| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/73 |
| Огноо | 2024-04-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагч Ц.Цэрэндулам,
шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ст холбогдох эрүүгийн 2419000790093 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол иргэн, С.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.С нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн .... ДГС улсын дугаартай Тоёота виш маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", "3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэснийг зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 багийн нутаг дэвсгэрт байрлах төв 4 замын уулзварын гэрлэн дохионы шонг мөргөж осол гарган улмааp тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Н.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.С нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн .... ДГС улсын дугаартай Тоёота виш маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", "3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэснийг зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 багийн нутаг дэвсгэрт байрлах төв 4 замын уулзварын гэрлэн дохионы шонг мөргөж осол гарган улмааp тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Н.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Дээрхи үйл баримт нь хохирогч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...2024 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 3 цагийн үед эмнэлэгт хүүхдээ хараад байж байх үед С.С нь миний фэйсбүүк чатаар чухал ярих зүйл байна гээд эмнэлгийн гадаа мөнгөлөг саарал өнгийн Тоёота виш маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирээд би жолоочийн урд талын суудал дээр суугаад С.Саас чухал зүйл гэж юу ярих гэж байгаа талаар асуухад С.С надад чухал зүйл бишээ гээд манай найз У-ийн гэр лүү хөдлөөд явсан. Тухайн үед С.С согтууруулах зүйл хэрэглэсэн байсан учир би жолоо барих уу гэхэд С.С юм хэлэлгүй шууд 5 дугаар сургуулийн хойд засмал замаар яваад Алтанговь худалдааны төвийн урд засмал замаар яваад Автотээврийн үндэсний төвийн урд талд байдаг байранд очиход найз У гарч ирж жаахан юм ярьж байгаад 5 минутын дараа У буцаад орсон. Би эмнэлэгт хүүхэд харж байсан учир буцаад эмнэлэг хүргүүлэхээр С.Ст хэлэхэд С.С тухайн машинаа жолоодоод 1 дүгээр сургуулийн урдуур ороод төв замаараа явсан. Сайншанд сумын төвд байх 4 замын уулзварын ертөнцийн зүгээр зүүн талын уулзвараас эмнэлэг рүү эргэхдээ хальтирч тухайн уулзварын баруун урд талын гэрлэн дохиог мөргөж зогссон юм. ...би машинаас буух гээд хаалгаад нээхэд баруун талын гуя өвдөөд байхаар нь барихад хугарсан байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг /хх 30-31 ху/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9 ху/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 10-11 ху/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12-15 ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-26 ху/, С.Сын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 18, 41 ху/, хөрөнгө, даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1249 дугаартай дүгнэлт /хх 45-47 ху/, техникийн эвдрэлийн дүгнэлт /хх 49-55 ху/, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/104 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 57 ху/, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа /xx 89-92 ху/, Дорноговь аймгийн Сайншанд сумын Хотын захирагчийн албаны 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04/49 дугаартай албан бичиг /хх 114 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 100 ху/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын "... Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Н.Х нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 6.513.360 төгрөгийн зардал нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 6.513.360 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг С.Саас гаргуулж Эрүүл мэндийн ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү" гэсэн мэдүүлэг /хх 119-120 ху/, шүүгдэгч С.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Х-д 2.000.000 төгрөг, тээврийн хэрэгслийн засварт 18.000.000-19.000.000 төгрөгийг төлсөн. Одоо нийгмийн даатгалд төлөх мөнгийг төлөөгүй байгаа. Төлнө, маргахгүй, хэргийг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулсан, мөн НДС-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн зэрэг байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч С.Ст танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял ононгдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд хохирогч Н.Х нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх ба иргэний нэхэмжлэгч ЭМДЕГ-аас 6.513.360 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь маргаагүй, төлөхөө илэрхийлсэн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн ... дугаартай жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З овогт С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.С-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ үүргийг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189.1-д зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.Саас 6.513.360 /зургаан сая таван зуун арван гурван мянга гурван зуун жар/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 1000900020080 тоот дансанд олгосугай.
7. Энэ хэрэгт хураагдан ирсэн .... дугаартай жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА