Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 857

 

 

 

 

 

 

2020          7              2                                        2020/ДШМ/857

 

 

С.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

яллагдагч С.Мийн өмгөөлөгч Н.Дашдулам, А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/946 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр С.Мт холбогдох 1905000411110 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Жалайр овгийн С.М, 1990 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8 дугаар гудамжны 875в тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ПЭ90052209/;

            С.М нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, үргэлжилсэн үйлдлээр:

“БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж иргэн Л.Баярсайханаас 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкны Баянгол тооцооны төвийн орчим бэлнээр 60.000 төгрөг, өөрийн эзэмшдэг Төрийн банк дахь 104500758435 дугаарын дансаараа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1.130.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 700.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаараа 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөг, нийт 2.390.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

“БНСУ-ын виз гаргадаг аялал жуулчлалын эрхтэй компанитай, би өөрөө захирал нь байгаа юм, 2.000.000 төгрөгөөр виз гаргаж өгнө” гэж иргэн Б.Батжаргалаас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

Иргэн Б.Бат-Эрдэнээс зээлж авсан 8.000.000 төгрөгийг төлүүлэх зорилгоор “машин лизингээр авах гэж байгаа юм, урьдчилгаа төлбөр дутаад байна, өндөр хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу, машин худалдан авах гэж байна, мөнгө дутчихлаа, өмнө нь зээлсэн мөнгөн дээрээ нэмж зээлээч, худалдаж авсан машинаа барьцаанд тавиад мөнгийг чинь хүүтэй буцааж өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкны Баянгол тооцооны төвд иргэн Т.Бямбажаваас 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 7.500.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөгийг Хаан банк дахь 5034384752 дугаарын, Төрийн банкны 104500758435 дугаарын дансуудаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэн А.Цэрэндолгороос Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн орчим 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 180.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 340.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 240.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 110.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 100.000 төгрөг болон бэлнээр 50.000 төгрөг, нийт 5.620.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улс руу ажлын виз гарган найдвартай явуулж өгнө” гэж иргэн О.Оюунболдоос 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлын ард байрлах Хаан банкны салбарт 3.000.000 төгрөгийг Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Дүү Ш.Батсуурьт БНСУ-ын виз гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө төлөх хэрэгтэй” гэж Ц.Чинзоригт итгүүлэн улмаар түүний эхнэр Н.Мягмарсүрэнгээс 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороололд 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 8, 16-ны өдрүүдэд 1.000.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“БНСУ-д 3 жилийн хугацаатай ажиллах гэрээтэй виз гаргаж өгч чадна” гэж иргэн Г.Лхам-Эрдэнээс Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны “Номин” их дэлгүүрийн үүдэнд 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банк дахь 5034384752 дугаарын, Төрийн банкны 104500758435 дугаарын дансуудаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэн М.Бямбадаваагаас Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Саппоро” худалдааны төв дотор байрлах Хаан банкны Өнөр тооцооны төв дотор 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 30.000 төгрөг, нийт 630.000 төгрөгийг Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“БНСУ-д гэрээгээр ажиллах виз 14-өөс 30 хоногийн дотор гаргаж өгнө” гэж иргэн Ц.Золзаяагаас Баянгол дүүргийн 2, 5, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцэс болон “ТБД” андууд худалдааны төвийн зүүн талд байрлах Хаан банкны салбаруудад иргэн Д.Шинэхүүгийн эзэмшлийн 5166325297 дугаарын дансаар 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 300.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 195.000 төгрөгийг, иргэн Н.Цэрэнлхамын эзэмшлийн 5102051895 дугаарын дансаар 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Еfes” худалдааны төвийн гадна 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 995.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

“БНСУ-ын виз гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө төлөх хэрэгтэй” гэж харилцаа холбооны хэрэгсэл ашиглан иргэн Ж.Оюун-Эрдэнээс 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 356.000 төгрөгийг Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэн Т.Баттөмөрөөс Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улс руу гэрээт ажилтнаар явуулж өгнө, виз гаргаж өгнө” гэж иргэн Г.Ганболдоос Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хөтөлийн автобусны буудлын орчимд бэлнээр 500.000 төгрөгийг, нийт 2.500.000 төгрөгийг бэлнээр өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх виз найдвартай гаргаж өгнө” гэж иргэн Ю.Түвшинтөгсөөс 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “урьдчилгаа” гэж 2.000.000 төгрөг болон “хурдан материалыг гаргуулна” гэж хуурч нэмж 80.000 төгрөг, нийт 2.080.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “билет захиалах мөнгө хэрэгтэй” гэж 240.000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 60.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 200.000 төгрөг, нийт 2.680.000 төгрөгийг Хаан банк дахь 5034384752 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр явах гэрээт ажилчдын визэнд орж амжих юм байна, яаралтай урьдчилгаа өгчих, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад паспортын хэлтэст ажилладаг танилаараа яаралтай гадаад паспорт гаргуулаад өгье” гэж иргэн А.Наранбаатараас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 2.080.000 төгрөгийг иргэн Н.Цэрэнлхамын эзэмшлийн 5102051895 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улс руу 8 хүн гэрээт ажилтнаар явуулж өгнө” гэж иргэн Д.Батдэлгэрээс зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр бичиг баримт ашиглан 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт 3.000.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар гэрээ хийж буцаан 500.000 төгрөгийг Д.Батдэлгэрт өгч, нийт 10.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 2.650.000 төгрөгийг дансаар, нийт 13.150.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“Хүүтэй мөнгө байвал зээлээч, би хүнд өртэй юм, өгөхгүй бол намайг хутгална гээд байна” гэж иргэн Ч.Чухалбаяраар дамжуулан түүний төрсөн дүү Ч.Одбаяраас Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Тайкон” ХХК-ийн автомашин барьцаалах зээлийн барьцаанд байсан “Тоёота Сиа” загварын 36-38 УНЭ улсын дугаартай автомашиныг барьцаалан 7.500.000 төгрөгийг иргэн Л.Лодойхүүгийн Хаан банк дахь 5108101820 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“36-18 БНА улсын дугаартай автомашиныг худалдаж авна, 12.000.000 төгрөгийн хадгаламжтай" гэж иргэн Ч.Эрдэнэбаяраас түүний эзэмшлийн 36-18 БНА улсын дугаартай “Тоёота Сиа” загварын автомашиныг “21.500.000 төгрөгөөр худалдан авна” гэж хуурч, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “UB Сити” зочид буудалд байрлах “Тайкун авто ломбард”-нд 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр барьцаанд тавиулж, автомашины урьдчилгаа төлбөр болгон 9.000.000 төгрөг өгч, үлдэгдэл мөнгийг өгөлгүй тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмшилдээ авч, улмаар бусдад 17.300.000 төгрөгөөр зарж борлуулан мөнгийг өөртөө шилжүүлэн авч, Ч.Эрдэнэбаярт 18.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

“Хувь лизингээр байр зарна” гэж цахим хэрэгсэл ашиглан иргэн Б.Өлзийжаргалаас Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Цэцэг” төвийн хажууд байрлах Хаан банкны АТМ-ээс 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Монтел” худалдааны төвд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, тус бүр нь 250.000 төгрөгийн үнэ бүхий нийт 500.000 төгрөгийн “LG G4 ST2” загварын 2 ширхэг гар утас, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, нийт 4.700.000 төгрөгийг эд зүйл болон бэлнээр, мөн иргэн Л.Лодойхүүгийн Хаан банк дахь 5108101820 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

“50-21 УБР улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашин худалдан авч өгнө” гэж иргэн С.Энхбаяраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Лоунж” нэртэй ресторанд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 300.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг иргэн Л.Лодойхүүгийн Хаан банк дахь 5108101820 дугаарын дансаар тус тус өөртөө шилжүүлэн авч, нийт 82.601.000 төгрөгийг залилан авахдаа байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх талуудын гаргасан тайлбар хүсэлт болон яллагдагч С.Мт холбогдох хэргийн нөхцөл байдлыг судлаад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь, прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, яллагдагчийн холбогдсон гэх гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хууль хэрэглээний алдаатай, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “яллагдагчийн холбогдсон гэх хэдэн удаагийн давтамжит үйлдэл тус бүрийг тодорхой зааж бичээгүй, хэт товчилж ерөнхийлөн бичсэн, хэрэг гарсан гэх он, сар, өдөр, цаг хугацаа, хэнд, хэрхэн, ямар арга замаар хохирол учруулсан болох, нийт хэдэн удаагийн үйлдлээр, нэр бүхий хохирогч, иргэдэд хэдэн төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан эсэхийг тус бүрд нь ялгаж зааглаж бичээгүй, мөн тухайн гэмт хэргийн объектив талын шинж болох үйлдлийн арга, хэлбэрийг тодорхойлохдоо хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, тухайн гэмт хэргийн улмаас олсон орлого, хөрөнгийг бүхэлд нь, аль эсхүл тодорхой зарим хэсгийг хэрхэн, яаж, ямар байдлаар өөрийн болон гэр бүлийн амьжиргааны эх үүсвэр болгож ашигласан зэрэг нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт өгөлгүй хэргийн зүйлчлэлийг тогтоож ирүүлсэн нь учир дутагдалтай байна.

Мөн яллах дүгнэлтийн хавсралтад “хохирлын тооцоог хүснэгтээр гаргасан болно" гэж ерөнхийлөн заасан ба яллагдагчийн үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд хэн, хэдэн төгрөг нэхэмжилсэн, үүнээс хэний, хэдэн төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан эсэх, хохирлыг хэн, хэрхэн барагдуулсан эсэх, цаашид төлөх хохирол төлбөр байгаа эсэх, хэдэн төгрөгийг хэнд төлөх талаар тодорхойлж заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл” яллах дүгнэлтийн хавсралтад тусгах гэсэн шаардлагыг хангаагүй зөрчил болно.

Дээр дурьдсан зөрчилтэй байдлыг зөвтгөн залруулахгүйгээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдөх үр дагавар үүсгэх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн С.Мт холбогдох эрүүгийн 1905000411110 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Яллагдагч С.Мт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлээр прокурорт буцааж буйтай холбоотойгоор яллагдагчийн өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргаж буй хүсэлтэд дурьдсан асуудлыг шүүх хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд өмгөөлөгч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлтээ тухайн шатанд нь /мөрдөн шалгах ажиллагааны явцад/ мөрдөгч, прокурорт тавьж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Жалайр овогт С.Мт холбогдох эрүүгийн 1905000411110 дугаартай хэргийг мөн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд яллагдагч С.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож, эрүүгийн 1905000411110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, арлын АZК102043405 дугаартай 36-18 БНА улсын дугаартай “Тоёота Сиа” загварын хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, яллагдагчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.”, 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”, 4 дэх хэсгийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэж, 5 дахь хэсгийн 5.3-т заасан “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл” яллах дүгнэлтийн хавсралтад тусгах гэсэн шаардлагыг С.Мт холбогдох эрүүгийн хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр үйлдсэн 169 дугаартай прокурорын яллах дүгнэлт бүрэн хангасан.

Прокурорын 169 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт С.Мийн гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, хохирогч нарын талаар дэлгэрэнгүй байдлаар он, цагийн дарааллаар, учруулсан хохирлыг бусдаар дамжуулсан, өөрөө шууд бэлнээр болон дансаар мөнгийг авсан эсэхийг тодорхойлж, үргэлжилсэн үйлдлээр нийт хэчнээн төгрөгийн хохирол, хэчнээн хүнд учруулсан болохыг товч агуулгаар бичиж, нотлох баримтуудыг хэрэг тус бүрээр ялгаж хуулийн шаардлагад нийцүүлж тусгасан.

Яллагдагч С.Мийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль шинжийг агуулсан болох, хүндрүүлэх шинжид хамаарах нөхцөл байдлыг яллах үндэслэлдээ тусгаж өгсөн ба энэ нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, байнга үйлдэх замаар амьдралын эх үүсвэр болгон бусдаас нийт 82.601.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан шаардлагыг бүрэн хангасан. Гэтэл шүүх захирамждаа хуульд нийцүүлэн эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хэргийн зүйлчлэл тогтоож ирүүлсэн, хууль хэрэглээний алдаатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ талаараа тайлбарлаж дүгнэлт хийгээгүй.

Мөн яллах дүгнэлтийн хавсралтад хохирлыг илүү нарийвчлан дэлгэрэнгүй байдлаар буюу яллагдагч С.М нь гэмт хэрэг үйлдэх замаар хэнд, хэчнээн төгрөгийн хохирол учруулсан, хохирогч нарт хохирол төлбөрт хэдийг төлсөн, одоо хэдийг төлөх үлдэгдэлтэй байгаа талаар хүснэгтэд оруулан гаргасан ба яллах дүгнэлтийн хавсралтын 2 дахь хэсгийг тусгайлан зааж хүснэгтээр хавсаргасан байтал шүүх уг хүснэгтээр гаргасан хохирлыг үндэслэлгүй гэж үзсэн талаараа дүгнэлгүй зориуд орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна.

2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 1.1-д “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх", мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хоногоор сунгаж болно.”, мөн хуулийн 15.4 дүгээр зүйлийн /Хүсэлтийг шийдвэрлэх/ 1 дэх хэсэгт ”Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх,... шийдвэр гаргана”, 2 дахь хэсэгт “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар шүүх хуралдааны товд оруулж зарыг Баянгол дүүргийн прокурорын газарт 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр /Баасан гараг/ ирүүлж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоох тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэлгүй зөрчсөн.

Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай шүүгчийн захирамжид дурьдсанаар яллагдагчийн өмгөөлөгч А.Очбадралаас 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан хүсэлт байсан ба уг хүсэлтийг хуульд заасан хугацаанд хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн шүүгчийн шийдвэр гараагүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацааг Ерөнхий шүүгчийн захирамжаар сунгасан талаар ямар нэгэн шийдвэр прокуророос хэргийн материалтай 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр танилцах хугацаанд хэрэгт авагдаагүй байсан болно.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах цаг хугацаанд ч дээрх хүсэлт шийдвэрлэсэн, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж шийдвэрүүд гараагүй байсан ба прокурорын байгууллагын үйл ажиллагааны цахим бүртгэлийн системд /РММS программ/ бүртгэгдсэнээр шүүхээс оруулсан мэдээлэлд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ЕШЗ/370 дугаартай захирамжаар /эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэр гаргах байтал хугацаа хэтрүүлсэн/ хугацааг сунгасан мэт харагдаж байгаа нь энэхүү захирамж анхнаасаа гарсан эсэх нь тодорхойгүй, нөхөж гаргасан байж болзошгүй шүүхийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэж хардах үндэслэл болж байгааг дурьдах нь зүйтэй байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гаргасан “урьдчилсан хэлэлцүүлэг товлох тухай” шүүгчийн захирамж нь өөрөө хууль ёсны шаардлагыг хангаагүй, хуульд заасан хугацаанд шийдвэрлэгдээгүй, талуудаас гаргасан хүсэлтийг хуульд заасан “Хүсэлтийг шийдвэрлэх” тухай үндэслэл журмыг ноцтой зөрчиж гаргасан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг дан ганц хүсэлт гаргасан талын эрх ашигт нийцүүлж шийдвэрлэсэн, шүүх хуралдаан талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах зарчим ноцтой зөрчигдсөн болно.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр шүүгчийн 908 дугаартай захирамжид дурьдсанаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэл нь “яллагдагчийн өмгөөлөгч А.Очбадралаас гаргасан хүсэлтэд заасан үндэслэлээр” гэж,

2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/946 дугаартай “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” гэсэн тэргүүтэй захирамжид “...яллагдагч С.Мийн өмгөөлөгч А.Очбадралаас гаргасан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаах” тухай гаргасан хүсэлтээр хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийв. ...” гэж тус тус дурьдсан нь дээрх зарчим алдагдсаныг харуулж байгаа явдал болно.

Түүнчлэн, уг захирамжид шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг няцааж өгсөн прокурорын хариу тайлбарт дурьдсан асуудлыг илтэд буруу бичиж прокуророос хариу тайлбар өгөхдөө “Өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 6.15 дахь заалтад зааснаар хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад ирүүлж байгаагүй. Хариу тайлбарт: Ирүүлж байсныг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг тухай бүр өгч байсан. ...Яллах дүгнэлт үндэслэлгүй байх аваас өмгөөлөгч нар урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17 дахь заалтад зааснаар хүсэлт, гомдол гаргах боломжтой байсан. Хариу тайлбарт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад ял өөрчилж сонсгосон прокурорын тогтоолтой танилцаж мэдүүлэг өгөх үед уг тогтоолыг эс зөвшөөрч гомдол, хүсэлтээ гаргах боломж, эрх нь нээлттэй байсан, энэ талаар ямар нэгэн эрхийг хязгаарласан асуудал байгаагүй, гомдол хүсэлт ч гаргаагүй байдаг, энэ талаар ч захирамждаа тусгасан ба шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах талаар прокуророос 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хурлын тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгээс хурлын тэмдэглэлтэй танилцах талаар хандахад шүүгчийн захирамж гараагүй, захирамж гарсны дараа хамт танилцуулна гэсэн тайлбарыг өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна.”, 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй.” гэсэн заалтыг зөрчиж, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж санал хүсэлт гаргах эрхээр хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана...” гэсэн заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй болох нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаах тухай шүүх шийдвэрээ гаргаснаас хойш 22 хоногийн дараа захирамжийг прокурорын байгууллагад ирүүлсэн, энэ талаар прокуророос 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр буюу 22 хоногийн дараа биечлэн очиж асуухад захирамжийг өнөөдөр танай байгууллагад хүргүүлсэн гэж мэдэгдсэн болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар С.Мт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 946 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлж өгнө үү хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч С.Мийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагын талаар урьдчилсан хэлэлцүүлэг дээр яригдсан. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэхдээ уг амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжид заавал хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ч мөн яаж амьдралын эх үүсвэр болгосон юм бэ гэх агуулгаар гарсан. Иймд шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтыг дурьдаж байсан. Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт гаргаагүй талаар ярьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмын талаар гомдол гаргана гэж байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс “хохирогчийн эрхийг хязгаарласан, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байна” гэх талаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Мийн эрх ашгийг хамгаалахаар хяналт тавьж буй прокурорт гомдол гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Иймээс Улсын Ерөнхий прокурорт хүсэлтээ гаргасан. Гэтэл гомдол гаргаснаас 3 хоногийн дараа буюу гомдлыг шийдвэрлээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ нь оролцогчийн эрхийг зөрчиж байна. Мөн яллах дүгнэлтэд эд хөрөнгө битүүмжилсэн зүйл байхгүй гэсэн байсан. Гэтэл бодит байдал дээр С.Мийн “ХААН” банкны дансыг битүүмжилсэн байгаа. С.М нь тухайн банкны дансаар дамжуулж зарим хохирогч нарт хохирлын мөнгийг төлсөн. Тэгэхээр хохирлын тооцоо дахин өөрчлөгдөх ёстой. Мөн хохирогч Мягмарсүрэн, Баттөмөр, Энхбаяр, Сандагдорж нарт хавтас хэргийн материал танилцуулаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар хэргийг хэлэлцэхгүй байх боломжтой нөхцөл байдлыг бий болгож байна. Мөн Дамдинбаатар, Гэрэлзул нар нь С.Мтэй цуг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж хохирогч нараас мэдүүлсэн. Өмгөөлөгч нарын зүгээс эдгээр хүмүүсийг шалгуулах хүсэлт гаргасан боловч хүлээж авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Яллагдагч С.Мийн өмгөөлөгч Н.Дашдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нараас Дамдинбаатар, Гэрэлзул нарын талаар мэдүүлсэн. Мөн энэ талаар Энхбилгүүн гээд хүүхэд нь ч мэдүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс прокурорт энэ талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Гэтэл үүнийг хүлээж авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2 дугаар хавтас хэргийн 145, 146, 242, 243 дугаар тал, мөн 5 дугаар хавтас хэргийн хэд хэдэн хуудаст гарын үсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй баримтууд байсан. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч С.Мт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, С.Мт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “...яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт. ...” гэж, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх. ...” гэж, 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгана: “...хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл. ...” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт дээрх хуулийн шаардлагыг хангасан, яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн агуулга /хэргийн үйл баримтыг тодорхой тусгасан/”, тогтоох хэсэгт “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсгээр зүйлчлэгдэхийг”, хавсралтад “хохирлын хэр хэмжээг” тус тус тусгасан, хуулийн дагуу бичигдсэн байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, С.Мт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/946 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Мт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ