Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй  

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Г.Золзаяа,

Иргэдийн төлөөлөгч Ж.Нармандах,

Хохирогч Д.Жамбалсүрэн, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Шүүгдэгч Г.Одсүрэн, түүний өмгөөлөгч Д.Жамъяандагва, Н.Намжилцогт, Ш.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халиун морь овогт Гариг-Ишийн Одсүрэнд холбогдох 201626010943 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн Товчооны 6 дугаар гудамжны 115 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоогоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 44 дүгээр байрны 8 тоотод амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлгүй, Халиун морь  овогт Гариг-Ишийн Одсүрэн /РД: ЧЕ66043011/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Одсүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хорооллын 84б байрны 168 тоотод хохирогч Д.Жамбалсүрэнг эхнэр Н.Алтанчимэгтэй хардан зодож, бие махбодид нь “зүүн талд 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны доод дэлбэнд няцрал, зүүн цээжний хөндийд хий шингэн хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

Мөн хохирогч Д.Жамбалсүрэнд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хоол, машинд нь гааз өгөх мэтээр 15.000 төгрөгийн шан харамж өгч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “өөрөө унаж хүнд гэмтсэн” гэж худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.Одсүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хорооллын 84б байрны 168 тоотод хохирогч Д.Жамбалсүрэнг эхнэр Н.Алтанчимэгтэй хардан зодож, бие махбодид нь “зүүн талд 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны доод дэлбэнд няцрал, зүүн цээжний хөндийд хий шингэн хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Жамбалсүрэнгийн өгсөн: “....2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр охиноо цэцэрлэгээс авах гээд явж байхад 21 дүгээр хорооллын Шөнийн захын урд нэг хүн гар өргөхөөр нь авахад “Залуус-2” хороолол явна гэж хэлсэн, тэгэхээр нь би зам дагуу юм байна гэж бодоод машиндаа суулгаад явсан. Тэгээд “Залуус-2” хороололд очиход тухайн эгч “эгчид нь мөнгө байхгүй байна, гэрээс ороод авчих” гэсэн би дагаад гэр рүү нь орсон.  Тэгсэн тэр эгч “мөнгө байхгүй байна, нөхрийг ирэхээр мөнгийг чинь өгье” гэж хэлсэн. Тэгээд надад гэрийнхээ утасны дугаарыг өгч байсан. Утасны дугаарыг нь утсан дээрээ бичээд гарах гэхэд хаалга тогшсон. Тэгээд хаалга онгойлгоход цагдаа орж ирсэн. Шүүгдэгч Одсүрэн намайг түлхэж унагаагаад 3-4 удаа дэвссэн. Би Одсүрэнгийн гэрээс арай гэж гарсан. 4 давхраас доош буух гэж удсан. Би гараад орцны тэргэнцэртэй хүн явдаг замд явж байхад Одсүрэн гарч ирээд “зурагт яасан юм бэ архичин минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь ахаа би зурагт аваагүй, би таксины жолооч гэж хэлсэн. Би таксины жолооч гэдгээ хэлсэн ба би машиндаа суугаад машинаа асааж чадахгүй байсан. Тэгээд цагдаа дуудахад 2 цагдаа ирсэн. Би эгч нартаа хэлээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гэмтлийн эмнэлэг рүү явсан.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

           Хохирогч Д.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:              “...2016 оны 03 дугаар  сарын 29-ний өдөр 16-17 цагийн үед охиноо цэцэрлэгээс нь авах гээд дүүгийн эзэмшлийн Соната-5 маркийн 15-36 УБК улсын дугаартай автомашиныг унаад гэрээсээ гарч явж байх замд Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хорооллын нутаг шөнийн захын  урьд талын зам дээрээс хоёр эмэгтэй нэг эрэгтэй гар өргөхөөр нь зогстол нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр нь үлдээд нэг махлагдуу эгч нь миний машинд суугаад залуус хороолол руу явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би залуус хороололд хүргэж өгөхөд тэр эгч “таксины мөнгө байхгүй, гэр лүү ороод  авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эгчийг дагаад гэр лүү нь орж таксины мөнгө 1.500 төгрөгийг авах гэхэд гэрт нь “мөнгө алга байна, орой нөхөр ирэхээр 7721-4635 дугаарын утсаар яриад авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би утасны дугаарыг нь тэмдэглэж аваад тэр эгчийн гэрээс гарах гэтэл нөхөр нь гэртээ ороод ирсэн. Тэгсэн тэр нөхөр гэх ах нь “чи төрийн цагдаагийн гэрт орж ирдэг хэн бэ чи” гэсэн. Тэгэхээр нь “таксины жолооч” гэж хэлсэн. Тэгсэн тэр ах намайг ямар ч үг хэлэлгүй шууд миний мөр лүү цохиод намайг унагаасан. Тэгээд намайг гэртээ шалан дээр унагаж байгаад миний дээрээс маш хүчтэй миний зүүн талын цээж хэсэгт 4-5 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгсэн эхнэр нь “гэмгүй таксины жолоочийг аллаа” гэж хэлсэн. Тэгээд тэр ах намайг одоо “зайл, пизда минь” гэж хэлэхээр нь би арай хийж босоод гэрээс нь гарахад нөгөө ах дахиж гарч ирээд “чиний машиныг хураалгана, манай гэрийн зурагт хаана байна” гэж хэлээд намайг дарамтлаад сүрдүүлээд байхаар  нь би “ямар зурагт, мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би машин дээрээ ирээд машинаа асаах гэхэд машинаа асааж чадахгүй байсан. Тэгэхээр нь би шууд утсаар 102, 103 луу ярьж дуудсан. Тэгээд хоёр цагдаа ирээд намайг дагуулаад нөгөө ахын гэр лүү орсон. Тэгээд нөгөө хоёр цагдаа нөгөө ахыг дагуулаад гарахад намайг “наад муу гөлөг чинь ямар хүнтэй орооцолдсоноо мэдэхгүй байна даа” гэж хэлсэн. Ингээд бид нар цагдаагийн машинд суугаад Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр ирсэн. Би тэр айлын зурагтыг аваагүй. Би Н.Алтанчимэгийг оролдоогүй, тэр айлын үүдэнд зогсож байгаад таксины мөнгө байхгүй гэхээр нь утасны дугаарыг нь тэмдэглэж аваад зогсож байтал хаалга тогшсон. Тэгсэн тэр эгч өөрөө гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн. Би Н.Алтанчимэгийг дагаж гэрт нь ороход бүргэд хаалга нь өөрөө хаагдсан. Би Одсүрэн рүү сандал барьж дайраагүй. Одсүрэн шууд зүүн мөр лүү цохиод намайг шалан дээр унагаасан. Одсүрэн ганцаараа орж ирсэн. Одсүрэнгээс өөр хүн байгаагүй. Хохиролд 1.740.000 төгрөг Одсүрэнгээс авсан. Дахин нэхэмжлэх зүйл байхгүй. Би анх өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвийг ярьсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 16-19, 197х, 2 хх-ийн 10х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4500 тоот дүгнэлтэд:

а/ Жамбалсүрэнгийн биед зүүн талд нь 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал зүүн уушигны доод дэлбэнд няцрал, зүүн цээжний хөндийд хий шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. б/ Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. д/ Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэжээ. /1 хх-ийн 41х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 676 тоот дүгнэлтэд:

а/ 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн гаргасан 4500 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. б/ Д.Жамбалсүрэн нь архаг өвчтэй гэх боловч эмнэлгийн ямар нэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. в/ Д.Жамбалсүрэнгийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. г/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. д/ Эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /1 хх-ийн 43-44х/

 

Шинжээч С.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Жамбалсүрэнгийн өвчин нь хавирганы хугаралд хамааралгүй учраас гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Жамбалсүрэнд учирсан гэмтэл нь учрах үедээ буюу хавирганууд нь хугарах үедээ дотор эрхтнийг гэмтээсэн учраас зүүн цээжний хөндийд хий хурсан. Хий шингэнийг соруулж авсан байдаг. Ийм учраас амь насанд аюултай, хүнд гэмтэлд тооцогдоно...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 47х/

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Жамбалсүрэнгийн биед учирсан гэмтэл нь цээжний зүүн хэсэг рүү олон удаа дэвсэх, өшиглөх үед үүсэх боломжтой. Харин явган хүний зам дээр унах, шатны бариул мөргөх үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл үүссэн үед амьсгаадах, цээжээр өвдөх, амьсгал давхцах зэрэг шинж тэмдгүүд илрэнэ. Д.Жамбалсүрэнд учирсан гэмтлийн үед тодорхой хугацаанд 1-2 цагийн дотор идэвхитэй үйлдэл хийх боломжтой...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 18 х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 51 тоот дүгнэлтэд:

а/ 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №4500, хавтаст хэргийн №676 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

 б/ Жамбалсүрэнгийн биед цээжний зүүн талд 4, 5, 6, 7, 8,-р хавирганы хугарал, зүүн уушигны доод дэлбэн няцрал, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн өшиглөх, дэвсэх, цохих үйлчлэлээр үүснэ.

в/ ШЭГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай шалгуураар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 г/ Д.Жамбалсүрэнгийн дэвсүүлсэн, зам дээр унасан, шатны бариул хэсгийг цээжээрээ тэгнэж унасан гэсэн мэдүүлгээс дэвсүүлсэн гэснээс нь илүү үүсэх боломжтой гэмтэл юм.

 д/ Д.Жамбалсүрэн нь төрөлхийн булчингийн сулрал өвчнөөр хөдөлмөр чадвар алдалтын 70%-аар групп тогтоолгосон нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй гэжээ. /2 хх-ийн 79-80 х/

 

Гэрч Х.Батдэлгэрэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Жамбалсүрэн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэмтлийн эмнэлгийн хүлээн  авах тасагт үзүүлээд  шууд хавсарсан гэмтлийн тасагт хэвтсэн. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Жамбалсүрэнг хэвтсэнээс 2 хоногийн дараа үзэхэд цээжний зүүн талдаа дарагдал няцралттай, олон тооны хавирга хугаралтай байсан. Жамбалсүрэнгийн зүүн уушиг олон тооны буллтай, мөн баруун уушигны буллтай байсан. Зүүн уушиг хагас унасан байсан. Цээжинд нь гуурс тавьж уушгийг нь сэргээсэн. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Д.Жамбалсүрэнгийн өвчний зовиур багассан, зүүн уушиг нь тэлсэн учир харьяа дүүргийн гэмтлийн эмчийн хяналтанд зөвлөгөө өгч эмнэлэгээс гаргасан. Булчингийн сулрал өвчин нь бусад эд эрхтэн, сэтгэцэд нөлөөлдөг өвчин биш. Иймд бусад эрхтэнд нөлөөлөхгүй. 0,10 хувийн согтолт нь сэтгэцэд нөлөөлөхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 176, 198х/

 

             Гэрч Л.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ” ... 2016 оны 3 дугаар сарын 29-ний 17 цаг өнгөрч байхад намайг ажил дээр байж байхад манай төрсөн дүү Жамбалсүрэн утсаар “Би Сонгинохайрхан дүүргийн Залуус хороололд хүнд зодуулчихлаа, та хүрээд ир” гэхээр нь би ажлын газраас такси бариад Залуус-2 хороолол руу явж байх замдаа дүү Жамбалсүрэн рүү хаана байна гэсэн чинь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр байна гэсэн. Ингээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиход дүү Жамбалсүрэн хүлээлгийн өрөөний сандал дээр баруун талаараа эвхрээд хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад “Сонгинохайрхан дүүргийн Шөнийн захын хажуунаас гурван хүн гар өргөхөөр нь зогстол нэг эмэгтэй суугаад Залуус-2 орно гэхээр нь хүргэж өгтөл нөгөө эмэгтэй надад мөнгө алга, дагаж ороод авчих гэхээр гэрт нь ороод байж байтал гаднаас нөхөр нь гэх согтуу цагдаа орж ирээд миний зүүн мөр лүү 4-5 удаа дэвссэн, тэгээд намайг чирээд зайл гэхээр нь би хаалгаар нь мөлхөж гарсан. Тэгээд машин дээрээ арай хийж очоод тань руу яриад цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. Би тэгээд жижүүрийн өрөө харахад манай дүүг зодсон гэх Одсүрэн энгийн хувцастай сууж байхаар нь би Одсүрэнд “чи яахаараа манай дүүг зоддог юм бэ” гэхэд “яадаг юм” гэж хэлсэн. Жамбалсүрэнг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очиж зургийг нь авхуулахад 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганууд нь хугарсан, уушгины доод дэлбэнд няцралтай байна гэсэн. Ингээд шууд гэмтлийн эмнэлэгт хэвтэж 10 хоног эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 22х/

 

Гэрч Н.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр найз Гэрлээ, түүний нөхөр Баатар бид гурав Сонгинохайрхан дүүргийн шөнийн захын хажуу талын бааранд пиво ууж байгаад орой 17 цаг өнгөрч байхад бид гурав баарнаас гарсан. Тэгээд би такси бариад гэр лүүгээ хүргүүлсэн чинь 1.500 төгрөг гарсан. Тэгээд надад мөнгө байхгүй байсан болохоор би гэртээ ороод авчих гэж хэлээд гэр лүүгээ дагуулаад ороход манай нөхөр Одсүрэн гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би тэр жолоочид гар утасны дугаараа өгье гэхэд тэр жолооч за тэр мөнгө яах вэ гэж хэлээд манай гэрийн хаалгыг түгжсэн, миний гарыг бариад нөхрийг чинь иртэл байж байх уу гээд байсан. Тухайн үед би пиво уусан нилээн согтуу байсан. Тэгсэн манай нөхөр Одсүрэн хаалга нүдээд байхаар нь би хаалгаа тайлж өгсөн чинь манай нөхөр орж ирээд тэр залууг хоёр цохиод авсан. Тэгээд тэр залуу гарч яваад цагдаа дуудсан байсан..” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 24-25, 27-28х/

 

Гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн үед манай төрсөн дүү Жамбалсүрэн хүнд зодуулчихлаа Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүрээд ир гэсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хүлээлгийн сандал дээр Жамбалсүрэн баруун талаараа хэвтэж байсан. Дүүгээсээ юу болсон талаар асуухад “...нэг эмэгтэйг суулгаад Залуус-2 хороолол хүргээд өгтөл нөгөө эмэгтэй надад мөнгө алга, дагаж ороод авчих гэхээр  гэрт нь ороод байж байтал гаднаас нөхөр нь гэх согтуу цагдаа орж ирээд миний зүүн мөр лүү цохиж унагаагаад зүүн цээж хэсэг рүү хөлөөрөө 4-5 удаа дэвссэн” гэж хэлсэн. ...Одсүрэн өөрөө эмчилгээний зардлыг бүрэн даая, эмнэлэгээс гарсаны дараа бас эмчилгээний зардал өгнө, удахгүй тэтгэвэрт гаргах гэж байгаа гомдлоо авчих гээд байсан. ..” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 29-30х/ 

 

Гэрч Б.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 09 цагаас орой 19 цаг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  Сэлбэ 118 дугаар чиглэлийн автомашинтай цагдаагийн ахлах дэслэгч Хатанбаатарын хамт үүрэг гүйцэтгэсэн. Орой 17 цаг өнгөрч байхад хэлтсийн жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо Залуус хорооллын гадаа цагдаагийн ажилтанд зодуулсан таксины жолооч байна. Яаралтай оч гэсэн дуудлага аваад дуудлагын дагуу Залуус-2 хороололд очиход Соната маркийн машин дотор дуудлага өгсөн иргэн цонхоо онгойлгоод “сая таксины мөнгө авах гээд нэг айл руу ортол нэг цагдаагийн ажилтан гаднаас орж ирээд намайг цохиж унагаагаад дээрээс дэвссэн, зүүн талын хавирганууд эвгүй болчихлоо” гэхээр нь хэрэг болсон айлыг нөгөө залуугаар заалгаад уг залуу болон офицер Хатанбаатарын хамт орсон. Одсүрэн гэх цагдаа хаалгаа тайлж өгсөн. Одсүрэн дээгүүрээ цээж нүцгэн байсан. Доогуураа цагдаа өмдтэй байсан. Эхнэр гэх эмэгтэй нь  ширээний дэргэд уйлаад сууж байсан. Хатанбаатар Одсүрэнгээс “та ямар учраас хүн зодох болсон ювм бэ” гэсэн чинь “энд олон юм ярьмааргүй байна, очдог газар нь очьё” гэсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 31х/

 

Гэрч Э.Хатанбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 09 цагаас орой 19 цаг хүртэл хугацаанд цагдаагийн ахлах дэслэгч Батнасангийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Орой 17 цаг өнгөрч байхад Сэлбэ 10-с \хэлтсийн жижүүрээс\ цагдаагийн ажилтанд зодуулсан таксины жолооч байна, яаралтай оч гэсэн дуудлага аваад 5 орчим минутын дараа дуудлаган дээр буюу Залуус 2 хорооллын гадаа очиход Соната маркийн машин дотор нэг залуу сууж байсан бөгөөд цонхоо онгойлгоод “сая таксины мөнгө авах гээд нэг айл руу ортол нэг цагдаагийн ажилтан гаднаас орж ирээд намайг цохиж унагаагаад дээрээс дэвссэн, зүүн талын хавирганууд эвгүй болчихлоо” гэхээр нь хэрэг болсон айлыг нөгөө залуугаар заалгаж очоод хаалгыг тогшиход Одсүрэн гэх цагдаа хаалгаа онгойлгож  өгсөн. Одсүрэн дээгүүрээ цээж нүцгэн байсан. Доогуураа цагдаа өмдтэй байсан. Эхнэр гэх эмэгтэй тухайн үед “чи яах гэж таксины жолооч зодож байгаа юм бэ” гээд уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 32х/

 

Гэрч Д.Цэцэгдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 18 цагийн үед би Монгол улсын их сургууль дээр хичээлдээ сууж байхад манай том эгч Нэргүй утсаар Жамбалсүрэн хүнд зодуулсан байна, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүрээд ир гэхээр нь би машинаа унаад очсон. Ингээд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст очоод юу болсон талаар асуухад “...машинаар халтуур хийж яваад нэг эмэгтэй Залуус-2 орно гэхээр нь хүргээд өгтөл нөгөө эмэгтэй надад мөнгө алга дагаж ороод авчих гэхээр нь гэрт ороод байж байтал гаднаас нөхөр нь гэх согтуу цагдаа орж ирээд намайг зодсон. Чи юу хийж яваа юм, яахаараа гэрт орж ирдэг юм гээд зодсон, зугтаад доошоо бууж байхад араас дахин ирж зурагт хаана байна гээд дахин зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 170х/

 

Гэрч Л.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад манай газрын жижүүрээс над руу залгаад “танай цагдаа Одсүрэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр асуудалтай байна” гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очоод жижүүрийн ахлах офицертой нь уулзахад Одсүрэн таксины жолоочийг зодсон гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад “би ажлаасаа буугаад ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад архи уугаад 17 цагийн үед гэртээ харьсан. Гэрт орох гэсэн чинь манай аав байрны гадаа байсан. Аав “танайх хүнгүй байна хаалгыг чинь зөндөө нүдлээ” гэсэн. Ингээд байр луугаа ороод гэрийн түлхүүрээрээ онгойлготол танихгүй нэг залуу үүдэнд зогсож байсан. Цаана нь манай эхнэр байсан. Би тэр залуугаас “чи юун хүн бэ” гэсэн чинь “таксины жолооч, таксины мөнгөө авах гэж байна” гэхээр нь эхнэртэйгээ хардаад ганц цохьсон гэж  хэлсэн. Зодуулсан гэх залуу гэмтэл рүү явсан байсан. Маргааш нь буюу 3 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн үед Одсүрэнгийн хамт Гэмтлийн эмнэлгийн хавсаргасан гэмтлийн эмнэлэг орж зодуулсан гэх залуу нь эмнэлэгийн коридорт орон дээр хэвтэж байсан. Хажууд нь эгч гэх хоёр эмэгтэй байсан. Одсүрэн тэр залуугийн хоёр эгчээс нь “миний түргэн зангаас болоод ийм юм болчихлоо, би одоо тэтгэвэртээ гарах гэж байгаа, бүх эмчилгээний зардлыг чинь даая гомдолгүй гээд бичиг хийгээд өгөөч” гээд 200.000 төгрөг өөрөөсөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 33-34х/

 

Хохирогч Д.Жамбалсүрэн, гэрч Н.Алтанчимэг нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 177-179х/, Цагдаад дуудлага өгсөн баримт /1 хх-ийн 128 х/, хохирогч Д.Жамбалсүрэнгийн өвчний түүх /хх-ийн 48-107х/

 

Г.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 11 цагийн үед ажлаасаа буугаад гэр лүү гээ явж байх замдаа Таван Шарын буудал дээр 10-н жилийн ангийн  хүүхэд болох Лхагвасүрэнтэй таараад хоёулаа 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг автобусны буудлын хажуугийн ТҮЦ-ний эмэгтэйг гуйж байгаад ТҮЦ-нд нь орж уусан. Тэгээд гэртээ орохоор хаалга цохиход хаалга онгойхгүй байхаар нь хүнгүй байна гэж бодоод түлхүүрээр хаалгаа онгойлгох гэтэл дотроосоо түгжээтэй, онгойхгүй байсан. Тэгэхээр нь хаалгаа дахин цохьтол хаалга онгойсон. Хаалга онгойлгосон хүн нь манай эхнэр Алтанчимэг байсан. Хаалгаар ортол өмнөөс нэг залуу түшлэгтэй хар өнгийн сандлыг над руу далайгаад цохих гэхээр нь би зайлж бултаад зүүн талын мөр лүү нь гараараа түлхсэн чинь нөгөө залуу сандлаа хаяад хаалгаар гарч гүйсэн. Би эхнэр Алтанчимэгээс чи яахаараа хаалга үүдээ түгжээд танихгүй эрэгтэй хүнтэй юу хийж байсан юм гээд хардаад хэлсэн. Тэгтэл манай эхнэр таксины жолооч гэхээр нь би таксины жолооч яахаараа хаалга түгждэг юм гээд маргалдаад зогсож байсан. Удалгүй гаднаас 2 цагдаа, нөгөө залуутай хамт орж ирсэн. Хоёр цагдааг дагаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр осчон. Тухайн өдөр би цагдаа хувцастай байсан. Би Жамбалсүрэнг зодоогүй. Тухайн үед манай эхнэр, мөн аав Гариг-Иш байсан. Би Жамбалсүрэнд манай зурагт хаана байна, машиныг чинь хураалгана гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-120х/

 

Шүүгдэгч Г.Одсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “......2016 оны 3 дугаар сарын 29-ний өглөө ажлаасаа буугаад явж байгаад ангийнхаа найз Лхагвасүрэнтэй таарсан. Тэгээд Лхагвасүрэн ганц шил архи хувааж уусан. Би гэрлүүгээ харилаа гээд 17 цагийн үед гэрийнхээ гадаа очиход манай аав сууж байсан, би яасан та гэхэд танай гэрт хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавыг гэр лүү оръё гээд гэр лүүгээ орох гэхэд гэрийн хаалга түгжээтэй, дотор талаасаа цоожтой байсан. Би гэрийнхээ хаалгыг цохиж байхад, манай гэр бүлийн хүн хаалга онгойлгож өгөөд цаашаа гүйгээд явсан. Тэгээд гэртээ ороход хохирогч Жамбалсүрэн, манай эхнэр хоёр байсан. Би Жамбалсүрэнгээс “чи хэн бэ” гэхэд Жамбалсүрэн “би таксины жолооч” гэж хэлсэн. Би “яагаад хаалга түгжсэн юм бэ” гээд Жамбалсүрэнгийн мөр рүү нь цохиод, өшиглөхөд Жамбалсүрэн гараад явсан. Би эхнэртэйгээ хэрэлдэж байгаад харахад зурагт байхгүй байсан болохоор эргэж гүйгээд гарахад хүн байхгүй байсан. Жамбалсүрэнг явсан юм болов уу гээд эргээд харахад байрны тэргэнцэртэй хүний явдаг зам дээр тэгнэсэн хэвтэж байсан. Жамбалсүрэн “би танай зурагтыг аваагүй” гэж хэлсэн. Би “чиний машин чинь хаана байгаа юм бэ” гэхэд машинаа зааж өгсөн машинд нь зурагт байгаагүй. Би гэртээ эргэж ороод эхнэртэйгээ хэрэлдэж байхад Жамбалсүрэн 2 цагдаатай орж ирсэн. Тэгээд би эрүүлжүүлэх байранд хоносон. Жамбалсүрэн хавирга сонин болчихлоо гэж хэлж байсан. Шинжээчийн дүгнэлтээр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэсэн байсан. 5 шинжээч эмчийн 4 эмч нь цохилтоос, нэг эмч уналтаас үүсэх боломжтой гэж дүгнэлт гаргасан байна. Би хэрэг гарснаас хойш эргэцүүлж бодож байна, миний буруугаас Жамбалсүрэнд гэмтэл учирсанд гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  зэрэг нотлох баримтуудаар,

 

Мөн шүүгдэгч Г.Одсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Д.Жамбалсүрэнд хоол авч өгөх, машинд нь газ хийх зэргээр 15.000 төгрөгийн шан харамж өгч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчоор “өөрөө унаж хүнд гэмтсэн” гэж худал мэдүүлэг өгүүлсэн болох нь:

 

Хохирогч Д.Жамбалсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өглөө Одсүрэн над руу “хоёулаа уулзъя” гээд ярьсан. Би 21 дүгээр хороололд хүн буулгачихаад буцах гэхэд машин газгүй болсон, унтарсан байсан. Тухайн үед Одсүрэн залгаад “хаана байна” гэхэд “21 хороололд байна” гэж хэлсэн, удалгүй Одсүрэн хүрээд ирсэн. Одсүрэн 10.000 төгрөгөөр газ хийж өгсөн. Тухайн үед машин газгүй болоод зогсчихсон байсан. Газ хийж өгсөн үйлдэлд их баярласан. Хоёр янзын зүйл гараар бичсэн цаас авчраад “энэ дээр гарын үсэг зураад нотариатаар батлуулъя гэж хэлсэн. Би найзыгаа дуудаад машинаа чирүүлээд бинзен колонк ороод газ хийгээд буцаад 21 дүгээр хороолол орсон. Одсүрэн  нотариат ороод гарын үсэг зурчих гэж надаас гуйсан. Мөн 21 дүгээр хороололд байрлах Монгол зоог гэх газар ороод 5.000 төгрөгийн үнэтэй гуляш авч өгсөн.  Тэгээд хоёр тийшээ салсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч Д.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Одсүрэн утсаар яриад уулзъя гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд уулзсан. Одсүрэн “би чамайг зодож гэмтээсэн чинь үнэн, би одоо доод тал нь 5 жил хорих ялаар шийтгүүлэх гээд байна, чи өөрөө унаад гэмтсэн гэвэл би ялгүй гарах гээд байна” гэхэд нь “би шүүх хурал дээр худал мэдүүлэг өгч болохгүй ш дээ гэсэн чинь “зүгээр ээ, шүүгч нар чамайг сүрдүүлнэ, битгий ай, чи хохирогч учраас яах ч үгүй” гээд гуйгаад байхаар нь би “шүүх хурал дээр уулзъя” гээд би явсан. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Одсүрэн дахин уулзъя гэхээр нь 21 дүгээр хороололд уулзсан чинь Одсүрэн нэг бичиг хийгээд ирсэн байсан. “Юун бичиг юм” гэхэд “гомдол саналгүй гэсэн бичиг” гээд надад уг бичгээ уншин өгсөн. Бичигний утга “гомдол саналгүй, бие муудаад өөрөө унаж гэмтсэн” гэсэн утгатай байсан. Одсүрэн “чиний өмнөөс би ийм бичиг бичиж ирлээ, одоо чи гарын үсгээ зурчих, тэгээд нотариатаар батлуулчихвал болох гээд байна” гэхээр нь би гарын үсэг зурсан. Ингээд 21 дүгээр хорооллын зүүн талд байдаг Содон хорооллын нотариатаар уг бичгээ батлуулсан. Нотариатаар батлуулсан бичгээ Одсүрэн аваад явсан. Явахдаа Одсүрэн “шүүх хурал дээр цагтаа ирнэ шүү, чи яг энийгээ хэлээрэй, тэгвэл би шоронд явахгүй” гээд явсан. Ингээд шүүх хурал дээр Одсүрэнгийн гуйлтаар “би өөрөө унасан” гэж худал мэдүүлсэн. Нотариатаар орохын өмнө Одсүрэн хамт хоолонд оръё гээд 5.000 төгрөгөөр нэг гуляш авч өгсөн. Мөн машин чинь газгүй байгаа юм байна гээд 10.000 төгрөгөөр газ хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 10-11 х/

 

Шүүгдэгч Г.Одсүрэн бичиж хохирогч Д.Жамбалсүрэн гарын үсэг зурж  нотариатаар батлуулсан гэх өргөдөл /1 хх-ийн 234 х/

 

Гэрч Д.Мөнхсуурийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Жамбалсүрэнгийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан өргөдлийг би нотариатаар баталсан. Жамбалсүрэн би өөрөө унасан гомдол саналгүй гэж хэлсэн. Тухайн үед Жамбалсүрэнг хэнтэй орж ирсэн бэ гэдгийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 14 х/

 

 Гэрч Д.Цэцэгдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дүү Жамбалсүрэн надад “Одсүрэн шүүх хурал болохоос өмнө надад зодуулаагүй, өөрөө зугтаж яваад унаад гэмтсэн гэсэн бичиг хийгээд ирлээ, би шоронд явах гээд байна, би чамайг зодоогүй гэвэл ялгүй гарах гээд байна” гэхээр нь өрөвдөөд өнөө бичиг дээр нь гарын үсэг зураад нотариатаар батлуулсан. Мөн шүүх хурал дээр Одсүрэнгийн хэлсэн үгний дагуу өөрөө унасан гэж худал хэлсэн” гэж хэлсэн гэсэн. Манай дүү 2 дугаар анги төгссөн тул муухан уншдаг, бичихдээ тааруухан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 13 х/

 

Шүүгдэгч Г.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Жамбалсүрэнд 5.000 төгрөгөөр хоол авч өгсөн, мөн машинд нь 10.000 төгрөгөөр газ хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 34-35 х/

 

шүүгдэгч Г.Одсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Жамбалсүрэн бид хоёр уулзъя гэж тохироод яваад очиход Жамбалсүрэнгийн машины газ дууссан байсан. Газгүй болчихлоо 10.000 төгрөг өгчих гэхээр нь би 10.000 төгрөгөөр газ хийж өгсөн. Хоёулаа ярилцъя гэж хэлэхэд Жамбалсүрэн би ойлгож байна гэж хэлсэн. Бид хоёр цайны газар орж сууж байхад би Жамбалсүрэнд “гомдолгүй бол чи бичээд өгчих” гэхэд Жамбалсүрэн би бичиж чадахгүй гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж байгаад нотариат орсон. Ямар нэг дарамталсан зүйл байгаагүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  зэрэг нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Одсүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн шан харамж өгч хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Одсүрэнгийн өмгөөлөгч Д.Жамъяандагва, Ш.Чингис, Н.Намжилцогт нарын гаргасан дараах саналуудыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Тухайлбал,

1.Өмгөөлөгч  Д.Жамъяандагва, Ш.Чингис нарын гаргасан “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт зааснаар шүүх заавал шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй тул шүүгдэгч Г.Одсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйл ангиар хөнгөрүүлэн зүйлчлэх, эсхүл  мөн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйл ангиар гэм буруутайд тооцож оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзаж  өгнө үү” гэх саналын тухайд:  

 Хохирогч Д.Жамбалсүрэн нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Г.Одсүрэнд зодуулсаны улмаас ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь түүний 17250 дугаартай өвчний түүхээр тогтоогдсон, /1хх-ийн 49-55х/, тус өвчний түүх болон компьютер томографи-т “...Д.Жамбалсүрэнгийн биед LAA, LS 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы зөрөөтэй хугаралтай, цээжний зүүн талдаа дарагдал няцралт,  баруун зүүн уушгины бүх талбайд 1.0 см олон тооны булл бүхий гэмтэл учирсан болох нь тэмдэглэгдсэн, мөн ГССҮТөвийн эмч Х.Батдэлгэрэхийн “...2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Жамбалсүрэнг хэвтсэнээс 2 хоногийн дараа үзэхэд цээжний зүүн талдаа дарагдал няцралттай, олон тооны хавирга хугаралтай байсан. Жамбалсүрэнгийн зүүн уушиг олон тооны буллтай, мөн баруун уушигны буллтай байсан. Зүүн уушиг хагас унасан байсан. Цээжинд нь гуурс тавьж уушгийг нь сэргээсэн.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 176, 198х/ зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байна.

Түүнчлэн шинжээчийн 4500, 676, 51 дугаартай дүгнэлтүүдээр хохирогчийн биед цээжний зүүн талд 4, 5, 6, 7, 8,-р хавирганы хугарал, зүүн уушигны доод дэлбэн няцрал, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл учрах үедээ амь насанд аюултай шалгуураар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа талаар бичиж тэмдэглэгдсэн /1 хх-ийн 41, 43-44, 2хх-ийн 79-80х/,  мөн шинжээч С.Одончимэг, Ц.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэгт ямар учир шалтгааны улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг хүнд зэрэгт хамааруулсан талаар тодорхой мэдүүлсэн байна. /хх-ийн 1хх-ийн 47, 2хх-ийн 18х/

 Дээрх баримт, мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийг үгүйсгээгүй, харилцан нотолсон шинжтэй байх тул шүүхээс шинжээчийн дүгнэлтийг баримтлахгүй байх, үндэслэлгүйгээр хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийг үгүйсгэж, хүндэвтэр гэмтэл учирсан гэж таамаг дэвшүүлэн хөнгөрүүлэн үзэх, энэ тухай дүгнэлт хийх боломжгүй юм.

Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Г.Одсүрэн нь Д.Жамбалсүрэнг цохиж унагаан, түүний цээжний зүүн хэсэгт хэд хэдэн удаа дэвсэж буй үйлдэл нь гэмт буруугийн “санаатай” хэлбэрээр үйлдэгдсэн төдийгүй өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж, түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хор хохирол учруулна гэдгийг мэдсээр байж гэмт үйлдлээ хэрэгжүүлснийг шууд  санаатайгаар үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл болно.

          Тодруулбал, шүүгдэгчийн гэм буруутай шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97, 98 гэсэн зүйл ангиар шийдвэрлэх гэсэн саналуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

           2. Мөн өмгөөлөгч Д.Жамъяандагва, Ш.Чингис, Н.Намжилцогт нарын гаргасан “Г.Одсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналын тухайд:

Хохирогч Д.Жамбалсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн “...Одсүрэн “би чамайг зодож гэмтээсэн чинь үнэн, би одоо доод тал нь 5 жил хорих ялаар шийтгүүлэх гээд байна, чи өөрөө унаад гэмтсэн гэвэл би ялгүй гарах гээд байна” гэсэн.  Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Одсүрэн дахин уулзъя гэхээр нь 21 дүгээр хороололд уулзсан чинь Одсүрэн 2 төлрийн бичиг хийгээд ирсэн байсан. Нэг нь өөрөө унаж гэмтсэн, нөгөө нь өмнөх өдөр нь явж байгаад гэмтэл авсан гэсэн утгатай байсан. Тэгээд надад уншиж өгсөний дараагаар нэгэн дээр нь гарын үсгээ зурсан. Бичигний утга “гомдол саналгүй, бие муудаад өөрөө унаж гэмтсэн” гэсэн утгатай байсан. Одсүрэн “чиний өмнөөс би ийм бичиг бичиж ирлээ, одоо чи гарын үсгээ зурчих, тэгээд нотариатаар батлуулчихвал болох гээд байна” гэхээр нь Одсүрэнгийн гуйлтаар зурсан. Миний машинд газ хийж өгсөн, 5000 төгрөгөөр гуляш авч өгсөн. Уг үйлдэлд их баярласан.” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 10-11х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 шүүгдэгч Г.Одсүрэн бичиж хохирогч Д.Жамбалсүрэн гарын үсэг зурж  нотариатаар батлуулсан гэх өргөдөл /1 хх-ийн 234 х/,

шүүгдэгч Г.Одсүрэнгийн өөрийхөн мэдүүлсэн “...Би Жамалсүрэнгийн машины газ дууссан гэхээр хийж өгсөн, хоол авч өгсөн. Би Жамбалсүрэнд “гомдолгүй бол чи бичээд өгчих” гэхэд Жамбалсүрэн би бичиж чадахгүй гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж байгаад нотариат орсон. Ямар нэг дарамталсан зүйл байгаагүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна”  гэсэн мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч нь шан харамж өгч хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн нь нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл, дээрх нотлох баримтуудаар, шүүгдэгч нь хохирогчид учирсан хүнд гэмтлийг өөрөө унаж гэмтсэн буюу шүүгдэгчийн үйлдэлтэй холбоогүй болгож,  өөрөө ялаас мултрах гэсэн санаа зорилготой байх бөгөөд уг зорилгоо биелүүлэхийн тул хохирогчийн гачигдалтай байдлыг далимдуулан шан харамж өгч хохирогчоор өөрийн хүссэн мэдүүлгээ өгүүлсэн, үүнийг баталгаажуулах зорилгоор  хуурамч баримт хүртэл үйлдэж хохирогчоор гарын үсэг зуруулсан болох нь тогтоогдсон болно.

Шүүгдэгч Г.Одсүрэнгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох  үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан “ Г.Одсүрэн нь хохирогч Д.Жамбалсүрэнг зодож гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйл, гомдолгүй гэх санал, шүүгдэгч нь цагдаагийн байгууллагад 25 жил ажилласан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулинд заасан хөнгөрүүлж болох бүхий л боломжийг хэрэглэж өгнө үү гэх санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Учир нь, шүүгдэгч Г.Одсүрэн нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирлын хувьд хохирогчид 1.740.000 сая төгрөг төлсөн, хохирогч Д.Жамбалсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, дэглэмийг нь хөнгөрүүлэн шийдвэрлэх  нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

             Шүүгдэгч Г.Одсүрэн нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-127/-аар тогтоогдож байна.

 

             Шүүгдэгч Г.Одсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг  үйлдсэнийг хүндрүүлэн үзэх үндэстэй байна.

 

           Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Жамбалсүрэн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжилж 179.750 төгрөгийн баримт /хх-ийн 108-110х/ гаргаж өгсөн байх боловч тэрээр нийт 1.740.000 төгрөгийг шүүгдэгч Г.Одсүрэнгээс авсан /хх-ийн 199-201х/, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Г.Одсүрэнгийн нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 42 хоног цагдан хоригдсоныг  /1 хх-ийн 247 х, 2 хх-ийн 4, 28 х/  түүний ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцов.

           Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч Г.Одсүрэн нь цагдан хоригдоогүй, түүнд холбогдох  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халиун морь  овогт Гариг-Ишийн Одсүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

мөн шан харамж өгч хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Одсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Одсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг бүгдийг багтааж биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Одсүрэнгийн эдлэх 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Одсүрэнгийн цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдэлсэн хугацаан оруулан тоолсугай.

 

6. Шүүгдэгч Г.Одсүрэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СD нэг ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

 8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Одсүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                    

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Г.Одсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                   ШҮҮГЧИД                               Б.БАТАА

 

                                                                                   Г.ГАНБААТАР