| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0064/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/69 |
| Огноо | 2024-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2419000000080 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 00 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын .... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эх Ц.Аг шалтгаангүй доромжлон түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь "...тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт..." бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 00 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Баруун Дэнжийн 701 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эх Ц.Аг шалтгаангүй доромжлон түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь "...тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт..." бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатайгаар хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Агийн "...Хүү Д.Б маань Дорноговь аймгийн Өргөн сумаас 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн оройн 23 цаг өнгөрч байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа ирсэн. Ширээн дээр байсан архинаас уунгаа нөхөр Д бид хоёрыг хэл амаар хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би Д.Бг унт гэсэн чинь хүү хэл амаар доромжилж байснаа миний цамцны энгэрээс барьж татан, намайг хаашаа ч хамаагүй хөдөлгөж гэрээс гарган гадаа газарт унагаад зүүн талын ташаан дээр 1 удаа өшиглөсөн толгой хэсгээр минь үүдний хаалт болох модыг мөргүүлсэн. Би гэртээ ороод гэрийн зүүн талын баганын хажууд байхад намайг баашиллаа гээд миний дээгүүр хэл амаар доромжлон алхаад байсан..." гэсэн мэдүүлэг /хх 6 ху/, гэрч Д.О-ийн "...Гэрт нь орсон чинь гэрийн зүүн талын шалан дээр гудсан дээр хагас нүцгэн согтуу эрэгтэй хүн сууж байхаар нь хувцсыг нь өмсгөөд авч гарах хооронд ээжийгээ хэлэх хэлэхгүйгээр харааж байсан..." гэсэн мэдүүлэг, /хх 08 ху/, гэрч Б.Б-ийн өгсөн "... Намайг Дорноговь аймгийн Сайншанд суманд байх гэртээ 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд байж байхад эмээ А над руу залгаж ярихдаа аав Д.Б нь эмээг 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр рүү шилжих шөнө согтуу агсам тавьж намайг зодлоо гэж байсан. Би эмээ А-ай 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр уулзахад эмээгийн баруун дух хэсгийн дух хэсгээр нь хавдсан, хавирга өвдөөд байна гэж байсан..." гэсэн мэдүүлэг, /хх 12 ху/, хохирогчийн биед тархи доргилт, духны цус хуралт, духны зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд учирсаныг тогтоосон шинжээчийн .....тоот дүгнэлт, /хх-ийн 14 ху/, яллагдагч Д.Бгийн өгсөн "...Би 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн орой гэрээсээ машинаа унаад Дорноговь аймгийн Өргөн сум руу явлаа гэсэн чинь ээж А миний машины түлхүүрийг булааж авсан. Тэгээд би ээжтэй машины түлхүүрээ булаацалдан маргалдсан. Нэг мэдсэн цагдаагийн газарт ирсэн байсан. Би яг юу болсон талаар санахгүй байгаа..." гэсэн мэдүүлэг /хх 28 ху/, шүүгдэгч Д.Бгийн шүүхийн хэрлэлцүүлэгт өгсөн “гэм буруугаа хүлээн зөвшөөрнө, миний буруу, ээжийнхээ хавиргыг гэмтээсэн. Ээж 71 настай, ойлгож гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30 ху/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-32-43 ху/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Бгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Д.Бд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх 52 ху/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА