Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00939

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00939

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо “У Т Т С” ХХК /РД:, утасны дугаар:,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо тоотод оршин суух Г овогт Ггийн Н /РД:, утасны дугаар: /

 

11,012,081 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 12,232,950 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ч

                                   хариуцагчийн төлөөлөгч Д.М

                                           нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “У Т Т С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "УБТТС" XXК нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Г Нтай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр худалдагч тал 2011 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн, улсын дугаартаи, Хьюндай Элантра маркийн автомашиныг 19,000,000 төгрөгөөр худалдсан. Худалдан авагч гэрээний төлбөрт 4,500,000 төгрөгийг бэлнээр төлөөд үлдэгдэл 14,500,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 36 сарын хүгацаатай, буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, нийт хүүгийн хэмжээ нь 4,058,807 төгрөг, сард төлөх төлбөрийн хэмжээ нь 515,522 төгрөг төлөхөөр тохиролцон нийт 18,558,807 төгрөгөөр зээлээр хүдалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан. Худалдан автомашины үнэ, хүүгийн хамт нийт 23,058,807 төгрөг буюу хүүгүй 4,500,000 төгрөг, хүүтэй төлбөр 14,500,000 төгрөг, 14,500,000 төгрөгийн хүү 4,058,807 төгрөг, нийт 23,058,807 төгрөг юм. Гэрээ байгуулснаас хойш худалдан авагч 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 515,530 төгрөгөөр 14 удаагийн төлбөр төлж нийт 7,732,950 төгрөгийн төлбөр төлсөн баина. Гэрээний төлбөр болох 18,558,807 төгрөгөөс төлсөн 7,732,950 төгрөгийг хасч тооцвол 10,825,857 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ төлбөрийг гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ний өдрөөс хойш хугацаанд гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар 0,5 хувийн алданги тооцвол өдрийн 34,206 төгрөгийн алданги тооцогдож байна. Энэ алдангийг гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш, автомашин хүлээлгэн өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл төлбөрийн хугацаа хэтрүүлсэн 2103 өдрөөр үржүүлвэл 71,935,218 төгрөгийн алданги гарч байна. Энэ алдангийг Иргэний хуулиин 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцвол 3,420,693 төгрөгийн алдангитай болсон байна. Алдангийн төлбөрийг үндсэн төлбөр дээр нэмж тооцвол 14,246,550 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ төлбөрөөс түүний автомашиныг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлбөрт тооцон хүлээн авч үнэлгээний байгүуллагаар зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлэхэд 6,000,000 төгрөгийн үнэлгээ гарсан байна. Худалдан авагчийн 14,264,550 төгрөгиин төлбөрөөс дээрх 6,000,000 төгрөгийг хасч тооцход 8,246,550 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл гарч байна. Үүн дээр түүний улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмших хугацаандаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, зөрчлийн торгуулсан 244,500 төгрөгийг манай компани төлж барагдуулсан байна. Иймээс энэ төлбөрийг нэмж нийт 8,941,050 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байна. Дээрх төлбөрийг хариуцагч нараас Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг үндэслэн нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч “У Т Т С” ХХК ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “У Т Т С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн дараах хүсэлтийг гаргаж байна. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч миний бие 2020 оны  11 дүгээр сарын 03-ны өдөр Г.Нд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээниий үүрэгт 8,491,050 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгийн алдангийн хэмжээг тооцоолохдоо төлөгдсөн төлбөр болох 10,825,857 төгрөгийн үлдэгдлээс алдангийг тооцоолвол. Дээрх үлдэгдэл 10,825,857 төгрөгийн төлбөрийг гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хугацаанд гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар 0,5 хувийн алданги  тооцвол өдрийн 54,129 төгрөгийн алданги тооцогдож байна. Энэ алдангийг гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш, автомашин хүлээлгэн өгсөн 2019 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл төлбөрийн хугацаа хэтрүүлсэн 2,103 өдрөөр үржүүлвэл 113,833,886 төгрөгийн алданги  гарч байна. Энэ алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцвол 5,412,928 төгрөгийн алдангитай болсон байна. Алдангийн төлбөрийг үлдэгдэл төлбөр дээр нэмж тооцвол 16,238,785 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ төлбөрөөс түүний автомашиныг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлбөрт тооцон хүлээн авч, үнэлгээний байгууллагаар зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлэхэд 6,000,000 төгрөгийн үнэлгээ гарсан байна. Худалдан авагчийн төлөөгүй байгаа 16,238,785 төгрөгийн төлбөрөөс дээрх 6,000,000 төгрөгийг хасч тооцоход 10,238,785 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл гарч байна. Үүн дээр түүний ** ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмших хугацаандаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчин торгуулсан. 244,500 төгрөгийг манай компани төлж барагдуулсан байна. Иймээс энэ төлбөрийг нэмж тооцвол хариуцагч нийт 10,483,285 төгрөгийн төлбөртэй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг 1,992,235 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 10,483,285 төгрөгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч миний бие нэхэмжлэлийн үнийн дүнг бодохдоо тооцооллын алдаа гаргаж 548,795 төгрөгөөр дутуу бодсон тул алдааг залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн 11,032,081 төгрөг болгож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг “У Т Т С” ХХК нь үндсэн үйл ажиллагаатайгаа холбогдуулаад 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчтай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний худалдагч тал нь 2011 онд Солонгос Улсад үйлдвэрлэсэн Hyundai Elentra маркийн ** ** улсын дугаартай автомашиныг 19,000,000 төгрөгөөр хариуцагчид худалдсан. Үүнээс 4,500,000 төгрөгийг бэлнээр төлөөд, үлдсэн 14,500,000 төгрөгийг 1 сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл төлөхөөр тохирч зээлээр авсан. Нийт хүүгийн төлбөрт 4,058,807 төгрөг нийт 18,558,807 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлөхөөр болсон. Сард төлөх хэмжээ нь 515,522 төгрөг байсан. Ингээд автомашины үнэ, хүүгийн хамт нийтдээ 23,058,807 төгрөг болсон. Үүнээс хүүгүйгээр 4,500,000 төгрөгийг урьдчилсан төлсөн, хүүтэйгээр 14,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 4,500,000 төгрөг, хүүтэйгээр хэсэгчлэн төлөх төлбөрт сард 515,530 төгрөгөөр 14 удаагийн төлөлтөөр 7,217,420 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дуусгавар болох үеийн эцсийн байдлаар үлдсэн төлбөр нь 11,341,387 төгрөг, үүнээс анз тооцоход 2015 оны 10 дугаар сарын 23-наас 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 2103 хоног болж байгаа. Энэ хугацааны анз үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч байгаа тул 5,670,694 төгрөгийн анз тооцогдож байгаа. Нийт төлбөрийн үлдэгдэл нь 17,012,081 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ төлбөрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр автомашинаа төлбөрт тооцуулан хариуцагч өөрөө авчирч өгсөн байгаа. Манайх тухайн үеийн зах зээлийн үнэлгээг хийлгэхэд 6,000,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Энэ үнийг хасаж тооцоод 11,012,081 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн тооцооллыг би буруу хийсэн байсан ба цагдаагийн байгууллагад төлсөн торгуулийн 244,500 төгрөгийг нэхэмжлэхгүй байгаа. Иймд автомашины үлдэгдэл төлбөрт 11,012,081 төгрөг гаргуулж өгнө үү. 

 

Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г овогтой Н 2012 оны 10 сарын 22-ны өдөр “У Т Т С” ХХК-тай автомашин зээлээр худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 3 жил. Зээлийн гэрээнд эргэн төлөлтийг заасан хугацааны дагуу төлөхгүй тохиолдолд худалдагч тал бүрэн эрхийн дагуу автомашиныг хураан авна гэж заасан. Яагаад гэрээнд заасан эрхээ эдлээгүйг би ойлгоогүй, надад нэг ч удаа тайлбарлаж өгөөгүй. Үүнд би маш их их гомдолтой байна. Тэр үед гэрээнд заасан журмаараа автомашиныг хураагаад авсан бол ийм асуудалгүй, миний бие ингэж их сэтгэлийн дарамтад энэ олон жилийг өнгөрүүлэхгүй байсан. Одоогоор надад өөрийн гэсэн орох орон алга, өөрийн гэсэн өмч хөрөнгө алга, өөрийн гэсэн ажил төрөл алга, өөрийн гэсэн орлого алга, өөрийн гэсэн хань ижил, үр хүүхэд алга. Тулж түших ах дүү алга. Төлбөрийн чадваргүй болохоор надаас нэхэмжилж байгаа энэ төлбөрийг би төлж барагдуулж чадахааргүй гэдгээ ойлгож байгаа. Намайг улсын өмгөөлөгчтэй холбож өгөхийг та бүгдээс хүсч байна. Миний энэ бичсэн зүйл та бүгдэд би өөрийгөө хамгаалж, ямар ч буруугүй юм шиг ойлголт төрүүлж байвал намайг уучлаарай.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 10 дугаар сарын 22-нд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 4,500,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Гэрээ байгуулсны дараа график байгуулаад 2012 оны 11 дүгээр сарын 22-ноос 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 515,530 төгрөгөөр манай тал 14 удаа төлөлт хийсэн. Энэ нь 7,732,950 төгрөг болж байгаа юм. Урьдчилгаа мөнгөтэйгөө нийлэхээрээ нийт 12,232,950 төгрөг болж байгаа. Гэтэл хариуцагч машинаа буцааж өгнө гээгүй байхад гэнэт л буцаагаад авсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хурааж авахдаа бүх төлбөр тооцоогоо дуусгаагүй, хэдэн төгрөгөөр яаж авч байгаагаа, үлдэгдэл төлбөр үлдэж байгааг ч Г.Нд хэлээгүй. Машинаа ч өгсөн дээрээс нь 12,232,950 төгрөг илүү төлсөн нөхцөл байдал байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр өдөр нэг эмэгтэй Г.Нгийн машиныг мөргөсөн. Ингээд замын цагдаа дээр шалгуулаад тэр эмэгтэйн буруу болоод байж байтал “УБТТС” ХХК дуудаад зөрчил дутагдал гарсан, машинаа авъя гээд машинаа авсан гэсэн. Ингээд машинаа авахаар нь төлбөр дуусаад, дээрээс нь өөрт нь хэдэн төгрөг өгөх юм байна гэж ойлгосон гэсэн. Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэгэнт нэхэмжлэгч тал машинаа буцааж авсан учраас урьдчилгаа болон дараа нь төлсөн төлбөр болох, нийт 11,717,420 төгрөгийг авах нөхцөл үүсээд байгаа юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдал үүсээд байна гэж үзээд тус мөнгөө нэхэмжилж байгаа.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “У Т Т С” ХХК-тай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг 2012 оны 10 сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 сарын 22-ны өдөр хүртэл 48 сарын хугацаатай 2011 онд Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн Hyundai Elentra маркийн ** ** улсын дугаартай автомашиныг 19,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Урьдчилгаа 4,500,000 төгрөгийг өгч үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 2012 оны 11 сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 сарын 22-ны өдөр хүртэл сарын 515,522 төгрөг төлөхөөр болсон. 2012 оны 11 сарын 22-ны өдрөөс 2014 оны 2 сарын 08-ны өдөр хүртэл сар бүр 515,530 төгрөгөөр нийт 14 удаа 7,732,950 төгрөг төлсөн. Урьдчилгаа 4,500,000 төгрөгийг нэмэхэд нийт 12,232,950 төгрөг төлсөн. Тус компани өглөг авлагын дэлгэрэнгүй тайландаа 11,717,420 төгрөг төлсөн гэж дутуу бичсэн байна. “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 6,000,000 төгрөгийн үнэтэй машин байсан. Энэ машинаа 3 нугалж худалдах гэж байсан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр “У Т Т С” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй автомашин, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй. “У Т Т С” ХХК нь 2019 оны 11 сарын 13-ны өдөр 2011 онд Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн Hyundai Elentra маркийн ** ** улсын дугаартай автомашинаа буцаан авсан. 2019 оны 11 сарын 13-ны өдөр 2011 онд Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн Hyundai Elentra маркийн ** ** улсын дугаартай автомашинаа буцаан авсан тул Г.Нгийн төлсөн 12,232,950 төгрөгийг “У Т Т С” ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани сөрөг нэхэмжлэлд дурдагдсан хариуцагчийн төлсөн төлбөрийн тооцооллын зөрүүг нягтлан тооцоолж үзэхэд 11,717,420 төгрөг байх тул манай компанийн бодсон тооцоолол зөрөөгүй байгааг тайлбарлаж байна. Миний бие анх нэхэмжлэл гаргахдаа тооцооны алдаа хийсэн байсан. 515,530 төгрөгөөр 14 удаагийн төлөлт нь 7,217,420 төгрөг болж байгаа, урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөг нийт 11,717,420 төгрөг болж байна. Манай тал гэрээнээс огт татгалзаагүй, төлбөрөө төлөхийг шаардаж явсан ба 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч өөрөө ирээд машиныг төлбөрт тооцуулахаар өгөөд явсан. Тухайн үед автомашины осол болсон газар манайх очоогүй, харин Г.Н өөрөө даатгалын төлбөр авна гэж манай дээр ирсэн. Тэгэхэд нь манай зүгээс “төлбөр тооцоотой яваад байгаа, үүнийгээ төлөөрэй” гэж хэлэхэд “би төлөх боломжгүй байна” гээд машинаа үлдээгээд гарын үсгээ зурж актаар үлдээчихээд явсан. Түүнээс хойш холбогдож чадахгүй явсаар 9 сард олж авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч “У Т Т С” ХХК нь хариуцагч Г.Нд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,012,081 төгрөг гаргуулахаар шаардсан ба уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 12,232,950 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн үнийг 8,491,050 төгрөгөөр тодорхойлсон ба хариуцагчийн төлсөн төлбөр болон алдангийн хэмжээг буруу тооцсон үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийг 11,032,081 төгрөг гэж, хариуцагч нь 14 удаагийн төлбөрийн хэмжээг нэхэмжлэгчийн тооцсоноор буруу тодорхойлсон үндэслэлээр хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн үнийг 11,717,420 төгрөг гэж тодорхойлсон болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээний дагуу тохирсон хугацаанд төлбөр төлөөгүй гэрээний хугацаа дууссан, автомашиныг гэрээний үүрэгт тооцож авсан, гэрээнээс татгалзаагүй” гэж, харин хариуцагч нь нэхэмжлэгч тал машинаа буцааж авч машиныхаа үнийг олж авсан үндэслэлээр нэхэмжлэлийн үнийг төлөхгүй, нэхэмжлэгчийг машинаа буцаан авч гэрээнээс татгалзсан үндэслэлээр шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардсан байна. 

 

Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ” бичгээр хийгдсэн байх ба уг гэрээгээр “У Т Т С” ХХК нь БНСУ-д 2011 онд үйлдвэрлэсэн хьюндэй элентра маркийн хар өнгөтэй ** ** улсын дугаартай автомашиныг шилжүүлэх, Г.Н нь гэрээний үнэ болох 19,000,000 төгрөгийн 4,500,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдсэн 14,500,000 төгрөгийн төлбөрийг 3 жилийн хугацаанд сар бүр, хүүгийн хамт 515,522 төгрөгөөр нийт 18,558,807 төгрөг төлөх, үнийг бүрэн төлсөн тохиолдолд автомашины өмчлөх эрхийг “У Т Т С” ХХК шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний агуулгаас үзвэл хариуцагч нь эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн, хүүтэй төлж, үнийг бүрэн төлсөн нөхцөлд эд хөрөнгийн өмчлөгч болохоор байна. Ердийн худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээх ба худалдан авагч үнийг төлөх хүртэл эд хөрөнгийг шилжүүлэхээс татгалзах эрхтэй байна. Талуудын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасантай нийцжээ. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.  

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар автомашины эзэмшлийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч урьдчилгаа төлбөрт 4,500,000 төгрөг, гэрээгээр тогтоосон хугацаа хэтрүүлж 2012 оны 11 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 515,530 төгрөгөөр 14 удаагийн төлөлтөөр 7,217,420 төгрөг төлсөн, 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл төлбөр төлөөгүй, хариуцагчийн эзэмшилд шилжсэн автомашин 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн бодит эзэмшилд буцаж шилжсэн үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй байна.

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний худалдан авагчийн гол үүрэг нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс өмнө үнийг төлөх, худалдагчийн хариу үүрэг нь эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг байна. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд, тохирсон хувь хэмжээгээр гэрээний үнийг төлөх үүрэгтэй байна. Энэхүү үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар гэрээний нэгдүгээр хавсралтаар тохирсон ба уг тохиролцоог хариуцагч зөрчсөн. Үүнийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан зарчмыг зөрчсөн гэж ойлгоно. Энэ тохиолдолд худалдагч Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй ба гэрээнээс татгалзсан тохиолдолд учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй. Гэрээнээс татгалзах нь өгсөн, авснаа буцааж гэрээний үүргийг дуусгавар болгох зорилготой бөгөөд гэрээнээс татгалзаж буй тал нь энэ талаар нөгөө талдаа мэдэгдсэнээр хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрх нь гэрээний нэг тал нөгөө талдаа хандан гэрээний үүргийг дуусгавар болгож байгаагаа тодорхой, ойлгомжтой илэрхийлсэн байх шаардлагатай. Ийм хүсэл зоригийг талуудын хэн аль нь илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнээс гадна Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрх нь эдийн засгийн шаардлагатай холбогдож үүсдэг бөгөөд гэрээнээс татгалзаж байгаа талд учрах хохирлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх шаардлагаар энэхүү эрхийг хуулиар олгож байдаг. Иймд уг эрхийг ердийн боломжит хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд өөрийн буруугаас болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн хугацаанд хэрэгжүүлээгүй /хохирол ихэснэ/ бол гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш 5 жил 9 сарын дараа нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзнэ. Иймд дээрх үндэслэлүүдээр 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээний зүйл болох автомашин хариуцагчийн эзэмшлээс нэхэмжлэгчид шилжсэнийг гэрээнээс татгалзсаны үр дагавар гэж тооцох үндэслэлгүй байна. Харин хариуцагчийн анх шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбар, автомашин хүлээлцсэн акт зэргээс үзвэл автомашиныг гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь автомашины үнийг хариуцагчийн хүлээлгэж өгөх үеийн байдлаар тогтоолгоход 6 сая төгрөгөөр үнэлсэн байх ба уг үнэлгээний талаар хариуцагч маргаагүй, хариуцагчийн эзэмшилд байсан 7 жилийн хугацааны элэгдэл, хорогдлыг тооцож тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тогтоосон байх тул гэрээний үнээс хасаж тооцох нь зүйтэй. Хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар гэрээний төлбөрт 11,341,387 төгрөг /18,558,807-7,217,420=11,341,387/ төлөх үүрэгтэй байсан ба энэ хугацааны алданги нь 5,670,694 төгрөг нийт 17,012,081 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 11,012,081 /17,012,081-6,000,000=11,012,081/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэрээнээс татгалзсаны улмаас үүсэх үр дагавар бий болоогүй байх тул гэрээний үнэд төлсөн 11,717,420 төгрөгийг буцаан шаардах эрхгүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ггийн Нгаас 11,012,081 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У Т Т С” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “У Т Т С” ХХК-иас 11,717,420 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Нгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,747 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,677 төгрөгийг тус тус улсын орлогод оруулж, хариуцагч Г.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 191,143 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У Т Т С” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА