Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

 

 

 

 

   

                                

    

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

         улсын яллагч С.Батмөнх-Очир,

         шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Аад холбогдох эрүүгийн 2219003780171 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.А

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.А нь Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ... өртөөн дэх хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд өөрийн Хаан банкны ........ дугаар дансаар 8 иргэнээс 408.500 төгрөгийг бэлнээр авч, зөрчил гаргасан иргэн болон зөрчил гаргаагүй буюу гаргаж байгаагүй иргэдэд шийтгэврийн хуудас бичиж, зөрчлийн санд оруулан 330.000 төгрөгөөр торгосон мэтээр төрийн сангийн ........ дугаар дансанд шилжүүлж, баримтын 13.500 төгрөгийг төлж, өөртөө давуу байдал бий болгон 65.000 төгрөгийг зарцуулж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ... өртөөн дэх хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд өөрийн Хаан банкны ........ дугаар дансаар 8 иргэнээс 408.500 төгрөгийг бэлнээр авч, зөрчил гаргасан иргэн болон зөрчил гаргаагүй буюу гаргаж байгаагүй иргэдэд шийтгэврийн хуудас бичиж, зөрчлийн санд оруулан 330.000 төгрөгөөр торгосон мэтээр төрийн сангийн ........ дугаар дансанд шилжүүлж, баримтын 13.500 төгрөгийг төлж, өөртөө давуу байдал бий болгон 65.000 төгрөгийг зарцуулж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын даргын "Цагдаагийн ахлах ахлагч Н.Аыг ажилд томилох тухай" Б/76 дугаар тушаал /2-р хх 96 ху/, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах албанаас явуулсан албаны шалгалтын материал /хх 9-24 ху/, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах албанаас явуулсан албаны шалгалтын материалд үзлэг хийсэн тэмдэглэл /хх25-27 ху/, Н.Ааас иргэдэд оногдуулсан зөрчлийн шийтгэлийн хуудасны хуулбарууд /хх 29-42 ху/, Н.Ааас иргэдэд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл оногдуулсан торгуулийн жагсаалтын мэдээллийн сангаас гаргаж авсан мэдээлэл /хх 43-50 ху/, гэрч Т.Б-н “...Бид 3 эргэж орж ирээд цагдаад байгаа байдлыг хэлсэн чинь та 3-н хэргийг шийдээд явуулъя гэсэн. Яаж шийдэх бэ гэхэд тус бүрийг чинь 50.000 төгрөгөөр торгоно, өөрөөсөө гадна 4, 4 хүн олж ир гэсэн. Энэ ямар учиртай бэ гэхэд нарийн учрыг тайлбарлан өгөөгүй. Бид нарт бусад торгуулж байгаа хүмүүст мэдэгдэхгүй, асуудалгүй гэсэн. Бид нар гараад цагдаа торгуулийн норм төлөвлөгөө биелүүлэх гэж байгаа юм байна. 250.000 төгрөгөөр торгуулж байхаар 50.000 төгрөгөөр торгуулаад явъя гэж зөвшөөрсөн. Бид 3 ах, дүү, найз, нөхөд рүүгээ ярьсан. Миний торгуульд оруулсан хүмүүс бол эхнэр Ч-ийн О, найз Л.О, төрсөн дүү Т.О, төрсөн дүү Т.Н нар юм. Уг нүүрс асгасан машин нь нүүрсээ буулгаад гараагүй байгаа. Буцаад ирэхэд тэр машинаа олж ав гэхэд ямар ч зөрчил гаргаагүй байхад бид нарыг авч явж торгосон. Бид нарын өмнө нүүрстэй орсон 2 л машин байсан. Нэг машин нь хучлагатай байсан. Тэр цэнхэр машин бол хучлагагүй байсан. А4 хэмжээтэй 3 давхар өнгөтэй үнэт цаас байсан. 5 хүнийг 10.000 төгрөгөөр торгуулийн хуудас бичээд ягаан өнгөтэй нь дундуур хагас ураад надад өгсөн. Тухайн үед барьж байсан машины кабинд хийсэн байсан. Тэгээд би машинаа жолоочид нь өгсөн. Жолооч нь хаячихсан гэсэн. Бид нар яагаад бэлэн бусаар дараа төлөхөөр төхөөрөмжөөр торгохгүй байгаа юм бэ гэхэд төмөр замын зөрчил өөр байдаг юм гэсэн. Торгуулийн хуудасны мөнгө 1000 төгрөг, таван хуудас 5000 төгрөг гээд нийт 55000 төгрөгийг өөрийн ХААН банкны ........ данснаас тэрний хэлсэн Н.А гэх хүний хувийн дансанд шилжүүлсэн гэсэн” мэдүүлэг /2хх 48-49 ху/, гэрч Б.М-ын “...... төмөр замын гармаар приус маркийн машинтай 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед гарах гэж байтал зам хаагаад вагон өнгөрч байсан. Би энхэр Э.Ч хүүхдүүд М.Ц, М.Б найз Ж.Б нарын хамт явж байсан. Найз согтуу бууж шээгээд бий буугаад мөн шээсэн. Гэтэл эхнэр буугаад машинд байсан хогийг буулгаж хаясан. Гармын пүүтэгнээс цагдаа гарч ирээд бичиг баримтыг аваад явсан. Би гарам дээр биш гээд маргасан. Тэгээд 4 давхар байшингийн доод давхарт ирээрэй гэсэн. Тэгээд араас нь яваад очсон. Утсаар нь залгаад авахгүй байсан. Тэгээд яваад орсон. Компьютер дээр юм бичээд ташуу зураастай хуудас хэвлэж гарын үсэг зуруулсан. Хүн тус бүрийг 10.000 төгрөгөөр торгоно гэсэн. 55.000 төгрөг хийчих 5000 төгрөг нь банкны шимтгэл гэсэн. Тэгээд би өөрийн ........ данснаас тэрний хэлсэн ........ данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 50-51 ху/, гэрч Э.Б-ийн “...Би намар мотоциклтэй бичиг баримтгүй, хамгаалалтын малгайгүй явж байгаад ... төмөр замын цагдаа Э.Н.Аад мотоциклоо хураалгасан байсан. Тэгээд аваагүй байж байгаад 2022 оны 03 сарын 06-ны өдөр мотоциклоо авъя гэхэд торгууль төлөөд аваа гэсэн. 50.000 төгрөгөөр торгоно. 5 хүний регистр аваад ир гэсэн. Би эхнэрийн регистрээс өөр мэдэх хүн байхгүй гээд эхнэр регистрээ л өгсөн. Үлдсэн хүмүүсийг хаанаас харсан талаар мэдэхгүй байна. Тэгээд нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Баримт өгсөн эсэх талаар санахгүй байна. Надад ямар нэг хуудас өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд мотоциклоо аваад явсан. Түүнээс хойш унаагүй. Гадаа хашааны буланд эвдэрхий байж байна. Тэгээд би өөрийн ХААН банкны ........ данснаас Н.Аын ХААН банкны дансанд 52500 төгрөг шилжүүлсэн, 2500 төгрөг нь баримтын мөнгө гэж байсан” гэсэн мэдүүлэг /2хх 55-56 ху/, гэрч А.Д-ий “.......багийн Цагаанхад суурьшлын бүс буюу Гашуун сухайт боомтод гарч орох боломжгүй ажиллаж байгаа учраас очиж мэдүүлэг өгөх боломжгүй байна. Иймд өөрөө мэдүүлгээ бичиж хүргүүлье. 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Алагтолгой уурхайгаас 4 жолооч өөрсдийн машинаар жолооч нар ...-ийн эзэмшилд буулгахаар .... төмөр замын гармын орчим буулгахаар ирээд зогсоход .... цагдаа нь машинтай араас ирээд бид 4-ийг машинаас буулгаж та нар бүтээлэггүй тээвэр хийсэн 150.000 төгрөгөөр торгоно гэсэн. Тэгэхэд нь бид нар хэцүү байна багаар торгоод өгөөч гэсэн. Тэгээд хүн тус бүрийг 25.000 төгрөгөөр торгоё гэсэн. Тэгээд Олон овоотын цагдаагийн хэлтэс дээр очоод торгуулийн хуудас бичиж өгөөд Э, Э, Б болон намайг 25000, 25000 төгрөг, нийт 100.000 төгрөгөөр торгохоор болсон. Нөгөө 3-т мөнгө байгаагүй учир би өөрийн данснаасаа 100.000 төгрөгийг би шилжүүлсэн. Дараа нь нөгөө 3-аас тэдний өмнөөс өгсөн мөнгөө авсан. Тухайн үед торгуулийн хуудас өгч байсан. Одоо торгуулийн хуудас нь байхгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /2хх 84-85 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Аын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй. Хохирол 65.000 төгрөгийг төлнө. Миний буруу” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Н.А нь өөртөө давуу байдал бий болгон 65.000 төгрөгийг зарцуулж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Аад танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Н.Аад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг  биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгчийн хувьдаа ашигласан гэх 65.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Н.Ааас гаргуулж улсын төсөвт олгохыг даалгаж, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Х овогт Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар Н.Аад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг  биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэг Г.Н.Аын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

         5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Н.Аад оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ааас 65.000  /жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

         8.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.БАЙГАЛМАА