| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0067/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/72 |
| Огноо | 2024-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,
улсын яллагч Б.Дашням,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хд холбогдох эрүүгийн 2419000000001 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Х
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Х нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 21- ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод Ш.Бын эзэмшлийн Монгол гэрт Ү.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь архины шил, төмөр шанага, галын дэгээгээр цохиж эрүүл мэндэд нь духны шарх, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, дух, баруун алганы ар хэсэг, зүүн алганы ар хэсэг, баруун өгзөгний цус хуралт, толгойн орой, дух баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, дээд уруул, хацар, баруун алганы ар хэсэг, зүүн бугалга, зүүн шуу, баруун тавхайн зулгаралт гэмтлүүд бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Х нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 21- ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 6 дугаар гудамжны 34 тоотод Ш.Бын эзэмшлийн Монгол гэрт Ү.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь архины шил, төмөр шанага, галын дэгээгээр цохиж эрүүл мэндэд нь духны шарх, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, дух, баруун алганы ар хэсэг, зүүн алганы ар хэсэг, баруун өгзөгний цус хуралт, толгойн орой, дух баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, дээд уруул, хацар, баруун алганы ар хэсэг, зүүн бугалга, зүүн шуу, баруун тавхайн зулгаралт гэмтлүүд бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.С-ийн "... Х гэх эмэгтэй амь хохирогч Х гэх ахтай муудаад байсан. Орой 19-өөс 20 цагийн орчимд Х нь амь хохирогч Х гэх хүнийг уусан архины хоосон шилээр толгойн баруун урд хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд үргэлжлүүлээд төмөр шанагаар толгой руу нь цохиод байсан... Тэгсэн амь хохирогчийг 11 цагийн чигтээ дээшээ харсан хэвтэж байхад нь Д, Т тэр хоёр Х гэх эмэгтэйг өмөөрөөд хэрэлдээд байсан. Амь хохирогч бас өөдөөс нь хэрэлдсэн чинь Д амь хохирогч Х гэх хүний цээж хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Т нь бас хэрүүл хийгээд байхаар нь Б ах бид хоёр голоор нь ороод салгасан" гэсэн /хх 36-40 ху/, гэрч Ш.Бын "...Х Б-тай гэрийн зүүн урд талд маргалдаж хэрэглээд байсан. Яг унаас болж маргалдаж байсныг би мэдэхгүй байна. тэгсэн Х нь амь хохирогч Б-н толгой хэсэг рүү хоосон 0,75 литрийн архины шилээр цохисон. Тэгээд араас нь усны саван дотор байсан нимгэн төмөр шанагаар толгой руу нь бас олон удаа цохиод тэгээд амт хохирогчийн толгойноос нь цус гараад гэрийн баруун урд талд байх угаалтуурт очиж цусаа тогтоогоод зуухны зүүн урд хэсэгт пиаваар цэнхэр өнгийн сандал дээр сууж байхад Ц Г нар нь амь хохирогчтой маргалдаж муудалцаад хэрэлдээд байсан. Тэгснээ Г нь хар өнгийн хагас түрийтэй гутлаараа цээж рүү нь өшиглөж газар унагаасан" гэсэн /45-46 ху/, шинжээч Э.Анхбаярын "...Зүрхний булчингийн цус хомсрох өвчин гэдэг нь ямар нэгэн гэмтлийн шалтгаанаас болж үүсэх боломжгүй. Зүрхний архаг хууч өвчин юм. Энэ нь зүрхний булчингийн үйл ажиллагаа алдагдаж гэнэт үхэлд хүргэх өвчин юм... Архаг хууч өвчин нь гэнэт гарч ирдэг зүйл биш удаан хугацаанд өвдөж байсан ч тэсвэрлээд яваад байдаг хүн ч байгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол авч хяналтад ордог хүмүүс байгаа. Нэгэнт үхэлд хүргэх зовуурь илрээд биеийн байдал тогтворгүй болох үед эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч чадвал амь насыг аврах боломжтой" гэсэн /2 хх 154-155 ху/, яллагдагч С.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...орны хажууд байсан архины шил гарт баригдахаар нь тухайн архины шилээр намайг оролдоод байгаа хүнийг цохих гэхэд согтуу байсан учир архины шил гараас мултраад унасан. Тэгээд босож ирээд баруун орны хажууд цагаан өнгийн сандал дээр байсан төмөр шанагаар намайг оролдоод байсан хүний хаана нь цохисон юм мэдэхгүй 1-ээс 2 удаа цохиход Г босож ирээд талийгаач Б-тай чи өөрийнхөө охин шиг хүнийг яаж байгаа юм гээд талийгаач Батхуягийг түлхэхэд 2 баганын голоор унаж байгаа харагдсан" гэсэн /2 хх 158-159 ху/ мэдүүлгүүд, амь хохирогч Ш.Б-ийн цогцост хийсэн шинжилгээгээр духны шарх, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, дух, баруун алганы ар хэсэг, зүүн алганы ар хэсэг, баруун өгзөгний цус хуралт, толгойн орой, дух баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, дээд уруул, хацар, баруун алганы ар хэсэг, зүүн бугалга, зүүн шуу, баруун тавхайн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй, зүрхний булчингийн цус хомсрох өвчний улмаас зүрх зогсож нас барсан болохыг тогтоосон Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 02/06 дугаартай дүгнэлт /1хх 111-113 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-11 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шүүгдэгч С.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Надаас хохирол нэхэмжлээгүй. Прокурорын ялыг хүлээн зөвшөөрнө. Дахин архи уухгүй. Ойлгож, гэмшиж байна” гэсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч С.Хгийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч С.Хд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч С.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Сайншанд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй / 2хх 179 ху/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгэгчийн цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн матраасны даавуу улаан цагаан өнгийн алагласан цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу ногоон саарал өнгийн бариултай заазуур 2 ширхэг Хараа нэртэй 0,5 граммын архины шил цэцэг мэт хээтэй цагаан өнгийн данх, Punch бичиглэлтэй ундааны сав, ягаан өнгийн бариултай шанага Хужирт гэсэн бичиглэлтэй сав, галын дэгээ ногоон өнгийн шуудай, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт С.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь зорчих эрх хязгаарах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хгийн цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг эдлэх ялаас хасч тооцсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн матраасны даавуу улаан цагаан өнгийн алагласан цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу ногоон саарал өнгийн бариултай заазуур 2 ширхэг Хараа нэртэй 0,5 граммын архины шил цэцэг мэт хээтэй цагаан өнгийн данх, Punch бичиглэлтэй ундааны сав, ягаан өнгийн бариултай шанага Хужирт гэсэн бичиглэлтэй сав, галын дэгээ ногоон өнгийн шуудай, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА