| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/00597/И |
| Дугаар | 102/ШШ2021/00891 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2021/00891
2021 оны 03 сарын 31 өдөр Дугаар 102/ШШ2021/00891 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Бат-Эрдэнэд олбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууцнаас өөрт болон хүүд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Д.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Бат-Эрдэнэтэй 2013 онд танилцаж, 2013.07.08-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Ингээд 2014.06.17-ны өдөр хүү Б.Эвлэг төрсөн. 2015.06.25-ны өдөр нөхрийн хамт Австрали улс руу сурч, ажиллаж, амьдрахаар хамт явсан. Энэ хугацаанд бид 2 байрны урьдчилгаа бүрдүүлэхийн тулд хамтран ажил эрхэлдэг байсан. Австрали улсад ажиллаж амьдрах хугацаанд нөхөр маань архи ууж ажпаа таслах тохиолдлууд их байсан бөгөөд би нөхрөөсөө 2 дахин илүү хөдөлмөрлөх шаардлага гарч ажилладаг байсан. Австрали улсад банкиар мөнгөн гуйвуулга хийхэд шимтгэл өндөр байдаг учраас тэнд амьдарч буй хүмүүс байнгын хувь хүмүүсээр дамжуулан вальютын ханшаа хоорондоо тохирч 2 улсын хооронд хадам ээжийн Хаан банк болон Голомт банкны дансаар мөнгө шилжүүлдэг байсан. 2016 оны 7 сард Австралиас буцаж ирсэн. Миний бие 2016.09.26-нд Санхүү эдийн засгийн их сургуульд бүртгэл мэдээллийн ажилтнаар, Д.Бат-Эрдэнэ 2016 оны 8 сард Ремакс Инфинити үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид агентаар ажилд тус тус орсон. Тухайн үед дөнгөж ажилд ороод удаагүй байсан, банкны шаардлага хангахгүй байсан тул хадам ээж Б.Мандирмаагийн нэр дээр ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж 2017 онд Баянгол дүүрэг, 24 хороо, 4а байр, 46 тоот орон сууцыг авч, Д.Бат-Эрдэнэ хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Анх гэр бүл болоход нөхөр архи уудаг байсан ба 2016 оны 7 сард Монголд ирж ажилд орсноос хойш маш ихээр архи уух болж, агсан согтуу тавьж, миний биед олон удаа гар хүрдэг байсан ба хоолойг минь боож ухаан алдуулж байсан удаатай. Цагдаад мэдэгдэж байсан боловч хүүгээ бодон уучлах сэтгэгдэл төрөөд гомдлоо буцаасан. Миний бие ийм айдастай удаан байж чадахгүй болсон тул 2018 оны 3 сараас хойш тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах хугацаанд миний хүү Б.Эвлэг миний асрамжинд байгаа. Иймд Д.Бат-Эрдэнээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Эвлэгийг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмч болох Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, 4а байр, 46 тоот орон сууцнаа өөрт болон хүүд ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн хувьд 14,000,000 төгрөгийг 2021.04.20-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцсон гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд Д.*******тай танилцаж, 2013.07.08 өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хүү Б.Эвлэгийг 2014.06.17-ны өдөр төрүүлсэн бөгөөд одоо 7 настай, 1 ангид суралццаг. Хамтын амьдралын эхний жилүүдэд эвтэй сайхан байсан ба бид хоёр 2015 оны 6 сард Австрали улс руу сургуульд явж тэнд 1 жил гаруй хугацаанд суралцаад 2016 оны 7 сард буцаж ирээд 2018 оны 3 сарыг хүртэл хамт амьдраад таарч тохирохгүй таарамж муутай байсан учир тус тусдаа амьдрах болсон. Бид хоёр Австрали улсад суралцахын зэрэгцээ ажил хийж олсон мөнгөө талийгаач ээж Б.Мандирмаагийн нэрээр Голомт банкинд хийж хуримтуулдаг байсан. 2016 онд Баянгол дүүргийн 1 хороо, Энгельс гудамж, 4а байрны 46 тоотын 35,73 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг 67,887,000 төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн 30 хувийг төлөх шаардлагын дагуу өөрсдийн Австрали улсад ажиллаж бий болгосон 10,450,194 төгрөгийг болон ээж Б.Мандирмаа 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 47,000,000 сая төгрөгийг ипотекийн зээлд хамруулж Голомт банкнаас зээл авч төлсөн. Зээл авахад бид хоёрын ажил эрхэлсэн байдал болон бусад олон зүйл банкны шаардлагыг хангахгүй байсан учир ээж Б.Мандирмаа үндсэн, би хамтран зээлдэгчээр орж зээл, хүүгийн төлбөрийг ээж бид 2 төлөх үүргийг хүлээсэн. Банкны өмнө хүлээсэн үүргийн дагуу зээл хүүгийн төлбөрт 10 сая гаруй төгрөгийг 2016 оны 9 сараас 2019 оны 1 сар хүртэл төлсөн. Орон сууцны өмчлөгчөөр ээж бид 2 улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ээжийг нас барсны дараа, ажиллаж байсан компаниас нь цалин олговор, урамшуулалын мөнгө өгснөөр орон сууцны зээлийн үлдэгдэл 36,888,108 төгрөгийг 2019.03.04-ний өдөр банкинд төлж зээлийг хаасан. Зээлийн төлбөрт төлсөн 36,888,108 төгрөг бол өв залгамжлалаар аав, эгч, бид 3-т тэнцүү хуваагдах мөнгө юм. Гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох орон сууцанд бидний оруулсан мөнгө 10,450,145 төгрөг л байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүү Б.Эвлэгийн асрамж болон хуулийн дагуу төлөх тэтгэлэгийн талаар маргаангүй, орон сууцны ногдох хэсэгт би 14 сая төгрөгийг 2021.04.20-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцсон гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь Д.Бат-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Гэрлэгчид нь 2013 онд танилцаж, 2013.07.08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас 2014.06.17-ны өдөр хүү Б.Эвлэг төрсөн болох нь зохигчийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогдож байна.
Зохигч гэр бүлийн амьдралыг цаашид хэн аль нь үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, 2018 оны 3 сараас тусдаа амьдарсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Бат-Эрдэнэ, Д.******* нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухай тохиролцож болно гэж заасан ба хүү Б.Эвлэгийн асрамжийн талаар маргаагүй тул эхийн асрамжид үлдээв.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Эвлэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцнаас нэхэмжлэгч болон хүү Б.Эвлэгт ногдох хэсэгт хариуцагч нь нэхэмжлэгчид 14,000,000 төгрөгийг 2021.04.20-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар баталлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Д.Бат-Эрдэнийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Д.*******д даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоосон болон орон сууцнаас ногдох хэсгийг шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжид /50,350+227,950/ нийт 278,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бат-Эрдэнэ ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014.06.17-ны өдөр төрсөн хүү Б.Эвлэгийг эхийнх нь асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Эвлэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Бат-Эрдэнэ нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын орон сууцнаас нэхэмжлэгч болон хүү Б.Эвлэгт ногдох хэсэгт 14,000,000 төгрөгийг 2021.04.20-ны өдрийн дотор Д.*******д өгөхөөр тохиролцсоныг баталсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Д.Бат-Эрдэнийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Д.*******д даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 278,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ