Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/00617

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/00617

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 11 дүгээр хороо  Э б п д ХХК /РД: , утасны дугаар: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо  ДМ П ХХК /РД:, утасны дугаар: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо  тоотод оршин суух Хатагин овогт б М/РД: , утасны дугаар: /

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 140,794,652 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ажлын үр дүнгийн доголдолд 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сэргэлэн

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн

хариуцагчийн төлөөлөгч А.Зоригтбаатар, Т.Дарьсүрэн

нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эм б п д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э б п д ХХК нь Д М П ХХК-тай 2016 он 6 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр манай компани нь Булган аймгийн Дашинчилэн суманд Худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн А блок 972 м.кв, Б блок 216 м.кв нийт 1,180 м.кв талбайд барилгын дотор болон гадна заслын ажил гүйцэтгэх, захиалагч Дорнод монгол полимет ХХК нь ажлын хөлс 362,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани гэрээнд заасны дагуу ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн бөгөөд харин ч нэмэлт зардал гаргаж барилгын заслын ажлыг хийсэн болно. Тодруулбал, Орон нутгийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн барилгын зургаар цонхнууд нь хойшоо харсан, салхины аманд тохиромжгүй байна гэж үзээд өрлөг өрж багасгах, мөн пасатны төмөр решотки хаалтыг хийх нь барилга өнгө үзэмжтэй болох, салхины хүчийг сааруулах зорилгоор гүйцэтгэх нөхцөл байдал гарсан. Мөн ашигтай талбайг тооцоогүй, цэвэр бохир сантехникийн шугам шаардлагагүй хэсэгт зардал өндөр тооцоолууртай шийдсэн байсныг өөрчлөх, ариун цэврийн өрөөг бүрэн ашиглах зорилгоор угаалгын өрөөтэй нь хамт зохион байгуулах, 1 давхар VIР караоке нэмж гаргах зэрэг олон дутагдалтай асуудлуудыг өөрчлөн гүйцэтгэх шаардлагатай болсон. Гадна шугамын дулаалгатай ул бетон лоткины тагийг бид өөрсдөө цутгаж хийсэн. Блок зургаараа бол автомашин засварын газар байсан ба уг ажил хийгдээд 60 хувьтай явж байхад захиалагч саун, душ, оффисийн өрөө болгомоор байна гэж хүсэлт гаргасны дагуу зургаа өөрчилж, дахин гүйцэтгэхэд нэмэлт зардал гарсан. Гадна гэрэлтүүлгийн ажлыг мөн гүйцэтгэж өгсөн. Мөн гадна худгийн байгууламж барьж өгсөн. Генераторын байгууламж түүнтэй холбосон авто зам, автомашины явган гүйдэг хаалгануудыг хийж гүйцэтгэсэн. Барилгын гадна хашааны суурь цутгаж, гүйцэтгэх ажил дээр нэмэлтээр гагнуурын ажил хийлгэсэн. Уг хашааг бэлэн бэлдэц худалдан авч өөр компаниар суурилуулах байсан юм. Түүнчлэн төв зам руу холбосон замыг усны шуудууны хамт тавьж өгсөн. Эдгээр нэмэлт ажлуудыг тухайн үед нь Д " ХХК-ийн захирал Б.М мэдэгдэж явсан. Тэрээр нэмэлт ажил гарах бүрт гүйцэтгээд өгчих, дараа нь нэмэлт ажлын хөлсөө төлнө гэдэг байсан. Манай компани үнэхээр сэтгэл гарган уг ажлыг нэмэлт зардал гарах бүрийд нь зохицуулж, өөрсдийн хөрөнгөөр чанартай гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Дээрх ажлын гүйцэтгэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажлын комисс хүлээн авсан болно. Д М П ХХК нь гэрээний үндсэн төлбөр болох 362,000,000 төгрөгөөс автомашин /23,000,000 төгрөг/, оролцуулан нийт 261,573,100 төгрөгийг төлж, үлдэх 100,426,900 төгрөгийг төлөөгүй. Мөн нэмэлт ажлын зардал 40,367,752 төгрөг болсон ба үүнийг мөн төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нийт 140,794,652 төгрөгийг Д М П" ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр Булган аймгийн Дашинчилэн суманд Чинхайрхан худалдаа үйлчилгээний зориулалт бүхий нийт 1180 м.кв барилгын карказ дээр дотор болон гадна заслыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Тус гэрээний үнийн дүнг 362,000,000 төгрөгөөр тохирсон. Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж биелүүлээд, дээрээс нь хариуцагч буюу захиалагчийн хүсэлтийн дагуу хэд хэдэн ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн. Нэмэлт ажлуудыг тухайн үед амаар хэлсэн хүсэлтүүдийг нь үндэслээд тухай бүрд нь хийж гүйцэтгээд, ажил гүйцэтгэх гэрээнийхээ төлбөр дээр нэмж тооцохоор тохироод ажлыг бүрэн хийж хүлээлгэн өгсөн. Захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн аваад 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улсын комиссын ажлын хэсэг тус барилга норм, стандартыг зөрчөөгүй байна гэж үзээд хүлээж аваад ашиглахыг зөвшөөрсөн. Гэвч бид тухайн ажлыг захиалагчид хүлээлгэн өгснөөс хойш 2 жилийн хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн аваагүй байна. Харин захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ямар ажил гүйцэтгэх талаар дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Тодруулбал нийт 1180 м.кв талбайтай барилгын дотор болон гадна заслын засварын ажлын материалд юу хамаарах вэ гэхээр дээвэр, салхивч, салхивчны материалын төсөв багтсан. Сантехник, цахилгаан холболт, өрлөг, шавар, засал чимэглэл, хана таазны угсралт, плита чулууны гүйцэтгэл, гадна фасадны гүйцэтгэл, цутгалт явган зам, хашлага, ногоон байгууламж, мөн хашаа хайсын гүйцэтгэл, хог зэрэг багтсан байгаа. Гэрээний 362,000,000 төгрөг нь уг ажлыг гүйцэтгэхэд гарч байгаа ажиллах хүчний зардал юм. Гүйцэтгэгч юугаар дотор, гадна заслыг хийх вэ гэхээр бусад бүх материалыг захиалагч нар өөрөө нийлүүлнэ гэсэн байгаа. Бараа материал худалдаж авах үнийн дүнгийн тооцоолол нь буруу байна. Мөнхцэцэгийн данс руу хийсэн бараа материалын мөнгөөр дамжуулаад бараа материалыг худалдаж авсан үнийн дүн юм. Иймд барааны үнээр шилжүүлсэн мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд тооцогдохгүй. А, Б блокийн карказыг өөр компани барьсан, тэгэхэд Б блок нь гаражийн зориулалттай байсан бөгөөд явцын дунд хариуцагчийн хүсэлтээр саун, душны зориулалттай болгож өөрчилсөн. Үүнтэй холбоотой нэмэлт ажил гарсан. Энэ ажлыг хийгээд явж бай дараа нь ажлын хөлсийг өгье гэдэг байдлаар хийгээд явж бйасан. Б.Майцэцэг нь өөрийн хүсэлтээр манай компанийн ажилтнаар хувийн саун бариулах зорилгоор тодорхой хэмжээний мөнгийг тухайн ажилтны данс руу материалын болон ажлын хөлсний зардалд хийсэн байдаг. Энэ мөнгийг манай компанийн ажлын хөлсөнд тооцохгүй. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 33,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр Б.Мөнхцэцэгийн гарын үсэг мөн гэдэг нь тогтоогдсон байдаг. Зарим бэлэн мөнгөний баримтууд давхцсан гэж үзэж байгаа. Өмнө өгсөн мөнгөн дээр давхар бэлэн мөнгөний зарлагын баримт шаардлагатай гээд гарын үсэг зуруулж байсан гэдэг. Ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д заасан үйлчилгээний төв барьж байгаа учраас худаг, уурын зуух шаардлагатай юм байна гэж үзээд эдгээр ажлыг нэмэлтээр хийсэн. Хэрэгт авагдсан материалаас захиалагчийн зүгээс ажлын гүйцэтгэл доголдолтой байна, дутуу гүйцэтгэсэн гэдэг талаар мэдэгдсэн, гаргаж өгсөн баримт байдаггүй. Хэрвээ доголдол байгаа бол засаж янзалъя, эсхүл үлдэгдэл төлбөрөө авъя, тооцоо нийлсэн акт үйлдье гэдэг хүсэлтүүдийг манай талаас гаргасан харин хариуцагчийн зүгээс ямар ч хариу өгөөгүй. Хариуцагч Б.Майцэцэгийн данснаас зарим төлбөрийг шилжүүлж байсан үүнийг үндэслээд гэрээний үүргийг Б.Майцэцэгээс гаргуулахаар шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

Хариуцагч Дорнод монгол полимет ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус Дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Эм Би перфект дизайн ХХК-ийн нэхэмжлэлтэи иргэнии хэрэгт манай байгууллага хариуцагчаар оролцож байгаа билээ. Нэхэмжлэгч Эм Би перфект дизайн ХХК-иас тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараахь үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хариу таилбарыг гаргаж байна. Үүнд: Д М п ХХК нь Э Б перфект дизайн ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан ба уг гэрээгээр Булган аймаг дахь Дашинчилэн суманд байрлах худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн 1,180 м.кв барилгын дотор болон гадна засал, талбайн бүрэн тохижуулалтыг нэхэмжлэгчээр хийлгэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй ба гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй бөгөөд гүйцэтгэсэн ажлын доголдпыг арилгуулахаар удаа дараа хэлсэн боловч огт засан сайжруулаагүй. Тухайлбал, салхивч, агаар солилцоо байхгүйн улмаас өрөөнүүдийн халуун дулаан агаар огт солилцогдохгүй, цахилгааны холболтыг зохих журмын дагуу хийгээгүй ба үүнии улмаас цахилгаан хэрэгслүүд байнга шатах /цахилгаан шүүгээ, плитка ус оуцалгагч, хөргөгч, сауна, богино длгионы печь, розеткууд/, гадны тохижилтод хиисэн ажлын шавардлага нурж унах зэргээр гүйцэтгэсэн ажлын чанарт их хэмжээнии доголдол гарсан. Мөн гадна, дотно, фасадны шавар, будаг зэрэг хуурч унасан, сантехникийн холболтууд болон бохирын хоолой зэргийг стандартын бус налуутаи хийснээр байнга бохир халих, цахилгааны утас шугамыг ил орхисон зэрэг доголдлууд гарсан тул бусад байгууллагуудаар эдгээр доголдлыг засч засварлуулсан болно. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдсан гол хаалга, цонхнууд тамбур зэрэг ажлыг гүйцэтгэгч хийж гүйцэтгээгүй тул захиалагчийн зүгээс дээрх ажлуудыг бусад компаниудаар хийж гүйцэтгүүлсэн юм. Тиймд дээрх ажлын төлбөрийг гүйцэтгэгч Эм Би п д ХХК-д төлөх хууль зүйн үндэслэл.Нөгөөтэйгүүр, нэхэмжпэгчийн зүгээс гэрээнд заасан ажлыг чанарын өндөр түвшинд бүрэн гүицэтгэж захиалагч болох манай байгууллагад хүлээлгэн өгөөгүй /улсын комисст барилгын ажлыг хүлээлгэн өгөхөд Эм Би перфект дизайн ХХК нь ирээгүй/ манай баигууллагын зүгээс гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцлөөр хүлээн аваагүй тул төлбөр төлөх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ: нэмэлт ажлуудыг гүицэтгэсэн ба уг ажлын төлбөрт 40,367,752 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 2.1 дэх хэсэгт гүйцэтгэх ажлын хүрээг тодорхоилсон ба нэхэмжлэлд дурьдаад буй нэмэлтээр гүйцэтгэсэн гэх ажлууд нь тус гэрээнии 2.1-т заасан ажилд хамаарах юм. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчийн зүгээс нэмэлтээр ямар нэгэн ажил гүйцэтгээгүй ба захиалагчиин зүгээс нэмэлт ажлыг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч гүйцэтгүүлсэн тохиолдол байхгүи юм. Нэхэмжлэгч нь гэрээ хийхээс өмнө заслын ажлыг 1 кв.м-г 6,000-15,000 төгрөгөөр хииж гүицэтгэнэ хэмээн ярьж гэрээ хийхээр тохиролцож байсан боловч 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдриин гэрээнд заасан 1 м.кв ажлын хэмжээг 306,780 төгрөгөөр тооцон гэрээнд оруулсан нь гүйцэтгэлд заслын ажлаас гадна салхивч, дээвэр, сантехник, цахилгаан холболт, гадна тохижилт , шавардлага, фасад гэх мэт гэрээнд заасан ажил гүицэтгэл орсон тул үнийг зөвшөөрүүлж бусад ажлыг чинь базаад бүгдийг нь хийгээд өгнө ятгаж, итгэл найдвар төрүүлж хийсэн гэрээ. Гэтэл энэ гэрээний үнэ нь зах зээлийн үнээс хавьгүй өндөр байсныг хожим нь мэдсэн болно. Дорнод Монгол полимет ХХК-ийн зүгээс Эм Би перфект дизайн" ХХК-ийн гүицэтгэсэн ажилд нь тохирсон хөлсийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгчид төлсөн төлбөрийн баримт болон дансны хуулга зэргийг бүрдүүлэн нотлох баримтаар гаргаж өгөх болно. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй атал гэрээний төлбөрт 100,426,900 төгрөгииг төлж барагдуулаагүй хэмээн үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилж буи нь оилгомжгүй юм. Иймд Эм Би перфект дизайн" ХХК-иас манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч Б.Майцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Эм Би перфект дизайн ХХК нь тус дүүргийн шүүхэд хандан Дорнод Монгол полимет" ХХК болон иргэн Б.Майцэцэг надад холбогдуулж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Эм Би перфект" ХХК нь Дорнод Монгол полимет" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан ба тус гэрээгээр Дорнод Монгол полимет ХХК-ийн Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн барилгын дотор болон гадна засал, талбайн тохижуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл энэхүү Ажил гүйцэтгэх гэрээ-тэй холбогдуулан Б.Майцэцэг намайг хариуцагчаар татаж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Майцэцэг миний бие нэхэмжпэгч Эм Би перфект ХХК-тай ямарваа нэгэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй юм. Дорнод Монгол полимет ХХК тус хэрэгт хариуцагчаар оролцож байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг төлөх үндэслэлгүй. Учир нь Эм Би перфект" ХХК Ажил гүйцэтгэх гэрээ"-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй төдийгүй тэдний хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас дахин завсарлах, шинээр хийж гүйцэтгэх зардлууд гарсаар байгаа юм. Иймд Эм Би перфект дизайн ХХК-иас Б.Майцэцэг надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч компани нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 323,365,800 төгрөгийн төлбөрийг төлсөн байгаа. Бэлнээр буюу кассын баримтаар хүлээлгэж өгсөн баримтуудаас 2016 оны 6 сарын 25-ны өдөр 33,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс миний гарын үсэг биш гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнтэй холбоотойгоор гарын үсгийн шинжээч томилох хүсэлт гаргаад, хүсэлтийн дагуу Б.Мөнхцэцэгийн гарын үсэгтэй тохирч байна гэдэг. Иймд тухайн өдөр 33,000,000 төгрөгийг хүлээж авсан нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч тал зарим мөнгө давхцаж байгаа гэж байгаа боловч дансаар болон кассын зарлагын баримтаар давхцаж байгаа мөнгөнүүдийг манайх ажлын хөлсөнд өгсөн гэж оруулаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан тооцоололтой манай талын гарсан тооцооллоос Худалдаа хөгжлийн банк, Хаан банкаар авсан мөнгө, бартераар авсан мөнгөний тооцоо таардаг. Харин ажилчдын цалин байдлаар ажилчдынх нь данс руу зарим мөнгийг ажлын хөлсөнд тооцоод, заримыг тооцохгүй байгааг ойлгохгүй байна. Ажилчнаар нь тусдаа саун хийлгэхээр тохирч тусад нь ажлын хөлс шилжүүлсэн зүйл байхгүй, 3,695,400 төгрөг ажлын хөлсөнд тооцогдох ёстой. Мөн зарим материалын үнийг төлбөрт тооцоод, заримыг тооцдоггүй. Нэхэмжлэгч талаас 2016 оны 5 дугаар сард 800,000 төгрөг, мөн 553,100 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг, манай тооцоотой таардаг. Ингээд Б.Мөнхцэцэгийн Хаан банкны данс руу Б.Майцэцэгээс 56,900,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны дансаар 108,000,000 төгрөг, бартераар 35,000,000 төгрөг, бараа материалын зардалд 3,450,400 төгрөг, бэлнээр 92,900,000 төгрөг, ажилтны цалинд 27,115,400 төгрөг нийт 323,365,800 төгрөгийг өгсөн байна. Үүнийг гэрээгээр тохиролцсон 362,000,000 төгрөгөөс хасахад үлдэгдэл төлбөрт 38 гаруй сая төгрөгийн үлдэгдэл гарч байна. Төлбөрийн үлдэгдэл байгаа гэдгийг манай зүгээс анхнаасаа хэлж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлгүйгээр авсан мөнгөө аваагүй мэтээр тайлбарлаж, зарим үйл баримтыг нуун дарагдуулж 100 гаруй сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдэг байдлаар шүүхэд худал тайлбар өгч нэхэмжлэл гаргасан гэж харж байна. Энэ төлбөрийг төлөөгүй нөхцөл үндсэн шалтгаан нь сөрөг нэхэмжлэлтэй холбогдож байгаа юм. Ажлын гүйцэтгэл доголдолтой байна, ажлаа хүлээлгэж өгсөн акт үйлдээгүй байна гэдэг шалтгаан нөхцөлөөс болоод үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байсан. Үндсэн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т зааснаар юу хийх талаар тохиролцсон байдаг. 1180 м.кв талбайтай барилгын гадна болон дотор засварын бүх ажил, уг барилгатай холбоотой бүхий л ажлыг хийе гэж тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 2.1-д тохирсон ажлыг нэмэлт ажлын зардал гарсан гэдэг байдлаар төсөвчний гарсан төсвийн тооцооллоор 40,367,752 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэмэлт ажлын хувьд талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т заасан байгаа. Өөрөөр хэлбэл нэмэлт ажлын гэрээг бичгээр үйлдэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна гэж тохирсон ийм гэрээн дээр гарын үсэг зурчихаад өнөөдөр нэмэлт ажлыг амаар тохиролцсон, нэмэлт ажил хийсэн гэдэг зүйлийг ярьж, мөнгө нэхэмжилж болохгүй. Хэзээ хийгдсэн ажил дээр, юуг үндэслэж дүгнээд төсөв зохиолгоод байгаа нь тодорхойгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т заасан ажлуудыг төсөв дээр бичигдсэн байсан. Б блокийн хувьд анх гаражийн зориулалтаар барьж байсан боловч гүйцэтгэгч талтай ярилцаад анхнаасаа саун, душний зориулалтаар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн. Гэнэт өөрчлөгдөөд нэмэлт ажил гарсан асуудал байхгүй. Өнөөдөр 140 сая төгрөгийн авлагатай байсан юм бол яагаад 33,000,000 төгрөгөө өгөөд энэ асуудлаа дуусгая гэдэг зурвасыг бичээд байдаг байсан юм бэ. Энэ хэрэгт 2 хариуцагч байгаа. Хэнээс нь хэдэн төгрөг нэхээд байгаа талаар тодорхой бус. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Дарьсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал 2 хариуцагч тодорхойлсон боловч яг хэнд нь ямар шаардлага гаргасан талаар шүүх хуралдааны явцад тодруулж асуухад тодорхой зүйлийг хэлсэнгүй. Б.Майцэцэг нь Дорнод монгол полимет ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм. Энэ асуудлаар энэ компани үүрэг хүлээж хариуцаж байгаа гэхээс биш иргэн Б.Майцэцэг энд хариуцагчаар татагдаад үүрэг хүлээгээд явах шаардлага байхгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.Майцэцэгт холбогдуулж гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Дорнод монгол полимет ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Эм би перфект дизайн ХХК-ийн зүгээс Дорнод Монгол полимет ХХК-д холбогдуулан 140,794,652 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандаж гаргасан билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу Эм би перфект дизайн ХХК-д холбогдуулан дараахь үндэслэлээр сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж байна. Дорнод Монгол полимет ХХК нь Эм би перфект дизайн ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №Г-1 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба тус гэрээнд заасны дагуу Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн А блок 972 м.кв болон Б блок 216 м.кв, нийт 1,180 м.кв талбай бүхий барилгын дотор болон гадна засал талбайн бүрэн тохижуулалтын ажил /дээвэр, салхивч, сантехник угсралт, цахилгаан холболт, өрлөг, шавар, засал чимэглэл, хана таазны угсралт, плита чулууны гүйцэтгэл гадна пасадны гүйцэтгэл, мөн гадна талбайн цутгалт, явган зам хашлага, ногоон байгууламж, хашаа хайсын гүйцэтгэл, хог тээвэрлэлт/-ыг хийхээр харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус заасан. Гэвч Эм би перфект дизайн ХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй ба гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй. Тухайлбал: салхивч, агаар солилцоо байхгүй, цахилгааны холболтыг зохих журмын дагуу хийгээгүи ба үүний улмаас цахилгаан хэрэгслүүд байнга шатах /саун болон розеткууд/, гадны тохижилтод хийсэн ажлын шавардлагаа нурж унах зэргээр гүйцэтгэсэн ажлын чанарт их хэмжээний доголдол гарсан. Мөн гадна, дотно, фасад, цонх, шавар салхивч, дээвэр, сантехникийн холболт, бохирын хоолой зэргийг мэргэжлийн бус налуутай гарсан хийснээр байнга бохир халих, цахилгааны утас шугамыг ил орхисон зэрэг доголдлууд гарсан. Ийнхүү гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой болох нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар нотлогдож Эм би перфект дизайн ХХК-ийн зүгээс дээрх доголдлыг гэрээнд заасан баталгааны хугацааны явцад засан сайжруулах талаар ямар арга хэмжээ аваагүй ба харин ч гүйцэтгэсэн ажлын доголдлыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд нэгэнт доголдлыг хүлээн зөвшөөрөхгүи, өмнө гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй тул Эм би перфект дизаин ХХК-иар дахин гүйцэтгүүлэх боломжгүй нөхцөл үүсээд байна. Нөгөөтэйгүүр ажлын үр дүнгийн доголдлыг дахин шинээр гүйцэтгэхээс өөр боломжгүй юм. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т Захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгиин үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсииг бууруулах эрхтэй гэж заасан. Ажил гүйцэтгэгч болох Эм би перфект дизайн ХХК нь 2016 оны 6 дугар сарын 15-ны өдрийн №Г-1 тоот Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг биет байдлын доголдолтой гүйцэтгэсэн байх тул ажлын үр дүнгийн доголдолд 50,000,000 төгрөгийг Эм би перфект дизайн ХХК-иас гаргуулах сөрөг шаардлагыг гаргаж байна. Иймд Эм би перфект дизайн ХХК-иас гүйцэтгэсэн ажпын доголдолд 50,000,000 тегрөг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 1180м2 талбай бүхий баригдсан карказыг нэхэмжлэгчид 362,000,000 төгрөг өгч бариулаад бүрэн дуусгаж авъя, улсын комисст хүлээлгэж өгье гэдэг байдлаар талуудын хооронд тохиролцоо хийгдсэн. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 343.1, 343.2, 350.1.1 дэх хэсэгт заасны дагуу ямар нэг доголдолгүй ажлын үр дүн гүйцэтгэлийг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Гэтэл ажлыг доголдолгүй хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн хийсэн ажил чанарын доголдолтой болох нь хэргийн материалд авсан үзлэгийн тэмдэглэл, фото зураг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдоно. Иймд хийсэн ажил нь доголдолтой байгаа учраас Иргэний хуулийн 352.2.2-т заасны дагуу засварлуулах, 352.2.3-т заасны дагуу төлбөрийг бууруулах байдлаар шаардаж болно. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэлэхдээ доголдол байгаа бол засаад өгье гэдэг. Энэ нь доголдол байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж харж байна. Өнөөдрийг хүртэл доголдлыг засаж өгөөгүй, засуулах талаар тухай бүрд нь шаардлага тавьж байсан. Улсын комисст хүлээлгэж өгөөгүй талаар мөн шаардлага тавьж байсан. Энэ талаар талуудын хооронд ямар нэгэн баримт байхгүй. Гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариу тайлбараа өгөхдөө Б.Мөнхцэцэг нь ямар ч доголдол байхгүй гэдэг зүйлийг хэлээд байдаг. Энэ нь анхнаасаа л доголдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг харуулж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ажлын хөлсийг 50,000,000 төгрөгөөр бууруулах байдлаар гаргасан. Ямар ажил нь ямар доголдолтой, хэрхэн засан сайжруулах, засан сайжруулахад хэдий хэмжээний зардал гарах талаар мэргэжлийн байгууллагын шинжээч ажиллаад шүүгчийн захирамжид заасан асуултын дагуу нэг бүрчлэн хариулаад зардлыг дүгнээд гаргасан. Ийм учраас Иргэний хуулийн 352.2.2-т заасны дагуу шаардлагыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор доголдлын асуудлаар хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Доголдол байна гэдэг нь хангалттай нотлох баримтуудаар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Манай зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг багасгаад шинжээчийн дүгнэлтэд заасан засварын бүх зардлын хэмжээгээр 25,113,500 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд, анхны шаардлагаас үлдэх хэсгийг татгалзаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сэргэлэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа гүйцэтгэгчийн барьж байгуулсан барилга байгууламж нь ашиглах боломжгүй, чанарын доголдолтой байна гээд 50,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн хийх ёстой байсан ажил, мөн дээрээс нь захиалагчийн хүсэлтийн дагуу нэмэлт тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн байгаа. Тухайн гүйцэтгэсэн ажил нь ямар нэгэн доголдолгүй учраас улсын комисс хүлээн авсан байгаа нь хавтаст хэрэгт байгаа гэрэл зураг болон улсын комиссын хүлээн авсан актаар тогтоогдоно. Иргэний хуулийн 353.3-т заасны дагуу ажлын үр дүнгийн тоо хэмжээ чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Гэрээнд бид юу гэж тусгасан бэ гэхээр хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг жагсаасан байгаа. Тус жагсаалтад байгаа ажлууд нь захиалагчид хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгчийн зүгээс 2 сарын хугацаанд үйл ажиллагаа нь хэвийн, бүрэн гүйцэт байна уу гэдгийг шалгаад хүлээлгэж өгсөн байгаа. Гэвч улсын комиссын акт дээр гүйцэтгэгчийн зүгээс гарын үсэг зураагүй гэсэн тайлбарыг хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт улсын комисс ашиглах боломжтой барилга байна, хэвийн үйл ажиллагаа явуулж болно гээд зөвшөөрлийг олгочихоод байхад биет байдлын доголдолтой гээд төлбөр яриад, нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ үнэхээр доголдолтой байсан бол шаардлага гаргах хугацаандаа ажлын үр дүнг хүлээн аваад, шаардлагаа гаргаад явах боломжтой байсан. Анх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ажлын доголдол байгаа эсэхэд шүүхээс шинжээч томилсон байдаг. Ингэхдээ 3 удаа томилсон. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шинжээч томилсон. Нийтдээ 5 бүлэг асуултыг шинжээчээс асуусан байдаг. Доголдол байгаа эсэх, хэрвээ доголдол байгаа бол хэдий хэмжээнийх болох талаар шинжээчээс асуусан байдаг. Хамгийн анх шүүхэд ирсэн шинжээчийн дүгнэлтээс харахад Эрдэнэсүрэн гэдэг шинжээч нь тус барилгыг ашиглалтад оруулж хүлээн авах улсын комисс нь Монгол улсын засгийн газрын 3 сарын 7-ны өдрийн 69 дүгээр тогтоолын хавсралт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4-т заасны дагуу ажиллаж, барилгыг байнгын ашиглалтад оруулах эсэх актыг үйлдсэн байгаа тул гүйцэтгэгч нь барилгын ажлын зураг, нормын дагуу гүйцэтгэсэн гэж үзэж байна гэдэг. Мөн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгийн үнэлгээний төв шинжээчээр томилогдоод дүгнэлтийг ирүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргийг бүрэн гүйцэтгээд ажлыг хүлээлгэж өгсөн. Захиалагч харин цаашаа улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг явуулсан. Улсын комиссоос гаргасан актад яагаад Эм би перфект дизайн ХХК-ийг гарын үсэг зураагүй талаар асуудал байгаа вэ гэхээр энэ барилга нь өөрөө Булган аймгийн Дашинчилэн суманд байдаг. Улсын комисс очоод үзлэг хийх үед Эм би перфект дизайн ХХК-д үзлэг явагдах гэж байна, улсын комисст хүлээлгэж өгөх гэж байгаа талаар мэдэгдлийг огт өгөөгүй. Захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй байгаа. Ийм учраас улсын комисс хүлээлгэн өгөх үедээ биднийг дуудсанаар үлдэгдэл төлбөртэй холбоотой асуудал үүснэ гэсэн байдлаар бидэнд мэдэгдээгүй байх гэж үзээд байгаа. Тухайн үед ийм нөхцөл байдлын улмаас улсын комиссын акт дээр манай компанийн зүгээс гарын үсэг зурсан зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч Эм би перфект дизайн ХХК нь хариуцагч Б.Майцэцэг, Дорнод монгол полимет ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 140,794,652 төгрөг гаргуулахаар шаардсан ба уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч ажлыг доголдолтой гүйцэтгэсэн үндэслэлээр 50,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийг багасгаж 25,113,500 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Талууд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Г-1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр байгуулсан байх бөгөөд тухайн гэрээгээр нэхэмжлэгч нь Булган аймгийн Дашинчилэн суманд худалдаа, үйлчилгээний зориулалттай А,Б блокийн 1180м2 талбай бүхий барилгын дотор, гадна засал, дээвэр, салхивч, сантехник угсралт, цахилгаан холболт, өрлөг, шавар, засал чимэглэл, хана таазны угсралт, плита чулууны гүйцэтгэл, гадна фасад, гадна талбайн цутгалт, явган зам хашлага, ногоон байгууламж, хашаа хайс, хог тээвэрлэлтийн ажлыг 362,000,000 төгрөгөөр гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг ажлын гүйцэтгэлийн хувиар хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх үндсэн гэрээний үүрэгт 100,426,900 төгрөг, нэмэлт ажлын хөлс 40,367,752 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд харин хариуцагч нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй, бүх ажлыг 362,000,000 төгрөгт хийхээр тохирсон, ажлын хөлсөнд 323,365,800 төгрөг төлсөн, ажлыг доголдолтой гүйцэтгэсэн тул хийсэн ажилд нь тохирсон хөлсийг төлсөн гэж маргав.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр хөлс авах эрх үүсэх талаар мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зохицуулжээ. Талууд ажлыг хүлээлгэж өгсөн асуудлаар маргасан боловч гэрээний зүйл болох худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгыг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр улсын комисс хүлээн авсан байна. Иймд захиалагчийг ажлыг хүлээн авсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч ажлын хөлс шаардах эрхтэй байна.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар ажлын хөлсөнд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансаар 108,000,000 төгрөг, Хаан банк ХХК-ийн дансаар 56,900,000 төгрөг, бартераар 35,000,000 төгрөг хүлээн авсан болох нь тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй. Харин бэлэн мөнгөний баримтаар буюу бэлнээр нэхэмжлэгч 36,900,000 төгрөг, хариуцагч 92,900,000 төгрөг, ажилчдын дансаар нэхэмжлэгч 23,420,000 төгрөг, хариуцагч 27,115,400 төгрөг, бусад байдлаар /бараа материалын үнэ/ нэхэмжлэгч 1,353,100 төгрөг, хариуцагч 3,450,400 төгрөг өгсөн гэж тайлбарлав. Нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 33,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, мөнгө хүлээн авсан гарын үсгийг зураагүй гэж марган, тухайн гарын үсгийг өөрийнхөө гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулсан ба шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгчийг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлын хөлсөнд хариуцагчаас 33,000,000 төгрөг хүлээн авсан гэж үзсэн. /I-ХХ-ийн 80, II-ХХ-ийн 155-156 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч бэлэн мөнгөний зарлагын баримтаар 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 11,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, өмнө өгсөн мөнгөн дүнгээр дахин бэлэн мөнгөний баримт үйлдэн гарын үсэг зуруулдаг байсан гэж байгаа боловч ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл дээр дурдсан хугацаанд болон түүнээс өмнөх хугацаанд бэлэн мөнгөний зарлагын баримтад заасан мөнгөн дүнгээр эсвэл хэсэгчлэн хариуцагч талаас дансаар болон бусад /ажилчдын данс болон бараа материалаар/ байдлаар нэхэмжлэгчид мөнгө /11 сая, 6 сая, 6 сая/ шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 11,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөг буюу 23,000,000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар нэхэмжлэгчийг хүлээн авсан гэж үзэв. /I-ХХ-ийн 13, 83 дугаар тал/

 

Харин 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажилчдын болон нэхэмжлэгчийн Хаан банкны дансаар хэсэгчлэн шилжүүлсэн 9,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны дансаар шилжүүлсэн 1,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны дансаар хэсэгчлэн шилжүүлсэн 6,000,000 төгрөгийн зарлагыг тухайн хугацаанд бэлэн мөнгөний зарлагын баримт давхар үйлдсэн болох нь тогтоогдож байна. Дээрх мөнгөн дүнг хариуцагч тал ажлын хөлсөнд давхардуулан тооцоогүй байна. /I-ХХ-ийн 83, 84, 86, 87, 105 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгчийг ажлын хөлсөнд бэлнээр 92,900,000 төгрөг хүлээн авсан гэж үзлээ.

 

Хариуцагчийн данснаас нэхэмжлэгчийн ажилчдын дансаар 23,420,000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн үйл баримтад талууд маргадаггүй. Харин 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн 1,695,400 төгрөгийг сауны ажил хийсэн ажилчнаар тусдаа ажил хийлгэсний ажлын хөлс, материалын зардал гэж нэхэмжлэгч тал тайлбарлав. Дээрх шилжүүлгийн утга болон дансны дугаар ижил, гэрээгээр шаардлагатай материалыг захиалагч хариуцахаар тохирсон зэргээс дүгнэж нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв. Тухайн шилжүүлгийг хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй ажлын хөлсөнд тооцох болохыг баримтаар нотлоогүй болно. Иймд ажлын хөлсөнд 3,695,400 төгрөгийг тооцох үндэслэлгүй байна. /I-ХХ-ийн 88, 89, 92 дугаар тал/

 

Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 800,000 төгрөг болон өөр компанийн агуулахаас бараа материалаар авсан гэх 553,100 төгрөг нийт 1,353,100 төгрөгийг ажлын хөлсөнд тооцохыг хэн аль нь зөвшөөрсөн байна. Талуудын байгуулсан гэрээгээр шаардлагатай материалыг захиалагч хариуцахаар тохирсон, зарим материалын үнийг дансаар шилжүүлж байсан гэсэн тайлбарыг үндэслэн бараа материал утгаар шилжүүлсэн 1,343,000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцох үндэслэлгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл гэрээний 3.2-т зааснаар шаардлагатай материалын зардлыг хариуцагч гаргах үүрэгтэй байна. Харин бараа материалаас өөр утгаар шилжүүлсэн 754,300 төгрөгийг ажлын хөлсөнд тооцох нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч ажлын хөлсөнд Худалдаа хөгжлийн банкны дансаар 108,000,000 төгрөг, Хаан банкны дансаар 56,900,000 төгрөг, бартераар 35,000,000 төгрөг, бэлнээр 92,900,000 төгрөг, ажилчдын дансаар 23,420,000 төгрөг, бараа материал утгаар 2,107,400 төгрөг нийт 318,327,400 төгрөг хүлээн авсан байна. /I-ХХ-ийн 93, 100, 104, 237, 239, 241 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь нэмэлт ажлын зардал буюу ажилчдын цалинд 40,367,752 төгрөг гарах төсвийн тооцоог 2018 онд төсөвчнөөр хийж гүйцэтгүүлж, уг төсвийг үндэслэн нэмэлт ажлын хөлс шаарджээ. Энэхүү төсвийн нэгтгэлээс үзвэл зарим ажил нь үндсэн гэрээгээр гүйцэтгэхээр тохирсон ажилтай хамааралтай байх ба нэмэлт хөлс төлөхөөр тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээг хэрхэн, ямар баримтыг үндэслэн тогтоож ажиллах хүчний зардлыг тооцоолсон нь тодорхойгүй байна. Ажлын хөлсний хэмжээ нь хийх болон хийсэн ажлын хэмжээнээс хамаарч талууд тохиролцсоноор, ийнхүү тохиролцоогүй тохиолдолд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар хөлсийг тооцож болно. Өөрөөр хэлбэл ажлын хөлс нь гүйцэтгэсэн ажлаас хамаарч байдаг. Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 43,672,600 төгрөг гаргуулж, нэхэжлэлээс 97,122,052 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлагыг гаргах эрхтэй.

 

Барилгыг ашиглалтад оруулах улсын комисс нь тухайн барилга зураг төслийн дагуу баригдсан эсэх, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт заасан үзүүлэлт, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаарх зөвшөөрөл олгох чиг үүргийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл барилгыг ашиглалтад оруулснаар хүний амь нас, эрүүл мэнд, бусдын эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулахуйц нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоож буй үйл явц бөгөөд ажил гүйцэтгэгчийн хийсэн бүхий л ажлыг ямар нэг доголдолгүйг тодорхойлж байгаа баримт болохгүй. Иймд барилгыг хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй доголдлын талаар ажлыг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болохоор хуульчилсан.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг нь чанарын доголдолтой болох нь шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэв. Шинжээчийг ажиллах явцад зарим ажлын гүйцэтгэлийг / гадна фасад, хашааны өнгөлгөө, үүдний довжоо, барилга хоёрын хооронд гарсан заагийг битүүлэх, довжооны чулуун фасад/ засварлах шаардлагатайг ажил гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрсөн байх ба шинжээчийн дүгнэлтэд заасан ажлын үр дүнгийн доголдлыг үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд шинжээчийн дүгнэлтэд үндэслэн ажил гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажлын үр дүнд гарсан доголдол болох барилгын салхивчны хоолойд эргэлт, өнцөг гаргаагүй дутуу хийсэн, хоолой сайн дулаалаагүй доголдлыг засварлах зардал 990,500 төгрөг, рестораны вип өрөө, заалны ариун цэврийн өрөөний агааржуулалтын шугам хоолой дутуу хийсэн, холболт хийгээгүй, гал тогооны салхивчинд тэнхлэгт сэнс тавиагүй, хоолны заалны агааржуулалтын хоолой эргэлтгүй байгаа доголдлыг засварлах зардалд 992,400 төгрөг, гаражид байрлах бохир усны шугамын уклон зөв хийгээгүйгээс бөглөрсөн, гадна худгийн цэвэр усны шугам хөлдсөнөөс шугамыг дахин хийж дулаалсан зардал 4,324,100 төгрөг, барилгын гадна фасад, хашааны өнгөлгөөг хүйтэн үед хийснээс гарсан доголдол болон үүдний довжоо, барилга хоёрын хооронд гарсан заагийг засварлах зардал 11,309,400 төгрөг нийт 17,616,400 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Дээрх зардалд ажил гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанд хамааралгүй 9, 10, 0 тоот өрөөнд агааржуулалтын систем тавихтай холбоотой зардал ороогүй байгааг дурдах нь зүйтэй. Мөн хоолны заалны агааржуулалтын хоолойг зургийн дагуу хийсэн боловч агааржуулалтын хоолой эргэлт байхгүйгээс цан цохих нөхцөлийг бүрдүүлсэн гэж шинжээч дүгнэсэн байна. Иймд 2, 3, 8 дугаар өрөөний салхивчны хоолойд эргэлт, өнцөгийг бүрэн гүйцэд хийж, дулаалах зардал 990,500 төгрөг, рестораны вип өрөө, заалны ариун цэврийн өрөөний агааржуулалтын шугам хоолой дутуу хийсэн, холболт хийгээгүй, гал тогооны салхивчинд тэнхлэгт сэнс тавиагүй, хоолны заалны агааржуулалтын хоолой эргэлтгүй байгаа доголдлыг засварлах зардал 992,400 төгрөгийг бүхэлд нь гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Бусад зардал буюу гадна талбайн борооны ус зайлуулах хоолойн тэгш хэм алдагдсан эсэхтэй холбоотой захиалагчийн нэмж хийсэн гадна бетон талбайн зардал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүй байх тул сөрөг нэхэмжлэлээс 25,113,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Дорнод монгол полимет ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээгээр ажлыг хөлсийг бууруулах гэж тодорхойлж, нэхэмжлэлийн үнийг 50,000,000 төгрөгөөр тогтоон шаардаж байсан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу багасгаж 25,113,500 төгрөг шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бүхий л доголдлуудыг арилгах зардал, доголдлыг арилгасан зардал-ыг гаргуулахаар тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл тогтоогдсон доголдлуудыг засварлахад шаардлагатай зардлыг шаардаж буй атлаа нэхэмжлэлийн үнийг буруу тодорхойлжээ. Үүнийг нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй гэж үзэх боломжгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн үнийг шинжээчийн дүгнэлтээр 42,729,900 төгрөг гэж тодорхойлов.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасан хэдий ч талуудын хооронд үүссэн гэрээний маргааны хөлс төлөх, зардал гаргуулах шаардлагыг харилцан тооцолгүй, тус тусад нь гаргуулахаар шийдвэрлэлээ. Хариуцагч Б.Майцэцэгийн данснаас шилжүүлсэн мөнгийг ажил гүйцэтгэгч тал гэрээний үүрэгт тооцсон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцэж байна. Харин ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гуравдагч этгээд Б.Майцэцэгийг биелүүлж байсан үндэслэлээр тухайн гэрээний үүргийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Дорнод монгол полимет ХХК-тай хамтран гүйцэтгэх үүрэгтэй гэж үзэхгүй. Иймд хариуцагч Б.Майцэцэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дорнод монгол полимет ХХК-иас 43,672,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эм би перфект дизайн ХХК-д олгож, нэхэмжлэлээс 97,122,052 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Майцэцэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э б перфект дизайн ХХК-иас 17,616,400 төгрөг гаргуулж хариуцагч Дорнод монгол полимет ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25,113,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 861,923 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус орлогод үлдээж, нэхэмжлэгч Э б перфект дизайн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 246,032 төгрөг гаргуулж хариуцагч Дорнод монгол полимет ХХК-д, хариуцагч Дорнод монгол полимет ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 376,313 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эм би перфект дизайн ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА