Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 110/ШШ2022/0041

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: М.Я,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга,

              Гуравдагч этгээд: Б.Б нарын хоорондын газрын  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Я, түүний  өмгөөлөгч Д.Айбек, хариуцагч А.Н,  гуравдагч этгээдийн өмгөөлөгч  А.Серикжан, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч М.Я нь  Дэлүүн сумын Засаг  даргад холбогдуулан “Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/25 дугаар захирамжийг  хүчингүй болгох”-оор маргаж байна.

 

            2. Нэхэмжлэгч М.Я нь  Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул”  гэх газраас  өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1000 м.кв талбайтай газар эзэмшиж байгаа ба энэхүү газрын  ойролцоо  “Улаан хороо” гэх газраас  500 м.кв талбайтай газрыг   гуравдагч этгээд  Б.Бд өвөлжөөний зориулалтаар тус сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/25 дугаар захирамжаар эзэмшүүлсэн байна.

3. Нэхэмжлэгчээс  уг газрын маргааны талаар  гаргасан гомдолд  аймгийн Засаг даргаас 2022 оны  01 дүгээр сарын 10-ны өдрийн 1-01/40 дүгээр албан бичгээр “Б.Бд “Улаан хороо” нэртэй газраас 500 м.кв газрыг  эрх шилжүүлэн эзэмшүүлж,  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь .. хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн хариу өгснөөр тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Миний төрсөн аав болох М нь “Октябрь-39” нэгдэлд малчин байсан юм. Нэгдэл хувьчлагдсаны дараа  аав маань Дэлүүн сумын 2 дугаар багийн “Хар уул” хэмээх газарт мал маллаж амьдарч байсан, “Хар-уул” хэмээх газарт өвөлжөө, хаваржаатай байсан юм. Аав болох Б.М 2003 онд өвчний улмаас нас барсан юм. Уг “Хар-уул” хэмээх газрыг эзэмшиж сууж байсан ба тухайн үед 1996 онд өөрийнхөө нэр дээр гэрчилгээ авсан байв. Дараа нь Б.Мы хүү М.Я би Дэлүүн сумын 2 дугаар багийн “Хар уул” хэмээх газарт өвөлжөөний байшин барьж, “Улаан үзүүр”-т мал төлүүлэх хашаа татаж, хаврын цагаар эсгий гэртэй очиж мал төлүүлж сууж, хаваржаа болгон эзэмшиж байсан билээ. Уг “Хар уул” хэмээх газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар ашиглан эзэмшиж сууж байгаа билээ. Гэтэл Дэлүүн сумын иргэн Х.Бахытжан гэгч миний эзэмшиж байсан хаваржаанд байшин барьж, хашаа татсан ба одоо уг хаваржаанд  И.Н гэгч суурьшин амьдарч байгаа юм. Би Х.Бахытжанд байшин барьж болохгүй эзэмшлийн гэрчилгээтэй гэж хэд хэдэн удаа хэлсэн юм. Гэтэл сумын Засаг дарга 2017 онд А/25 дугаартай захирамж гаргаж, Х.Б 500 м.кв талбайтай  газрыг эзэмшүүлснийг саяхан мэдсэн юм. Иргэн М.Я Дэлүүн сумын 2 дугаар багт “Хар уул” хэмээх газарт өвөлжөөтэй, “Улаан үзүүр”-т хаваржаатай гэдгийг ард түмэн маань бүгд мэдэж байгаа юм. Иймд Дэлүүн сумын Засаг даргын  2017 оны А/25 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч шүүх  хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Тухайн маргаан бүхий “Хар уул” гэх газарт миний аав М 70 жил амьдарсан. Тухайн газарт би 40 жил амьдарч байна. Жилийн 4 улиралд тухайн газарт өвөлжиж, хаварждаг.  “Тугал нуур” гэх газарт зун зусдаг. Өмнөх Засаг дарга А.А захирамж гаргаж өгсөн гэж Б.Б миний газарт хашаа, байшин барьсан. Бидний бэлчээрийг хорьж, малыг  хөөж туудаг. Тийм учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцсан. Иргэн Үмиткерийн тодорхойлолтод “Хар уул” дахь өвөлжөө М.Яых мөн болохыг тодорхойлсон. Мөн Х нь “Хар уул” дахь хашаа хороог М.Яы  өвөг дээдэс эзэмшиж ирсэн гэж уг хашаа хороо М.Яых мөн болохыг тодорхойлсон. Гэрчилгээ шинэчлэн байгуулах тухай Дэлүүн сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжийн дагуу М.Яд “Хар уул” гэх газраас өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1000 м.кв талбайтай газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээ олгосон.  Мөн Дэлүүн сумын Засаг даргын 1998 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр захирамжаар ашиглах бэлчээрийн заагийг тодорхойлж өгсөн. 1994-1998 онд “Улаан хороо”-д М.Яы төрсөн ах М.М гэдэг хүн өвөлжиж, хаварждаг байсан. Я аав Мы  нэр дээр байгаа 1996 оны гэрчилгээг шинжилгээнд явуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн  дүгнэлтэд “...шинжилгээнд ирсэн 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн огноотой 256 дугаар газар эзэмших гэрчилгээнд засварласан шинж тэмдэг илрээгүй” гэсэн. Б.Бд газарт эзэмшүүлэхдээ багийн иргэдийн Нийтийн Хуралд оруулж ард иргэдийн саналыг асуух ёстой байсан. Гэтэл тухайн үеийн сумын Засаг дарга Б.Бы нэр дээр шууд газар эзэмшүүлсэн захирамж гаргасан. Иймд Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны А/25 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

5. Хариуцагч  Дэлүүн сумын Засаг дарга  нэхэмжлэлийн талаарх хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дэлүүн сумын 2 дугаар багийн иргэн М.Я нь 2 дугаар багт “Хар уул” гэх газарт өвөлжөөтэй. Тус сумын 2 дугаар багийн нутаг болох “Улаан хороо”-г Б.Бы нагац ах Б.Г, Х.Е нар 1998 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр захирамжаар эзэмшиж байжээ. Миний бие 2012 оноос хойш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх үед тухайн үеийн Засаг дарга байсан А.А өргөдөл гаргаж иргэн Б.Б нь нагац ах болох Б.Г нэр дээр байгаа “Улаан хороо”-г өвөлжөөний зориулалтаар ашиглахаар 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А/25 дугаар эрх шилжүүлэх захирамж гаргаж авсан байна. Иргэн М.Я нь тус өвөлжөөний бэлчээрт удаа дараа маргаан гаргаж, сумын Засаг дарга өөрийн биеэр очиж Б.Бы бэлчээрээс М.Яд 2020 оны 1/319 дугаар албан тоотоор бэлчээр хувааж нэмж өгсөн. Иргэн М.Я, Б.Б нарын өвөлжөөнүүд “Хар уул”-д хоорондоо 1 км зайтай, мөн иргэн М.Яы хаваржаа нь “Тугал нуур” гэх газарт байдаг. Маргалдагч М.Я нь 2021 оны 8 дугаар сард ямар ч зөвшөөрөлгүй Б.Бы бэлчээрийн заагт хашаа татаж, байшин барьж зөрчил гаргаж байна. Нэхэмжлэгч М.Яы эзэмшиж байгаа газар нь хууль ёсоор эзэмшиж байгаа газар. Мөн гуравдагч этгээд Б.Б мөн адил хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа гэж үзэж байна” гэв.

6. Гуравдагч этгээд  шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б тус сумын 2 дугаар багт оршин суудаг. Тус сумын 2 дугаар багийн нутагт байгаа “Улаан хороо”-г миний нагац ах болох Б.Ганибал 1998 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 14 тоот захирамжаар эзэмшиж байжээ. Нагац ах Б:Г Казахстанд нүүж явсан тул эзэмшиж байсан “Улаан хороо”-г 2017 оны 3 дугаар сард миний нэр дээр эрхийг нь шилжүүлж  өгсөн билээ. Гэтэл иргэн М.Я нь тус өвөлжөөний газарт удаа дараа маргаан гаргаж, тухайн үед Засаг дарга байсан А.А гуйвалдаж миний эзэмшиж байсан бэлчээрээс 2020 оны 1/319 албан тоотоор бэлчээр хувааж нэмж авсан байна. Мөн иргэн М.Я нь 2021 оны 8 дугаар сард хууль бус хашаа байшин барьж, зөрчил гаргасан байна. Иргэн М.Яы өвөлжөөний газар болох “Хар уул”-аас миний эзэмшиж байсан өвөлжөөний газар “Улаан хороо” хоорондоо 1 км зайтай. Мөн иргэн М.Яы хаваржаа нь “Тугал нуур” гэдэг газарт байдаг өгөөд тэндээс өөр хаваржааны газар байгаагүй гэдгийг 2 дугаар багийн бүх ард иргэд мэдэж байгаа болно. Иймд М.Яы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “...газрын маргаан гарч байсан. Гэхдээ гуравдагч этгээдэд газар эзэмших захирамж гарсныг би мэдээгүй, саяхан мэдсэн учраас шүүхэд хандаж байна” гэж бичжээ. Шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, нэхэмжлэлийн үндэслэлдээ бичсэн зүйлүүд хэдэн жилийн өмнөөс яригдаж байсан байна. Энэ маргааныг шийдвэрлүүлэхийн тулд М.Я Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, газрын даамалд хандаад шийдүүлж байсан гэдэг нь нотлогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар захиргааны акттай холбоотой маргааныг мэдсэнээс хойш эсвэл мэдэх ёстой байсан хугацаанаас хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргаж болдог. Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар хуулийн хугацаанд сумын удирдлагад гомдлоо гаргаад хариу авсан байна. Хамгийн сүүлд 2020 онд хандаад хариу авсан гэж үзэхэд, 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй. Хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нөхцөл байдал харагдаж байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан. Миний үйлчлүүлэгч Б.Бы хувьд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны А/25 дугаар захирамж болон гэрчилгээний дагуу газар эзэмшиж байна. Ингэхдээ шинээр газар авсан асуудал байхгүй. 1998 онд иргэн Б.Г эзэмшүүлж байсан газрыг шилжүүлэн эзэмшиж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан. Энэ хүрээнд Б.Б Б.Г газрыг шилжүүлэн авсан. Тиймээс ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн тайлбараас харахад, тухайн “Хар уул” гэх газарт миний эцэг сууж байсан учраас  бараг бүхэлд нь би эзэмших ёстой мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тодорхой нэг газрыг эзэмшдэг болохоос тэр “Хар уул” гэх газрыг бүхэлд нь эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй. Б.Бд газар эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй” гэв.                                

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн “Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/25 дугаар захирамжийг  хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлгүй  байна.

2. Дэлүүн сумын Засаг  даргын 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар захирамжаар  сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын  эдэлбэр газрыг хуульд заасны дагуу эзэмшүүлэх  ажлыг зохион байгуулах комиссыг байгуулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай  гэрээ байгуулан, гэрчилгээ олгохыг газрын асуудал эрхэлсэн түшмэл И.Х зөвшөөрсөн.

Уг захирамжийг үндэслэн нэхэмжлэгч М.Яы эцэг Б.Мд Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул” нэртэй газраас өвөлжөө, хаваржааны байр, сууц, малын хашааны зориулалтаар 300 ам дөрвөлжин газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 256 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон.

Дэлүүн сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын Газрын тухай шинэ хууль үйлчилж эхлэхээс өмнө  эзэмшиж байсан газрын хуучин газар эзэмших гэрчилгээг ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд  сольж, шинэ гэрчилгээ олгож, гэрээ хийхийг газрын даамалд зөвшөөрсөн байх ба Б.М 2003 онд нас барсны дараа уг захирамжийн дагуу нэхэмжлэгч М.Яд /хамтран эзэмшигч  ах М.М/ Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул” нэртэй газраас өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1000 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 000463336 дугаартай   газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 1,3,5,6,128 дах тал/ тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Я нь эцэг Б.Мы 1996 оны 256 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар уул” нэртэй газраас өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж байсан газрыг дээрх 000463336 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж  байгаа болох нь тогтоогдсон буюу эцгийнхээ эзэмшиж байсан газрыг  шилжүүлэн авч, үргэлжлүүлэн эзэмшиж  байгаа гэж үзэхээр байна.

3. Дэлүүн сумын Засаг  даргын 1997 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр  захирамжаар  иргэн  Х.Е, Б.Г нарт сумын 2 дугаар багийн нутаг “Улаан хороо” гэх газрыг  өвөлжөөнд зориулан  дундаа эзэмшүүлсэн байх ба  энэхүү “Улаан хороо” гэх газарт Х.Е, Б.Г нар нь амьдарч байгаад Казахстан улсад нүүсэн байна.

Мөн Дэлүүн сумын Засаг  даргын 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эцэг Б.Мд “Хар уул”–аас  эзэмшүүлсэн өвөлжөө, хаваржааны газар болон  Х.Е, Б.Г нарт эзэмшүүлсэн  “Улаан хороо”-ны өвөлжөөний газрын ашиглах  бэлчээрийн заагийг тогтоож   өгсөн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 25, 32, 75,79-82,87,90,94,98-99,103-104,108 дах тал/ тус  тус тогтоогдсон болно.

4.Маргаан бүхий захиргааны акт болох Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/25 дугаар захирамжаар дээрх 1997 оны 24 дүгээр захирамжаар  Х.Е, Б.Г нарт эзэмшүүлсэн “Улаан хороо” гэх газраас 500 м.кв талбайтай газрыг гуравдагч этгээд Б.Бд өвөлжөөний зориулалтаар, 15 жилийн хугацаагаар шилжүүлж эзэмшүүлсэн, уг захирамжийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 000683025 дугаартай  газар эзэмших  эрхийн гэрчилгээ олгожээ.

5.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд “Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  “Хар уул” нэртэй газраас 000463336 дугаартай   газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа 1000 м.кв газраас 2 км гаруй зайтай байрлах “Улаан хороо” гэх газрыг  Б.М 1996 оны 256 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр мөн эзэмшиж байсан, улмаар Дэлүүн сумын Засаг даргын 2004  оны 01 дүгээр захирамжаар хүү М.Я үргэлжлүүлэн ашиглаж байгаа,  мөн “Хар уул”–ын  ойр хавийн бэлчээрийн газрыг ашиглах эрхтэй, өөр хэн нэгний эрх үүсээгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

6. Нэхэмжлэгч М.Яы эцэг Б.М нь 1996 оны 256 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр “Хар уул” нэртэй газраас өвөлжөө, хаваржааны зориулалтаар  газар эзэмшиж байсан, харин “Улаан хороо” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар иргэн Х.Е, Б.Г нар нь Дэлүүн сумын  Засаг даргын 1997 оны 24 дүгээр захирамжаар эзэмшиж байсан.

Дэлүүн  сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр захирамжаар тодорхой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлээгүй, зөвхөн 2003 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдөгдсөн Газрын тухай хуультай холбоотойгоор  газар  эзэмшигчдийн хуучин газар эзэмших гэрчилгээг сольж, шинэ гэрчилгээ олгож, гэрээ хийхээр шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн дагуу нэхэмжлэгчид эцгийнх нь эзэмшиж байсан газрыг 2013 онд үргэлжлүүлэн эзэмшүүлж, шинээр газар эзэмших эрхийн  гэрчилгээ олгохдоо мөн адил “Хар уул”-аас  өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1000 м.кв газрыг эзэмшүүлсэн.

Харин Х.Е, Б.Г нарын эзэмшиж байсан “Улаан хороо” гэх газраас 500 м.кв газрыг гуравдагч этгээд Б.Бд  эзэмшүүлсэн  үйл баримтууд нь  хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгээр /Хавтаст хэргийн 5,6,33,34,79-82,87,89,90,94,98-99,103-104,108,128 дах тал/ тус тус  тогтоогдсон гэж үзсэн болно.

7.Маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр /Хавтаст хэргийн 60-66 дах тал/ нэхэмжлэгчийн 000463336 дугаартай   газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа “Хар уул” гэх газарт  2 байшин, залгаа 2 малын хашаа байгаа, гуравдагч этгээдийн 000683025 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа “Улаан хороо” гэх газарт 1 байшин, малын чулуун хашаа байгаа,  тухайн “Хар уул”  болон “Улаан хороо” гэх газрууд нь  хоорондоо 2659,1 метрийн зайтай болох нь тус тус тогтоогдсон. Мөн “Улаан хороо”-д байгаа малын чулуун хашаа нь Х.Е, Б.Г нарын үед байсан, байшинг сүүлд гуравдагч этгээд Б.Б барьсан болох нь   хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 1,60-66,79-82,87,94,103-104,108 дах тал/ нотлогдсон болно. 

8. Түүнчлэн маргаан бүхий газарт үзлэг хийх үед нэхэмжлэгчээс зааж үзүүлсэн “Хар уул” болон “Улаан хороо”–ны ойролцоох эцэг Б.Мы мал төллүүлдэг  байсан гэх газарт ямар  нэгэн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй,  хоосон газар байгаа, Б.Мы хаваржааны  газар гэх “Улаан хороо” дахь Б.Бы эзэмшлийн газраас 402 метр зайтай газарт нурсан байдалтай малын  чулуун хашааны буурь байх ба  уг газрын талаар Дэлүүн сумын Засаг даргаас  1997 онд “Х.Е, Б.Г нарт эзэмшүүлсэн “Улаан хороо”-нд дур мэдэн бууж, мал бэлчээж  хохироосон тул  уг бэлчээрийг чөлөөлөх” гэсэн агуулгатай  албан бичиг М.Яы ах М.Маденд  хүргүүлж байсан нь тогтоогдсон.

Мөн гуравдагч этгээд Б.Бы эзэмшлийн газраас 1431 метр зайтай газарт  нэхэмжлэгч М.Я нь  2020-2021 онд  байшин, малын хашаа   барьсан байгаа боловч  нэхэмжлэгч болон түүний эцэг Б.М нь  эдгээр 3 газрыг эзэмших эрхгүй, өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээгүй  болох нь  тус тус  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн 60-66,75,79-82,94,103-104,108 дах тал/ тогтоогдсон болно.

Үүнээс гадна  шинжээчийн дүгнэлтээр Б.Мы 256 дугаартай газар эзэмших гэрчилгээний “Эзэмшил газрын нэр, байршил” гэсэн хэсгийн “Хар уул өвөлжөө, хаваржаа” гэсэн гар бичвэрийн   “хаваржаа” гэсний урд талд байгаа “уулам узур” гэх гар бичвэр болон тухайн гэрчилгээний  бусад нөхөх хэсгийн гар  бичвэрүүд нь өөр өөр будагч бодистой  бичих хэрэгслээр  бичигдсэн, “уулам узур” гэх гар бичвэр нь гэрчилгээ дээрх  бусад гар бичвэрүүдтэй тохирохгүй байгаа нь тус тус тогтоогдсон, өөрөөр хэлбэл  гэрчилгээнд “уулам узур” гэх гар бичвэрийг  нэмж бичсэн гэж үзэх  үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэгчийн ““Улаан хороо” буюу “Улаан үзүүр” ч гэж нэрлэдэг газрыг Б.М нь 256 дугаартай  газар эзэмших гэрчилгээгээр  хаваржааны зориулалтаар  эзэмшиж байсан, дараа нь би үргэлжлүүлэн ашиглаж байгаа”  гэх маргаан нь дээрх үндэслэл, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзсэн болно.  

9. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: 6.2.1.бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: 35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж  тус тус заасан.

Дээрх байдлаар Дэлүүн сумын  2 дугаар багийн  “Хар уул” гэх газраас  нэхэмжлэгч М.Я нь 1000 м.кв газар,   “Улаан хороо” гэх газраас гуравдагч этгээд  Б.Б  нь 500 м.кв  газар  эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй  ба тухайн эзэмшлийн  газрууд  нь  давхцалгүй, хоорондоо 2,5 км гаруй зайтай болох нь тогтоогдсон,  мөн “Улаан хороо” гэх газрыг нэхэмжлэгчийн эцэг Б.М нь 1996 оны 256 дугаартай  газар эзэмших гэрчилгээгээр  хаваржааны зориулалтаар  эзэмшиж байсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байгаа.

Иймээс нэхэмжлэгч М.Я нь газар эзэмшигчийн хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа “Хар уул” дахь 1000 м.кв газраа  гэрээнд заасан зориулалтын дагуу буюу  өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших, ашиглах эрхтэй, харин хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй  тул  “Улаан хороо”-оос  газар эзэмших эрхгүй  гэж дүгнэлээ.

Мөн  эзэмшлийн газрын ойр хавийн бэлчээрийн газрын хувьд төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар  хуульчилснаас гадна бэлчээрийг ашиглуулах  эсэхийг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэхээр зохицуулсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 26,48 дах тал/ Б.Мы “Хар уул” дахь эзэмшлийн газар болон Х.Е, Б:Г нарын “Улаан хороо” дахь эзэмшлийн газрын бэлчээрийн заагийг эрх бүхий этгээдээс 1998 онд тогтоож өгсөн,  мөн нэхэмжлэгч М.Я болон  гуравдагч этгээд  Б.Б нарт “Хар уул” болон “Улаан хороо” дахь тухайн газруудыг эзэмшүүлсний дараа 2020 онд бэлчээрийн заагийг  мөн тогтоож өгсөн нь тогтоогдож байх  тул нэхэмжлэгчийн “”Хар уул”–ын  ойр хавийн бэлчээрийн газрыг ашиглах эрхтэй, өөр хэн нэгний эрх үүсээгүй” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-т тус тус зааснаар захиргааны акт  хууль бус бөгөөд  түүний улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн  хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  захиргааны актыг хүчингүй  болгох  үндэслэлтэй.

Нэхэмжлэгч М.Я болон  гуравдагч этгээд  Б.Бы  эзэмшлийн газрууд нь    давхцалгүй болох нь тогтоогдсон, бэлчээрийг нийтээр ашиглахаар зохицуулсан тул маргаан бүхий захиргааны акт болох гуравдагч этгээд   Б.Бд  газар эзэмшүүлсэн  Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны А/25 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж  үзэх үндэслэлгүй, мөн  гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр, уг шийдвэрийн дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4.2-д зааснаар  эрх бүхий этгээдээс гаргасан, мөн  хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3-д заасантай нийцсэн  захиргааны акт байна гэж үзлээ.

Иймд дээр  үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэслэлгүй  гэж үзээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3,35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  “Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/25 дугаар захирамжийг  хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЕРКЕШ