| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/03851/И |
| Дугаар | 102/ШШ2021/00974 |
| Огноо | 2021-04-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2021/00974
| 2021 04 06 | 102/ШШ2021/00974 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо тоотод оршин суух Д Б /РД:, утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо өөрийн байранд байрлах “П х” ХХК /РД:, утасны дугаар: /
1,014,000 төгрөг гаргуулж, сангийн хоолойг засаж хэвийн горимд оруулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б
хариуцагчийн төлөөлөгч С.А, Г.э
иргэдийн төлөөлөгч Д.С
нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүргийн 1 хороо, 2 дугаар хороолол тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд 2018 оноос эхлэн манай гал тогооны болон ванны өрөөний таазны хажуу хананы хэсгээс нийт 11 удаа ус алдсан. Гол шалтгаан нь орон сууцны дундын шугамны гэмтлээс үйлдэлтэй болохыг нь хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч өмнө нь 2 удаа хана таазны засал чимэглэлийн засвар үйлчилгээг хийж өгсөн. Хариуцагч нар нь хариуцлагыг бие бие рүүгээ чихээд үлдэгдэл 9 удаагийн засал чимэглэлийн ажлыг хийж өгөхгүй байсан учир миний бие өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Тухайн үед нь худалдан авсан барилгын материалын баримтыг нотлох баримтаар гаргаж өгч байна. Өөр холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Хариуцагч “П х” ХХК-д 2019 онд хохирлыг барагдуулахгүй бол байрны мөнгөө төлөхгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байрны төлбөрөө төлөхөөс татгалзахад намайг үл ойшоон 2019 оны 7,8 дугаар сарын төлбөр дээр алданги тооцсон./баримтыг хавсаргасан./ Удаа дараа ус алдсаны улмаас чийг тогтож, мөөгөнцөр болон халдварт өвчин үүсэх эрсдэл өндөртэй манайх бага насны хүүхэдтэй учир аргаа бараад байнга засвар хийгээд байсан. Ус алдах бүрт хариуцагч нарт хэлээд дуудлага өгөөд ямар ч нэмэргүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл ахуйн албанд гомдол гаргасан боловч хариуцагч нар байцаагч нарыг нь аргалаад асуудлыг шийдвэрлэж өгөхгүй хэцүү байна. Уг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нэг удаа хохирлыг барагдуулж өгөхийг даалгасан шийдвэр гарсан ч хариуцагч нар нь тоохгүй байна. Зөвшөөрөгдсөн хуулийн этгээд болох “Ашид билгуүн” ХХК-ийн хохирлын үнэлгээг тогтоолгоход нэг удаагийн засвар 507,000 төгрөгийн материал, ажлын хөлсний зардал гарсан. Үнэлгээ хийлгэсний дараа засвар хийсэн гэтэл дахиад ус алдаад хийсэн засвар маань ямар ч хэрэггүй болчихлоо. Одоо ч гэсэн ус алдсаар л байна. Миний бие одоогийн байдлаар хийгдсэн нэг удаа засварын мөнгө болон дахин засвар хийх зардлын хамтаар 1,014,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол 1,014,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарыг өөрийн эзэмшлийн буюу орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн талбайд байрлах сангийн хоолойг засаж хэвийн горимд оруулахыг даалгаж өгнө үү.
Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтай хотхоны тоотыг миний бие 2012 оноос хойш оршин сууж байгаа. 2018 оны 9 сараас хойш удаа дараа 00 болон коридор, гал зуухны дээрээс ус алдаад байгаа. Энэ талаар мэргэжлийн байгууллагад нь удаа дараа танилцуулахад өөрсдөө газар дээр нь очиж хараад засна гээд явдаг. Засуулахад дахиад ус алддаг. Удаа дараа ус алдаж, аргаа барсан. Сүүлд нь гэр орны уур амьсгал, сэтгэл санааны хувьд ч тэр чийг даагаад, амьдрахад хүнд байдалд орсон. Компанид хэлэхэд СӨХ-рүүгээ ярь гэдэг. Гэтэл хуулиараа буюу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19.1.3-т тодорхой зааж өгсөн. Энэ хуулиар бол энэ компани хариуцах ёстой байгаа юм. СӨХ тэр болгон хариуцах шаардлагагүй байх гэж үзэж байгаа. Аргаа бараад Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Ингэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шаардлагатай засвар үйлчилгээг хий гэсэн байдаг. Тэрнээс хойш ус алдаад л байсан. Тэгээд би арга бараад хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан. Энэ нэхэмжилж байгаа нь 2020 оны 2 сард хийсэн засварын мөнгө, мөн 2020 оны 9 сард ус алдсаны улмаас дахин засвар хийх шаардлагатай болсон хохирол байгаа. 2019 онд засаж өгнө үү гээд энэ компаниас гуйхад засаж өгнө гээд чимээгүй болсон. Миний засварын зардлыг “Ашид билгүүн” ХХК-иас 507,000 төгрөг гэж тогтоосон энд үнэлгээний хөлс орсон байгаа. Иймд засвар хийсэн болон дахин засвар хийхэд шаардлагатай зардалд 1,014,000 төгрөг нэхэмжилж байна. Дундын шугамын засварлаад одоогоор ус алдахгүй байгаа тул сангийн хоолойг засаж хэвийн горимд оруулахыг даалгах шаардлагаасаа татгалзаж байна.
Хариуцагч “П х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани ХСУХАТАҮЗЗөвлөл болон ЭХЗХ-ны тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны байруудын айл өрх, аж ахуй нэгжүүдэд ус дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны дугаар байрны оотын өрөөнд дундын өмчлөлийн хүйтэн усны шугам болон дугаар байрны тоотын 00 өрөөнд угсрагдсан босоо душний угсралт зэргээс шалтгаалан удаа дараа ус алдсан. Дундын өмчлөлийг шугам сүлжээний засвар үйлчилгээний зардлыг хариуцсан СӨХ-ны хариуцан гаргах, дундын өмчлөлийн шугамнаас ус алдсан тохиолдолд хохирлыг СӨХ хариуцах, мөн 81 тоотоос ус алдаж байгаа тохиолдолд 72 тоотод учирсан хохирлыг 81 тоот хариуцах зохицуулалт байдаг. Манай компанийн зүгээс 12 дугаар байрны 72 тоотын гомдлын дагуу дундын өмчлөлийн хүйтэн усны шугамын гэмтлийн талаар цаг алдалгүй СӨХ-нд мэдэгдэн 12 дугаар байрыг хариуцан ажилалдаг “Шинэ алтай” СӨХ-той хамтран хүйтэн усны гэмтсэн ган шугамыг хуванцар шугамаар сольж, угсрах ажлыг хийхэр ярилцан “Шинэ алтай” СӨХ-оос шинэ угсрах шугамын материалыг гаргуулах шугам солих ажлыг хийж гүйцэтгэн дуусгасан. Шугам солих ажил тухайн шагамаас ус хангамж авдаг айлуудад эзгүй байгаа шалтгаанаар удаашралтай хийгдэж дууссан. Манай байгууллагын зүгээс хариуцсан инженерүүд нь 12 дугаар байрны 72 тоотын оршин суугчид шугам шинэчлэх ажил хийгдэж дууссан, одоо дундын өмчлөлийн шугамнаас ус алдагдах асуудал байхгүй болсон, дахин ус алдсан тохиолдолд 12 дугаар байрны 81 тоотын босоо душний плитаны битүүмжлэл болон ариутгах татуургын шугамын холболтыг шалгах шаардлагатай талаар мэдээлэл зөвлөгөөг өгсөн. 12 дугаар байрны 81 тоотод орж дундын шугамны ажил дууссан, 72 тоот руу дахин ус алдсан тохиолдолд танай 00-н өрөөний босоо душийг шалгах шаардлагатай гэдгийг мэдэгдсэн. Манай компани нь дугаар байрны тоотод ус алдаж байгаа асуудлаар тухай бүрт нь орж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа учир дугаар байрны тоотод манай байгууллагын буруугаас хохирол учирсан гэж үзэхгүй байгаа тул дугаар байрны тоотын оршин суугчийн гаргасан нэхэмжлэлд манай байгууллага холбогдолгүй болохыг тодорхойлж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтай хотхоны тоот нь 2 усны цэгтэй. Дундын өмчлөлийн 2 шугам гэрийг нь нэвтрэн өнгөрдөг. Ус алдсан гомдол нь гал тогоо, 00-д удаа дараа ус алдсан гэж дуудлага ирсэн. Ил болон далд шугамын зургийг гаргаад оруулсан. Дундын өмчлөлийн шугам сүлжээний засвар үйлчилгээний зардлыг СӨХ хариуцдаг. Дундын өмчлөлийн шугам сүлжээний зааг эзэмшлийн дагуу, шугам сүлжээгээр гарах бүх зардлыг СӨХ хариуцдаг. Манайх яах вэ гэхээр энэ шугам гэмтсэн байна гэдгийг оношлоод, шугам сүлжээнд гарах зардлыг СӨХ-оос нэхэмжилдэг, түүний дагуу СӨХ материалаа авч өгөөд засварыг хийдэг. Энэ шугам нь олон айл дагнаж явдаг босоо шугам тул бүх айлуудыг байлгаж байгаад засвар хийдэг. Удаа дараа хэлдэг шалтгаан нь халуун хүйтэн усны 2 хос шугам нь хананы цаана далд байдаг. Эхний ээлжид халуун усны шугам гэмтсэн бол халуун усны шугамыг засварлана. Дараагаар нь хүйтэн усны босоо шугамыг солих шаардлага үүссэн учраас дахин босоо шугамыг сольж дууссан. 2 удаагийн засвар гэрт нь хийгдсэн. 2 удаагийнх нь хаалганы гадна талд хийсэн байгаа. Хамгийн дээд талын 9 давхрын айлыг гэрт нь цоолж хийдэг засвар байгаа юм. Гэтэл 9 давхрын айл эзгүй байгаагаас шалтгаалж бүтэн 1 сараар ажил удааширсан. Өглөө болгон СӨХ-ны менежерүүдтэйгээ уулзаж, 9 давхрын айлд ихээр ус алдаж байна. Энэ талаар тодруулаач ээ гэдэг талаар уулзах болгондоо мэдээллээ солилцдог байсан. 12-72 тоот айл нь гал тогооны босоо шугам, 00-ын босоо шугам гэдэг 2 шугамын халуун хүйтэн хоолой нь ган төмөр цоороод зэвэрсэн байсныг бүгдийг нь хуванцар шугам болгоод солих ажил бүрэн хийгдээд дуусгасан байгаа. Гал тогооны засвар хийгээд дууссаны дараа, ариун цэврийн өрөөний засвар эхэлсэн. Гал тогооны засварын хувьд энэ айлд хүндрэл үүсээгүй. Засварын ажил удааширсан шалтгаан нь 2 сард Ковид-19 гарсан байснаас үүдээд хавар дууссан. Ариун цэврийн өрөөний засвар бүтэн 1 сараар удааширсан. Засварлах явц удааширснаас болоод удаан хугацаанд ус алдсан. Манай компанийн ямар нэгэн буруутай үйл ажиллагааны улмаас удаашраагүй, бүх материалаа захисан байсан. Материал аваад өгсөн байлаа ч гэсэн айлуудад нэвтрэх боломжгүй байсан учраас удааширсан. 2016 онд бас нэг айл ус алдаад тэр айлын усыг босоо шугамаар хаахаас өөр аргагүй болж, айлууд нь 7 хоног усгүй болсон байдаг. Энэ талаараа Цагдаагийн байгууллагад хандсан боловч цагдаагаас шүүхийн шийдвэргүйгээр айлын хаалгыг эвдэхгүй гэсэн хариу албан бичиг ирсэн. Эзгүй айлаас болоод хүндрэл үүслээ гэсэн ч хуульд зааснаар ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй байдаг. Бидний хувьд хийх ёстой ажлуудаа цаг тухайд нь хийсээр ирсэн. Иймд манай компани хариуцах үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Ш-А” СӨХ, “П х” ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн шугамаас удаа дараа ус алдсаны улмаас учирсан хохиролд 1,014,000 төгрөг гаргуулах, орон сууцны дундын өмчлөлийн талбайд байрлах сангийн хоолойг засахыг даалгах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Шинэ-Алтай” СӨХ-нд холбогдох шаардлагаасаа татгалзаж, хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад орон сууцны дундын өмчлөлийн талбайд байрлах сангийн хоолойг засахыг даалгах шаардлагаасаа татгалзжээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ “дундын өмчлөлийн шугамаас удаа дараа ус алдсан, уг гэмтлийг засварлах ажиллагааг удаашруулж хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч “дундын өмчлөлийн хүйтэн усны гэмтсэн шугамыг хуванцар шугамаар сольж засварлаж дууссан, одоо дундын өмчлөлийн шугамнаас ус алдахгүй, хуульд заасны дагуу үйлчилгээгээ цаг тухайд нь бүрэн үзүүлсэн, дундын өмчлөлийн талбайд байрлах шугамнуудыг солих, засварлах шаардлагатай байгааг СӨХ-нд удаа дараа мэдэгдсэн, СӨХ зардлыг гаргах үүрэгтэй, хуульд заасан үүргээ биелүүлсэн хохирлыг хариуцахгүй” гэж маргав.
Нэхэмжлэгчийн амьдарч буй 12 дугаар байрны 72 тоотын гал тогоо болон 00-ын өрөөний дундын өмчлөлийн хүйтэн усны шугам, уг байрны 81 тоотын 00-ын өрөөний дундын өмчлөлийн шугамаас удаа дараа ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн орон сууцанд хохирол учирсан, нэхэмжлэгчийн 00-ын өрөөний дундын шугамыг 2020 оны 4 сард, 81 тоотын 00-ын өрөөний дундын шугамыг 2020 оны 10 сард засварлаж дууссан, уг ажиллагаа айл нь эзгүй байсан, мөн цар тахлын улмаас удааширч сар гаруй үргэлжилсэн үйл баримтад талууд маргаагүй болно. Өөрөөр хэлбэл орон сууцны байшингийн дундын өмчлөлийн шугам сүлжээнд гэмтэл гарсны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан, тухайн гэмтлийг удаан хугацаанд засварласан болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.
Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх этгээд бөгөөд энэ хүрээнд орон сууц болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтлийг арилгах талаар сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг мэргэжлийн байгууллага хариуцах талаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заажээ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн /гэмтлийг зөв оношлоогүй, гэмтлийг засварлаагүй, дутуу, чанаргүй засварлах гэх мэт/ улмаас орон сууц өмчлөгчийн дангаар өмчлөх эд хөрөнгө болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. Энэхүү хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу гэмтсэн эд хөрөнгөтэй адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх замаар арилгана.
Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт “дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүднээс холбоотой хамтран жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах” гэж заасан үүргээ биелүүлдэг гэж тайлбарлан энэ талаарх баримтуудыг гаргаж өгсөн байна. Уг үүргээ биелүүлдэг нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцахгүй байх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийнд ус алдаж буй гэмтлийг зөв оношилж, чанарын шаардлага хангаж бүрэн дүүрэн засварласан болохоо баримтаар нотлоогүй гэж үзнэ. Мөн засварын ажил удааширсан нь нэхэмжлэгчид учрах хохирлын хэмжээг ихэсгэх шалтгаан болж байх бөгөөд тухайн ажил удааширсан нөхцөл байдал нь хариуцагч өөрөөс шалтгаалаагүй болохыг баримтаар нотлоогүй байна. Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж болох бөгөөд энэ тухай Сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна” гэж заасан. Дээрх хуульд заасан үүргийг хариуцагч биелүүлээгүй байх ба түүнээс шалтгаалахгүй нөхцөл байдлаас биелэгдэх боломжгүй байсныг нотлоогүй болно. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбараа нотлоогүй гэж үзэв.
Иймд орон сууцны дундын өмчлөлийн шугам сүлжээний гэмтлийг цаг тухайд нь бүрэн дүүрэн /зохих ёсоор/ засварлах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч арилгах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь учирсан хохирлын хэмжээг “Ашид билгүүн” ХХК-иар тогтоолгосон байх ба үнэлгээг тогтоох үед засвар хийсэн байсан тул ус алдсан байсан үеийн фото зургийг үндэслэж хохирлыг арилгахад шаардагдах материалын зардал, тээврийн хөлс, ажлын хөлсийг тооцож 352,500 төгрөгөөр тогтоожээ. Энэхүү үнэлгээ нь 2020 оны 2 сард ус алдсан үеийн хохирлын үнэлгээ байх бөгөөд 2020 оны 9 сард ус алдсаны улмаас учирсан хохирлын үнэлгээнд хамааралгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ болон уг ажлын хөлсөөр нэг удаагийн засварыг 507,000 төгрөгөөр тооцож, 2020 оны 2 болон 9 сард ус алдсаны хохирлыг арилгуулахар шаардсан байна. Иймд 2020 оны 9 сард учирсан хохирлыг өмнө учирсан хохирлын үнэлгээгээр тогтоох үндэслэлгүй байхаас гадна “Ашид билгүүн” ХХК-д ажлын хөлсөнд 154,500 төгрөг /507,000-352,500=154,500/ төлсөн нь баримтаар тогтоогдоогүй болно. Иймд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг үндэслэн хариуцагчаас 352,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 661,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг чанаргүй материалаар үйлчилгээг дутуу хийснээс нэхэмжлэгчид хохирол учирсан, уг хохирлыг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “П х” ХХК-иас 352,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц овогт Д Бд олгож, нэхэмжлэлээс 661,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “П х” ХХК-д холбогдох орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн талбайд байрлах сангийн хоолойг засахыг даалгах шаардлага болон хариуцагч “Шинэ-Алтай” СӨХ-нд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,086 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “П х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11,225 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Н.ХАНГАЛ