Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/01007

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/01007

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Гуравдагч этгээд: 

Шаардах эрх шилжүүлэх хэлцлийн дагуу 124,636,089,514 /нэг зуун хорин дөрвөн тэрбум зургаан зуун гучин зургаан сая наян есөн мянга таван зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, Р.Ариунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, Д.Түвшинбаяр, Яковенко Е.Р, орчуулагч Х.Нэмүүзаяа, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь ӨАБНУ-д 1962.03.13-ны өдөр үүсгэн байгуулагдсан, төв захиргаа нь Йоханнесбург хотод байрладаг, 1962.03.15-ны өдөр нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн байгуулагдсан. Ай си би си СБ ПЛС (СБ ПЛС гэж нэрлэгддэг байсан) нь Их Британи, УИНВУ-ын Англи болон Вэйлсэд үүсгэн байгуулагдсан, Англи улсын Лондон хотноо бүртгэгдсэн оффистой. СБ ПЛС нь санхүүжүүлэлтийн хувьд анхны зээлдүүлэгч, төлөөлөгч, барьцааны итгэмжлэгдэгч байсан. 2013.01.16-ны өдөр СБ ПЛС нь зээлдүүлэгчийн хувьд эдлэх өөрийн бүх эрх, үүргээ нэхэмжлэгчид шилжүүлсэн ч тэрээр төлөөлөгч болон барьцааны итгэмжлэгдэгчийн үүргийг гүйцэтгэсэн хэвээр байгаа болно. Нэхэмжлэлд СБ ПЛС болон нэхэмжлэгч нарын аль алиныг хамтад нь Стандарт банк гэв. Хариуцагч нь 2006.03.14-ний өдөр Жаст группээс нийлүүлэх газрын тосыг худалдан авах тухай МТЗ/06/021 тоот гэрээг байгуулсан, гэрээнд тухайн сард нийлүүлэх шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүний талаар тодорхойлсон нэмэлт гэрээнүүдийг сар болгон оруулдаг байсан. Стандарт банк нь 2007 оноос эхлэн Жаст группэд зээл олгож, зээл нь Жаст группээс хариуцагчид Нийлүүлэлтийн гэрээгээр нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авахыг санхүүжүүлэх зорилготой байсан. Энэхүү зээл нь худалдааг санхүүжүүлэх давтан олгогдох зээл хэлбэртэй байсан бөгөөд дараах нөхцөлтэй байсан. (а) Жаст групп хэсэгчлэн зээлэхдээ Нийлүүлэлтийн гэрээний дагуу зөвшөөрөгдсөн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчдээс Жаст группын худалдан авч хариуцагчид нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний хариу төлбөр болгон Стандарт банк нь зөвшөөрөгдсөн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчдэд бэлэн мөнгөөр урьдчилгаа төлбөр төлөх буюу аккредитив нээх, (б) Хариуцагчийн Нийлүүлэлтийн гэрээний дагуу хийсэн төлбөрөөс Жаст группын зээлийн эргэн төлөлтийн үүргийг шууд хангуулах нөхцөл. Хариуцагч нь Нийлүүлэлтийн гэрээний дагуу хийх төлбөрүүдийг шууд Стандарт банк, түүний гадаад дахь хуримтлуулах дансанд хийж байх үл цуцлагдах нөхцөлтэй үүрэг хүлээх баталгааг гаргасан болно. Энэхүү үүрэг хүлээх баталгаа нь Зээлийн баталгааны зохицуулалтын гол нөхцөл байсан, учир нь уг үүрэг хүлээх баталгааны үндсэн дээр Стандарт банк нь хариуцагчийн Жаст группээс худалдаж авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөрөөс зээлийн төлбөрийг шууд суутган авах боломжтой байсан. (в) Жаст групп зээлийн хугацаанд тасралтгүй үргэлжилсэн хэлбэрээр дахин зээл авах, аль ч үед эргэн төлөгдөөгүй зээлийн дүн нь тохиролцсон дээд хэмжээ 60,000,000 ам доллараас хэтрэхгүй байх нөхцөл юм. Зээлтэй холбоотойгоор Стандарт банкны өмнө хүлээсэн өөрийн үүргийг баталгаажуулахын тулд Жаст групп нь Барьцааны болон Эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээнд 2011.02.02-ны өдрийн 3 дахь Нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн найруулсан. Одоо хүчин төгөлдөр буй 2011.02.2-ны өдрийн 3 дахь Нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн найруулсан Барьцааны болон Эрх шилжүүлэх гэрээ хүчинтэй болохоос өмнө анхны Барьцааны болон Эрх шилжүүлэх гэрээнд 2007.08.22-ны ба 2008.08.07-ны Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдээр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн 2009.11.02-ны Нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн найруулсан Барьцааны болон Эрх шилжүүлэх гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн найруулсан, түүнчлэн 2010.12.02-ны өдрийн 2 дахь Нэмэлт өөрчлөлт оруулж Шинэчлэн найруулсан Барьцааны болон Эрх шилжүүлэх гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн найруулсан. Барьцааны болон Эрх шилжүүлэх гэрээгээр Жаст групп нь Нийлүүлэлтийн гэрээний дагуу хариуцагчаас төлөх төлбөрийг хүлээн авах эрх зэргийг оролцуулан Нийлүүлэлтийн гэрээний шаардах эрхээ Стандарт банкинд шилжүүлсэн. Нийлүүлэлтийн гэрээний шаардах эрх Барьцааны болон Эрх шилжүүлэх гэрээгээр Жаст группээс шилжсэн тухай мэдэгдлийг 2007 оноос хойш хариуцагчид удаа дараа хүргүүлж байсан. Хамгийн сүүлд Жаст групп нь хариуцагчид 2012.01.16-ны өдөр хүргүүлэн, Нийлүүлэлтийн гэрээний дагуу төлөгдөх ёстой төлбөрийг хүлээн авах эрхээ Стандарт банкинд шилжүүлсэн тухайгаа мэдэгдсэн. Нийлүүлэлтийн гэрээний дагуу төлбөл зохих бүх дүн, төлбөрөө шууд Стандарт банк руу буюу Хуримтлуулах дансанд шилжүүлж байх тухай зааварчилгааг хариуцагчид өгсөн. Үүнээс өмнө Жаст групп нь эрх шилжих мэдэгдлүүдийг хариуцагчид 2007.02.09, 2007.08.22, 2009.11.2, 2010.12.02, 2011.02.01-ний өдрүүдэд тус тус хүргүүлж байсан. 2012.01.17-ны өдөр хариуцагч нь Мэдэгдлийг хүлээн авсан тухай болон Мэдэгдлийн нөхцлүүдийг зөвшөөрч буйгаа баталгаажуулж Стандарт банкинд бичгээр батламж хүргүүлсэн. Үүнээс өмнө хариуцагч нь эрх шилжүүлсэн тухай мэдэгдлүүдийг хүлээн зөвшөөрсөн батламжуудыг Стандарт банкинд 2007.02.16, 2007.08.23, 2009.11.06, 2010.12.02, 2011.02.02-ны өдрүүдэд тус тус хүргүүлж байсан. Мэдэгдэл болон Батламжид заасны дагуу хариуцагч нь (а) Нийлүүлэлтийн гэрээний дагуу Жаст группэд төлөх ёстой бүх дүн, төлбөрийг Хуримтлуулах дансанд ямарваа нөхцөлгүйгээр ба үл цуцлагдах нөхцөлтөйгөөр шилжүүлэх бөгөөд Стандарт банкнаас өөр зааварчилгаа ирэх хүртэл Нийлүүлэлтийн гэрээний дагуу төлөх бүх дүн, төлбөрийг уг данс руу шилжүүлсэн хэвээр байх, (б) Жаст групп эсхүл шилжүүлсэн эрхийн эсрэг аливаа нэхэмжлэл, шаардлага, сөрөг нэхэмжлэл, эд хөрөнгийн барьцааны эрх, харилцан тооцоо нийлэх замаар суутгах эрх эсхүл аливаа бусад шударга ёсны эрхийг бий болгохгүй эсхүл хэрэгжүүлэхгүй байх, (в) Жаст групп нь Нийлүүлэлтийн гэрээнээс татгалзах эсхүл уг гэрээг цуцлах, дуусгавар болгох, эсхүл үгүйсгэх аливаа эрхийг хэрэгжүүлсэн эсхүл дээрх арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж буй талаар Стандарт банкинд мэдээлэх бөгөөд аливаа холбогдох асуудлыг хариуцагч, Жаст групп, Стандарт банк гурвын хамтын тохиролцоогоор шийдвэрлэх үүрэг хүлээх Төлбөрийн тохиролцоо баталгааг гаргасан. Зээл нь 2007-2013 оны хооронд дээрх нөхцлөөр ямар 1 асуудалгүй хэрэгжиж байсан. Зээлээр санхүүжүүлсэн ба хариуцагчид нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой Жаст группын Стандарт банкинд төлбөл зохих ээлжит төлбөрүүд нь сар бүр эргэн төлөгдөж байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Нийлүүлэлтийн гэрээний дагуу өөрийн төлөх ёстой бүх төлбөрөө Хуримтлуулах данс руу тогтмол шилжүүлж байсан бөгөөд Стандарт банк нь уг дүнгээс зээлийн дагуу Жаст группын төлбөл зохих зээлийн төлбөрийг суутган авсны дараа Хуримтлуулах дансанд үлдсэн хэсгийг Жаст группын дансанд шилжүүлдэг (эсхүл бэлнээр өгдөг) байсан. Энэ нь Стандарт банк, Жаст групп, хариуцагч нарын хооронд гэрээгээр тохиролцсон санхүүжилтийн бүтэц юм. Гэтэл, 2013 оны 4 сард Стандарт банк нь хариуцагчаас тухайн сарын ээлжит төлбөрийг Хуримтлуулах дансандаа хүлээн аваагүй, ийнхүү төлбөр төлөгдөөгүй нь Жаст группын хувьд зээлийн үүргээ зөрчсөн зөрчил болсон. Зээлийн төлбөр цагтаа төлөгдөөгүй учир Стандарт банк өөрт шилжсэн эрхийн дагуу хариуцагчийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Уг шаардлагуудын 1 нь 2013.06.03-ны өдрийн Стандарт банкнаас хариуцагчид хүргүүлсэн захиа байсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нь төлбөрөө төлөөгүй байгаа 2013.05.20-ны өдөр орчим хариуцагчаас Стандарт банкинд ирүүлсэн баримт бичгүүдийг үндэслэвэл 2012.10-2013.03 сарын хооронд Жаст группээс хариуцагчид Нийлүүлэлтийн гэрээгээр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлснээс үүссэн авлага нь 2012.10 сарын Нийлүүлэлтийн гэрээний Нэмэлт гэрээний 112 дугаар гэрээгээр 7,322,712.69 ам доллар, 2012.11 сарын Нэмэлт гэрээний 113 дугаар гэрээгээр 7,710,480.27 ам доллар, 2012.12 сарын Нэмэлт гэрээний 114 дүгээр гэрээгээр 7,834.005.07 ам доллар, 2013.01 сарын Нэмэлт гэрээний 115 дугаар гэрээгээр 8,858,997.37 ам доллар, 2013.02 сарын Нэмэлт гэрээний 116 дугаар гэрээгээр 8,650,978.15 ам доллар, 2013.03 сарын Нэмэлт гэрээний 117 дугаар гэрээгээр 4,180,707,81 ам доллар, нийт 44,557,881.36 ам доллар байсан. Дээрх мөнгөн дүн нь Нийлүүлэлтийн гэрээний дагуу Жаст группээс хариуцагчид нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний хариуд хариуцагчаас төлөх ёстой төлбөр бөгөөд Жаст групп нь уг төлбөрийг шаардах эрхээ Стандарт банкинд шилжүүлсэн. Уг төлбөрийг бүгдийг Мэдэгдэл болон Батламжид заасан нөхцлийн дагуу хариуцагч нь гагцхүү Стандарт банкинд буюу Хуримтлуулах дансанд төлсөнөөр л хууль ёсоор төлж барагдуулсанд тооцно. Болоод өнгөрсөн үйл явдлыг судлах явцад дээрх шаардах эрхийг нь шилжүүлсэн төлбөрүүдийн талаар Жаст групп болон хариуцагч нар хоорондоо өөр тохиролцоо хийсэн тухай Стандарт банкинд мэдэгдсэн. Тодруулбал, хариуцагч нь төлбөрүүдийг Хуримтлуулах дансанд хийхийн оронд, Жаст группын зааварчилснаар шууд Жаст группэд төлснөө мэдэгдсэн. Стандарт банк нь эдгээр үйл явдал, эсхүл Жаст групп болон хариуцагч нарын хооронд өрнөсөн аливаа хэлэлцүүлэг, эсхүл уг хэлэлцүүлгийн үр дүнд хариуцагчаас авсан аливаа арга хэмжээний талаар мэдээгүй байсан. Түүнчлэн, үүнтэй холбогдуулан Жаст групп болон хариуцагчаас авсан аливаа арга хэмжээтэй холбоотойгоор Стандарт банк зөвшөөрөл олгоогүй буюу аливаа бусад байдлаар дээрхийг зөвшөөрөөгүй. Хариуцагч нь Нийлүүлэлтийн гэрээний дагуу хүлээсэн төлбөрийн үүргээ гагцхүү Хуримтлуулах дансанд төлбөрийг хийх замаар гүйцэтгэх тул Стандарт банк дээрх болоод өнгөрсөн үйл явдал нь Стандарт банк юм уу эсхүл энэ нэхэмжлэлд хамаарахгүй гэсэн байр суурьтай байна. Дээр дурьдсанчлан, хариуцагчийн Нийлүүлэлтийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авсны хувьд Стандарт банк нь уг төлбөрийг хүлээн авах хууль ёсны эрхтэй цорын ганц тал бөгөөд төлбөрийн тохиролцоог өөрчлөхийг зөвшөөрөх эрхтэй цорын ганц тал юм. Стандарт банк нь төлбөрийн тохиролцоонд аливаа өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй учраас хариуцагчаас Жаст группэд төлсөн байж болох аливаа төлбөр нь хариуцагчийг түүний Нийлүүлэлтийн гэрээний дагуу төлбөрийг Хуримтлуулах дансанд төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Дүгнэвэл, 2015.05.22-ны өдрийн байдлаар нийт 44,557,881.36 ам долларын авлага төлөгдөөгүй, хариуцагч төлөх ёстой.

 

Жаст групп Нийлүүлэлтийн гэрээгээр эдлэх өөрийн шаардах эрх болон үр өгөөжөө Стандарт банкинд шилжүүлсэн, шаардах эрх нь Барьцааны болон Эрх шилжүүлэх гэрээний дагуу хууль ёсоор шилжсэн. Жаст групп ийнхүү шаардах эрхээ шилжүүлсэн талаараа хариуцагчид мэдэгдсэн, Нийлүүлэлтийн гэрээний дагуу төлөгдөх бүх дүн, төлбөрийг Хуримтлуулах дансанд шилжүүлэх зааварчилгааг хариуцагчид өгсөн. Үүний дараа хариуцагч нь Мэдэгдлийг хүлээн авсан тухай болон түүнтэй холбоотой нэмэлт үүргүүдийг хүлээх баталгаа гаргахыг зөвшөөрсөн батламжийг Стандарт банкинд хүргүүлсэн. Эцсийн дүнд, өөрийн хүлээсэн үүргээ зөрчин хариуцагч нь Нийлүүлэлтийн гэрээний дагуу хариуцагчийн төлөх ёстой тодорхой төлбөрүүдийг Хуримтлуулах дансанд төлөөгүй. Монгол Улсын хууль тогтоомжид тодорхой заасны дагуу (а) Жаст групп Нийлүүлэлтийн гэрээгээр эдлэх өөрийн шаардах эрх ба үр өгөөжөө Стандарт Банкинд шилжүүлсэн нь хүчин төгөлдөр (б) хариуцагч нь ийнхүү шаардах эрх шилжсэн тухай мэдэгдлийг зохих ёсоор хүлээн авсан тул Мэдэгдэлд заасан ёсоор төлбөрийг гагцхүү Стандарт банкинд төлөх ёстой байсан (в) төлбөрийг төлөөгүй учир хариуцагч нь Нийлүүлэлтийн гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл дүн болон төлбөр төлөх үүргээ зөрчсөний улмаас учирсан бүх хохирлыг төлөх хариуцлагыг хариуцагч хүлээнэ. Иргэний хуулийн 123-т шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. Үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шижүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно. Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч нь үүргийг гүйцэтгэснээр тооцох тухай шаардлагыг шаардах эрх шилжихээс өмнө анхны үүрэг гүйцэтгүүлэгчид гаргаж байсан бол энэхүү шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргаж болно. Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ. Шаардах эрх бүхий этгээд уг эрхээ шилжүүлэхээр хэд хэдэн этгээдтэй хэлэлцэн тохирсон бол шаардах эрх эзэмшигчтэй хамгийн түрүүнд хэлэлцэн тохирсон этгээд үүрэг гүйцэтгэгчийн өмнө шаардах бүрэн эрхтэй байна. Түрүүлж тохирсон этгээдийг тогтоох боломжгүй бол үүрэг гүйцэтгэгчид түрүүлж мэдэгдсэн этгээдэд шаардах эрх шилжсэн гэж үзнэ. Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ. Хуульд зааснаар буюу төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр эрхээ шилжүүлэхэд энэ зүйлд заасан журам нэгэн адил хамаарна гэж заасан. Жаст групп нь Нийлүүлэлтийн гэрээний дагуу хариуцагчид газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд хариуцагчаас төлбөр авах эрхтэй байсан бөгөөд Жаст групп болон Стандарт банк нарын хооронд байгуулагдсан Барьцааны болон Эрх шилжүүлэх гэрээний дагуу гуравдагч этгээд болох Стандарт банкинд Жаст группын эдлэх шаардах эрх хууль ёсоор шилжсэн. Түүнчлэн, Барьцааны болон Эрх шилжүүлэх гэрээ болон Иргэний хуулийн 123.1-д заасан шаардлагын дагуу Жаст групп нь хариуцагчаас төлбөрөө төлөхийг шаардах эрхээ Стандарт банкинд шилжүүлсэн тухайгаа Хариуцагчид зохих ёсоор мэдэгдсэн. Хариуцагч нь Мэдэгдлийг хүлээн авснаар хариуцагчид хууль ёсны, заавал биелүүлэх үүрэг үүссэн учир хариуцагч нь гагцхүү Стандарт банкинд буюу банкны Хуримтлуүлах дансанд төлбөрийг төлөх замаар энэхүү үүргээ гүйцэтгэх боломжтой юм. Иргэний хуулийн 211.2-т заасанчлан, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн нь уул үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэнд тооцохгүй, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Өөрөөр хэлбэл, Жаст группын Нийлүүлэлтийн гэрээгээр эдлэх шаардах эрх болон үр өгөөж нь Стандарт банк руу шилжсэний дараа Жаст групп эсхүл өөр аливаа бусад этгээд Нийлүүлэлтийн гэрээний дагуух аливаа төлбөрийг хариуцагчаас хууль ёсоор хүлээн авах эрхгүй болсон юм. Хариүцагч нь төлбөрийг гагцхүү Хуримтлуулах дансанд хийх замаар Нийлүүлэлтийн гэрээний дагуу төлбөрийн үүргээ гүйцэтгэх юм. Түүнчлэн, Мэдэгдлийн 3-т зааснаар Хуримтлуулах дансанд төлбөр төлөх зааварчилгааг Жаст групп нь банкны зөвшөөрөлгүй өөрчлөх эрхгүйг Мэдэгдэлд тусгасан. Стандарт банк хэзээ ч өөр зааварчилгаа өгөөгүй, төлбөрийг Мэдэгдэлд зааснаас өөр данс руу эсхүл аливаа өөр хэлбэрээр хийхийг зөвшөөрөөгүй. Дээрхтэй холбогдуулан, хэдийгээр хариуцагч нь Мэдэгдлийг хүлээн авсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн батламжийг хүргүүлсэн ч Иргэний хуулийн 123.2-т заасны дагуу Нийлүүлэлтийн гэрээний үүрэг гүйцэтгэгч болох хариуцагчаас зөвшөөрөл авах тухай хуулийн шаардлага байхгүй, тиймээс Жаст групп нь шаардах эрхээ шилжүүлсэн нь хариуцагчийн хувьд хуулийн дагуу заавал биелүүлэх үр дагавар бий болгосон.

 

Иргэний хуулийн 219.1-д заасан ёсоор гэрээний нэг тал нь хүлээсэн үүрэг буюу үүрэг хүлээх баталгаагаа зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал болон үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Хариуцагч нь Нийлүүлэлтийн гэрээгээр өөрийн хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Стандарт банк нь хууль эрх зүйн үйлчилгээний төлбөрт 215,258.24 ам долларын зардал гаргасан. Хэрэв нэхэмжлэгч төлбөрийг цаг тухайд нь хүлээн авсан бол тэдгээр дүн, төлбөрүүдээс орлого олох байсан. Үүнтэй холбогдуулан, хэрэв Стандарт Банк тухайн төлбөрүүдийг хүлээж аваад Хаан банкны 1 жилийн хугацаатай хадгаламжид байршуулсан бол уг дүн, төлбөрүүдээс жилийн 6.6% хүүгийн орлого олох боломжтой байсан ба тооцоолсноор 6,399,819.25 ам долларын орлого орох байсан, өөрт учирсан хохирлын нийт хэмжээг 6,615,077.49 ам доллар гэж тооцсон. Иймд Нийлүүлэлтийн гэрээний дагуу төлөх ёстой ба төлөгдөөгүй байгаа үлдэгдэл төлбөр 86,298,367,881.61 төгрөг, учирсан нийт хохирол 12,811,883,630.31 төгрөг, 99,110,251,511.91 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа удаан үргэлжлэн, 1 жил 3 сар гаруй хугацаа өнгөрсөн учир нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг доорхи байдлаар нэмэгдүүлж ихэсгэж байна. 2015.05.23-ны өдрөөс 2016.09.26-ны өдрийг хүртэл 493 хоногийн хугацаанд нэг америк долларын албан ханш нь 2,257.89 төгрөгтэй тэнцэж нэмэгдсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн төгрөгөөр илэрхийлсэн үнийн дүнг нэмэгдүүлж байна. Хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол буюу хариуцагч үүргээ гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого болох жилийн 6.6 хувийн хүүг тооцох хугацаагаар шинэчлэн өөрчилж байна. Ийнхүү ихэсгэсэн шаардлага нь 10,427,109.09 ам.доллар байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 28-рт тодорхойлсон хууль эрх зүйн үйлчилгээний төлбөрт гаргасан зардал 215,258.24 ам долларыг нэмэгдүүлээгүй. Дээрхи 3 болон 4 дэх хэсэгт заасан шаардлагын хэмжээ нь 10,642,367.33 ам.доллар болж нэмэгдэж байна. Иймд нийлүүлэлтийн гэрээний төлөгдөөгүй төлбөр 100,606,794,743.93 төгрөг, учирсан хохирол 24,029,294,770.73 төгрөг, нийт 124,636,089,514.66 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СБ ПЛС болон Жаст групп ХХК-ийн хооронд 2007 онд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үүргийг шаардах эрхийг Стандарт банк шилжүүлж авсны хувьд нэхэмжлэл гаргасан. Олон улсын төсөл, үйл ажиллагаанд зээл, санхүүжилт олгодог хүрээнд Стандарт банк Жаст групп ХХК-тай 2006 оноос хамтарч ажилласан. Хэд хэдэн тусдаа зээл Жаст групп ХХК-д олгосон. 2007 оны үед Жаст групп ХХК УБТЗ-д дизель түлш, бензин нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу ОХУ-аас бүтээгдэхүүнээ авч, УБТЗ-д нийлүүлээд, хариу төлбөр төлөх тохиролцоотой гэрээ байгуулсан. Тухайн үед УБТЗ худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулах төлбөрийн хүндрэлтэй болсон тул Жаст групп ХХК-иас Стандарт банканд хандаж, санхүү, зээлийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан. Жаст групп ХХК, УБТЗ нарын хооронд 2006.03.14-ний өдрийн МТЗ/06/021 тоот нийлүүлэлтийн гэрээ байгуулагдсан. Жаст групп ХХК ОХУ-ын Росснефт газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс авч, захиалгаа өгч байя гэсэн. УБТЗ-аас тухайн улирал, сардаа шаардлагатай бүтээгдэхүүний захиалга, хүсэлтээ Жаст групп ХХК-д гаргахаар, Жаст нь цаашаа Росснефт эсвэл ОХУ-ын үйлдвэрлэгчид явуулдаг. Оросын үйлдвэрлэгчид төлбөр нь Стандарт банкнаас аккредитив хийх байдлаар төлөгддөг байсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ байгуулагдсан. Хамгийн гол тохиролцоо нь УБТЗ Жаст групп ХХК-иас худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг Жаст групп ХХК руу биш, Стандарт банкинд шилжүүлэх санал гаргаж, мэдэгдлээ Жаст групп ХХК-иас УБТЗ-д явуулаад, УБТЗ хүлээн зөвшөөрч, Жаст групп ХХК бидэнд мэдэгдсэн. Нийлүүлэлтийн гэрээний дагуу захиалгууд хийгдэж, нийлүүлэгдсэний дараа, төлбөрийг Стандарт банкинд шилжүүлж байхаа мэдэгдэж, төлбөрийн шаардах эрх шилжүүлснийг хэн 1 нь дангаар цуцлахгүй, данс, банк зэргийг тодорхой заасан. Бидний маргаж буй эрх шилжүүлсэн хэлцэл 2012.01.16 болон 17-ны өдрүүдэд байгуулагдсан. Төлбөрийн бүх шаардах эрхээ Стандарт банкинд шилжүүлж байна, 100130677 тоот дансанд хариуцагчаас шууд шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдэл нь 2007 оноос хойш жил болгон хийгдэж байсан. Зээлийн хэлцэл шинэчлэгдэх үед УБТЗ-аас Стандарт банкинд төлбөрийг шууд шилжүүлсэн. 2009 оноос хойш хариуцагч шилжүүлж эхэлсэн. Хамгийн сүүлд 2012.01.17-ны өдөр УБТЗ-аас СБ руу төлбөрөө төлж байна гэсэн мэдэгдлийг батламжаар хүргүүлсэн. Өмнөх өдөр нь буюу 2012.01.16-ны өдөр нь Жаст групп ХХК-иас УБТЗ-д эрх шилжүүлснээ мэдэгдсэн. Мэдэгдлийн хэлбэр загвар, ямар мэдэгдлийг хэн, хаанаас явуулах зэргийг зээлийн гэрээгээр тохиролцсон. Зээлийн гэрээгээр Жаст групп ХХК-иас УБТЗ-д мэдэгдэх, УБТЗ мэдэгдлийг хүлээн аваад зөвшөөрсөн бол эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, тамга тэмдгээр баталгаажуулаад СБ руу хүргүүлэх тохиролцоог хийсэн. 2013.01 сар хүртэл энэ журмаар хэвийн явагдаж байсан. 2013.03 сараас төлбөрөө хуваарийн дагуу төлөхөө больсон. СБ ямар асуудал үүсээд байна гээд УБТЗ болон Жаст групп ХХК руу холбогдсон. Бидний маргаад буй Нийлүүлэлтийн гэрээний нэмэлт гэрээнүүд болох 2012.10.04-ний өдрөөс 2013.03.11-ний өдөр хүртэлх 6 удаагийн Нийлүүлэлтийн гэрээгээр нийт 44,557,881.36 ам долларын үнэ бүхий нийлүүлэлт хийсэн. Энэ төлбөр огт орж ирээгүй, өмнөх дүнгүүд орж ирсэн. 2013.4 сард УБТЗ-ын төлөөлөгчид, СБ-ы төлөөлөгч нартай уулзаад санхүүгийн холбогдох баримтуудаа гаргасны үндсэн дээр гаргасан дүн. Уг хэрэг маргаанд АТГ-аас ирүүлсэн нотлох баримтуудад ижил байдлаар тусгагдсан. 2011.02.02-ны өдрийн 3 дахь нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан Барьцааны болон эрх шилжүүлэх гэрээ нь хэлцлийн үндсэн гэрээ бөгөөд талууд маргаагүй, Жаст групп ХХК болон Стандарт банк нарын хооронд байгуулагдсан. Зээлийн эргэн төлөлтийг ямар зарчмаар хэрэгжүүлэх, УБТЗ-ыг хэрхэн оролцуулах, шаардах эрхээ яаж шилжүүлэх зэргийг тохирсон. Үүний дагуу хамгийн сүүлд мэдэгдлээ өгсөн. Зээлийн гэрээний эргэн төлөлт болон зээлээ буцаан шаардаж байгаа асуудал биш, зөвхөн Жаст групп ХХК шаардах эрхээ бидэнд шилжүүлж, УБТЗ үүнийг мэдсэн. Нийлүүлэлтийн гэрээний нэмэлт гэрээнээс шаардах эрх хууль ёсны дагуу шилжсэн. Иргэний хуулийн 123-т заасны дагуу зүй ёсоор шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. УБТЗ Нийлүүлэлтийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үүргээ, шаардах эрх бүхий этгээдтэй хэрэгжүүлээгүй талаар нэхэмжлэл гаргасан. Энэ асуудал Английн хатан хааны шүүхэд хэлэлцэгдэж, маргасан байгаа. Тухайн үед зээлийн эргэн төлөлтөө Стандарт банк Жаст групп ХХК-иас шаардахдаа УБТЗ-ыг хамтран хариуцагчаар оруулахад Английн хатан хааны шүүх дүгнэлт гаргасан. Дүгнэлт хийхдээ Монгол улсын хуулийн мэргэжилтэн, их сургуулийн багш, профессоруудаас дүгнэлт аваад, шаардах эрх шилжүүлж буй 2012 оны хэлцэл тусдаа гэрээ хэлцэл үү, цуг хэрэгжих үү гэдгийг нарийвчлан авч үзээд, УБТЗ болон Стандарт банкны хоорондын асуудал зөвхөн шаардах эрх шилжүүлсэн, төлбөр шаардаж байгаа асуудал тул Нийлүүлэлтийн гэрээний нэг тал болсонтой ялгаагүй ойлголт учраас 2006 оны Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг авч үзэх нь зүйтэй юм байна. Энэ гэрээтэй холбоотой шаардах эрх, маргааныг Монгол улсын хуулиар, Монгол улсын шүүхэд шийдвэрлүүлэхээр тодорхой заасан. Стандарт банк ПЛС гээд Стандарт банк гэдэг нь олон улсад, дэлхийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг, салбартай хуулийн этгээд байгаа. Стандарт банк ПЛС гэх этгээдэд анх шаардах эрх шилжүүлж, төлбөр төлж байгаа мэдэгдлээ УБТЗ мэдэж байсан. Өнөөдөр Өмнөд Африкийн Стандарт банк гэсэн хуулийн этгээд нэхэмжлэгчээр орж ирсэнтэй холбоотой Стандарт банк ПЛС-ээс Өмнөд Африкийн Стандарт банкны хоорондын залгамжлан оролцож байгаа, шаардах эрхээ хэлцлээр 2013.01.16-ны өдөр шилжүүлсэн. Шаардах эрх шилжүүлэх, төлбөр төлөх албан бичиг дээр бичигдсэн дансны дугаар болон хүлээн авагч банкны мэдээлэл зэрэг өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүй. 2003.05 сараас тооцооны талаар лавлаж, нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний дүнг асуухад Жаст групп ХХК болон УБТЗ-аас гаргаж өгч байгаа 2012-2013 онд нийлүүлсэн бараа, төлбөр зэрэг асуудлаар хоорондоо уулзалдсан байж, маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа. УБТЗ-ын үе үеийн удирдлагууд энэ механизмыг сайтар ойлгосон. Санхүүгийн байдал хүндрэлтэй байснаас Өмнөд Африкийн Стандарт банк зайлшгүй оролцох шаардлагатай байсан. УБТЗ Стандарт банк руу төлбөрийг шилжүүлж, Стандарт банк Жаст групп ХХК-тай зээлийг болон холбоотой зардлуудыг эргэн суутгах замаар хоорондоо зардал тооцоогоо хийдэг механизм ойлгогдсон байсан. Бидний маргаад буй үйл явдал нь Зээлийн гэрээ хэрхэн байгуулагдсан эсэх, хэдэн төгрөгийн зээл авсан зэрэг нарийн зүйл рүү оролгүйгээр, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, нэмэлт гэрээ хүчин төгөлдөр эсэх, хүчин төгөлдөр бол 112-117 дугаартай нэмэлт гэрээ байгуулагдсан эсэхийг шалгах нь зүйтэй. Талууд эдгээр гэрээ байгуулагдсан эсэх дээр маргадаггүй. 44.5 сая долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн гэдгийг данс, тооцоо нийлсэн нотлох баримтаас харагдана. 2012.10 сард нийлүүлэхэд хэн шаардах эрхтэй байсан, 2013.03 сар хүртэлх хугацаанд энэ төлбөрийг УБТЗ-аас хэнд төлөх ёстой байсан гэх асуудал өнөөдөр яригдах ёстой. 2007-2012 он хүртэл хугацаанд УБТЗ-аас Стандарт банк руу төлбөрөө шилжүүлдэг байсан. Энэ хугацаанд ямар 1 асуудалгүй байсныг 2012.10 сараас зогсоогоод төлөхөө больсон. Өнөөдөр тайлбарлахдаа бид төлбөрөө бүрэн Жаст групп ХХК руу төлсөн гэж байна. Жаст групп ХХК уг төлбөрийг авах эрхгүй, үүрэг хүлээн авагч биш юм. Үүргийг Стандарт банканд хүлээлгэн өгөх ёстой байсан. 2016.09.23-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ өдрийн ханшаар тооцоход нийлүүлэлтийн гэрээний дагуу төлөх ёстой, төлөгдөөгүй байгаа үлдэгдэл төлбөр 44,557,881.36 долларыг 2,257.89 төгрөгөөр тооцоход 100,606,794,743 төгрөг болно. Уг дүн дээр нэмээд 24,029,294,770 төгрөгийн хохирол, нийт 124,636,089,514 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх Жаст ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, Өмнөд Африкийн Стандарт банк Лимитед компанитай ямар нэгэн үүрэг хүлээж иргэний эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогоор, энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг Английн хатан хааны шүүхэд хянагдаж байгаа ба шүүхийн шийдвэр эерэг гарсан тохиолдолд энэ нэхэмжлэлд бичигдээд буй хохирол бүрэн хэмжээгээр төлөгдөх үндэслэлтэй. Мөн, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох баримт, фактууд, Жаст ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд шалгагдаж байгаа ба энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. ИХШХШтХ-ийн 17.3-т заасны дагуу тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хохирлын талаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. УБТЗ ХНН нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замын тээвэрлэлт болон бусад үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагаагаа хууль тогтоомжийн дагуу явуулдаг хуулийн этгээд юм. Аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд төмөр замын тээвэрлэлт эрхлэн явуулахын тулд 2006-2013 онуудад Жаст ХХК-тай нефтийн бүтээгдхүүн нийлүүлэлтийн МТЗ/06/021 тоот гэрээ байгуулан ажилласан. 2006.05.22-нд УБТЗ нийгэмлэг, Жаст ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК хооронд гурван талт хэлэлцээр байгуулан, Жаст ХХК-ийн нийлүүлсэн түлшний төлбөр болон Эрдэнэт үйлдвэр ХХК-д үзүүлсэн тээврийн үйлчилгээний төлбөрийг харилцан тооцооны үндсэн дээр тооцох, УБТЗ ХНН-ээс Эрдэнэт үйлдвэр ХХК-д үзүүлэх тээвэрлэлтийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлэх гэсэн зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл, уг 3 талт хэлэлцээрээр, УБТЗ ХНН, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тээвэрлэлтийн төлбөрөөс Жаст ХХК-иас УБТЗ ХНН-д нийлүүлсэн түлшний төлбөр хийхийг зөвшөөрсөн, хэлэлцээрийн дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК нь тээвэрлэлтийн төлбөрөөс түлшний төлбөрт зориулан төлбөр хийсэн гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 62.6-т шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа, үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй гэсэн. Төлөөлөгч нарт олгосон Итгэмжлэлд М.Баумгартнер гарын үсэг зурсан, итгэмжлэлийн хугацаа 2019.05.31-ний өдөр хүртэл олгогдсон, гэтэл Ариунтуяа нарт олгосон итгэмжлэл 2018.05.31-нээс 3 жилийн хугацаатай байна. 2007.02.06 өдөр Жаст ХХК, СБ Азиа нарын хооронд нийлүүлэлтийн гэрээний эрх шилжүүлэх гэрээ анх байгуулагдсан. Энэ талаар 2007.02.09-ний Жаст ХХК-аас ирүүлсэн 1/109 тоот албан бичгээс харагдана, гэхдээ гэрээ байхгүй, хэрэгт авагдаагүй, Жаст ХХК, СБ ПЛС нарын хооронд УБТЗ-ын нийлүүлэлтийн гэрээний эрх шилжүүлэх гэрээ байхгүй, хэрэгт авагдаагүй, хаана ч байдаггүй. Ерөнхий Барьцааны болон эрх шилжүүлэх гэрээ 2011 онд байгуулагдсан. Жаст ХХК, нэхэмжлэгч нарын хооронд ийм гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч, СБ Азиа нарын хооронд ийм гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч, СБ ПЛС нарын хооронд ийм гэрээ байгуулагдаагүй. Үүнээс харахад нийлүүлэлтийн гэрээний эрх шилжүүлэх гэрээ анх 2007.02.06-нд Жаст ХХК, СБ Азиа нарын хооронд байгуулагдсан ба үүгээр ИХ-ийн 123.7-д зааснаар нийлүүлэлтийн гэрээний шаардах эрх зөвхөн анхны гэрээгээр шилжсэн гэж үзэх ба энэ нь баримтаас харахад СБ Азиад шилжсэн, Жаст энэ эрхээ СБ Азиагаас буцаан шилжүүлсэн баримт байхгүй байна. Шаардах эрхийг шилжүүлсэн нь хуульд нийцсэн эсэх дээр дүгнэлт хийх хэрэгтэй. СБ ПЛС нэхэмжлэгч нарын дунд 2013.01.16-ны өдрийн зээлийн гэрээний эрх шилжүүлэх гэрчилгээ үйлдсэн байна. Энэ нь Английн хуулиар тайлбарлагдаж зохицуулагдаж байх бөгөөд МУ-ын Иргэний хуулийн 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж, 550.1-д Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шаардах эрх шилжих нь хуучин үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нарын тухайн гэрээг байгүүлахдаа баримталсан улсын хуулиар тодорхойлогдоно гэж, 550.2-т үүрэг гүйцэтгэгчийн хуучин болон шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх эрх, үүрэг нь шаардах эрх шилжүүлэхэд баримталсан улсын хуулиар тодорхойлогдоно гэж заасан. Жаст ХХК-ийн шаардах эрхээ СБ ПЛС-д шилжүүлсэн гэх 2011.02.02-ны гэрээний 21.1-д, уг гэрээг МУ-ын хуулиар зохицуулж тайлбарлана гэсэн ба СБ ПЛС, нэхэмжлэгчид эрхээ шилжүүлсэн гэж үзвэл тус гэрээнд баримталсан МУ-ын хуулийн дагуу шилжүүлэх нь тодорхой байна. Цаашилбал, энэ гэрчилгээн дотор Зээлдүүлэгч /СБ ПЛС/-ийн олгох зээлийн хэмжээ, эрх болон үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гээд, хавсралтад яг ямар эрх үүрэг нэхэмжлэгчид шилжүүлж байгаа талаар нэгбүрчлэн дурдсан байна. Энд, нийлүүлэлтийн гэрээтэй холбоотой ямар нэгэн эрх, үүрэг шилжүүлсэн талаар мэдээлэл байхгүй. Нэхэмжлэлд энэ талаар дурдахдаа нэхэмжлэгч нь ӨАБНУ-д үүсгэн байгуулагдсан, тэндээ байрладаг, СБ ПЛС нь Англи болон Вэлльсэд үүсгэн байгуулагдсан, СБ ПЛС нь зээлдүүлэгчийн хувьд эдлэх бүх эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэн гэжээ. Тэгэхээр 2 тусдаа хуулийн этгээд гэж ойлгогдож байгаа ба нэхэмжлэгчид, СБ ПЛС нь зөвхөн зээлдүүлэгчийн бүх эрхийг шилжүүлсэн байна. Энэ тухай ч СБ ПЛС нь 2013.06.03-ны өдөр УБТЗ-д хүргүүлсэн захидалдаа Эрх шилжүүлэх гэрээ, Мэдэгдэл, Батламж болон холбогдох хуулиар бидэнд олгогдсон, мөн дээрх гэрээ тохиролцоонуудыг аливаа тал нь аливаа байдлаар зөрчсөнтэй холбоотойгоор үүссэн, эсхүл үүсэж болох бидний бүх эрх ба үүргийн гүйцэтгэлийн хангуулах арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэх эрхээ бид хэвээр хадгалж байгаа болно. Энэхүү албан бичигт дурдсан аливаа зүйлээр бид тэдгээр эрхээсээ татгалзаагүй, татгалзсанд тооцохгүй, мөн аль нэг Санхүүжүүлэгч тал аливаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй, оруулсанд тооцохгүй гэсэн нь ч нэхэмжлэгчид энэ эрхээ шилжүүлээгүйг нотолно. Иймд СБ ПЛС нь нэхэмжлэгчид түлш нийлүүлэлтийн гэрээний дагуу ямар нэгэн эрхийг шилжүүлээгүй, шилжүүлсэн гэж үзлээ гэхэд зохих ёсоор шилжүүлээгүй тул нэхэмжлэгч түлш нийлүүлэх гэрээний үүргийг шаардах эрхгүй, хариуцагч түлш нийлүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ӨА-ийн СБ нь 2013.01 сард зээлийн гэрээний тал болсон гэх боловч энэ талаар УБТЗ-д ямар нэгэн мэдэгдэл ирээгүй, энэ талаар УБТЗ хүлээн зөвшөөрсөн болон өөр бусад ямар нэг үйлдэл хийгээгүй. Энэ талаар Английн шүүхийн шийдвэрийн 86-д, 2013.01.16-нд ӨАСБ зээлийн гэрээнд гарын үсэг зурж орж ирсэн тухай бичсэн байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг Английн хатан хааны шүүхэд хянагдаж байсан ба шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд эерэг гарсан тохиолдолд энэ нэхэмжлэлд бичигдээд буй хохирол бүрэн хэмжээгээр төлөгдөх үндэслэлтэй байсан. 2013 онд Английн хатан хааны шүүхэд ӨАСБ-ы нэхэмжлэлтэй Монголын 9 компанид холбогдуулан үүсгэгдсэн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх мэдээллийг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөх ёстой. Гэтэл 2019.11.14-ний өдөр ӨАСБ-ний өмгөөлөгчдөөс, тухайн хэргийг 2014 онд шийдвэрлэснээс хойш нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй ба ГОК-ийн эсрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхгүйгээр шийдсэн гэсэн утгатай албан бичиг ирүүлснийг хэрэгт хавсаргажээ. Шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхийн тулд холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Мөн, нэхэмжпэлийн шаардлагад холбогдох баримт, фактууд, Жаст ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд шалгагдаж байгаа ба энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. УБТЗ ХНН нь 2006-3 сард Жаст ХХК-тай нефтийн бүтээгдхүүн нийлүүлэлтийн МТЗ/06/021 тоот гэрээ байгуулан ажилласан. Энэ гэрээний 12.1-д тухайн гэрээний хугацаа талууд үүргээ бүрэн гүйцэтгэснээр дуусгавар болно гэж заасан. Үүний дараа 2006.05.22-нд УБТЗ ХНН, ЖастХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК нарын хооронд гурван талт хэлэлцээр байгуулсан, Жаст ХХК-ийн нийлүүлсэн түлшний төлбөр болон Эрдэнэт үйлдвэр ХХК-д үзүүлсэн тээврийн үйлчилгээний төлбөрийг харилцан тооцооны үндсэн дээр тооцох, УБТЗ ХНН-ээс Эрдэнэт үйлдвэр ХХК-д үзүүлэх тээвэрлэлтийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлэх гэсэн зорилготой байжээ. Уг 3 талт хэлэлцээрээр, УБТЗ ХНН, Эрдэнэт үйлдвэр ХК-ийг тээвэрлэлтийн төлбөрөөс Жаст ХХК-д УБТЗ ХНН-д нийлүүлсэн түлшний төлбөр хийхийг зөвшөөрсөн. Энэ гэрээний үйлчлэх хугацаа нь дээр дурдсан шатахуун нийлүүлэх гэрээний хугацаатай ижил байсан. Үүний дараа 2007 онд СБ Азиа, Жаст ХХК-д худалдааны хэлцлийн санхүүжилтэд зориулан зээлийн эрх бүхий шугам нээж, хэлэлцээрийн дагуу Жаст ХХК-д зээл олгохын тулд тодорхой баримт бүрдүүлэх шаардлага тавигдсан байна. 2007-2-09-ны өдрийн 1/106 тоот албан бичгээр Жаст ХХК, СБ Азитай гэрээ байгуулсан тухай дурдаад уг албан бичигт хавсаргасан стандарт захидлын дагуу хариу илгээх тухай бичсэн байв. Хариуг өгөөгүй байтал 2007-2-14-ны өдрийн 1/114 тоот албан бичгээр Жаст ХХК-ийн захирал Ш.Батхүү, дээр дурдсан захидлын хариуг яаралтай өгөх, ингэснээрээ санхүүгийн аливаа эрсдэл, нэмэлт үүрэг хариуцлага УБТЗ хүлээхгүй талаар бичсэн. Иймээс, 2007-02-16-ны өдрийн 20/140 тоот албан бичгээр захидлын хариуг ирүүлсэн загварын дагуу илгээсэн. Энэ тухай Английн шүүхийн шийдвэрт ч /30, 31/ мөн тусгасан. Ийнхүү 2007 оноос зээлийн гэрээ үйлчилж, хэд хэдэн удаа өөрчлөлт орж байсан гэх ба 2007-2012 онд гэрээний өөрчлөлт хийгдэх бүрт нэхэмжлэлд дурдагдаад буй мэдэгдэл болон УБТЗ ХНН-ээс мэдэгдлийг хүлээн авсан тухай стандарт албан бичгүүдийг 2007-2008, 2010-2012 онуудад УБТЗ-аас СБ-д илгээж байсан. Хамгийн түрүүнд 2007 оны 02 сард Жаст ХХК-иас нийлүүлэлтийн гэрээний дагуу шаардах эрхээ СБ Азияд шилжүүлсэн тухай мэдэгдэл хүргүүлсэн. Дараа нь хамгийн сүүлд 2012.01 сард Жаст ХХК, шаардах эрхээ СБ ПЛС-д шилжүүлсэн талаар мэдэгдэл ирүүлсэн. Мөн 2013.01.16-нд СБ ПЛС, нэхэмжлэгчид зээлийн гэрээний эрх шилжүүлсэн гэх боловч энэ талаар УБТЗ-д мэдэгдэл хүргүүлээгүй, эрх шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн талаар албан бичиг үйлдээгүйгээс гадна СБ Азия, СБ ПЛС аль аль нь түлш нийлүүлэлтийн гэрээний дагуу шаардах эрхээ нэхэмжлэгчид шилжүүлээгүй, СБ ПЛС нь зөвхөн зээлийн гэрээний эрхээ 2013 онд шилжүүлсэн байна. Жаст ХХК-иас түлш нийлүүлэх гэрээний төлбөрийг СБ болон Жаст ХХК-ийн дансанд хийх тухай зааварчилгааг тухай бүр ирүүлж байсан, 2013 онд ч зааварчилгаа ирсээр, УБТЗ ХНН нийлүүлсэн түлшний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Зааврын тухайд, хамгийн сүүлд мэдэгдлийг Жаст ХХК-иас 2012.01.16-нд УБТЗ ХНН-т ирүүлсэн. Мэдэгдэлд төлбөрийг барьцааны итгэмжлэгдэгчийн нээсэн хуримтлуулах дугаар дансанд, эсхүл төлөөлөгчөөс тухай бүр та бүхэнд мэдэгдэж болох аливаа бусад данс, эсхүл дансуудад төлөх зааварчилгааг бид үүгээр өгч байна гэсэн. Анхны СБ Азиатай байгуулсан эрх шилжүүлсэн тухай Жаст ХХК-иас ирүүлсэн мэдэгдэлд энэ данснаас өөр данстай болбол бид танд нэн даруй мэдэгдэнэ гэсэн, энэ зарчмын дагуу л анхнаасаа Жаст ХХК-ийн заавраар бүх төлбөрийг хийсэн. Үүний зэрэгцээ Эрдэнэт үйлдвэр ХХК-д үзүүлсэн тээврийн үйлчилгээний төлбөрийг харилцан тооцооны үндсэн дээр тооцсоор байсан. Бид СБ-тай шууд харьцаж байгаагүй, СБ ч 2013 онд шүүхэд хандах хүртлээ манайхтай харьцаж байгаагүй. Жаст" ХХК-ийн удирдлагын заавраар төлбөрөө хийж байсан тохиолдолд СБ Азиа болон СБ ПЛС, тэр тусмаа нэхэмжлэгчээс аль алинаас нь ямар 1 гомдол шаардлага ирж байгаагүй. Өмнө нь төлбөр хийх үед эрх шилжүүлсэн гэж байсан бол түүнийхээ дагуу төлбөрөө хийхийг шаардсан бол энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой, энэ байдал үүсэхгүй байсан, гэтэл энэ үед Стандарт банк бидэнд ямар ч шаардлага хүргүүлж байгаагүй. 2012.01.17-ны өдрийн 12/57 тоот мэдэгдэл нь УБТЗ-ын хүсэл зоригийн илэрхийлэл биш, нийлүүлэгч Жастын удаа дараа ирүүлж байсан хүсэлтийн дагуу хийгдэж байсан, нийлүүлэлтийн гэрээний дагуу төлбөрийг шилжүүлэхийг л зөвшөөрч, түүнийхээ дагуу заавраар нь төлбөрийг тухайн дансанд төлж байсан. Түүнээс гадна нийлүүлэлтийн гэрээ болон мэдэгдэлд, гэрээний дагуу төлөх төлбөрийг УБТЗ, тусгай дансанд үл маргах зарчмаар шилжүүлэх тухай шууд заасан, үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй. Харин ч 2011.02.02-ны эрх шилжүүлэх гэрээний 7.5.3-д зээлдэгч нь борлуулалтын орлогыг Хуримтлуулах дансанд шуурхай хуримтлуулна, гэхдээ зөвшөөрөгдсөн худалдан авагчид нь нийлүүлэлтийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө Хуримтлуулах дансанд шууд хийх асуудлыг хангах үүргээс зээлдэгчийг чөлөөлөхгүй гэсэн байгаагаас харахад ч УБТЗ-д энэ үүрэг хамаарахгүй. Жаст, СБ-ы хооронд төлбөрийн талаарх тохиролцоо өөрчлөгдсөн эсэхийг УБТЗ мэдэх боломжгүй, энэ зааварчилгааг СБ зөвхөн Жастаар дамжуулан өгч байна гэсэн тул УБТЗ-ын хувьд Жастаас өгсөн зааварчилгааг буруу гэж итгэхгүй байх ямар ч үндэслэлгүй юм. УБТЗ ХНН, зөвхөн Жаст ХХК-тай байгуулсан шатахуун нийлүүлэх гэрээний төлбөрийг түүний заавраар шилжүүлж байсан ба УБТЗ нь Жаст ХХК-ийн дансанд төлбөр шилжүүлэх, эсхүл Жаст ХХК-ийн заавраар өөр этгээдэд шилжүүлэх нь ямар нэгэн ач холбогдолгүй, эцсийн дүндээ нийлүүлэлтийн гэрээний төлбөрийг уг гэрээний дагуу, гэрээний тал болох Жаст ХХК-д төлж байх нь ач холбогдолтой байсан. Ингэснээрээ, хэн нэгний өмнө хариуцлага хүлээх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж мэдэгдээд байгаа бөгөөд УБТЗ ХНН нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээж зээлийн гэрээ болон хуульд зааснаар батлан даалтын гэрээ ч байгуулаагүй. Нэхэмжлэлд дурдаад буй 44.557.881 ам доллар нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гэдгийг Ш.Батхүү, 2013.06.07-ны өдрийн 1/294 тоот албан бичигтээ нотолсон, уг албан бичигт зээлийн гэрээний үлдэгдэл 44.557.881 ам доллар нь зөвхөн СБ ПЛС, Жаст ХХК-ийн хооронд үүссэн ба УБТЗ ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй гэж бичсэн байна. Энэ талаар цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт тодорхой хэлсэн. Тиймээс нэхэмжлээд байгаа 44.557.881 ам доллар нь зөвхөн зээлийн гэрээнд хамааралтай, УБТЗ зээлийн гэрээний тал биш гэдгийг Английн хатан хааны шүүх хангалттай нотолж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг монгол төгрөгт хөрвүүлэхдээ нэхэмжлэл гаргах үеийн ханшийг ашигласан ба нэхэмжлэлийн шаардпагаа нэмэгдүүлэхдээ 2016.09.26-ны өдрийн ханшид нэхэмжлэлийн бүх үнийн дүнгээ хөрвүүлсэн байна. Иргэний хуулийн 218.1-д төлбөр гүйцэтгэхээс өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг гүйцэтгэнэ гэсэн бөгөөд УБТЗ ХНН, нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзвэл хуулийн энэ заалтыг баримтлах ёстой. Гэтэл энэ үүрэг үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлд дурдагдсанаар 6 нэмэлт гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ байгуулагдсан өдрөөс УБТЗ гэрээ байгуулсан этгээд буюу Жастын өмнө төлбөр төлөх үүрэг үүссэн байна гэж үзье. 112 нэмэлт гэрээ 2012.10.04-нд байгуулагдсан, тухайн өдрийн ханш 1,386.86 төгрөг х 7,322,712.69 = 10,155,577,321.25 төгрөг, 113 нэмэлт гэрээ 2012.11.09-1,396,32 төгрөг х 7,710,480,27 = 10,766,297,810.60 төгрөг, 114 нэмэлт гэрээ 2012.12.11-1,401.14 төгрөг х 7,834,005.07 = 10,976,537,863.78 төгрөг, 115 нэмэлт гэрээ 2013.01.17-1,392.03 төгрөг х 8,858,997.37 = 12,331,990,108.96 төгрөг, 116 нэмэлт гэрээ 2013.02.06-1,392.52 төгрөг х 8,650,978.15 = 12,046,660,093.44 төгрөг, 117 нэмэлт гэрээ 2013.03.11-1,399.17 төгрөг х 4,180,707.81 = 5,849,520,946.52 төгрөг байсан талаар лавлагаа харуулж байна. Тэгвэл нэхэмжлэлд дурдаад буй төлбөрийн хэмжээ буюу дээрх нэмэлт гэрээнүүдийн үнэ 44,557,881.36 ам долларыг гэрээ байгуулсан өдрийн ханшид хөрвүүлэхэд 62,126,584,144.55 төгрөг болох ба УБТЗ нэмэлт гэрээний төлбөрийг тухайн үед нь төлөх ёстой этгээдэд нь төлсөн. Нэхэмжлэлийн 29-д болон нэхэмжлэлийг ихэсгэхдээ хэрэглэсэн тооцоонд, учирсан хохиролд нэхэмжлэгчид зайлшгүй орох ёстой байсан орлогын хохиролд тооцох, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй, өөрөөр хэлбэл бодит хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Гэтэл ХААН банкны жилийн 6.6% хүү нэхэмжлэгчид зайлшгүй орох ёстой байсан орлого гэж үзэх үндэслэлгүй, тус банкинд данс эзэмшдэг, мөнгө байршуулдаг, хадгаламжийн гэрээ зэргийг нотолсон баримтгүй байна. Нийлүүлэлтийн гэрээний эрхийг шилжүүлсэн гэж үзвэл нийлүүлэлтийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах ямар ч арга хэрэгслийн талаар дурдаж өгөөгүй байна. Нэхэмжлэлд хавсаргасан хохирлыг ямар тооцоонд үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Нотлох баримтаар Жаст тодорхой төлбөрийг СБ руу гуйвуулж байсан талаар Английн шүүхийн шийдвэрт ч байна, хэргийн баримтуудаас ч харагдана. Жастаас 2013.04 сарыг дуустал төлбөр хийж байсан, гэхдээ тодорхой төлбөр хийгдээгүй нь зээлийн гэрээний дагуу дефолт үүсэх үндэслэл боллоо гээд СБ зээлээр олгосон төлбөрөө буцаан төлүүлэхээр болсон гэсэн байна. Гэтэл хэдийг төлөх байснаас хэдийг нь төлсөн, хэд төлөх ёстой талаар ямар ч баримтгүй байна. УБТЗ, түлш нийлүүлэх гэрээгээр түлш аваад буцааж төлөөгүй төлбөр нь 33,088,690 ам доллар болсон гэж нэхэмжлэгч Лондонд баталж байсан. Нийлүүлэлтийн гэрээний эрх шилжсэн гэж үзвэл анхнаасаа СБ Азия ч юм уу Плюс ч юм уу нийлүүлэлтийн гэрээний төлбөрийн тооцоог УБТЗ-тай нийлэх ёстой байсан. Иргэний хуулийн 466-д, талууд ажил хэргийн харилцаанаас үүссэн үйл ажиллагааны үр дүнд гарах төлбөр тооцоог дүгнэх гэрээ байгуулах, өөрөөр хэлбэл, үлдэгдэл бий эсэх, түүнийг хэрхэн барагдуулах талаар бичгээр тохиролцох талаар зохицуулсан. Төлбөр тооцоог дүгнэх гэрээг бид Жаст ХХК-тай хийж байсан тул бид нийлүүлэлтийн гэрээний дагуу төлбөр тооцоог хийж дуусгаснаас гадна эцсийн тооцоо нийлсэн гэрээ, актаар манайд Жаст ХХК өртэй гарсан. Нэхэмжлэлийн үнийн дүн нь зээлийн гэрээний дагуу Жаст ХХК-ийн төлөх үнийн дүн юм шиг байгаа юм. Гэтэл энэ зээл зөвхөн УБТЗ нийлүүлэлтийн гэрээнд холбоотой эсэх асуулт гарч байна. СБ, Жастад зээл олгохдоо худалдааг нь санхүүжүүлэх зорилгоор гэж зээлийн гэрээнд тусгасан ба Жастын хамаарал бүхий компанитай хамтран Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг олон улсын зах зээл дээр зарж борлуулж байсан байна. ИХ-ийн 239.4 болон 239.6-д зааснаар Английн шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн эсрэг гарсан тохиолдолд УБТЗ-ыг үүрэг гүйцэтгэгч гэж үзвэл, энэ үүргээс чөлөөлөгдөхөөр байна. Энэ талаар Английн шүүхийн шийдвэрт /D3.137.7/ нэхэмжлэлүүд хоорондоо холбоотой, УБТЗ-ын төлөх дүн Жаст болон батлан даагчдаас авсан дүнгээр багасна гэдгийг СБ өөрөө хүлээн зөвшөөрснийг шүүгч бичсэн. Стандарт банк хууль зүйн үйлчилгээний төлбөрт 215,258.24 ам долларын нийлүүлэлтийн гэрээний эрхийг шилжүүлсэн гэж үзвэл нийлүүлэлтийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах ямар ч арга хэрэгслийн талаар дурдаагүй, хохирлын тооцоо нь ойлгомжгүй байна. Нотлох баримтаар Жаст тодорхой төлбөрийг СБ руу гуйвуулж байсан талаар Английн шүүхийн шийдвэрт ч байна, хэргийн баримтуудаас харагдана. Жастаас 2013.04 сарыг дуустал төлбөр хийж байсан гэхдээ тодорхой төлбөр хийгдээгүй нь зээлийн гэрээний дагуу дефолт үүсэх үндэслэл боллоо гээд СБ зээлээр олгосон төлбөрөө буцаан төлүүлэхээр болсон гэсэн. Стандарт банк хууль зүйн үйлчилгээний төлбөрт гаргасан 215.258.24 ам долларын зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд оруулж хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй. ИХШХШтХ-ийн 53.1-д зохигчоор нөхөн төлүүлэх зардалд хууль зүйн үйлчилгээний төлбөр ордоггүй тул нэхэмжлэх үндэслэлгүй. Тэгээд ч хууль зүйн туслалцаа авах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал, нотлох баримтгүй, тэмдэгтийн хураамжид төлсөн 495,709,207 болон 127,629,190 төгрөг нь шүүхийн зардал болох ба ИХШХШтХ-ийн 56-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрхэн шийдсэнээр хуваарилагдах шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Английн хатан хааны шүүхэд хэргийг хянах явцад Ш.Батхүүгийн залилангийн үйлдлийн улмаас нийлүүлэлтийн гэрээний төлбөрийн дансыг өөрчилсөн, зээлийн гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй гэдгийг тогтоож, энэ талаар өөр дүгнэлт хийх боломжтойг ч Английн шүүх дүгнэсэн. Тухайлбал, төлбөрийг СБ-ы дансанд биш өөр дансанд хийхийг СБ мэдэж байсан, түүгээр ч барахгүй Жаст энэ тухай СБ-д мэдэгдэж байсан, түүнийг СБ зөвшөөрч байсан гэсэн утгатай дүгнэлтийг Английн шүүх шийдвэртээ /135.4/ тусгасан. Тэгээд ч ЭЦГ-т үүсгэсэн Батхүү нарт холбогдох эрүүгийн хэрэгт СБ-ы зарим ажилтныг сэжигтнээр татан шалгаж байгаа талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 2015.11.26-ны 5/374 тоот мэдэгдэх хуудаст дурдсан нь энэ хэрэгт СБ өөрөө эсвэл түүний ажилтнууд оролцсон байх магадлалтай гэж ойлгогдож байна. ЭЦГ-аас 2014.6.11-ний 10-3142 албан тоотоор хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцох тухай мэдээллээ ирүүлнэ үү гэсэн байх тул эрүүгийн хэрэгт СБ хохирогч, иргэний нэхэмжлэгч гэж үзэж байсан нь ч тодорхой байна. Английн хатан хааны шүүхийн шүүгч Уолкерийн 2014.10.10-ны өдрийн /2014/ЕWНС2687/ дугаар шийдвэрт энэ талаар /Ахэсэг, 6-15, 16/ тодорхой тусгагдсан. Энэ үйл явц урт хугацаанд 2006-2013 оныг хамарч, олон гэрээ байгуулагдаж, тухайлбал, нийлүүлэлтийн гэрээ, зээлийн гэрээ, төлбөр тооцооны гэрээ, тэдгээрийн нэмэлт гэрээнүүд, эдгээр олон гэрээний хүрээнд харилцан солилцсон олон тооны албан бичиг, захидал, мэдэгдэл, олон тооны оролцогчидтой /ӨА СБ, СБ Азия, СБ Плюс, Жаст ХХК, Эрдэнэт үйлдвэр, УБТЗ ХНН/, ойлгомжгүй асуудал ч байна. Зээлийн гэрээнд холбогдох бусад этгээд яав, яагаад тэдэнд холбогдох төлбөрийг УБТЗ хариуцах ёстой гэх мэт. Иймд хариуцагч түлш нийлүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч манайхаас гэрээний үүргийг шаардах эрхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 63, 64, ИХШХШтХ-ийн 25, 26-д заасан эрх нэхэмжлэгчийн төлөөлөгч нарт олгогдоогүй байна. 2015.05 сард нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнтэй холбоотойгоор шаардах эрхээ шилжүүлсэн эсэх, мөн 2 төрлийн зүйлийг шүүхээс анхааруулж буцаасан. Гэтэл албан тоотоор зөвшөөрөл олгох тухай албан бичиг өгсөн нь нотлох баримтын шаардлага хангаагүй, М.Баумгартнер гэдэг хүн өөрт олгогдсон паспортыг надад үзүүлсэн гэж нотариатч хэлдэг. ӨАБНУ-ын иргэн М.Баумгартнер нотариатч дээр анх паспорт үзүүлж итгэмжлэл олгож, 2015.06.12-нд иргэний хэрэг үүссэн байна. Нэхэмжлэгчийн энэ асуудал Английн шүүхээр ороод шийдэгдсэн. Тухайн банкийг төлөөлөх эрх бүхий этгээд М.Баумгартнер нь өөрөө итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй баримтаа гаргаж, нотариатч албан ёсны баталгаажуулах ёстой. 2008.12.25-нд МУИХ-аар 1961 онд баталсан Гаагийн конвенцоор гадаадад байгаа этгээд итгэмжлэлийг албан бичгээр гаргаж, тамга дарж баталгаажуулах ёстой учраас нэхэмжлэгч өөрсдийн төлөөлөх бүрэн эрхийг болон бусад нотлох баримтуудыг гаргаж өгөхийг шаардсан. Компанийн зохистой үйл ажиллагааны тодорхойлолтод М.Баумгартнерын нэр байхгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй нь тодорхой бус байгаа тул ИХШХШтХ-ийн 65.1.5-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. ӨА-ийн СБ-тай холбоотой зээлийн эрх шилжсэн гэсэн, анх талуудын байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 123-т зааснаар явагдах ёстой байтал тухайн гэрээг шилжүүлсэн нь нотлогдохгүй байна. Талуудтай байгуулсан барьцааны гэрээг бичгээр заавал байгуулах ёстой байтал гэрээг хэнтэй байгуулсан, ямар нэг тамга тэмдэггүй байгаа учраас хүчин төгөлдөр бус байна. МУ-ын Үндсэн хууль, МУ-ын хэлний тухай хуульд зааснаар явагдаж байгаа гэрээ хэлцэл зэрэг нь манай хууль тогтоомжийн дагуу явагдах ёстой. Гэтэл Жаст групп ХХК нь УБТЗ ХНН-т өгсөн албан бичиг англи хэл дээр очсон учраас шүүх хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байна. Эрдэнэт үйлдвэр ХХК болон УБТЗ ХНН-тэй холбоотой төрийн байгууллагаас баталгаа гаргуулсан асуудалд ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2 асуудлаар Ш.Батхүүг эрүүгийн хэрэгт шалгаж байгаа учраас шалгаж дууссаны дараа энэ асуудлыг шалгах нь зүйтэй. Барьцааны болон эрх шилжүүлэх гэрээний хавсралтад заасан асуудалд УБТЗ-аас баталгаа гаргах стандартыг тусгасан. УБТЗ, Жаст ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн 2015 оны актны мөнгөний хэмжээ нь 37 сая ам доллар байхад нэхэмжилж байгаа зээлийн гэрээ 44,557,881 ам долларыг нэхэмжилж байгаа акт нь өөрөө байдаг, шатахууныг нийлүүлсэн тооцоо векселээр хийгдсэн учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Өмнөд Африкийн Стандарт банк лимитед компани нь Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам ХНН-т холбогдуулан шаардах эрх шилжүүлэх хэлцлийн дагуу 44,557,881.36 ам доллар /1 ам доллар-1,936.77 төгрөг/ буюу 86,298,367,882 төгрөг, орох байсан орлого 6,399,819.25 ам доллар буюу 12,394,977,929 төгрөг, хууль эрх зүйн үйлчилгээний төлбөрт 215,258.24 ам доллар буюу 416,905,701 төгрөг, нийт 99,110,251,511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, нийлүүлэлтийн гэрээний дагуу төлөх дүнг 14,308,426,862 төгрөгөөр нэмэгдүүлж /86,298,367,881+14,308,426,862/ нийт 100,606,794,743 төгрөг гэж, орох байсан орлогоо 4,027,289.84 ам доллараар нэмэгдүүлж, 10,427,109.09 ам доллар, хууль эрх зүйн үйлчилгээний төлбөрт 215,258.24 ам доллар буюу /10,427,109.09+215,258.24=10,642,367.33 ам доллар х 2,257.89 төгрөг/ нийт 24,029,294,770 төгрөг гэж нэмэгдүүлэн, нэхэмжлэлийн нийт шаардлагаа 124,636,089,514 төгрөг гэж тодорхойлсон байна. /6ХХ, 172-175 хуудас/

 

Өмнөд Африкийн Стандарт банк лимитед компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012.08.15-ны өдрийн тогтоолоор Гүйцэтгэх захирал Баренд Йоханнес Кругерийн эрхийг баталгаажуулсан, Гүйцэтгэх захирал Баренд Йоханнес Кругер 2015.04.30-ны өдөр Жаст групп ХХК-ийн зээлтэй холбоотойгоор УБТЗ ХНН-ээс нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрхийг Бизнесийн дэмжлэг болон эргэн төлөлтийн хэлтэс, олон улсын хэмжээний захирал, Мартин Баумгартнерт олгосон /7ХХ, 24-32 хуудас/, Мартин Баумгартнер 2015.05.05-ны өдөр нэхэмжлэл гаргах эрхийг Д.Энхтөр, Д.Номин нарт /1 ХХ, 28-41 хуудас, 5ХХ 197-212 хуудас, 7ХХ, 7-43 хуудас/ олгожээ.

 

Иймд хариуцагчийн болон гуравдагч этгээд нарын тайлбар үндэслэлгүй байх тул Өмнөд Африкийн Стандарт банк лимитед компани нь Д.Энхтөр, Д.Номин нарт УБТЗ ХНН-т холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг олгосон гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Стандарт банк ПЛС нь нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахыг санхүүжүүлэх зорилгоор Жаст групп ХХК-д зээл олгож, Жаст групп ХХК-иас УБТЗ ХНН-т бүтээгдэхүүн нийлүүлж, Жаст групп ХХК нь Барьцааны болон Эрх шилжүүлэх гэрээний 2011.02.02-ны өдрийн 3 дахь Нэмэлт өөрчлөлтөөр хариуцагчаас МТЗ/06/021 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөр шаардах эрхийг Стандарт банк ПЛС-д шилжүүлсэн, 2013.01.16-ны өдөр Стандарт банк ПЛС-ээс Жаст групп ХХК-ийн авсан зээлээр нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний төлбөр шаардах эрхийг нэхэмжлэгч авсан, хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг хохирлын хамт гаргуулна гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь төлөөлөгч нарт нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй, Жаст групп ХХК нь СБ Азиатай нийлүүлэлтийн гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан, СБ Азиагаас нэхэмжлэгчид шаардах эрх шилжүүлсэн баримтгүй, Жаст групп ХХК, СБ ПЛС нарын хооронд нийлүүлэлтийн гэрээний эрх шилжүүлэх гэрээ байхгүй, нэхэмжлэгч нь Жаст групп ХХК, СБ Азиа, СБ ПЛС нартай ийм гэрээ байгуулаагүй, СБ ПЛС нэхэмжлэгч нар 2013.01.16-ны өдөр зээлийн гэрээний эрх шилжүүлэх гэрчилгээ үйлдсэн нь Английн хуулиар зохицуулагдана, СБ ПЛС нэхэмжлэгчид зээлийн эрхээ шилжүүлсэн, гэрчилгээнд нийлүүлэлтийн гэрээний эрх, үүрэг шилжүүлээгүй тул шаардах эрхгүй, 6 нэмэлт гэрээний дагуу Жаст групп ХХК-ийн заавраар төлбөрүүдийг төлөх үүргээ биелүүлсэн гэж маргав.

 

Хариуцагч нь Жаст групп ХХК-тай 2006.03.14-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай МТЗ/06/021 дугаар гэрээ байгуулан, нийлүүлэгч нь 20,000 тонн дизель түлшийг 13,320,000 ам доллараар нийлүүлэх, худалдан авагч нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр тохиролцож, гэрээний 12.1-д зааснаар хүчинтэй байх хугацааг талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэл гэж тодорхойлжээ. /ХХ1, 71-85х/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Дээрх гэрээний хүрээнд талууд тухайн сард нийлүүлэх шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүний тоо, хэмжээг өгсний дагуу хүлээлгэн өгч төлбөрийг хийхээр тохиролцон, 2012.10.04-ны өдөр 112, 2012.11.09-ний өдөр 113, 2012.12.11-ний өдөр 114, 2013.01.17-ны өдөр 115, 2013.02.06-ны өдөр 116, 2013.03.11-ний өдөр 117 дугаар буюу нийт 6 удаа нэмэлт гэрээнүүдийг байгуулан, 44,557,881.36 ам долларын бүтээгдэхүүн нийлүүлж, талууд тухай бүр тооцоо нийлжээ. /ХХ2, 68-97х/

 

Хариуцагч УБТЗ ХНН нь 2006.05.22-ны өдөр Жаст групп ХХК болон Эрдэнэт үйлдвэр ХХК-тай гурван талт хэлэлцээр байгуулан, Эрдэнэт үйлдвэр ХХК-д тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх, Жаст групп ХХК-ийн нийлүүлсэн түлшний төлбөрт тээврийн үйлчилгээний төлбөрийг харилцан тооцохоор тохиролцжээ.

 

УБТЗ ХНН нь дээрх МТЗ/06/021 дугаар гэрээний дагуу Жаст групп ХХК-ийн дансанд 71,234,185.74 ам доллар, вексель төлөлтөөр 20,500,000 ам доллар, Эрдэнэт үйлдвэрт тээврийн тооцоогоор 109,539,022.51 ам доллар, Стандарт банкинд 258,864,412.09 ам доллар, нийт 460,127,620.34 ам долларыг төлсөн, энэхүү төлбөрт нэхэмжлэгчийн шаардаж буй 44,557,881.36 ам доллар багтсан болох нь 2016.04.08-ны 12/128 тоот албан бичгийн хавсралт, Монгол хөлөг аудит ХХК-ийн тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна. /ХХ5, 115-191х, ХХ9, 66-90х/

 

Ийнхүү эрхээ шилжүүлэхдээ төлбөр хүлээн авагчийг /CITIBANK N.A. NEW YORK SWIFT: CITIUS 33/ Ситибанк Н.А. Нью-Йорк/ гэж, хүлээн авагч банкийг /STANDARD BANK AZIA LIMITED, SWIFT: JFCOHKHH/ Стандарт банк Азиа ХХК гэж, хүлээн авах дансыг 36976179 гэж тодорхойлсон, уг дансанд хариуцагчаас 2006-2013 онд 258,864,412.09 ам доллар шилжсэнээс 2012 онд 48,687,197.98 ам долларыг шилжүүлжээ. /ХХ9, 68х/, /ХХ5, 224-228 х/

 

Жаст групп ХХК нь 2007.02.06-ны өдөр Стандарт банк Азиа ХХК-тай Амлалт, эрх шилжүүлэх гэрээг байгуулж, УБТЗ ХНН-тай байгуулсан нийлүүлэлтийн гэрээ, түүний нэмэлтүүдэд заасны дагуу түүнтэй холбогдуулан одоо байгаа болон цаашид гарах гэрээ, хэлцэл, эд хөрөнгө эзэмшихтэй холбоотой бүх эрх, ашиг сонирхлоо шилжүүлсэн талаар 2007.02.09-ний өдрийн 1/106 тоот албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн, 2007.02.14-ний өдөр энэхүү албан бичгийн хариуг шаардсан, хариуцагч нь Стандарт банк Азиа ХХК-д 2009.02.16-ны өдрийн 20/140 тоот албан бичгээр Жаст групп ХХК-ийн мэдэгдлийг хүлээн авснаа зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Олон улсын иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид шаардах эрх шилжих талаар Монгол улсын Иргэний хуулийн 550 дугаар зүйлд тодорхойлсон ба 550.1-д шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шаардах эрх шилжих нь хуучин үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нарын тухайн гэрээг байгуулахдаа баримталсан улсын хуулиар тодорхойлогдоно гэж, 550.2-т үүрэг гүйцэтгэгчийн хуучин болон шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх эрх, үүрэг нь шаардах эрх шилжүүлэхэд баримталсан улсын хуулиар тодорхойлогдоно гэж заасан, Жаст групп ХХК-иас УБТЗ ХНН-тэй байгуулсан Нийлүүлэлтийг гэрээний шаардах эрхийг Стандарт банк ПЛС-д шилжүүлэхэд Монгол улсын хуулиар зохицуулагдахыг талууд гэрээгээр тохиролцсон байх тул Монгол улсын хуулиар шаардах эрх шилжсэн эсэхийг тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болохоор зохицуулжээ.

 

Тухайн тохиолдолд төлбөр шаардах эрх эзэмшигч Жаст групп ХХК нь МТЗ/06/021 дугаар гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч УБТЗ ХНН-ийн зөвшөөрөлгүйгээр эрхээ шилжүүлж болох бөгөөд дээрх тохиолдолд Стандарт банк Азиа нь УБТЗ ХНН-ээс Жаст групп ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авсан байх тул мөн хуулийн 123.6-д зааснаар шаардах эрх, түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг Стандарт банк Азиа шилжсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасан ба үүрэг гүйцэтгэгч УБТЗ-д үүрэг гүйцэтгүүлэгч Жаст групп ХХК нь мэдэгдсэн 2009.02.16-ны өдрөөс Стандарт банк Азиа ХХК нь хариуцагчаас төлбөр төлөхийг шаардах эрхтэй болох юм.

 

Жаст групп ХХК нь Стандарт банк ПЛС ХХК-тай 2007.08.22-ны өдөр Барьцааны болон эрх шилжүүлэх гэрээ байгуулан, зээлдэгчийн худалдан авсан бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх зорилгоор зээлдүүлж, 2008.08.07, 2009.11.02-ны өдрүүдэд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан, 2010.12.02-ны өдөр 2 дахь нэмэлт өөрчлөлт, шинэчлэн найруулсан Барьцааны болон эрх шилжүүлэх гэрээний дагуу Жаст групп ХХК, Стандарт банк ПЛС ХХК нар нь 2011.02.02-ны өдөр зээлийг бэлтгэн нийлүүлэх болон худалдан авах гэрээнүүд, тэдгээрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний эрхийг 3.3-ын b-д зааснаар бэлтгэн нийлүүлэх гэрээ тус бүрт барьцаалагчид эрх шилжүүлсэн тухай мэдэгдэж, нотолгоог банкинд хүргүүлэхээр тохиролцон 3 дахь нэмэлт өөрчлөлтийг хийжээ. /ХХ9, 213-231х/

 

Ийнхүү эрх шилжүүлсэн талаар Жаст групп ХХК нь Стандарт банк ПЛС ХХК-д 2011.02.02-ны өдрийн Барьцааны болон эрх шилжүүлэх тухай гэрээгээр нийлүүлэлтийн гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн талаар худалдан авагч УБТЗ ХНН-т 2012.01.16-ны өдөр мэдэгдсэн, 2012.01.17-ны өдөр хариуцагч нь Стандарт банк ПЛС ХХК-д дээрх Барьцааны болон эрх шилжүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, зөвшөөрсөн тухай 12/57 тоот албан бичиг хүргүүлжээ. /ХХ1, 158х/

 

Дээрх байдлаар шаардах эрхээ бусдад шилжүүлэн, гэрээ хүчин төгөлдөр болсноор МТЗ/06/021 дугаар гэрээний хувьд Жаст групп ХХК-ийн эрх, үүрэг нь дуусгавар болсон байна.

 

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэх бөгөөд тухайн тохиолдолд Жаст групп ХХК нь Стандарт банк ПЛС ХХК-д шаардах эрхийг МТЗ/06/021 дугаар нийлүүлэлтийн гэрээний буюу мөн хуулийн 243.1-д заасан хэлбэрээр шилжүүлээгүй, харин зээлийн гэрээний хэлбэрээр гэрээг байгуулжээ. /ХХ1, 70-114х/

 

Стандарт банк ПЛС-ээс эрх шилжүүлсэн гэх 2011.02.02-ны өдрийн гэрээний 3.2.1-д заасан бүх авлага гэж тодорхойлсонд нийлүүлэлтийн гэрээний шаардах эрх багтана гэж нэхэмжлэгч тайлбарлах ч тухайн зээлийн гэрээгээр гуравдагч этгээдийн зээлээр худалдан авч, нийлүүлсэн бүтээгдэхүүний шаардах эрхийг барьцаалснаар Стандарт банк ПЛС нь барьцаалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон байх бөгөөд барьцаалагч нь тус гэрээний 3.1.2-т зааснаар бүх санхүүжүүлсэн бүтээгдэхүүн, авлага, хадгаламж, хөрөнгө болон тэдгээрийн эрхийг барьцаа болгосон байна. /ХХ1, 107х, ХХ9, 219-220х/

 

Өөрөөр хэлбэл, УБТЗ ХНН-т холбогдох шаардах эрх шилжүүлэх хэлцэл гэж нэхэмжлэгчийн тодорхойлж байгаа дээрх заалт нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилготой хариу төлбөртэй хийгдсэн хэлцэл байна.

 

Ийнхүү гэрээгээр зээлийг олгож, шаардах эрхийг барьцаалсан зээлдүүлэгч Стандарт банк ПЛС нь 2013.01.16-ны өдөр Жаст групп ХХК-тай холбоотой зээлийн болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдийн дагуух зээлдэгчийн болон барьцаалагчийн эрхийг шинэ зээлдүүлэгч Өмнөд Африкийн Стандарт банк ХХК-д шилжүүлэн гэрчилгээ олгосон гэж үзэхээр байна. /ХХ1, 62-69х/

 

УБТЗ ХНН-т 2013.06.03-ны өдөр мэдэгдлийг Стандарт банкнаас гэж хүргүүлсэн баримт байх бөгөөд Жаст групп ХХК-ийн шаардах эрх шилжүүлэн авсан этгээдийн хувьд гэж тодорхойлсон, хүлээн авагч банкийг Стандарт банк ПЛС ХХК гэж зааснаас үзэхэд уг мэдэгдлийг шаардах эрхээ Өмнөд Африкийн Стандарт банк лимитед компанид 2013.01.16-ны өдрийн гэрээгээр шилжүүлсэн гэх Стандарт банк ПЛС ХХК-иас хүргүүлсэн гэж үзэхээр байна. /ХХ1, 162-167х/

 

Гэтэл шаардах эрхээ Өмнөд Африкийн Стандарт банк лимитед компанид 2013.01.16-ны өдрийн гэрээгээр шилжүүлсэн гэх Стандарт банк ПЛС ХХК нь 2013.06.03-ны өдөр УБТЗ ХНН-т нийлүүлэлтийн гэрээний дагуу 44,557,881.35 ам долларыг Хуримтлуулах дансанд төлөхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдэлд Өмнөд Африкийн Стандарт банк ХХК-д шаардах эрх шилжүүлснээ мэдэгдээгүй байх тул УБТЗ ХНН-т нийлүүлэлтийн гэрээний дагуу 44,557,881.35 ам долларыг шаардах эрхийг шилжүүлэн авсан талаархи нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

Дээрх Шаардах эрх шилжүүлэх гэрчилгээнд Английн хуулиар зохицуулахаар заасан ба Өмнөд Африкийн Стандарт банк ХХК, Стандарт банк ПЛС ХХК нар нь хариуцагчид холбогдуулан Английн хатан хааны шүүхэд 2013.07.19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн И дугаарын 48-50-д 2013.07.18-ны өдрийн УБТЗ-ын баталгааны дагуу хариуцагч нь барьцаалагч Стандарт банк ПЛС ХХК-д 33,088,690.26 ам долларын өртэй байсан, УБТЗ барьцааны 3/г/ заалтыг зүй бусаар зөрчиж барьцаалагчид төлөөгүй, дээрх зөрчлөөс нэхэмжлэгч нарт 33,088,690.26 ам долларын алдагдал, хохирол хүлээсэн, Монгол улсын хуулийн дагуу нөхөн төлбөр авах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлажээ. /ХХ2, 3-4х/

 

Английн хатан хааны шүүхийн 2014.10.10-ны өдрийн шийдвэрийн В.8.2-т Жаст групп ХХК, Стандарт банк ПЛС ХХК нар нь 2009.11.02-ны өдрийн гэрээнд оруулсан өөрчлөлтөөр гэрээнд Стандарт банк ПЛС ХХК оролцож, 25,000,000 ам долларын зээлийн шугамыг дахин үргэлжлүүлэх хэлэлцээр болсон талаар болон D-3-ын 138-д УБТЗ-ын эсрэг гаргасан нэхэмжлэл нь Жаст групп ХХК болон батлан даагчдын эсрэг гаргасан нэхэмжлэлээс өөр төрлийнх талаар болон Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлэх маргааны талаар дүгнэсэн, УБТЗ ХНН-д холбдуулан гаргасан Өмнөд Африкийн Стандарт банк ХХК, Стандарт банк ПЛС ХХК нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. /ХХ8, 64-111х/

 

Түүнчлэн Өмнөд Африкийн Стандарт банк ХХК, Стандарт банк Азиа ХХК, Стандарт банк ПЛС ХХК нар нь 1 эзэнтэй байсан ч тус тусдаа хуулийн этгээд байх бөгөөд Стандарт банк Азиа ХХК нь Жаст групп ХХК-иас шилжүүлэн авсан нийлүүлэлтийн гэрээний шаардах эрхийг Стандарт банк ПЛС ХХК-д шилжүүлсэн нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэхэд Жаст групп ХХК нь УБТЗ ХНН-тэй байгуулсан МТЗ/06/021 дугаар нийлүүлэлтийн гэрээний төлбөр шаардах эрхийг Стандарт банк Азиа ХХК-д шилжүүлсэн, Жаст групп ХХК нь Стандарт банк ПЛС ХХК-д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар шилжүүлээгүй, харин Стандарт банк ПЛС ХХК нь Жаст групп ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны эрхийг Өмнөд Африкийн Стандарт банк ХХК-д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь МТЗ/06/021 дугаар нийлүүлэлтийн гэрээний төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрх биш, харин нийлүүлэлтийн гэрээний үүргийг шаардана гэж тайлбарлаж байгаа боловч 112-117 нэмэлт гэрээний дагуу тодорхойлсон үнийн дүн 44,557,881.36 ам доллар нь Английн хатан хааны шүүхэд нэхэмжлэгч нь хариуцагч болон гуравдагч этгээд, түүний хамаарал бүхий компаниудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зээлийн төлбөр агуулгаар шаардсан 44,557,881.36 ам доллар адил байна. /ХХ2, 3-4х/, /ХХ8, 64-11х/

 

Английн хатан хааны шүүх нь Жаст групп ХХК болон түүний хамаарал бүхий компаниудад холбогдуулан гаргасан Өмнөд Африкийн Стандарт банк ХХК, Стандарт банк ПЛС ХХК нарын нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй талаар нэхэмжлэгч тайлбарласан ба энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Аливаа эрх зүйн маргаанд нотлох үүргийн дарааллыг тодорхойлох бөгөөд шаардах эрх шилжүүлэн авч, шаардлага гаргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нь шаардах эрхтэйгээ нотлох үүрэгтэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нийлүүлэлтийн гэрээний төлбөрт 100,606,794,743 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийг МТЗ/06/021 дугаар нийлүүлэлтийн гэрээний төлбөрийг шаардах эрхгүй гэж үзсэн тул мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар учирсан хохиролд 24,029,294,770.73 төгрөг гаргуулахыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

 

Иймд  холбогдох, шаардах эрх шилжүүлэх хэлцлийн дагуу 124,636,089,514.66 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн /495,709,207+127,629,190/ нийт 623,338,397 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр орчуулагч Г.Үнэнбат болон Соён орчуулгын товчоог тус тус шинжээчээр томилж, зардлын баримтаа ирүүлсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс 1,270,000 төгрөг гаргуулан шинжээч нарт олголоо.

 

Гуравдагч этгээд Жаст групп ХХК-иас олгосон итгэмжлэлийн хугацаа дууссантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг олгон өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан, энэ өдрийн товыг түүний шүүхэд мэдүүлсэн оршин байрлах хаяг болон мэйл хаягаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөөлөгчөө томилон ирүүлээгүй тул эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан холбогдох, шаардах эрх шилжүүлэх хэлцлийн дагуу 124,636,089,514.66 /Нэг зуун хорин тэрбум зургаан зуун гучин зургаан сая наян есөн мянга таван зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 623,338,397 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс 1,270,000 төгрөг гаргуулан 1,050,000 төгрөгийг гаргуулан орчуулагч 220,000 төгрөгийг  тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ