| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0040/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/38 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Э.Мөнх-Оргил,
Шүүгдэгч М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.-т холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн .... сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн .... сумын ... багийн ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, ... овогт .... , регистрийн дугаар .....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М. нь О.-тэй /нас барсан/ бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг “ ... ” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ц.-ийн өмчлөлийн үхэр сүргээс 2 бөөр нь цагаан улаан зүсний эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр зэрэг нийт 2 тооны үхрийг 00-00 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан бусдад хэлэлгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бүлэглэн машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч М. нь О.-тэй /нас барсан/ бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн нутаг “.....” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ц.-ийн өмчлөлийн үхэр сүргээс 2 бөөр нь цагаан улаан зүсний эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр зэрэг нийт 2 тооны үхрийг 00-00 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан бусдад хэлэлгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
- Хохирогч Ц.-ийн “...Миний хүргэн дүү Б. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрсдийн үхэр сүргээ хашиж байгаад шүлхийн эсрэг тариа хийлгэсэн юм. Тэр өдрийн орой нь 18 цагийн үед тариа хийлгэж дуусаад үхэр сүргээ “ ” гэх газар руу туучхаад гэртээ ирсэн. Манай хоёр айл хамтдаа нэг дор байдаг ба манай хоёр айлын үхэр мал бас нэг дороо байдаг. Үхэр малдаа манай хүргэн дүү Б. байнга явдаг ба 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө хүргэн дүү Б. адуундаа явж байхдаа үхрээ туусан газраар буюу “ ” гэх газраар явахад машинаар үхэр хөөж туусан бололтой мөрнүүд байхаар нь үхрээ хайтал гэх газрын баруун урд тал руу байдаг “ ” гэх газарт 2 үхэр нядлаад гэдэс дотрыг нь гаргаж хаячхаад мах, арьс ширийг нь аваад явсан бололтой 2 хэсэг газарт үхрийн гэдэс дотор гаргаад хаячихсан мөн тэр хаясан гэдэс дотрын ойр хавьд нь баахан үхрийн болон машины дугуйны мөр байхыг хараад хүргэн дүү Б. цааш явж өөрсдийн үхрээ хайгаад олтол манай үхрээс 2 бөөр нь цагаан улаан зүсмийн эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр зэрэг 2 тооны монголын нас гүйцсэн эр үхрүүд байхгүй болсон байхыг мэдээд над руу утасдаад урд шөнө танай үхэр дотроос 2 бөөр нь цагаан улаан зүсмийн эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр хоёрыг чинь “ ”-д барьж авч нядлаад мах, арьс ширийг нь аваад явсан байна, та цагдаа дуудаад хүрээд ирээрэй гэхээр нь би “ ” гэх газарт очиж 2 үхрийнхээ гэдэс дотрыг нь хараад мөн үхрээ бүртгэж үзээд манай өөрийн үхэр дотроос дээрх 2 үхэр байхгүй болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас/,
- Гэрч Б.ийн “...Манай энэ хавийн айлууд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүгд үхрүүддээ шүлхийн эсрэг тариа хийлгэсэн. Тэр өдөр Д. ах бид 2 “ ”-ийн малын хашаан дээр өөрсдийн үхрүүдээ тууж очиж хашиж байгаад тариа хийлгэчхээд оройн 18 цаг болох гэж байхад тариагаа хийлгэж дуусаад үхрүүдээ “ ” гэх газар луу туучхаад гэртээ ирсэн. Ц. ах манай 2-ын үхрүүд хамт байдаг ба тариа хийлгэдэг өдөр манай 2-ын үхрүүд бүгд бүрэн байсан. Тэгээд тариа хийлгэсний маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн үед би адуундаа явж байхдаа үхэр байдаг газар буюу .... гэх газраар мотоциклтой явж байтал олон тооны үхрийг машинаар хөөж туусан бололтой мөр байхаар нь нэг их тоогоогүй цаашаа явж байтал “ ” гэх газарт 2 тусдаа газарт үхэр нядлаад гэдэс дотрыг нь гаргаж хаяад мах, арьс ширийг нь ачаад аваад явчихсан бололтой машины мөр байхаар нь энэ юу болов гээд өөрийн үхэрнүүдээ хайж явсаар байгаад тэр газраас нэлээн холоос олоод өөрсдийн үхэрнүүдээ бүртгэж үзэхэд Ц. ахын эзэмшлийн 2 бөөр нь цагаан улаан зүсний эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр зэрэг 2 тооны монголын нас гүйцсэн эр үхрүүд нь байхгүй болсон байхаар нь би Ц. ах руу утасдаад “урд шөнө танай үхэр дотроос 2 бөөр нь цагаан улаан зүсний эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр хоёрыг чинь “ ”-д барьж авч нядлаад мах, арьс ширийг нь аваад явсан байна. Та цагдаа дуудаад хүрээд ирээрэй гэж хэлсэн. ...Машины мөрийг нь дагаад явж байтал тэр машины мөр ... сумын багийн ... нутаг “....” гэх газарт очоод замын урагшаа салаад нядалсан 2 үхрийнхээ шир, толгой, зэргийг нь хаячхаад цаашаа .... сумын чиглэлд явчихсан байсан юм. Тэгээд тэр машины хаясан байсан үхрийн шир, толгойг цагдаа нар дэлгээд бидэнд харуулахад Ц. ахын үхрээс байхгүй болсон байсан 2 үхрийнх нь шир, толгой мөн байсан юм.” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/,
- Гэрч Д.ийн “...Манай энэ хавийн айлууд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүгд үхрүүдээ шүлхийн эсрэг тариа хийлгэсэн юм. ...Ц. ахын эзэмшлийн 2 бөөр нь цагаан улаан зүсний эр үхэр, шарман улаан зүстэй эр үхэр зэрэг 2 тооны монголын нас гүйцсэн эр үхрүүд нь байхгүй болсон байсан. Тэгээд Б. Ц. ах руу утасдаж дуудахад Ц. ах “ ” гэх газарт ирээд дараа нь цагдаад мэдэгдсэн ба цагдаа ирээд хэргийн газрын үзлэг хийгээд тэр 2 үхрийн гэдэс дотрыг нь гаргаж хаясан газарт үлдсэн байсан машины мөрийг нь дагаж явж байтал тэр машины мөр сумын багийн нутаг “” гэх газарт очоод замын урагшаа салаад нядалсан 2 үхрийнхээ шир, толгой, зэргийг нь хаячхаад цаашаа сумын чиглэлд явчихсан байсан. Тэгээд тэр машины хаясан байсан үхрийн шир, толгойг цагдаа нар дэлгээд бидэнд харуулахад Ц. ахын үхрээс байхгүй болсон байсан 2 үхрийнх нь шир, толгой мөн байсан юм.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/,
- Гэрч Ц.ын “... сумын багийн нутаг “ ” буюу гэх гэх уулын зүүн талд манай сумын гэх залуу цагаан өнгийн приус-20 маркийн машинтай очоод зогсчихсон байхаар нь тэр машин дээр очиж зогсоод авч очсон 2 дугуйгаа тэнд буулгаж өгчхөөд , , бид 4 цаашаа адуундаа шууд явсан юм. Би тэнд дугуйг нь буулгаж өгчхөөд цаашаа буюу -, - чиглэлд явдаг төв зам руу нийлээд , , , Хар гэх газруудаар яваад адуугаа бөөгнүүлчхээд орой нь сумын төв рүү орж ирсэн. Тухайн үед тэр машинд дугуй хүргэж өгөхөд тэр машин нь приус-20 маркийн цагаан өнгөтэй суудлын машин байсан ба улсын дугаарыг нь би анзаараагүй. Тэр машинд манай сумын , гэх хоёр залуу явж байсан. Өөр хүн тухайн машинаас бууж ирж харагдаагүй. Тухайн үед , хоёрын сууж явсан тэр приус-20 маркийн автомашины зүүн талын урд дугуй нь хагарсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дугаар хуудас/,
- Гэрч Б.ийн “...Тэгээд яваад очиход , нар сумын багийн нутаг буюу гэх уулын зүүн талын бэлд зогсож байсан юм. Тэр үед ахын машинд , , ах бид 4 явж байсан ба Д-ийн заасан тэр газарт очиход манай сумын , гэх 2 залуу машиныхаа гадаа хүлээгээд зогсож байсан. Тэгээд бид нар тэнд нь явж очоод ах бид хоёр машинаас буугаад , нарт ахын өгч явуулсан 2 дугуйг буулгаж өгчхөөд цааш явсан. Тэр машинд манай сумын , гэх хоёр залуу явж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас/,
- Гэрч Э.ийн “...2023 оны 10 дугаар сарын 14, 15-ны үед байх би ажлаа хийгээд засварын газартаа байж байхад манай ******* сумын Д гэх залуу ажил дээр Prius-20 маркийн 00-00 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн машинтай ирээд машинаа надаар засуулъя, машиндаа солиулах бүх юмаа солиулъя, тэгээд манайд байгаа сэлбэгээс сэлбэг бүх юмаа авч янзлуулна гэсэн ба үнэ өртөг нь 600,000-700,000 төгрөг болох байх гэсэн чинь Д би хөлсөнд нь үхэр өгье гэхээр нь тэгж болно. Би өөрөөсөө сэлбэг юмыг нь гаргаад янзлаад өгч болно гэсэн. Тэгээд Д яваад өгсөн. 2023 оны 10 дугаар сарын 30-ны үед байх Д миний 000000 дугаар руу 00000 дугаараас залгаад би машиныхаа кастчираа хагалсан та янзлаад өгөөч, миний машин явахаа байсан гэхээр нь би шинэ хорооноос өөрийнхөө машинаар чирч ирээд янзлаад өгсөн. Тэгээд мөнгөө өг гэхэд Д би танд идэшний чинь үхрийг гаргаж авч ирж өгнө гэсэн. Тэгэхэд нь би хулгай зэлгийн юм хийж авч ирэв гэхэд тийм юм байхгүй санаа зоволтгүй ээ ах гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д-ийг мал идээтэй айл болохоор нь гайгүй байлгүй гэж бодоод өнгөрсөн юм. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр над руу утсаар ярьж байгаад машин дотроо гялгар уутанд боосон үхрийн мах манай гэрийн гадаа авч ирж өгсөн юм. Тэгэхэд Д, Х гэх залуутай ирээд “би 2 тооны үхрийн мах авч ирсэн нэгийг нь зараад өгөөч, нэгийг нь та ав гээд надад 2 тооны үхрийн мах үлдээгээд яваад өгсөн. ...Би гарал үүслийн бичиг баримт асуугаагүй. Хэний үхэр юм гэхэд -аас өөрөөсөө гаргаж ирсэн үхэр л гэж Д хэлж байсан. Д, Х хоёрын надад авчирч өгсөн тухайн 2 тооны үхрийн махны арьс шир, толгой нь байгаагүй гэдэс дотор нь ч ирээгүй. Тэгээд би гэдэс, дотрыг нь асуухад эмэгтэй хүн байхгүй гэдсийг нь хаячихсан гэхээр нь би та 2 чинь буруу гарын юм хийчихсэн юм биш биз гэхэд Д үгүй ээ тийм юм байхгүй гэж байсан. Тэр 2 үхрийн махыг монголын үхрийн мах гэж хэлсэн ба би хулгайн үхэр байсан бол зарж өгөхгүй, өөрөө ч махыг нь авахгүй байсан юм.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/,
- Гэрч Б.ын “...2023 оны 11 дүгээр сарын 02-ны орой манай нэртэй цайны газрын хажуу талын “....” нэртэй дэлгүүрийн худалдагч ах над руу залгаад үхрийн мах авах юм уу гэсэн. ...Удаагүй хар ногоон өнгийн микро маркийн машинтай нэг залуу ганцаараа хүрч ирээд нядлаад махыг нь хөл, хөлөөр нь салгаад янзалчихсан 6 мөч гэдэс, доторгүй үхрийн махыг машин дотроо нэг ногоон уутан дээр дэлгээд тавьчихсан байдалтай надад үзүүлэхээр нь би ээжийгээ дуудаад тарган туранхайг нь үзүүлсэн чинь гайгүй юм байна гэхээр нь би мах авчирсан нөгөө залуутай “чи энэ махаа хэдээр өгөх юм бэ? гэсэн чинь 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр өгнө гэсэн би 2023 оны 11 дүгээр сарын 03- ны өдөр буюу маргааш нь надад үхрийн мах авчирч өгсөн тэр залуугийн 0000000 тоот -ын М гэсэн нэртэй Хаан банкны данс руу өөрийн 0000000 тоот Төрийн банкны данснаас 350.000-аар 2 удаа нийт 700.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 700.000 төгрөгийг нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны орой шилжүүлэхээр болж тохиролцсон. Тухайн үед тэр залуугийн надад авчирч өгсөн тэр үхрийн махны гэдэс дотор болон арьс шир, толгой нь бүгд байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.ын 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-12 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-20 дугаар хуудас/ болон шүүгдэгч М.ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн болон машин механизм ашиглан олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “олон тооны мал гэж 2 бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч М. нь О.-тэй бүлэглэн бусдын 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан байна. Шүүгдэгч М. нь дээрх гэмт хэргийг О-тэй бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч О. нь хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 02 дугаар талд авагдсан 00000000 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. Мөн Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн 0000000000 дугаартай хэргээс яллагдагч О.-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “яллагдагч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгдэгч М.ын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Ц.ын олон тооны бод малыг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
- Хохирлын талаар: Шүүгдэгч М.ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.-д 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №00 дугаартай “...Нийт 2 тооны нас гүйцсэн монголын эр үхрийн зах зээлийн үнийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гэж тогтоов.” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М. нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн болох нь хохирогч Ц.-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар болон шүүгдэгч М.ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол төлсөн талаараа мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч М.-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгч М.нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Уг гэмт хэргийг үйлдэхдээ М., О. /нас барсан/ нар нь О.-ийн эзэмшлийн 00-00 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бүлэглэн, машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 1 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.-т оногдуулсан 1 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ