| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0178/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,
улсын яллагч Б.Дашням,
шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,
шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Бд холбогдох эрүүгийн 2319000000194 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, И.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч И.Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гадна, Б.Бын өмчлөлийн АЙ фоне 6 маркийн гар утас, мөнгөн гинжийг илээр, цохиж, өвдөглөн хүч хэрэглэн довтлон авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч И.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шинө би архи хэтрүүлэн хэрэглэж явж байгаад Б.Б гэх хүнтэй таарч утсыг нь гуйж авч ярьчихаад буцааж өгөх үедээ маргалдсан асуудал болсон. Хохирогчид нийт 3.500.000 төгрөг цувуулж өгсөн. Яагаад Б.Быг цохих болсныг санахгүй байна. Мөнгөн гинжийн хувьд тухайн үед алга болсон байсан гэж хохирогч хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, ойлгож байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тэр хүн миний утсыг аваад нэг хүнтэй хэсэг хугацаанд ярьсан. Ярихдаа тухайн хүнээсээ цүнх гаргаад өгчих. Цүнхээ авъя гээд байх шиг байсан. Тэгээд ярьж дуусахаар нь би очоод утсаа авъя гээд хэлсэн чинь намайг гараараа цохиж аваад чиний ажил надад ямар хамаатай юм. Хүний нутгийн пизда нар Дорноговьд ийм байдаггүй юм аа гээд намайг дагуулаад замын ар тал руу чирээд явсан. Тэр хүн надаас нэлээн биерхүү өндөр залуу байсан. Тэгээд намайг модны хажууд аваачаад миний гэдэс рүү цохиж унагаагаад өвдгөөрөө миний өрц, аймхай, гэдэс хэсэгт байн байн цохиод намайг хариу үйлдэл үзүүлэх боломжгүй болгоод байсан. Тэгснээ гэнэт миний баруун хөлийн шагай руу өшиглөөд гэмтээчихсэн. Бас толгой руу нэлээн хэд цохиод байсан болохоор би манаралттай болчихсон байсан. Тэгснээ зүүн хөлийн хуруунууд руу дэвсчихсэн. Тэгснээ сүүл рүүгээ мөнгө өг гэж дарамтлаад элдэв янзаар хэлээд миний гэдэс рүү өвдөглөөд байсан. Тэгээд намайг зодож дуусаад миний гар утсыг аваад нөгөө утсаар ярьж байсан эмэгтэйтэйгээ яриад би одоо ганцаараа байрны чинь гадаа очлоо шүү гээд алхаад яваад өгсөн. Миний гар утсанд ........ гэсэн дугаар байсан. Тухайн үед миний халаасанд хоолны 50.000 төгрөг, хүзүүнд мөнгөн гинж байсан боловч тэр залуу зодож байхад алга болчихсон байсан. Яг тэр залуу авсан эсэхийг нь бол мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 20-22 ху/, ...И.Бд ямар нэгэн гомдол санал байхгүй, надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан гэсэн мэдүүлэг /хх 73-74 ху/,
-Гэрч А.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний утас руу 2023 оны 06 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчимд танил И.Б гэх хүн миний мэдэхгүй ........ дугаарын утаснаас холбогдоод цүнхээ авъя, цүнх гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ирээд цүнхээ аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 26-27 ху/,
-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02/249 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Б.Бын биед баруун нүдний доод зовхи, хүзүүний цус хуралт, нурууны зулгаралт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт /хх 6 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 11-14 ху/,
-Хохирогч Б.Бын ........ дугаарын холболтын лавлагаа /хх 38 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 ху/,
-Гар утасны баталгааны хуудас /хх 36 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 28-29, 74-75, 104-105 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч И.Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-наас 06-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гадна, Б.Бын өмчлөлийн АЙ фоне 6 маркийн гар утас, мөнгөн гинжийг илээр, цохиж, өвдөглөн хүч хэрэглэн довтлон авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч И.Бы “...Б.Б гэх хүнтэй таарч утсыг нь гуйж авч ярьчихаад буцааж өгөх үедээ маргалдсан асуудал болсон. Хохирогчид нийт 3.500.000 төгрөг цувуулж өгсөн. Яагаад Б.Быг цохих болсныг санахгүй байна. Мөнгөн гинжийн хувьд тухайн үед алга болсон байсан гэж хохирогч хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, ойлгож байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Бын “...Тэр хүн миний утсыг аваад нэг хүнтэй хэсэг хугацаанд ярьсан. Ярихдаа тухайн хүнээсээ цүнх гаргаад өгчих. Цүнхээ авъя гээд байх шиг байсан. Тэгээд ярьж дуусахаар нь би очоод утсаа авъя гээд хэлсэн чинь намайг гараараа цохиж аваад чиний ажил надад ямар хамаатай юм. Хүний нутгийн пизда нар Дорноговьд ийм байдаггүй юм аа гээд намайг дагуулаад замын ар тал руу чирээд явсан. Тэр хүн надаас нэлээн биерхүү өндөр залуу байсан. Тэгээд намайг модны хажууд аваачаад миний гэдэс рүү цохиж унагаагаад өвдгөөрөө миний өрц, аймхай, гэдэс хэсэгт байн байн цохиод намайг хариу үйлдэл үзүүлэх боломжгүй болгоод байсан. Тэгснээ гэнэт миний баруун хөлийн шагай руу өшиглөөд гэмтээчихсэн. Бас толгой руу нэлээн хэд цохиод байсан болохоор би манаралттай болчихсон байсан. Тэгснээ зүүн хөлийн хуруунууд руу дэвсчихсэн. Тэгснээ сүүл рүүгээ мөнгө өг гэж дарамтлаад элдэв янзаар хэлээд миний гэдэс рүү өвдөглөөд байсан. Тэгээд намайг зодож дуусаад миний гар утсыг аваад нөгөө утсаар ярьж байсан эмэгтэйтэйгээ яриад би одоо ганцаараа байрны чинь гадаа очлоо шүү гээд алхаад яваад өгсөн” гэсэн, гэрч А.Ггийн “...2023 оны 06 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчимд танил И.Б гэх хүн миний мэдэхгүй ........ дугаарын утаснаас холбогдоод цүнхээ авъя, цүнх гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ирээд цүнхээ аваад явсан” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын үнэлгээ, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шийтгэх тогтоолуудын хуулбар болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд өөрөөр хэлбэл гэмт этгээд өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс эс шалтгаалан хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Довтолгоон нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илрэхийг ойлгоно.
Шүүгдэгч И.Бы дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч И.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал болон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
Хохирлын хувьд хохирогч Б.Бт 470.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 82 дугаар хуудаст авагдсан бичгийн хүсэлт болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүх хуралдаанд хохирогчийг мэдэгдэх хуудсаар хавтаст хэрэгт байгаа хаягаар дуудсан боловч уг хаягтаа оршин суудаггүй байх бөгөөд энэ талаар тус аймгийн Сайншанд сумын 8 дугаар багын ажлын албанаас тодорхойлолт ирүүлсэн тул хохирогчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Бд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА