| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/00339/И |
| Дугаар | 102/ШШ2021/01019 |
| Огноо | 2021-04-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/01019
| 2021 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2021/01019 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Р.Алтантуяа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо тоотод оршин суух Б овогт Б М /РД:, утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг оршин суух Г овогт Х Б /РД:, утасны дугаар: /
Гэм хорын хохиролд 3,615,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М
хариуцагч А.Б
иргэдийн төлөөлөгч Х.Буянбат
нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Чулуун-Овооны Номингийн баруун хойд замд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13.20 цагийн орчим Nissan Condor маркийн * * улсын дугаартай автомашины жолооч Агваандорж овогтой Б нь Монгол Улсын ЗХД-ийн 11.14 зүйлд зааснаар “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамууруулан сонгож явна гэдгийг зөрчсөнөөс Тоуоtа land cruiser маркийн * * улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан. Зөрчлийн тухай хуулиар уг зам тээврийн ослын асуудлыг шийдвэрлэсэн. 2020 оны 12 сарын 22-ны өдөр “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр Тоуоtа land cruiser маркийн * * улсын дугаартай автомашиныг 6,844,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Хохирлын үнэлгээ хийхэд 231,000 төгрөгийг тушаасан. Хаан даатгалын байгууллага 5,031,000 төгрөг өгсөн. 7,075,000 төгрөг болсноос даатгалын байгууллага 5,031,000 төгрөгийг өгөхөд 2,045,000 төгрөг үлдсэн. ААгваандорж овогтой Б нь энэ мөнгөө өгөхгүй утсаа ч авахгүй алга болсон. Даатгалын байгууллага нь ачааны автомашины жолооч мэргэшшсэн жолоочийн даатгалд хамрагдах ёстой. Энэ даатгалд хамрагдаагүй учраас даатгалын байгууллагаас 73,5 хувийг өгч байна гэж хэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш автомашинаа автозасварт өгөөд одоог хүртэл авч чадаагүй байна. Би хөдөө хөдөө аж ахуй, газар тариалангийн ажил хийдэг. Машинаа засварт өгснөөс болоод 1 сар ажил хийж олох ёстой байсан орлого, цалингаа авч чадахгүи байдалд хүрсэн. Би 1 сарын 1,570,000 төгрөгийн цалинтай. Иймд А.Б, М. Давааням нараас Иргэний хуулийн 497,499,229 дүгээр зүйлүүдэд заасны дагуу үнэлгээ болон үнэлгээний төлбөр 2,045,000 төгрөг, 1 сар ажиллаагүй цалин 1,570,000 төгрөг нийт 3,615,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Б нь осол гаргаж машин мөргөсний улмаас 7,075,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс даатгалын байгууллага 5,030,000 төгрөгийг төлж 2,045,000 төгрөгийг нөгөө машины жолооч даатгалгүй учраас осол гаргасан жолооч төлөх ёстой гэж үзсэн. А.Б нь энэ мөнгөө өгөхгүй утсаа ч авахгүй алга болсон. Иймд хариуцагчаас 2,045,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш автомашинаа авто засварт өгөөд одоог хүртэл авч чадаагүйгээс цалингаа аваагүй. Гэхдээ 1 сарын цалин 1,570,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагч А.Б шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машины хохирол 2,045,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Одоогоор ажил зогсонги байдалтай байгаа учраас 4 сарын хугацаатай бага багаар нь төлье гэж байгаа. Үүнийг нэхэмжлэгч хүлээж аваагүй. Харин цалин 1,570,000 төгрөгийг төлөх боломжгүй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч А.Бд холбогдуулан гэм хорын хохиролд автомашинд учирсан хохирол 2,045,000 төгрөг, нэг сар ажилгүй байсан хугацааны цалин 1,570,000 төгрөг нийт 3,615,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Э.Б нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овооны Номин дэлгүүрийн баруун хойд талын замд * * улсын дугаартай ниссан кондор маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Б.Мгийн жолоодож явсан тоёота ланд круйзер маркийн * * улсын дугаартай автомашиныг мөргөж эд хөрөнгөд 7,075,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь талуудын тайлбар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зөрчил гаргагчид арга хэмжээ авсан тухай мэдэгдэх хуудас, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба хариуцагч өөрийн гэм буруу болон учруулсан хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ. Эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах гэдгийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу гэмтсэн эд хөрөнгөтэй адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг ойлгоно.
Дээрх ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын үнэлгээг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Итгэлт эстимэйт” ХХК-иар тогтоолгосон байх ба автомашины солих болон засварлах эд ангийн үнэ, автомашиныг засварлах ажлын хөлсийг 6,844,000 төгрөгөөр тогтоожээ. Дээрх үнэлгээний ажлын хөлсөнд нэхэмжлэгч 231,000 төгрөг төлсөн байх ба нийт хохирол 7,075,000 төгрөгөөс 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр даатгалын нөхөн төлбөрт “Хаан даатгал” ХХК-иас 5,030,034 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мд олгосон үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохиролд хариуцагчаас 2,045,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь нэг сарын хугацаанд ажил эрхлээгүйгээс цалин хөлсөө авч чадаагүй нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин 1,570,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болно. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг А.Б, М.Д нар хамтран хариуцна гэж үзэж хариуцагчаар М.Д тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдох шаардлагаасаа татгалзжээ. Иймд хариуцагч М.Д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг нэхэмжлэгчийн автомашинд учруулсан хохирлыг төлөх үндэслэлтэй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г овогт А Баас 2,045,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Б Мд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М нь хариуцагч А.Бд холбогдох 1,570,000 төгрөг гаргуулах болон хариуцагч М.Д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Баас улсын тэмдэгтийн хураамжид 47,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Р.АЛТАНТУЯА
Н.ХАНГАЛ