Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар    2024/ШЦТ/313

 

 

 

 

2024           04         17                                     2024/ШЦТ/313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

     Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Б.Одонтуяа /онлайнаар/ , шүүгдэгч Э.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

     Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Цд холбогдох эрүүгийн “2411003740126” дугаартай, 186/2024/0309/Э индекстэй хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны  өдөр хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, хххх тоотод оршин суух хаягтай гэх,

          - урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан,

   - Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын         04-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

   - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангий 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын  хугацаагаар баривчлах ялаар,

   - Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Э.Ц,

          Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Э.Ц  нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 70 давхарын замд 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Тоёота ист” маркийн 58-78 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                        

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1. Шүүгдэгч Э.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2024 оны 01 дүгээр сарын 28-нд оройны 18 цагийн үед би өөрийн эгчийнхээ машиныг Хөвсгөл аймаг руу явах гэж байгаа хүнд өгөх гээд жолоодоод явж байх замдаа цагдаа нартай таарсан. Өмнөх өдөр нь би найзтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэв. 

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Согтуурал шалгасан тэмдэглэлээр Э.Ц нь 0.49 хувь согтолттой.  / хх-ийн 3 дугаар тал/,

          2.2. Эрх бүхий албан тушаалтаны тэмдэглэл. /хх-ийн 4 дүгээр тал/,

          2.3. Тээврийн  хэрэгсэлийг түр саатуулах шийдвэр. /хх-ийн 5 дугаар тал/,

          2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Оюунбатын:..Э.Ц нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрж өссөн. 9 дүгээр ангиа төгсөөд хотод орж ирээд автын завсарчин мэргэжлээр суралцсан. Одоо дуудлагаар авто машин засдаг ажил хийж байгаа. Э.Ц нь даруухан зантай, зан харилцаа сайтай хүн. Хүмүүс ямар нэгэн зүйл өөрөөс нь гуйхад үгүй гэж хэлж чаддаггүй гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаа тал/,

          2.5. 2023 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны Э.Ц нь 3.75 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тогтоогдсон, тэмдэглэл, шийтгэврийн хуудас. / хх-ийн 67-77 дугаар тал/,

           2.6. 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №0635299 дугаартай шийтгэлийн хуудас. /хх-ийн 74 дүгээр тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч: согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, яллагдагч Э.Цгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр тал/, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон тухай баримтууд /хавтаст хэргийн 70-73, 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлана гэв.

          3.2. Шүүгдэгчээс хавтас хэргээс: тусгайлан  шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

           Гэм буруугийн талаар:     

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Э.Ц  нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 70 давхарын замд 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Тоёота ист” маркийн 58-78 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          -Согтуурал шалгасан тэмдэглэлээр Э.Ц нь 0.49 хувь согтолттой.  / хх-ийн 3 дугаар тал/,

          - Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл. /хх-ийн 4 дүгээр тал/,

          - Тээврийн  хэрэгсэлийг түр саатуулах шийдвэр. /хх-ийн 5 дугаар тал/,

          - 2023 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны Э.Ц нь 3.75 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тогтоогдсон, тэмдэглэл, шийтгэврийн хуудас. / хх-ийн 67-77 дугаар тал/,

           -2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №0635299 дугаартай шийтгэлийн хуудас. /хх-ийн 74 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  талаар шүүгдэгч, гэрч нарын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь тээврийн  хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож  байгаа  нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

   Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч, дахин үйлдсэн  болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Э.Цгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Цг  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

    Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Э.Цгийн гэм буруутай үйлдлийн улмаас хавтас хэрэгт авагдсан баримтаар бусдад учруулсан хор уршиг байхгүй байна гэж шүүх үзлээ.

   Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  шүүгдэгч Э.Цгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгж буюу 5.000.000   төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд  биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан “...шүүх эрх хасах ял дээр нэмж торгох ял оногдуулсан бол оногдуулсан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг” тоолно гэсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                      

                                                                                                             ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч Э.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.            

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

          5. Шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

       9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ