| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0079/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/65 |
| Огноо | 2024-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.А |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгч М.Б, Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Э.Д нарт холбогдох эрүүгийн 2419000000005 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.Э
Монгол Улсын иргэн, Э.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Б, Э.Д нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 2023 оны 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бодь даатгалын урд талд хохирогч Б.Бийг үл ялих зүйлээр шалтаглан зодсоны улмаас эрүүл мэндэд нь "...тархи доргилт, зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол учирсан буюу "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг бүлэглэн санаатайгаар" учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Э.Д намайг очиж аваад бид хоёр PC тоглоомын газар очсон. Би согтуу байсан. Б.Б тэр тоглоомын газар байсан. Бид хоёрыг үлбийсэн юм, юу хийж яваа юм гэх зэргээр ёс суртахуунгүй юм яриад байсан. Тэгэхээр нь уур хүрч нүүр рүү 1 мангасдаж, 1 алгадсан. Гараа зангидаж цохиогүй. 50 удаа цохисон гэж худлаа мэдүүлсэн байсан. Б.Бийг зүс мэднэ. Сайн танихгүй. Э.Д бид хоёр нэг сургуульд сурч байсан. Би тоглоомын газар архиа гаргах гээд очсон. Би тэр өдөр гурвуулаа 2 шил архи уусан байсан. Би Б.Бийг хүчтэй мангасдсан. Цус гарсан. PC тоглоом хаасан. Б.Бийг авч үлдээд машин бариулсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. PC дотор 6 хүн байсан. PC дотор архи барьж ороогүй. О худлаа мэдүүлсэн байна. Бид гарч гадаа зогсоод О, Г хоёртой дөрвүүлээ архи уусан. Э.Д Б.Бийг машин бариад өгчих, юун сүртэй юм гэх зэргээр хэлж байсан. Хохирогчтой тохиролцоод 400.000 төгрөгийг өгсөн. Хохирлыг төлсөн гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Э.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: М.Бг очиж аваад явсан. М.Б нэлээн уусан байсан. Торонд виски, пиво хийгээд барьсан байсан. Тэгээд бид 2 тоглох зорилготой PC дээр очсон. Бид 2 пиво, вискинээс нэг нэг татчихаад орсон. Тэнд Б.Б байсан. Б-ийн гэр нь манай гэрийн урд талд байдаг, намайг танина. Манайхаар орж гараад л явдаг. Маргаан юунаас болсныг мэдэхгүй. Би яагаа ч үгүй. Би тэнд очоод уусан болохоор Б.Бийг машин бариад өгөөч гэсэн. Б.Б үгүй гэсэн. Би шахаж шаардсан. Цуг явчих л даа, сонин юм бэ гэсэн. Тэгээд машинаа бариулаад явсан. Мөн Б.Бээр архи хундагалуулж уусан. Энэ хэргийг зөвшөөрөхгүй. Би гар хүрээгүй. Гэхдээ машин бариад өгөөч гээд шахсан. Гэхдээ согтуу хүн өндөр дуугаар хэлсэн байх. Машин барь гэж шахсан. Өндөр дуугаар хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Гарах гэж байхад Э.Д, Б гэх 2 залуу архи уучихсан согтуу орж ирээд намайг сууж байхад Б миний баруун талын мөр лүү 2 удаа гараараа цохихоор нь би зугтаагаад өөр газар очоод сууж байхад дахиж над дээр ирээд Б гэх залуу миний хамар луу 2 удаа гараараа цохиход миний хамраас цус гарсан... Тэгээд писи тоглоомын газар хааж тоглоомын газрын эзэн Оыг Э.Д, Б хоёр одоо зодоон хийхгүй яах ч үгүй гэж хэлээд явуулаад намайг авч үлдсэн. Тэгээд Оыг явсны дараа Э.Д, Б хоёр тэр үед саарал өнгийн приус 20 маркийн машинтай явж байсан ба намайг машиндаа суулгаад надаар 0,75 литрийн архи хундагалуулж уусан. Намайг зүгээр байж байхад ална шүү, пизда минь муухай хараад байна уу гэж хэл амаар доромжилж, дарамталж намайг шалтаг гаргаж миний биед халдсан. Шөнийн 00 цагаас 02 цаг 30 минут хүртэл намайг Э.Д, Б хоёр хэл амаар доромжилж дарамтлан зодож цохисон. Б нь миний хамар руу 3 удаа цохиж, нүүр рүү 50 орчим удаа гараараа цохисон, мөн үсдэж дарж байгаад хөлөөрөө 4 удаа нүүр лүү өвдөгдөхөд нь би гараараа хааж биеэ хамгаалсан. Э.Д нь нүүр, бие рүү 30-40 орчим удаа гар, хөлөөрөө цохиж зодсон гэсэн мэдүүлэг /хх 5 ху/,
-Гэрч Э.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...М.Б гараараа Б.Бийн хамар луу нь 2 удаа цохиход Б.Бийн хамраас нь цус гарсан. Тэгээд бид нар хорьж болиулаад Б.Б 00-н өрөө рүү орж цусаа угаачихаад гарч ирсэн. ...Тэгээд М.Б Б.Б рүү чи их том болчихсон юм уу ах нарыгаа хүндлэхгүй байна уу гэж хэлээд Б.Бийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохихоор нь бид нар салгаж болиулсан. Мөн Э.Д дундуур нь орж Б.Бийг цохих гээд дайрахаар нь би болиулж салгасан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,
-Яллагдагч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тэгээд би тоглоомын газар руу ороход О надад М.Б Б.Бийг цохиод хамар, амнаас нь цус гаргачихлаа та хоёр яваач яах гээд гадаа байгаад байгаа юм гэж хэлсэн. Б.Б 00-н өрөөнөөс гарч ирж байсан. Тэгээд би буцаж гарч явсан. Удалгүй хүмүүс тоглоомын газраас гарч О тоглоомын газраа хаагаад гарч ирсэн. Гадаа гарч ирээд М.Б, Б.Бийг олон хүний хажууд хэл амаар доромжилсон гээд юм яриад байсан. Би Б.Бийг чи машин бариад өгчих хоёулаа нэг газар очих юм чинь гэж хэлэхэд Б.Б үгүй гэж хэлэхээр нь Б.Бийг дахин машин бариулахаар шахаж шаардсан гэсэн мэдүүлэг /хх 98 ху/,
-Яллагдагч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би зүүн гараараа мангасдаад, зүүн гараараа 2 удаа алгадсан гэсэн мэдүүлэг /хх 108 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02/001 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Бийн биед тархи доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 19-20 ху/,
-Яаралтай тусламжийн хуудас, компьютер томографийн дүгнэлт /хх 21-23 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх 33, 34 ху/
-Шийтгэх тогтоолын хуулбар /хх 35-84 ху/
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 92-94, 102-104, 97-98, 107-108 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Б, Э.Д нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 2023 оны 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бодь даатгалын урд талд хохирогч Б.Бийг үл ялих зүйлээр шалтаглан зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг бүлэглэн санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Бгийн “...Э.Д намайг очиж аваад бид хоёр PC тоглоомын газар очсон. Би согтуу байсан. Б.Б тэр тоглоомын газар байсан. Бид хоёрыг үлбийсэн юм, юу хийж яваа юм гэх зэргээр ёс суртахуунгүй юм яриад байсан. Тэгэхээр нь уур хүрч нүүр рүү 1 мангасдаж, 1 алгадсан. ...Би тэр өдөр гурвуулаа 2 шил архи уусан байсан. Би хүчтэй мангасдсан. Цус гарсан. ...Б.Бийг авч үлдээд машин бариулсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө” гэсэн, шүүгдэгч Э.Дгийн “...Би тэнд очоод уусан болохоор Б.Бийг машин бариад өгөөч гэсэн. Б.Б үгүй гэсэн. Би шахаж шаардсан. Цуг явчих л даа, сонин юм бэ гэсэн. Тэгээд машинаа бариулаад явсан. Мөн Б.Бээр архи хундагалуулж уусан. Энэ хэргийг зөвшөөрөхгүй. Би гар хүрээгүй. Гэхдээ машин бариад өгөөч гээд шахсан. Гэхдээ согтуу хүн өндөр дуугаар хэлсэн байх. Машин барь гэж шахсан. Өндөр дуугаар хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө” гэсэн мэүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Э.Оын “...М.Б гараараа Б.Бийн хамар луу нь 2 удаа цохиход Б.Бийн хамраас нь цус гарсан. Тэгээд бид нар хорьж болиулаад Б.Б 00-н өрөө рүү орж цусаа угаачихаад гарч ирсэн. ...Тэгээд М.Б Б.Б рүү чи их том болчихсон юм уу ах нарыгаа хүндлэхгүй байна уу гэж хэлээд Б.Бийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохихоор нь бид нар салгаж болиулсан. Мөн Э.Д дундуур нь орж Б.Бийг цохих гээд дайрахаар нь би болиулж салгасан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон 02/001 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, компьютер томографийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б “...нүүр рүү 1 мангасдаж, 1 алгадсан. Гараа зангидаж цохиогүй. 50 удаа цохисон гэж худлаа мэдүүлсэн байсан. PC дотор архи барьж ороогүй. О худлаа мэдүүлсэн байна” гэж, шүүгдэгч Э.Д “...Би яагаа ч үгүй. Би тэнд очоод уусан болохоор Б.Бийг машин бариад өгөөч гэсэн. Б.Б үгүй гэсэн. Би шахаж шаардсан. Цуг явчих л даа, сонин юм бэ гэсэн. Тэгээд машинаа бариулаад явсан. Мөн Б.Бээр архи хундагалуулж уусан. Энэ хэргийг зөвшөөрөхгүй. Би гар хүрээгүй. Гэхдээ машин бариад өгөөч гээд шахсан. Гэхдээ согтуу хүн өндөр дуугаар хэлсэн байх” гэж тус тус мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нар нь өөрсдийнхөө эсрэг мэдүүлэх буюу өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэггүй юм.
Шүүгдэгч нарын дээрхи мэдүүлэг нь хохирогч Б.Бийн “...Э.Д, Б гэх 2 залуу архи уучихсан согтуу орж ирээд намайг сууж байхад Б миний баруун талын мөр лүү 2 удаа гараараа цохихоор нь би зугтаагаад өөр газар очоод сууж байхад дахиж над дээр ирээд Б гэх залуу миний хамар луу 2 удаа гараараа цохиход миний хамраас цус гарсан. …Оыг явсны дараа Э.Д, Б хоёр тэр үед саарал өнгийн приус 20 маркийн машинтай явж байсан ба намайг машиндаа суулгаад надаар 0,75 литрийн архи хундагалуулж уусан. Намайг зүгээр байж байхад ална шүү, пизда минь муухай хараад байна уу гэж хэл амаар доромжилж, дарамталж намайг шалтаг гаргаж миний биед халдсан. Б нь миний хамар руу 3 удаа цохиж, нүүр рүү 50 орчим удаа гараараа цохисон, мөн үсдэж дарж байгаад хөлөөрөө 4 удаа нүүр лүү өвдөгдөхөд нь би гараараа хааж биеэ хамгаалсан. Э.Д нь нүүр, бие рүү 30-40 орчим удаа гар, хөлөөрөө цохиж зодсон” гэсэн, гэрч Э.Оын “...М.Б гараараа Б.Бийн хамар луу нь 2 удаа цохиход Б.Бийн хамраас нь цус гарсан. Тэгээд бид нар хорьж болиулаад Б.Б 00-н өрөө рүү орж цусаа угаачихаад гарч ирсэн. ...Тэгээд М.Б Б.Б рүү чи их том болчихсон юм уу ах нарыгаа хүндлэхгүй байна уу гэж хэлээд Б.Бийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохихоор нь бид нар салгаж болиулсан. Мөн Э.Д дундуур нь орж Б.Бийг цохих гээд дайрахаар нь би болиулж салгасан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байна.
Шүүгдэгч М.Б, Э.Д нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б, Э.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Дг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч М.Бг 5 сарын хугацаанд, шүүгдэгч Э.Дг 4 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь эмчилгээний төлбөр 851.510 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтын хэмжээнд хэлэлцэж 120.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлээс 731.510 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт М.Б, Б овогт Э.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Дг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Э.Д нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч М.Б нь 5 сарын хугацаанд, шүүгдэгч Э.Д нь 4 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Э.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгээс 60.000 төгрөг, шүүгдэгч Э.Дгээс 60.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Дулдуйтын 1-105 тоотод оршин суух Б.Б-д олгож, нэхэмжлэлээс 731.510 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА