Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2021/00721

 

2021 оны 03 сарын 19 өдөр                    Дугаар 102/ШШ2021/00721                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, дүүрэг, хороо, тооотод оршин суух, Р,Г-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч  МҮОНРТ

Хариуцагч Н,Ж-холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх

     

Нэр төрөө сэргээлгэж, Л.Нинжжамцаар залруулга мэдээлэл гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн 3.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Гандиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од, М.Ариунболд, хариуцагч болон хариуцагчийн МҮОНРТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаатар, Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн өмгөөлөгч М.Бадрал, иргэдийн төлөөлөгч Ж.Нэргүй, П.Рэгзэдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Р.Гандиймаа нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн намайг хууль бусаар халсан Ерөнхий захирлын тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           Намайг “Зөв.мн” сайтаар болон Л.Нинжжамцаар нэр төр сэргээлгэх, залруулга хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

           Миний бие “Хөдөлмөрийн гэрээ”-д заасан ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй. Зөрчил тогтоогдоогүй. Ажлаас гүтгэгдэж халагдсан хүн.

           Би хувьдаа мөнгө авч, завшаагүй. Гагцхүү байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах зориулалтаар захирлын өгсөн чиглэлийн дагуу өөрийн эрх мэдлийн хүрээнд н.Лхагва-Отгон гэдэг хүнд үүрэг, чиглэл өгч мөнгө босгож байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлсэн.

           Намайг ажлаас халсан тушаал ямар ч үндэслэлгүй, хуурамч учраас тушаалыг дагасан хурлын протоколууд бүгд хуурамч.

           Гэрчийн мэдүүлгүүдийг хуурамчаар бүрдүүлсэн хоорондоо бүгд зөрдөг гэх мэтчилэн ноцтой зөрчил гарсан.

           “Санхүүгийн зөрчил илрүүлэх ажлын хэсэг” байгуулагдаагүй гэж үзэж байна.

            Захирлын тушаал гарч байгаагүй, ажлын хэсэг байгуулагдаагүй, халагдахаас өмнө мөнгө идсэн талаарх асуудал яригдаагүй.

            Энэ асуудал миний халагдах шалтгаан биш. Харин намайг халсны дараа хуурамч баримт бүрдүүлж, гүтгэсэн гэдгийг нотлоно.

            Хэрвээ би 3.000.000 төгрөг идээд халагдсан юм бол 2020 онд 2 сар цалингүй ажиллуулж, байгууллагыг хохиролгүй болгоод ажлаас халж болох байхад цалинг бүтнээр олгосон.

          Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Намайг халсан тушаал гаргасан үйлдэл худал хуурмаг, гүтгэлэг. Шүүхэд худал баримтууд бүрдүүлж өгсөн. Нэгдүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд намайг ажлаас халсан тушаалд 3 үндэслэл байдаг.

          Нэгдүгээрт:Титрийн алдаа

          Хоёрдугаарт: Мөнгө идсэн гэх хоёр асуудлыг дэс дараалан авч үзсэн.

          Намайг “Монголын мэдээ” сувгийн захирлаар ажиллаж байхад удаа дараа титрийн алдаа гаргасан, мэдээний агуулгад хяналт тавьж ажиллаагүй гэдэг үндэслэл гаргасан.

          Гэтэл ямар мэдээгээр титрийн алдаа удаа дараалан гаргаад халсан бэ? гэдэг баримтад үзлэг хийлгэсэн. Жишээ нь:

          Нэгдүгээрт хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд байгаа “сургуулилт” гэдэг үг зөв. Толь бичгийн дүрэмд ингэж бичсэн байдаг. Хавтаст хэргийн 57, 58, 59 дүгээр хуудсанд авагдсан “1983 онд Сүхбаатар жанжин мэндэлжээ” гэдэг титрийн алдаа намайг БНТУ-д томилолтоор явахдаа албан үүргээ орлогчдоо үлдээгээд явсны дараа гарсан алдааны хариуцлагыг би хүлээхгүй.

          Мөн хавтаст хэргийн 56 хуудсанд Д.Сарангэрэл сайдын “Ковид-19” цар тахалтай холбоотой хэлсэн мэдээллийг би дамжуулсан өөрөө санаанаасаа зохиож хэлээгүй. Сайд “Эрээн” хотод “Ковид-19” вирусийн тохиолдолд гарсан гэж хэлсэн. Намайг үүнд буруутгасан тул хариу тайлбар бичиж сайд руу явуулсан.  

         Мөнгө идсэн асуудал яригдаж байна. Прокурорын шийдвэр хэрэгт бий.

         Үүгээр гэм буруугүй, байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлсэн гэдгийг нотолсон.

         БНТУ-тай 3 жил хамтран ажиллах хугацаанд 700.000.000 төгрөгийн ивээн тэтгэлэг, санхүүжилтийг олж авч ирсэн.

         Гэтэл БНТУ-ын зочид ирэх болоод би өөрөө төсвөө бариад ерөнхий захирал дээр ороход төсвийг хасаад, бүх зардлыг даахгүй өөрөө зохицуул гэхэд өөрөө зохицуулсан.  

         Намайг ажлаас халсан тушаал дээр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн санхүүгийн хяналт хийх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэж байгаа.

         Санхүүгийн хяналт хийх ажлын хэсэг байгуулагдаагүй, дүгнэлт гаргаагүй гэдгийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн огноотой “Монголын мэдээ сувгийн мэдээний орлогод хяналт тавих шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт” гэж нэгдүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудсан дахь баримт нотлож, харин 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн огноотой баримт байхгүй, санхүүгийн хяналт хийх ажлын хэсэг нэртэй ажлын хэсэг байхгүй. Өөрөөр хэлбэл хуурамч.

           2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажлын хэсэг хуралдсан гэх боловч гэрчүүд ийм ажлын хэсэг хуралдаагүй гэдэг. 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Монголын мэдээ” сувгийн мэдээний орлогод хяналт тавих шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт”-ийн өгүүлбэрийг уншихад бүгд худал хуурмаг.

          Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр халагдсан гэтэл халагдсанаас 15-16 хоногийн дотор баримт бүрдүүлсэн.

          Мөн нэгдүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд “Аригу медиа” ХХК-тай тооцоо нийлсэн мэтээр баримт бүрдүүлсэн боловч 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн он, сар, өдөртэй баримт бүрдүүлсэн.

          Намайг ажлаас халах тушаалыг Захирлуудын зөвлөлийн хурал дээр уншиж танилцуулахдаа удаа дараа титрийн алдаа гаргасан, ёс зүйн хувьд таарч тохирохгүй гэдэг үндэслэлийг хэлсэн. Тэгэхээр титрийн алдаагаар захирал халагддаг түүх байдаггүй.

          Хоёрдугаарт: Ямар титрийн алдаа гаргаж, ямар комисс ажиллаад миний алдааг дүгнээд хэлэлцсэн юм гэхэд “...чи шүүхээр яв, ярих зүйлгүй” гэсэн.

          Би өөрийгөө яагаад халагдаж байгаа тухайгаа хурал дээр асуусан. Санхүүгийн асуудлаар яриагүй. Би санхүүгийн зөрчил гаргаж байгаагүй. Энэ яригдаж буй санхүүгийн зөрчил намайг халагдсаны дараа гарч ирсэн.

          2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ийм ажлын хэсэг үнэхээр байгуулагдаж, хуралдсан юм бол яагаад надаас асуугаагүй юм. Миний тайлбар байхгүйгээр халж болох юмуу. Бүх захирлууд анх удаа намайг халагдахыг сонссон.

         Хэрвээ намайг халагдахаас 9 хоногийн өмнө ийм ажлын хэсэг байгуулагдаж, дүгнэлт гарсан юм бол яагаад надад бүтэн цалинг минь өгч байгаа юм.

          Би халагдахаа мэдээд, үнэхээр мөнгө идсэн бол тайлбараа хэлээд шүүхэд хандахгүй, хохирлоо барагдуулаад гарна. Үнэхээр тийм боломж өгөөгүй. Титрийн алдаа гаргаж байна, муухай ааштай гэж хэлээд ажлаас халсан нь өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтаар батлагдана.

          Үнэхээр он саруудын зөрүү, баримтын зөрүү, надаас тайлбар аваагүй, надад цалин бүтэн олгож өгсөн, гэнэт байгууллага хохирсныг намайг халагдсанаас 6 сарын дараа гаргаж өгсөн энэ бүх нотлох баримтыг дүгнэж үзээд, анх удаа өөрийнхөө хууль бусаар ажлаас халагдсан нөхцөл байдалтай шүүх хуралдаанд оролцож байгаа тул шударгаар харгалзан, дүгнэлтээ үнэн зөв гаргаж өгөөсэй гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.

        Мөн Турк улсын зочид ирснийг хүлээн зөвшөөрч, төсөв гаргаж өгсөн. Миний батлуулах гэж авч орсон төсвийг биш, өөрийнхөө баталсан төсвөөр төлсөн. Туркуудын буудлын зардлыг дааж чадахгүй, нэг өдрөөс илүү хоолны зардлыг даахгүй гэж хэлсэн. Би яах юм бэ? гэртээ буулгах юмуу гэхэд туркууд олуулаа ирж байгаа учраас манайх мөнгөгүй, зардлыг дааж чадахгүй гэж хэлсэн.

        Нэг удаагийн хоолны зардлыг МҮОНРТ-ээс баталсан.

        Биднийг Турк улсад айлчлахад өглөөнөөс орой хүртэлх бүх зардлыг даасан.

        Манай байгууллага төлөх ёстой зардал мөн гэдгийг гадаад харилцааны даргаар ажиллаж байсан н.Цэцэгдэлгэрийн мэдүүлэг байдаг.

            Монголын радиогийн 85 жилийн ойгоор Турк улсын телевизийн биш радиогийн дарга ирэхэд “Корпорэйт” зочид буудалд буулгаж, бүх зардлыг даасан.

           Хувь хүн Р.Гандиймаа урих болохоор чи өөрөө зардлаа гарга гэдэг.

           Ийм шударга бус тогтолцооны эсрэг би үнэхээр тухайн үедээ муудалцсан.

           Мөнгийг би гараараа аваагүй. Энэ хүн намайг гүтгэхийг мэдэж байсан учраас н.Лхагва-Отгон өөрөө буудалд очиж мөнгийг нь тушаасан.

          Турк улсынхан буцахдаа уран бүтээлчдийнхээ зардлыг бид даасан шүү, удирдлагын зардлыг та нарт үлдээсэн гээд яваад өгсөн тул төлөхөөс өөр аргагүй болсон. Намайг удаа дараа мөнгө идсэн гэдэг баримтаа шүүхэд гаргаж өгнө үү.

         Би байгууллагын мөнгийг идээд, алга болгоод байсан зүйлгүй. Намайг байгууллагын орлогыг 50 хувь буурууллаа гэж гүтгэхэд би урьд нь 2 дахин нэмсэн баримтаа гаргаж өгөөд энэ асуудал намдсан гэжээ.

 

        Хариуцагч МҮОНРТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Нэхэмжлэгчийн байр суурийг сонслоо. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай “Тушаал”-аар Р.Гандиймааг нэгдүгээрт: Титрийн алдаа гаргасан, хоёрдугаарт: Хоёр байгууллагаас өгсөн 2.000.000 төгрөгийг нэг удаа, 1.000.000 төгрөгийг нэг удаа туслахынхаа дансаар дамжуулж авч хувьдаа завшсан гэх үндэслэлээр байгууллага, олон нийтийн өмчийг өөрт ямар нэгэн санхүүгийн захиран зарцуулах эрх байхгүй, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Байгууллагын дотоод журамд заагаагүй эрхийг эдэлж, зарцуулсан гэдгийг сая өөрөө тайлбартаа хэллээ.

          Юу гэж хэлсэн бэ? гэхээр “би н.Лхагва-Отгонд үүрэг чиглэл өгч, мөнгө босгуулж үйл ажиллагааг санхүүжүүлсэн” гэж байна.

          МҮОНРТ-ийг төлөөлж оролцож байгаагийн хувьд шүүх бүрэлдэхүүний өмнө ганц зүйл хэлэхийг хүсэж байна.

          Шүүхийн ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч, шүүх болон хариуцагчийн нэр төрд цахим орчноор халдахаа болино уу гэдэг хүсэлт байна.

          Мөн байгууллагын мөнгийг идээд түүнийгээ өөрсдийн үйл ажиллагаанд  зарцуулчихаад идэж уугаагүй гэж юу хэлээд байгаа юм.

         Туркийн алба уулзалтад зориулж төсвөө гаргуулж, бэлдэж байсныг та мэдэж байгаа юм байна. Турк улсын “ТРТ” телевизээс 6 дугаар сарын 19-ны өдөр 4 уран бүтээлч, орчуулагч, 13 хүний резитны зардалд 85.500 төгрөг, өдрийн зоогийн зардал 1.120.000 төгрөг, 6 хүний гарын бэлэг зэрэгт нийт 1.205.000 төгрөгийн төсөв гаргаад, байгууллага баталгааг гаргаж мөнгийг төлсөн баримт хэрэгт байгаа.

         Хариуцагч нэг өдрийн зардлыг нь даан гэж хэлээд үүргээ биелүүлсэн.

         Чи өөрөө туркт сурсан, турк хэлтэй, охиноо туркт сургадаг болохоороо чиний хувиараа авч ирсэн хүмүүс. Түүнээс байгууллага бусад өдрийн төлбөрийг даана гэж хэлээгүй. Төсөв ч баталж өгөөгүй чамд.

         Тэгэхээр 3.000.000 төгрөгийг Турк улсаас ирсэн хүмүүст зарцуулсан гэдэг худлаа. Тухайн улсын төлөөлөгч нарт зориулж манай байгууллага албан уулзалтын төсөвт төлөвлөгөө хийж, мөнгийг зарцуулсан гэдгийг хэллээ.

        Туслахынхаа дансаар мөнгө аваад түүнийг байгууллагын төлөө зарсан гэж хоол ундны материал авч ирж өгснөө шүүхийн өмнө би үүнийг нотолж байна гэж байна.

         Танд ямар ч тийм эрх мэдэл байхгүй. “Цагийн хүрд”-ийн 3 мэдээний мөнгийг өөрийн туслахаар дамжуулж авч, захиран зарцуулах эрх байхгүй. Үүнийг баттай хэлье.

         Олон удаа биднийг шүүх хуралдааны дараа цахим орчинд доромжилж байна.

         Яагаад хариуцагчийн төлөөлөгчөөр намайг явуулж байгаа гэдгийг та мэдэж байгаа байх.

         Энэ байгууллагад туслахаар дамжуулж хувьдаа 3.000.000 төгрөгийг авах эрх байхгүй гэдгийг томилогдсон ерөнхий захирал болгон хүлээн зөвшөөрч байгаа тул намайг уг тушаалыг гаргасан учраас төлөөлж оролцоно уу гэсэн тул төлөөлөгчөөр орж ирж байна.

        Түүнээс биш тантай ямар нэгэн хувийн харилцаа байхгүй. Бүх тушаал, гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэж байна.

        Таны болон миний нүдэн дээр захирлын зөвлөлийн арваад гишүүд гэрчээр шүүх дээр ирээд, тухайн үйл явдлыг бүгдийг нь ярьсан.

        Та өөрийнхөө туслахыг яаж дарамталж буланд мэдүүлэг авсныг бид нотолсон.

        Таны туслах гэрчээр шүүхэд асуугдаж, мөнгийг таньд дамжуулан өгснөө нотолсон. Мөн жолооч чинь 1.000.000 төгрөгийн хоолны материал хэрхэн авсан гэдгийг бас нотолсон.

        Хүн болгон, гэрч болгон шүүхэд үйл ажиллагаа нотолсон байхад та үүнийг хуурамчаар үйлдсэн гэж гүтгэлэг явуулж байгаа нь хир зохимжтой юм.

        Цагийн хүрдийн мэдээний 3.000.000 төгрөгийн орлогыг өөртөө авч завшсан мөртлөө байгууллагад зориулсан гэсэн үүнийг “үгүй” гэдгийг баримтаар нотолж шүүхэд өгсөн.

         Титртэй холбоотой алдааг редактор руу бухсан байдаг. Таныг ажиллаж байсан 3 жилийн хугацаанд МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Цагийн хүрд” мэдээний титрийн алдаа зах замбараагаа алдсан.

         Өөрийнхөө алдааг ойлгохгүй битгий бид нар болон шүүгч нар руу дайрч бай.

         Прокурорын газарт таны хэргийг яагаад буцаасан бэ? гэхээр таны авсан 3.000.000 төгрөгийг эрүүгийн хэрэг үүсгэхэд бага мөнгө гэж тогтоосон болохоос тухайн мөнгийг идээгүй гэж тогтоогоогүй.

        “Тайлбар ирүүлэх тухай” гээд төлбөртэй мэдээний төлбөрийг 2017, 2018, 2019 онуудад ажлын хэсэг гаргасныг та өөрөө мэдэж байсан.

         Танд би хэлсэн. Р.Гандиймаа захирал аа таны мэдээний орлого яагаад муу байна бэ? гэхээр “хэцүү байна, ийм байна, тийм байна” гэдэг байсан.

         Баримтаас харахад 2017 онд 53.700.000 төгрөг, 2018 онд 54.000.000 төгрөг, 2019 он буюу таныг халагдахаас өмнөх онд 50 хувиар мэдээний орлого буурсан.

        Тань шиг хүмүүс мэдээний төлбөрийг аваад байвал мэдээний орлого 50 хувь буурна гэдгийг санхүүгийн үйл ажиллагаагаар нотолсон.

        Хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэдэг бол олон процессоор явагддаг.

        Та өмнө нь олон сануулга авч байсан. Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа ямар байдгийг эс тооцох юм бол олон удаа сануулга авсан.

        Тийм учраас танд авсан хамгийн сүүлийн захирлын тушаал бол санхүүгийн болон үйл ажиллагааны маш том зөрчлийг өөрийнх нь эрх мэдэлд байгаагүй байхад сайн дураар толгой мэдэж зарцуулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

        Энэ байгууллагад ажиллаж байгаа хүн болгон туслахын дансаар мөнгө аваад байвал энэ телевиз байх шаардлага байхгүй.

        Залуу хүн байна, цааш цаашдаа олон газар ажиллах байх. Зан харилцаа болон мөнгө иддэг асуудлаа болихгүй бол шүүх дээр ирээд матрын нулимс битгий унагаад уйлаад бай гэж шууд хэлье.

        Шүүх хуралдаан мэтгэлцэх зарчмаар явагдаж байна.

        Та олон удаа хуурамч гэж хэлсэн. Бид нотлох баримтаар нотолж, шүүхэд баримтаа өгсөн.

        Тиймээс шүүх бүрэлдэхүүнд хэлэхэд, МҮОНРТ-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б-107 дугаартай “Тушаал”-аар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоотой тайлбарыг тус шүүхэд өгсөн анхны хариу тайлбараа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

         Нэхэмжлэгч хавтаст хэрэгт хамааралтай зүйл ярь, хаа хамаагүй дотроо бодсон зүйлээ нэг ширхэг нотлох баримт байхгүй мөртлөө ярихгүй байхыг хүсэж байна.

       Монголын радиогийн 85 жил, МҮОНРТ-ийн 50 жилд ирсэн турк улсын хүмүүсийн зардлыг “Корпорэйт зочид” буудалд МҮОНРТ өөрсдөө даасан, та даагаагүй. Таныг зочид буудлыг зардал төл гэж огт хэлээгүй.

       Тийм учраас 85 жилийн ойн туркт улстай холбоотой тэр тусмаа зочид буудалтай холбоотой зардлыг МҮОНРТ даасан.

        Та өөрөө сайн дураар тэр хүмүүст сайн харагдах гэж 3.000.000 төгрөгийг туслахынхаа дансаар  өөртөө авч, зардлыг даасан юм байна. Яг тэр зардлыг даасан гэдгийг хэн ч нотлохгүй, та өөрөө ч нотлож чадаагүй.

        Үнэхээр турк хүмүүсийг хоолонд оруулсан юмуу, чи өөрөө найзуудтайгаа хоол идсэн эсэхийг мэдэхгүй, хавтаст хэрэгт тийм баримт байхгүй.

        Туркийн тал манайх энэ зардлыг даахгүй гэсэн учраас өөрсдөө орж ирээд, өөрсдөө кино хийгээд явсан.

        2.000.000 төгрөгийн хэмжээнд сувгийн захирал захиран зарцуулах эрхтэй гэж хэлж байгааг би ойлгохгүй байна. Байгууллагад ийм шийдвэр байхгүй та өөрөө мэдэж байгаа бол тушаалаа шүүхэд гаргаад өгөө.

       Сар болгон хүмүүсийн авдаг мэдээний урамшууллыг ярих гэж байгаа бол түүнийг захиран зарцуулах 100 төгрөгийн ч эрх таньд байхгүй гэдгийг хэлье.

        “MNB” төсөв батлаагүй бол та байгууллагын нэрийн өмнөөс мэдээний мөнгийг туслахын дансаар дамжуулж аваад төлнө гэж байж болохгүй гэжээ. 

           

         Хариуцагч МҮОНРТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаатар: Л.Нинжжамц төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Р.Гандиймаа, хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Л.Нинжжамцад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, нэр төрөө сэргээлгэж, Л.Нинжжамцаар залруулга мэдээлэл гаргуулахыг даалгах, нэхэмжлэгч Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз 3.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

 

         1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

     

 Хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 26-өдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” сувгийн захирлын албан тушаалд Р.Гандиймааг ажиллуулахаар харилцан тохиролцон, “Хөдөлмөрийн гэрээ” байгуулжээ.

 

         Нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/107 дугаартай тушаалаар ажлаас халахдаа титрийн алдаа гаргасан, мэдээний төлбөрийг хувьдаа авсан гэдгийг зөвшөөрөхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ “нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан албан тушаалын гүйцэтгэх чиг үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргаж, хяналт тавиагүй, шалгах үүргээ биелүүлээгүй” гэж маргаж байна.

 

           Хариуцагч 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирлын Б/207 дугаартай “Тушаал”-аар ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтоо зөрчин удаа дараа гаргасан титрийн алдаанд хяналт тавьж ажиллаагүй, үйлчилгээний хөлсийн төлбөрийг хувьдаа завшсан нь шалгалтаар илэрсэн тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, МҮОНРТ-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3.1 “ж,у”, 7 дугаар бүлгийн 7.1 “в”, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар бүлгийн 6.2.9, 6.2.15, 6.2.16, 6.2.17, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Санхүүгийн хяналт хийх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халжээ.

 

        Хариуцагч тушаалдаа, нэхэмжлэгч Р.Гандиймааг

                   1.”Мэдээлэлийн хөтөлбөр”, “Цагийн хүрд “ хөтөлбөрт удаа дараа гарсан титрийн алдаа, мэдээний агуулгад хяналт тавиагүй

                   2.”Цагийн хүрд” хөтөлбөрт оруулсан үйлчилгээний төлбөрийг хувьдаа авч, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дурдсан байна.

 

       Шүүх Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Байгууллагын дотоод журам, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж үзлээ.

      

       Учир нь:

       Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор, хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог. 

 

        Өөрөөр хэлбэл, ажил олгогч гэрээг цуцлахдаа, “Хөдөлмөрийн гэрээ”, “Хөдөлмөрийн дотоод журам”, “Хөдөлмөрийн хууль”-д заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.

 

        Тодруулбал, хөдөлмөрийн “ноцтой зөрчил” гэдэг нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдлийг гаргаж, гэрээний талууд ажлаа гүйцэтгэх үүрэгтэй холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж үзэхийг харилцан тохиролцож, уг зөрчлөө гэрээнд тусгасан байх хэрэгтэй.

 

        Шүүх зохигчдын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 6 дугаар зүйлээс харахад, ажилтан уг заалтуудад дурдсан зөрчлийг гаргасан нь тогтоогдвол ноцтой зөрчил гэж үзэн, ажил олгогчийн санаачлагаар ямар нэг болзолгүйгээр шууд гэрээг цуцлахаар заажээ.

 

        Тиймээс нэхэмжлэгчийг “Монголын мэдээ” сувгийн захирлын ажлыг гүйцэтгэх явцдаа титрийн алдаа, мэдээний агуулгад хяналт тавьж ажиллаагүй зөрчил гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь “MNB” HD сувгаар цацагдсан жанжин Д.Сүхбаатарын тухай мэдээлэхдээ “Монгол ардын нам төрийн үндэслэн байгуулагч Д.Сүхбаатар 1983 оны 02 дугаар сарын 02-нд мэндэлжээ”,  

 

        Б.Ганбат “Гал голомт үндэсний хөдөлгөөн” ТББ-ийн тэргүүн, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан” гэж бичсэн атлаа УИХ-ын гишүүн асан У.Мөнхөөгийн зургийг тавьсан, “Австрали” улсын иргэн гэхийг “Авсрали” улсын иргэн,

 

        Мөн МУ-ын Гадаад харилцааны яамны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцад ирүүлсэн албан бичигт “ МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгаар шинэ “Covid-19”-ийн өвчлөлийн тухай БНХАУ-ын Эрээн хот дахь нөхцөл байдлын талаар ташаа мэдээ нэвтрүүлснийг тус хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны албанаас ирүүлсэн нот бичгийн талаар нэхэмжлэгч “МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр Улсын онцгой комиссын хуралдааныг нэвтрүүлсэн. Дээрх нот бичигт дурдсан “Эрээн хотод коронавирусийн 39 тохиодолд бүртгэгдсэн талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, МУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр мэдээлснийг эх сурвалж болгон ашигласан мөн намайг Турк улсад томилолтоор явж байхад титрийн алдаа гарсныг би хариуцахгүй орлож үлдсэн орлогчийн хариуцлага ” гэх тайлбарыг гаргасан бөгөөд дээрх зөрчлүүдийг хянах, эх сурвалж бодит үнэнд нийцсэн эсэхийг шалгах үүрэг “Монголын мэдээ” сувгийн захирал Р.Гандиймаа болон түүнтэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, “Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.3 “ж”, “у”, “Ажлын байрны тодорхойлолт”-ын чиг үүрэг буюу ажлын байрны зорилго, ажлын байрны 1,2,3 дугаар үндсэн зорилтын заалтуудад тодорхой тусгагдаж, уг заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байна.

 

         Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид ногдуулахдаа шат дараалсан арга хэмжээг авахгүйгээр, ажил олгогч, ажилтантай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2.16 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзээд, ажлаас чөлөөлөхөөр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Р.Гандиймаа Үндэсний зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай “Тогтоол”-оор баталсан МҮОНРТ-ийн ажил үйлчилгээний үнэ тарифаар тогтоосон үйлчилгээний хөлс болох “Аригү медиа” ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр “Түрүү бөхөд шагнал гардуулсан” мэдээний төлбөр 1.000.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр,

 

        2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Цагийн хүрд”-ийн хөтөлбөрөөр  “Милко” ХХК-ийн “Өрхийн эмнэлэгийн ус цэвэршүүлэгч” гэдэг нэрээр цацагдсан 2 минутын мэдээний төлбөр 2.000.000 төгрөгийг Монголын мэдээ сувгийн зохицуулагч А.Лхагва-Отгоны “Хаан” банкны 5015-0801-11 дугаартай дансаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн төлбөрийг хувьдаа бэлнээр авсан болох нь гэрч МҮОНРТ-ийн авто баазын жолооч ажилтай Т.Батцэнгэл “ММ” сувгийн ажилтан А.Лхагва-Отгоноос 2019 оны 07 дугаар сард дугтуйтай мөнгө аваад,  Р.Гандий захиралд өгсөн”,

       

         Гэрч А.Лхагва-Отгон “...би өөрөө хөтөлбөрт орж ирж байгаа мэдээг өглөө болгон хүлээн авч журнал хөтөлдөг. Түүнийг авах, авахгүйг сувгийн захирал Р.Гандиймаа мэддэг. “Түрүү бөхөд шагнал гардуулсан”, “Өрхийн эмнэлэгийн ус цэвэршүүлэгч” мэдээний төлбөр нийт 3.000.000 төгрөгийг захирал чи өөрөө бэлнээр авчих гэхэд компаниуд дансаар өгнө гээд зөвшөөрөөгүй тул хувийнхаа дансаар авсан. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл байгууллагад төлөөгүй. Захирал мөнгийг бэлнээр авна гэсэн учраас жолоочоор нь дамжуулан өгсөн. Төлбөрт мэдээний тайланд мөнгийг оруулаагүй. Шалгалтаар маркетингийн тайлантай зөрөөд гарч ирсэн. Явуулах мэдээг санхүүд хэлээд, төлбөр төлөгдсөний дараа дамжуулах ёстой. Санхүүгийн албанд захирал битгий хэл гэсэн учраас хэлээгүй. Надад мэдээний төлбөр авах эрх байхгүй” гэх мэдүүлэг, зохигчдын тайлбар, төлбөр төлөгчийн тооцооны баталгааны хуудас, “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Р.Гандиймаа “намайг ажлаас халсан тушаал, хурлын протоколууд, гэрч нарын мэдүүлэг үндэслэлгүй хуурамч, ажлаас халсны дараа хуурамч баримтууд бүрдүүлж гүтгэсэн, ажлын хэсэг хуралдаагүй” гэх нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж, үгүйсгэж чадаагүй болно.

 

         2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

         Нэхэмжлэгч Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, хариуцагч Р.Гандиймаад холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

           Хариуцагч “би энэ мөнгийг хувьдаа завшаагүй, Турк улсын төлөөлөгч, “Халх гол”-ын баяраар сувгийн хамт олны зугаалга, зочид буудлын төлбөрийг төлж зориулсан гэж мэтгэлцэж байна.

 

           Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар, хариуцагч Р.Гандиймаа “Аригү медиа” ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр “Түрүү бөхөд шагнал гардуулсан” мэдээний төлбөр 1.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Цагийн хүрд”-ийн хөтөлбөрөөр “Милко” ХХК-ийн “Өрхийн эмнэлэгийн ус цэвэршүүлэгч” гэх нэрээр цацагдсан мэдээний төлбөр 2.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөгийг биечлэн хүлээн авсан болох нь гэрч нарын мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга, компаниудын тооцооны баталгааны хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

           Хариуцагч Р.Гандиймаа төлбөрийн мөнгийг,

         

           -“PLATINUM” зочид буудал, 507 дугаар өрөө, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр 638.400 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Монтул”-д

 

            -“Yamato dining” ресторан, ширээ-6, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20 цаг 17 минут, хоолны үнэ 560.300 төгрөг

 

            -Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Будда виста” цогцолборын “LONDON” бааранд 2019 он, 581.818 төгрөг / өдөр, сар харагдахгүй/

 

            -“MAXIPOT” халуун тогооны ресторанд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цаг 06 минутанд 366.500 төгрөгийг төлсөн нь баримтуудаар нотлогдоно гэж маргаж байгаа хэдий ч баримтуудаас үзэхэд, дээрх хоёр үйл ажиллагаанд зарцуулсан нь баримтаар нотлогдоогүй, уг баримтаас харагдахгүй мөн төлбөр төлсөн баримтуудын нийлбэр дүн 2.147.018 төгрөг болж байгаа бөгөөд үлдэгдэл 852.982 төгрөгийг юунд зарцуулсан, шилжүүлсэн нь тодорхойгүй, баримт байхгүй, гэрч Ц.Лхагвадаш, Г.Батзаяа, А.Лхагва-Отгон, М.Эрдэнэбат, Ч.Батцэнгэл, О.Тэгшгэрэл, Г.Гэрэл нарын “....сувгийн захирлуудад төлбөрийн мөнгийг өөрөө авч захиран зарцуулах эрх олгогдоогүй, байгууллагын төвлөрсөн нэг дансанд хийх ёстой” гэх мэдүүлгээр хариуцагч гэрээ, журамд зааснаар өөрт олгогдоогүй эрхийг эдлэн, дур мэдэн байгууллагын үйлчилгээний хөлсийг захиран зарцуулсан болох нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

  Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А/05 дугаартай “Ажлын хэсэг томилох тухай” тушаал гаргаж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Монголын мэдээ” сувгийн мэдээний орлогод хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлангаар “Аригү медиа” ХХК-ийн “Түрүү бөхөд шагнал гардуулсан” мэдээний төлбөр 1.000.000 төгрөг, “Милко” ХХК-ийн “Өрхийн эмнэлэгийн ус цэвэршүүлэгч” гэх нэрээр цацагдсан мэдээний төлбөр 2.000.000 төгрөгийн орлогууд байгууллагын дансанд ороогүй санхүүгийн зөрчлүүд илэрлээ” гэсэн дүгнэлтийг үндэслэн, Р.Гандиймааг ноцтой зөрчил гаргасан гэж үзээд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б-107 дугаартай “Тушаал”-аар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

        3.Нэхэмжлэгч Р.Гандиймаа, хариуцагч Л.Нинжжамцад холбогдох нэр төрөө сэргээлгэж, залруулга мэдээлэл гаргуулахыг даалгах шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй.

 

         Шүүх хуралдаанд Баянгол дүүргийн ард иргэдийг төлөөлж, иргэдийн төлөөлөгчөөр оролцсон П.Рэгзэдмаа, Ж.Нэргүй нар “Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт”-дээ “ нэхэмжлэгч Р.Гандиймаа мөнгийг хувьдаа шамшигдуулсан нь буруу. Ийм юм байж болохгүй. Хэрвээ зарцуулах бол заавал байгууллагын дансаар шилжүүлэх ёстой. Яагаад байгууллагын мөнгийг  баримтгүй зарцуулж байна. Мөн  ажлаас халсны тухайд сануулага өгч болоогүй юмуу” гэсэн дүгнэлтийг бичгээр болон амаар гаргасныг дурдах нь зүйтэй.

 

          Нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б-170 дугаартай тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

      

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн нэр төр сэргээлгэх шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 63.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Гандиймаагаас улсын тэмдэгтийн хураамж 63.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

     

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн      

       115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Р.Гандиймаагийн нэхэмжлэлтэй, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Гандиймаагаас 3.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Монголын үндэсний олон нийтийн радио, телевизид олгосугай.

           

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Гандиймаа, хариуцагч Л.Нинжжамцад холбогдох нэр төрөө сэргээлгэж, залруулга мэдээлэл гаргуулахыг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн нэр төр сэргээлгэх шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 63.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Гандиймаагаас улсын тэмдэгтийн хураамж 63.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизид олгосугай.

 

       5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           

       6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА

 

                                                                     М.БАТЧИМЭГ

 

                                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ