Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 854

 

    Н.Б-д холбогдох

               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

яллагдагч Н.Б-н өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын                 2-ны өдрийн 1202 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Бадралын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцлээр Н.Б-д холбогдох эрүүгийн 2002 00182 0156 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү нарын хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........./;

Н.Б нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт .... УНЧ улсын дугаартай, “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгсэл дотор өвс гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Н.Б-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд:

Яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд “...яллагдагч Н.Б нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..... УНЧ улсын дугаартай “Тоёота Харриер” загварын авто тээврийн хэрэгсэл дотор “өвс” ...сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэжээ. Яллагдагч Н.Б нь тухайн тээврийн хэрэгслийг бусдын өмчлөлийн гэдгийг мэдсээр байж өмчлөгчийн хүүхдээр нь уг автомашиныг авч явах зөвшөөрөл аван улмаар өөрөө жолоодон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодисын очиж авсан, уг тээврийн хэрэгсэлд уг бодисыг хадгалсан үйл баримт тогтоогджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “... Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр яллагдагч Н.Б нь ...... УНЧ улсын дугаартай Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгсэл дотор “өвс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан нь нотлогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг үнэлж, эд зүйлийн үнэлгээ хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Яллагдагч Н.Б нь тухайн тээврийн хэрэгсэл байхгүй байсан бол сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэрэг үйлдэхгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслээр явж Цолмон гэх этгээдээс “өвс" гэх сэтгэцэд нөлөөт бодис авсан, улмаар автомашин дотор “өвс” гэх бодисыг хадгалсан нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдааны үед нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.

Мөн нь тухайн хэрэгт яллагдагч Н.Б нь “...Цолмонгоос өвс аваад явсан” гэж “өвс” зарсан хүнийг нэр заан, хаана сурч байсан талаар тодорхой мэдүүлсэн, хамт явсан гэрч хүнтэй уулзаж авсан” талаар мэдүүлсэн байхад Цолмон гэх хүнийг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэв.

Яллагдагч нь тухайн этгээдээс сэтгэцэд нөлөөт бодисыг ямар зорилгоор авсныг тогтоохгүйгээр түүнийг зөвхөн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэж үзсэн нь хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д “...сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр ...олж авсан” гэж заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ. Иймд хэргийг прокурорт буцааж, яллагдагч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

      Прокурор Э.Бадрал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дээрх ....... УНЧ улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгсэл нь яллагдагчийн өмч бус Ж.М-н эхийн эзэмшилд “Номин Юнион” ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул яллагдагчийн өмчлөлийн бус тээврийн хэрэгслийг үнэлгээ хийлгэж, үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг яллагдагч Н.Б-н хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах боломжтой байтал тухайн нөхцөл байдлыг хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “хууль ёсны байх” зарчимд нийцэхгүй гэж үзэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж хуульчилсан тул яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн бусдыг дээрх хэрэгт холбогдуулан шалгах нь үндэслэлгүй, “Цолмон” гэх нэр төдий хаана амьдардаг, ямар хүн болохыг тогтоох боломжгүй байгаа бөгөөд дээрх яллагдагчийн мэдүүлэгт дурдсан “Цолмон” гэгч нь бодит хүн эсэхийг тогтоох зорилгоор Хар тамхитай тэмцэх газар мэдүүлгийг хуулбарлан албан бичгийг хүргүүлсэн байгаа болно.

Шүүхээс Цолмон гэгчийг олж тогтоохыг даалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 1202 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 Яллагдагч Н.Б-н өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хавтаст хэргийн материалыг уншиж танилцаад Н.Б-с Цолмон гэх хүний талаар асуухад “Цолмон гэж хүн байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ талаараа гэм буруугийн шүүх хуралдаанд тайлбарлаарай” гэж хэлсэн. Гэтэл шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг санаачлагаараа явуулсан. Н.Б нь 2 дугаар курсын оюутан бөгөөд тухайн үед найзынхаа “Тоёота Харриер” загварын машиныг жолоодож явсан. Машинд хадгалсан эсэхийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх яллагдагч Н.Б-д холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг гэрч, яллагдагчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.Б-н жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь “Номин юнион” ХЗХ-ны эзэмшлийнх байх /хх 81/ бөгөөд машиныг хадгаламж зээлийн хоршоонд барьцаалсан, төлбөрийг төлж байгаа талаар Ж.М-н эх Н.Б-маа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд уг тээврийн хэрэгсэл Н.Б-н эзэмшлийнх бус бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг ... үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... нь тухайн гэмт буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан тул тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэх зорилгоор нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

Үүнээс гадна, “... Цолмон гэх хүнийг олж тогтоосноор Н.Б-н үйлдэлд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан гэх гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх...” гэсэн захирамжийн үндэслэлийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.Б болон гэрч Ж.М нараас Цолмон гэх хүнийг талаар мэдүүлдэг бөгөөд мөрдөгч, прокурор нь “Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст Цоомоо гэх хүнийг эрэн сурвалжилж мөрдөн шалгах зохих ажиллагаа хийлгэх”-ээр албан тоотыг хүргүүлсэн /хх 110/ талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Энэ ажиллагаагаар Цоомоо гэх хүнийг олж тогтоосон эсэх нь Н.Б-н үйлдэлд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.  

Өөрөөр хэлбэл, яллагдагч Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Э.Бадралын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.