж худал хэлж аваад бусдын хөрөнгийг буцааж өгөхгүй өнөөдрийг хүртэл эзэмшиж ашигласаар байна. Б.Мөнөөдрийг хүртэл машиныг надад буцааж өгөхгүй байгаа бөгөөд дээрх хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн байгаа нь баримтуудаар нотлогдож байгаа тул бусдын өмчийг ямар ч үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд худалдах, худалдан авах болон бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, тухайн автомашины шударга эзэмшигч болохыг тогтоож, Мөнхболдоос миний өмч болох автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.И шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Араб улсаас өөрийнх нь үнээр 3 машин оруулж ирсэн. Б.Мтэй талийгаач Б.Балдан-Осор хамт амьдарч байсан бөгөөд намайг дуудаад найздаа нэг машин захичих гэсэн. Урьдчилгааг нь төлөөд буцаж ирэхээр нь гааль дээр мөнгийг төлсөн. Миний бие Б.Мээс гэрт нь орж 52 000 ам.долларыг бэлнээр тоолж авсан. Гааль дээр талийгаач ирээгүй. Талийгаачийн жолооч мөнгийг авчирч гааль дээр мөнгийг төлсөн. Татвар төслний дараа талийгаач жолоочтойгоо машиныг аваад явсан. 4 машин ганц миний нэр дээр орж ирсэн. Миний нэр дээр орж ирж байгаа учраас би гааль дээр бүрдүүлэлтээ хийгээд хуурамч гэрээ хийсэн нь үнэн. Машиныг шилжүүлж гааль дээр мөнгийг төлсөн асуудал үнэн. Б.Мийн гэрээс бэлэн мөнгө авсан. Цагаан сарын өмнө мөнгө аваад цагаан сарын дараа машин ирсэн гэжээ. 

Хариуцагч Б.Мшүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аав надад машинаа өгч байхад Б.М хамт байсан. Надад түлхүүр өгөхдөө 2 түлхүүр өгсөн. Түр өгсөн бол нэг түлхүүр өгөөд нэгийг авч үлдэх ёстой байсан. Надад 2 түлхүүрийг өгөхийг Б.М мэдэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.2, 75 дугаар зүйлийн 75.2.1, 276 дугаар зүйлийн 276.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Н.Ид холбогдуулан Тоёота Ланд 200 маркийн автомашиныг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, шударга эзэмшигч болохыг тогтоолгох, хариуцагч Б.Мөнхболдод холбогдуулан уг Тоёота Ланд 200 маркийн автомашиныг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулан үндэслэлгүйгээр олж авсан автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо нар давж заалдах гомдолдоо: …Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Майцэцэг хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, хариуцагч Н.И нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...нийлүүлэх үүрэг хүлээсэн энэ үүрэг биелэгдсэн гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.Балдан-Осорт "хүлээлгэж өг" гэсэн болохоос, уг автомашиныг түүнд 1 000 000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрөөгүй болох нь Н.И, Б.М нарын тайлбараар тогтоогддог. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд Б.М уг автомашины эзэмших эрхтэй бөгөөд Б.Балдан-Осорт машиныг хүлээж авах эрх олгосон байдаг. Тийм ч учраас Б.Мийн хувьд тухайн автомашиныг эзэмших эрхтэй учраас Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч гэдгээ тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин Н.И автомашиныг Б.Балдан-Осорт 1 000 000 төгрөгөөр худалдсан гэрээ хийж гэрээнд гарын үсгийг нь дуурайлгаж зурсан хуурамч хууль зөрчсөн гэрээ хийснээрээ Б.Балдан-Осор уг машиныг Б.Мөнхболдод бэлэглэлээр шилжүүлэх боломж олгосон. 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.И зөвшөөрсөн байхад шүүх хариуцагчийн зөвшөөрлийг үндэслэлгүйгээр үгүйсгэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Б.М Н.Игөөс автомашинаа шаардаагүй зөвхөн хууль зөрчсөн гэрээ хийснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байхад Н.Игөөс гэрээний дагуу автомашинаа шаардах эрх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна гэж дүгнэжээ. Шүүх Б.Мийн шударга өмчлөгч гэдгээ тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрт энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байдаг.

Шүүх хариуцагч Н.И болон нэхэмжлэлийн шаардлага дахь худалдах, худалдан авах гэрээний нөгөө тал болох Б.Балдан-Осорын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ гэж нотлох баримтад үндэслээгүй буруу дүгнэлт хийж хариуцагч хууль зөрчиж гэрээ хийснээ хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал үүссэн байхад түүний хүсэл зоригийг шүүх үгүйсгэж тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Б.М төлбөрийг төлсөн боловч Б.Балдан-Осор уг машиныг өөртөө авах хүсэл зориг байсан гэдэг нь хүү н.Мөнхболдтой хийсэн "бэлэглэлийн гэрээ"-гээр нотлогдоно гэж ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Харин дээрхи хууль бус гэрээг ашиглан Б.Балдан-Осор хүүдээ Б.Мийн худалдаж авсан машиныг шилжүүлж түлхүүрийг хүү нь түр хэрэглэхээр гуйж авсан дүр үзүүлж Б.Мийг төөрөлдүүлж байгаад машиныг хүүдээ шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байдаг.

Автомашин захиалсан Б.М, Н.И хоёрын хооронд машин худалдах, худалдан авах хүсэл зориг байсан учраас Б.М мөнгөө өгч, хариуцагч Н.И машиныг авчирч хүлээлгэн өгөх үйл баримт нэхэмжлэгч хариуцагч Н.И нарын тайлбараар тогтоогдоод байхад ...худалдах худалдан авах гэрээгээр Б.Балдан-Осор уг машиныг өөртөө авах хүсэл зориг байсан гэдэг нь хүү Мөнхболдтой байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн "бэлэглэлийн гэрээ"-гээр нотлогдоно гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байдаг. Б.Балдан-Осорын хувьд Б.Мийн зөвшөөрснөөр уг машиныг Н.Игөөс хүлээж авах л үүрэгтэй байсан. Ингэж хүлээн авсан нь Б.Балдан-Осор эзэмшигч болсон гэсэн үг биш өөрийн мэдэлдээ тухайн үед байлгаж байсан гэсэн ойлголт юм. Энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан байх тул жинхэнэ эзэмшигч нь Б.М бөгөөд Б.Балдан-Осор Б.Мээс бүрэн эрх олгогдсны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс машиныг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байсан тул түүнийг эзэмшигч гэж үзэхгүй. Тэгвэл Б.Балдан-Осор нь Б.Мт хэлэлгүйгээр машиныг худалдан авсан мэт хууль бус гэрээг Н.Итэй хийж, улмаар энэ гэрээг ашиглан Б.Мийн зөвшөөрөлгүй түүнд мэдэгдэлгүй өмчийг нь өөрийн хүү Б.Мөнхболддоо бэлэглэсэн. 2011 оны 11 дүгээр сарын 25-ны бэлэглэлийн гэрээ нь 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр хийгдсэн учраас Иргэний хуулийн 56.1.10, 56.4-т зааснаар Б.Мөнхболдод шилжсэн Б.Мийн эзэмшлийн автомашиныг үндэслэлгүйгээр олж авсан гэж нэхэмжилсэн нь үндэслэлтэй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадсангүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан байх боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйг залруулан өөрчлөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н.И, Б.Мнарт холбогдуулан 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Авто машин худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, 99-96 УНО улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины шударга эзэмшигч болохыг тогтоолгох, уг автомашиныг шилжүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Автомашины бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, автомашины шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.И нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Мбүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.М нь Тоёота Ланд крузер 200 маркийн автомашиныг анх Н.Ид төлбөрийг нь төлж, худалдан авсан, харин Н.И өөрийн хамт амьдарч, гэр бүл болсон талийгаач Б.Балдан-Осорын нэр дээр шилжүүлэн өгөхдөө хууль бус буюу гарын үсэг дуурайлган зурж, зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн өгсөн, үүний үр дагавраар Б.Балдан-Осор нь хүү болох Б.Мөнхболдод бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн бөгөөд өөрт мэдэгдэлгүй автомашиныг эзэмшиж байсныг мэдсэн, иймд дээрх автомашиныг бусдад шилжүүлсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, Б.Мөнхболдын хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарлаж байх бөгөөд харин хариуцагч Н.И, тухайн үед найз Б.Балдан-Осорт автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхдээ гарын үсгийг нь дуурайлган зурсан, машины төлбөрийг анх Б.М төлсөн нь үнэн гэж, хариуцагч Б.Мнь өөрийн төрсөн эцгээсээ машиныг анх бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан, Б.Мээс түр унаад өгье гэж хэлээд авсан зүйл байхгүй. Миний хувьд би шударга эзэмшигч гэж тус тус тайлбарлан маргажээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 дэх хэсэгт заасан шаардлагуудыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх тухайн эд хөрөнгийг эзэмшилд шилжүүлэн өгснөөр үүсэх учиртай. Хариуцагч Н.И нь уг автомашиныг Б.Балдан-Осорт шилжүүлэн өгсөн гэх нөхцөл байдлыг Б.Балдан-Осор, Б.М нар хамт амьдарч байсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Хэргийн 8-9 дүгээр талд Б.Балдан-Осор, Н.И нарын хооронд 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулагдаж, эд хөрөнгийг биет байдлаар болон эрхийг шилжүүлсэн талаарх бичгээр байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул автомашиныг бодитойгоор Б.Балдан-Осор эзэмшиж байсан нь тогтоогдсон тул талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй.

Н.И, Б.М нарын хооронд 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины захиалгын урьдчилгаанд 52 000 ам.долларыг бэлнээр хүлээлгэн өгсөн учир хэлцлээр тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд Н.И уг нөхцөл байдлыг няцаагаагүй. Иймд хариуцагч Н.И нэхэмжлэгчийн мөнгөөр нь захиалсан эд хөрөнгийг түүнд хүлээлгэн өгөх үүрэг үүссэн байж болох боловч энэ нь эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Мийг тогтоох үндэслэл болохгүй.  

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний хүрээнд тодорхой этгээдтэй гэрээ байгуулан мөнгө төлсөн байгаа нь эд хөрөнгийн эзэмшлийг шууд үүсгэхгүй тул нэхэмжлэгчийн шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч Б.М нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг, түүнтэй холбоотой шаардлагаа зохих буруутай этгээдэд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Б.Балдан-Осор, Б.Мнарын хооронд байгуулагдсан 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Автомашины бэлэглэлийн гэрээ”-ний хувьд Б.Балдан-Осор нь Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины өмчлөх эрхтэй этгээд байна. Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчийг өмчлөгч гэж үзэх талаар заасан бөгөөд Б.Балдан-Осор нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан үндэслэлээр эд хөрөнгийг эзэмшилдээ олж авсан шударга эзэмшигч гэж үзнэ. Иймд дээрх бэлэглэлийн гэрээгээр автомашиныг бусдад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, аливаа этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.  

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00104 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.5, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Авто машин худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, 99-96 УНО улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины шударга эзэмшигч болохыг тогтоолгох, уг автомашиныг шилжүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Автомашины бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулан, үндэслэлгүйгээр олж авсан автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Мийн төлсөн 691 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН