| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00387/И |
| Дугаар | 154/ШШ2021/00011 |
| Огноо | 2021-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 154/ШШ2021/00011
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, РД: , Х овогт Н гийн Б ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, хүсэлт гаргагч Н.Б а нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Б а шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Н гийн Б а 1965 онд төрсөн. Би 1981 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1983-1986 онд цэргийн алба хааж ирээд мөн нэгдэлдээ 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Цэрэгт явахаас өмнө бог мал маллаж байсан ба цэргээс ирээд үхэр маллаж байсан. Жаргалын зам нэгдэл тарж компани болоход компаний мал маллаж байсан.
Иймд миний 1981-1983, 1986-1993 онд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Б ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Н.Б а нь 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчинаар тус тус ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Н.Б ын 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Жаргалын зам нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр Баянгол бригадад малчнаар ажиллуулав гэх бичилт, мөн дэвтэрт 1981-1983, 1986-1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд тэмдэглэгдсэн,
- 1990 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1991-1993 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд тэмдэглэгдсэн,
- Мал тооллогын А данс, Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 129 тоот албан бичиг,
- Б.Сүхбаатарын шүүхэд гэрчээр өгсөн: ...Н.Б а нь 1981 онд Булган сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад аав ээжийнхээ хамт мал маллаж эхэлсэн. Н.Б а нь 1983 онд цэрэгт татагдаж 3 жилийн цэргийн алба хааж ирээд мөн 1 дүгээр бригаддаа мал маллаж байсан. 1989 онд гэр бүл болсон. Би 1973 онд 7 дугаар ангиа төгсөөд Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байгаад 1976-1979 оны хооронд цэргийн алба хааж ирээд мөн 1 дүгээр бригаддаа мал маллаж одоог хүртэл амьдарч байна. Би Н.Б атай хамт 1 бригадад 1981 оноос хойш мал маллаж байсны хувьд сайн мэдэж байна. Манай 2 гэр айл саахалт олон жил явсан. Н.Б ын аав Н гэдэг хүн сайн малчин байсан. Н.Б а нь аавыгаа дагаж туршлага их судлаж, мал сайн малладаг байсан. Н.Б а нэгдлийн ямаа маллаж байгаад сүүлд нэгдлийн үхэр маллаж байсан.... гэх мэдүүлэг,
- Ч.Цэндсүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Н.Б а нь 1981 онд Булган суманд 8 дугаар анги төгсөж илгээлтээр хөдөө гарч Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад аав ээжийнхээ хамт мал маллаж байсан. 1983-1986 оны хооронд 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мөн 1 дүгээр бригаддаа мал маллаж байсан. Би 1974 онд 7 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд элсэж тэжээл бэлтгэгчээр 1976 онд төгсөж ирээд Булган сумын Жаргалын зам нэгдлийн тэжээлийн үйлдвэрт ажиллаж байгаад 1979 онд Улаанбаатар хотын лабронтын курст сурч ирээд тэжээлийн үйлдвэрт лабронтоор нэгдэл тарах хүртэл тус тус ажиллаж байсан. Тухайн үед Н.Б а нь 1 дүгээр бригадад мал маллаж байгаад 1989 онд Б.Хандаатай гэр бүл болж мөн мал маллаж байсан. Н.Б а Жаргалын зам компаний мал мөн маллаж байсан. Тэрнээс хойш хувийн мал маллаж байгаад 2000 оны үед сумын төв рүү орж ирсэн хүн юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Н гийн Б ын 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.