Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00909

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 01 өдөр

          Дугаар 102/ШШ2021/00909

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Р Н /РД: /

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Х Д /РД: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 24 Рокмон бюлдинг 401 тоот “КББСБ” ХХК /РД: /

 

2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №БГ2016/29 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У, Э.Э

                                   хариуцагчийн төлөөлөгч Ц.Э

                                 нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Н, А.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч бид 2006 онд гэрлэлтээ батлуулан өнөөдрийг хүртэл ам бүл тавуулаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, хаягт амьдарч байгаа. Бидний дундаас 2003 онд охин Д.А, 2005 онд охин Д.АйдАана, 2014 онд хүү Д.А Карим төрсөн. Бид Хан-Уул дүүргийн 4 өрөө орон сууцыг худалдан аваад зөвхөн эхнэрийг өмчлөгчөөр 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлсэн. Улмаар гэр бүлийн бусад гишүүдийг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж байхад найз Батгэрэлийн гуйснаар гэр бүлийн дундын хөрөнгийг бусад гишүүдийн зөвшөөрөлгүйгээр 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “ББСБ”-д 2 сарын хугацаатай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Барьцааны гэрээ-г” байгуулж Улсын бүртгэлд бүрггүүлсэн. Хариуцагч уг барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг хуульд зааснаар урьдчилан аваагүй, гэрээнд барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацааг тусгаагүй, хэдэн төгрөгний зээлийн барьцаанд хэдэн сар, жилээр барьцаалсаныг барьцаалуулагчид мэдэгдээгүй, мөн зээлийн гэрээг сунгах болсон талаараа барьцаалуулагчид огт мэдэгдээгүй, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний илүү хувийг Р.Нд өгөөгүй байгаа. Түүнчлэн уг Барьцааны гэрээ нь анх 8 сарын хугацаатай байгуулагдсан, зээлийн гэрээг удаа, дараа сунгаж байсан зэргийг Р.Нд огт мэдэгдээгүйн улмаас энэхүү гэрээ нь хууль зөрчсөн, манай гэр бүлийн бусад гишүүдийн эрх ашгийг ноцтой хөндөж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.                                                                                                            

 

Нэхэмжлэгч Р.Н, А.Д нар ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч нар нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №БГ2016/9 дугаартай “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Тус шаардлагыг шүүхээс ханган шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан үр дагаврыг арилгуулах зорилгоор нэхэмжлэлийн  шаардлагыг дээрх байдлаар нэмэгдүүлж байна. Тодруулбал, барьцааны зүйлийг улсын бүртгэлийн байгууллагад хуулийн дагуу бүртгэдэг бөгөөд тухайн гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тогтоосноор улсын бүртгэлийг шууд хүчингүй болгох боломжгүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх замаар үр дагаврыг арилгуулах боломжтой гэж үзэж байна. Иймд барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Д эхнэртэйгээ хамтраад хоёр шаардлага гаргасан. Нэгдүгээрт, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Р.Н болон “КББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. Энэ шаардлагын үндэслэл нэхэмжлэгч А.Дийн хувьд Р.Нтэй 2006 онд гэр бүлээ бүртгүүлж дундаас нь 2003 онд охин Д.А, 2005 онд Д.А, 2014 онд охин Д.А, Карим нар төрсөн.  Нэхэмжлэгч нар 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 өрөө орон сууцыг худалдаж аваад энэ орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэ орон сууц нь зээлийн гэрээний барьцаа болсон байдаг. Энэ орон сууц нь гэр бүлийн дундын эд хөрөнгө юм. Р.Нтэй 2016 онд барьцааны гэрээг байгуулах үед Р.Нийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байсан. Энэ үед гэрээний талууд гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авалгүйгээр хамтран өмчлөгч нарыг оролцуулахгүй, гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох А.Дээс бичгээр зөвшөөрөл авахгүйгээр барьцааны гэрээ байгуулсан байдаг. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 өрөө орон сууцыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дүгнэж 01917 тоот шийдвэрээр баталгаажуулж тухайн орон сууцыг гэр бүлийн гишүүд болох Р.Н, А.Д, Д.Айкумис, Д.Айдана, Д.Абдул Карим нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож  А.Д, Д.А, Д.А, Д.А Карим нарыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ байгуулахаас өмнө уг орон сууц нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө байсан гэдэг нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. Мөн хуулийн 128.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна гэж заасан. Бусад этгээд гэдэгт А.Д орж байна. Зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах ёстой учир энэ барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болох нь харагдаж байна. Эдгээр зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлүүд дээр тулгуурлаад барьцааны гэрээ хуульд зааснаар мөн хүүхдүүдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарч байгаа учраас зөвшөөрөл аваагүй хэлцэл гэж үзэж байна. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учир энэ нэхэмжлэл шүүхээр хангагдлаа гэхэд үр дагаврын асуудал яригдана. Шүүхээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоовол барьцааны эрхийг яах бэ гэх асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ шаардлагатай холбогдуулаад барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох шаардлага гарч байна. Мөн өмнө шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай холбоотойгоор 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна.  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчсөн бол хүчин төгөлдөр бус байна гэдэг заалт байгаа. Тэгэхээр улсын бүртгэлийн журмыг харахаар тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн 28.2-т барьцааны эрхийг бүртгүүлэхдээ барьцаалуулагч болон барьцаалагч нар хамтран мэдүүлэг гаргаж дараах баримт хавсаргаж өгнө гэж заасан байдаг. Гэтэл барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтаас харахад барьцаалуулагч Р.Н, барьцаалагч “КББСБ” ХХК-ийг төлөөлж хэн, хэн энэ бүртгэлийг хийлгэсэн эсэхийг харахад тийм зүйл байдаггүй. Байдаггүй гэдэг нь улсын бүртгэлийн газарт бөглөж өгдөг маягт дээр нэг хүний гарын үсэгтэй, хэн нэгнийх нь гарын үсэг байдаггүй. Иймд үүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль дээр барьцаа нь хуульд заасан үндэслэлээр эсвэл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ гэж заасан байдаг. Иймд барьцаагаар хангах шаардлагыг хуульд заасны дагуу тодорхой тусгах ёстой байсан. Барьцааны гэрээг Р.Н байгуулж, гарын үсэг зурсан боловч барьцааны гэрээг өөрт нь өгөөгүй байдаг. Дараа нь барьцааны гэрээг хуулбарлаж аваад үзэхэд барьцааны гэрээн дээр барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээ, төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоогоогүй бол түүнийг тодорхойлох журам, хугацаа, зээлийн гэрээтэй холбоотой нөхцөлийг заагаагүй байсан. Өөрөөр хэлбэл хэдэн төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж байгаа талаар буюу зээлийн гэрээний хэмжээ байхгүй. Зээлийн нэмэлт гэрээ гэж хийснийг огт мэдэхгүй, ийм гэрээ хийсэн талаар Р.Нд огт мэдэгдээгүй байгаа. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх бол тухайн эрхийг олж авсан гэрээний үндсэн нөхцөл, хугацаа гэж заасан байдаг. Гэтэл хугацаа сунгаад урт хугацаатай болгосон. Зээлийн гэрээний хугацаа анх 2 сар байсан тэр нь 8 сар болсон байдаг. Тухайн үед барьцааны гэрээ, зээлийн гэрээг Р.Нд өгсөн байсан бол зээлийн хэмжээний үнийн дүн бага гарах байсан гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан БГ/2016/09 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түүний үр дагавар барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “КББСБ” ХХК-иас Д.Э, Д.Б гэдэг хоёр хүн зээл гаргуулах хүсэлт гаргасны дагуу зээл олгосон байдаг. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөр хийгдээгүй байгаа. Барьцааны  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэсэн өөр өөр зүйл явж байна. Барьцааны гэрээг Р.Н гэдэг хүн өөрөө хүрч ирээд барьцааны гэрээнд өөрөө гарын үсэг зурсан байдаг. Гэр бүлийн дундын хөрөнгө учир гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлаж байна. Тэгэхээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл үнэн зөв байх хуулийн заалт байгаа. Улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар зөвхөн Р.Н гэдэг хүн худалдах худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд худалдаж авсан үйл баримтыг үндэслэн бид гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн үед орон сууц дээр ямар нэг эрхийн зөрчил байхгүй байсан. Бид нар албан ёсны баримтыг үндэслэж зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны гэрээг төрийн бүртгэдэг байгууллага хянаж үзээд ямар нэг зөрчил байхгүй байна гэж үзээд барьцааны гэрээг бүртгэж авсан. Тухайн үед зээл олгоход улсын бүртгэлийн гэрчилгээн дээр зөвхөн Р.Н гэдэг ганц хүний нэр байсан учраас бид Р.Н гэдэг хүнийг өөрийг нь дуудаж өөрөөр нь гарын үсэг зуруулж үр дагаврыг нь тайлбарлаж өгсөн. Улсын бүртгэлээс авсан баримыг үндэслэл болгож гэрээг хүчин төгөлдөр бус гэж байна. Энэ баримтаас харахад гэрээг хүлээж авах, бүртгүүлэх асуудлыг Д.Энхтүвшин гэдэг хүнд олгосон хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийн дагуу хийгдсэн харагдаж байна. Тийм учраас өөрөө очих ёстой байсан гэдэг тайлбар үгүйсгэгдэж байна. Барьцааны гэрээ байгуулагдах үед ямар нэг байдлаар хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзэж байна. Р.Нээс өөрөөс нь зөвшөөрөл аваад өөрөө гарын үсэг зурсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны эрхийг хүчингүй болгож өгнө үү гэж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болсон тохиолдолд барьцааны эрх давхар шийдэгдэх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгч Р.Н, А.Д нар нь хариуцагч “КББСБ” ХХК-д холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №БГ2016/29 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

Талууд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Р.Нийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо байршилтай 4 өрөө орон сууцыг “КББСБ” ХХК болон Д.Энхтүвшин, Д.Батгэрэл нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан байна. Энэхүү барьцааны гэрээг байгуулахдаа орон сууцны хамтран өмчлөгч А.Дээс зөвшөөрөл аваагүй, улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчсөн, хуульд заасан барьцааны гэрээнд заавал зохих зүйлийг тусгаагүй үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх ба харин хариуцагч “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн хуулийн дагуу гэрээ байгуулж, улсын бүртгэлд хуулийн дагуу бүртгүүлсэн, хууль зөрчөөгүй” гэж маргав.

 

Маргаж буй гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Р.Н 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгүүлж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/01917 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Нийн өмчлөлд бүртгэсэн орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр А.Д болон зохигчийн хүүхдүүд болох Д.АйАдана, Д.А, Д.А Карим нарыг бүртгэхийг даалгаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Дийг барьцааны зүйл болох орон сууцны хамтран өмчлөгч болохыг маргаан бүхий барьцааны гэрээ байгуулагдсаны дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.  

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөл олговол эрх бүхий гуравдагч этгээд хэлцэл хийх зөвшөөрлийг олгоогүй тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарна.

 

Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч бүрээс зөвшөөрөл авах талаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна”, мөн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахад зөвшөөрөл авах талаар Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заажээ. Дээрх зүйл, хэсгүүдэд заасан “өмчлөгч” гэдгийг өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрчилгээ авч баталгаажуулсан байхыг ойлгоно. Хэдийгээр нэхэмжлэгч А.Д нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран гэрлэснээс хойш бий болсон орон сууцны хамтран өмчлөгч мөн бөгөөд уг хөрөнгийг дундын өмчлөлд бүртгүүлэхээр шаардах эрхтэй боловч тухайн хөрөнгийг барьцаалуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байжээ. Иймд нэхэмжлэгч А.Д нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №БГ2016/29 дугаартай барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй байна. Мөн барьцааны гэрээ байгуулагдах үед А.Д өмчлөгчөөр бүртгэгдээгүй, зөвхөн Р.Нийн өмчлөлд бүртгэлтэй байсан тул Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар А.Д болон хүүхдүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Иймд орон сууцны бусад өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн” гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно. Хуулийн шаардлагыг хангаагүй гэдэгт тухайн төрлийн хэлцлийг хийхэд хуулиар тогтоосон шаардлага хамаарах ба уг шаардлагыг хангаагүй боловч агуулгын хувьд байж болох хэлцлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зохицуулжээ. Өөрөөр хэлбэл дээр заасан шаардлагыг хангаагүй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ гэжээ. Маргаан бүхий барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээнд тусгавал зохих барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу, үүргийг хангах хугацааг зээлийн гэрээний хугацаагаар тодорхойлох болохыг агуулгын хувьд заасан байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 166.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан зарим агуулгыг гэрээнд тусгаагүй гэж байх боловч тухайн агуулга нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан агуулгатай давхцаж байхаас гадна уг шаардлагыг хангаагүй тохиолдолд барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заагаагүй.  Иймд барьцааны гэрээний агуулга хууль зөрчөөгүй, бүрэн бус гэж үзэж үндэслэлгүй, талуудын бодит хүсэл зоригийн дагуу, хуульд нийцсэн хэлбэрээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, хэрхэн бүртгэхийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ”, 28.2 дахь хэсэгт “Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт хуульд заасан баримт бичгийг хавсаргана” гэжээ. Энэхүү журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно гэж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан. Иймд улсын бүртгэгч нь барьцааны гэрээг хуульд заасан шаардлагад нийцсэн, бүртгүүлэх журмыг зөрчөөгүй гэж бүртгэсэн байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар барьцааны эрхийн улсын бүртгэл үнэн зөв, хүчин төгөлдөр гэж тооцно. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.  

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь барьцаалагчид өөрийн шаардлагаа бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулж авах эрхийг олгодог бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар салгаж үл болох эрх юм. Энэ талаарх зарчмыг Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зохицуулсан. Өөрөөр хэлбэл барьцааны эрх үүсэж, өөрчлөгдөх, дуусгавар болох нь өөр ямар нэг үүргийн эрх зүйгээс шалтгаалж байдаг хангагдах шаардлагатай салшгүй холбоотой байна. Иймд барьцаагаар хангагдах шаардлага буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаар барьцааны эрх дуусгавар болохгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа сунгасан, хэтэрсэн эсэхээс үл хамааран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх баталгаа болж байдаг. Иймд зээлийн гэрээний хугацааг сунгасан талаар барьцаалуулагчид мэдэгдээгүйг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байх тул барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага нь “барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох” шаардлагын үндэслэл болох хэдий ч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлсноор шийдвэрлэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “КББСБ” ХХК-д холбогдох 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №БГ2016/29 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Р.Н, А.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 462,750 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч А.Д, Р.Н нарт олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ГАНДИЙМАА