Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 01004

 

   Д.Э-ын нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00815 дугаар шийдвэртэй, Д.Э-ын нэхэмжлэлтэй, Ю.П-д холбогдох

38 958 272 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Япон улсад амьдарч, ажиллаж байгаад ирснийхээ дараа 2013 онд найз нөхдийн харилцаатай байсан Ю.П-той уулзалдсан. Бид хоёр гутлын цех байгуулан хамтран ажиллахаар тохиролцож, би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 22 Б байрны 98 тоот 2 өрөө, 48 м.кв орон сууцаа 80 000 000 төгрөгөөр зарж, өөрт байсан 30 000 000 төгрөгөө Ю.П-ийн оруулсан 20 000 000 төгрөг нийлүүлээд 112 254 000 төгрөгөөр Хятад улсаас гутлын цехийн тоног төхөрөмж, түүхий эд, холбогдох бараа материал авч гутлын цех байгуулан ажиллуулж эхэлсэн. Тухайн үед цехийн үйлдвэрлэлээ би, борлуулалтыг Ю.П хариуцан ажиллахаар тохиролцсон. Ю.П Орос улс руу борлуулалт хийх санал гаргасныг би зөвшөөрснөөр бид нилээд хэдэн удаагийн борлуулалт хийсэн ч сүүлдээ түүний авч явсан гутлын мөнгө надад бүрэн ирэхгүй байгааг асуухад би зээлээр таньдаг хүмүүстээ өгсөн, энэ асуудлыг өөрөө хариуцана гэж хэлж байсан. Би Ю.П-оос Орос улсад борлуулна гэж авч яваад, зээлээр тарааж өгсөн гэх гутлын үнэ 38 958 272 төгрөгийг нэхэхээр чи өөрөө энэ хүмүүсээс олж ав гэж дээрэлхэж байгаад гомдолтой байна. Бид хоёр Гуанжоу явж үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2013 оны 08 дугаар сарын юаны ханш 232,5 төгрөг байхад 400 000 юаниар авсан бөгөөд мөн арьс, гутлын ул, цавуу, эсгий гэх мэт материалыг татаж, үйлдвэрлэл амжилттай эхэлсэн. Ю.П гутлын бизнес хийдэг, гутлын дамжаанд суралцсан. 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 1 860 хос гутал ОХУ-д зарсныг хүлээн зөвшөөрч байна. Удалгүй гутал зарагдахгүй байна гэх шалтгаанаар мөнгө ирэхээ байсан. Энэ үед би хүнд байдалд орсон бөгөөд ажилчидаа цалинжуулна, дээрээс нь байрны түрээс төлөх шаардлагатай байсан. Тэгээд би найзаасаа мөнгө зээлж ажилчдынхаа цалинг өгдөг байсан.

2014 онд Ю.П үйлдвэрлэлээ бүрэн хариуцаж ямар ч байсан чиний байрыг авч өгнө гэж байсан. Тухайн үед миний байрыг авч өгвөл үйл ажиллагааны орлого, зарлага бүх юмаа хянаарай гэж даалгасан байдаг. 2013 оны орлого, зарлагын талаар баримтгүй, тэмдэглэгдээгүй. Орост авлагатай хүмүүс байгаа гэдэг. Тэгээд мөнгөө авья гэхээр чи өөрөө ав, би явахаар надад өгдөг хүн байхгүй гэдэг. Бид хоёр анхнаасаа ингэж тохиролцоогүй, чи энэ мөнгийг олж өг гэж хэлэхэд хойшоо явж ганц нэг хүнээс мөнгө авсан. Энэ асуудалд н.Энх-Амгалан, н.Гэрэлт-Од, н.Алтантөгс нар хамаагүй юм. Иймд Ю.Поос гутлын үнэ 696 900 рубль буюу 35 458 272 төгрөг, моторын үнэ 3 500 000 төгрөг, нийт 38 958 272 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ю.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие олон жил ОХУ руу олон төрлийн бизнес хийж байсан юм. Өвлийн гутал өөрсдөө үйлдвэрлэж ОХУ-ын зах зээлд гаргаж худалдбал ашигтай байж болох талаар найз С.Хурандаа, Б.Жаргалжав, Д.Э нарын нөхөдтэйгээ үе үе ярилцдаг байсан. 2012 оны өвлийн нэгэн өдөр Д.Э над уруу утсаар ярьж Нохой гутал хийх бодол чинь хэвээр үү? гэж асуухад нь би “хэвээрээ” гэж хариулсан юм. Тэр орой Д.Э манай гэрт ирж хийвэл хийе, найзад нь бэлэн 200 000 000 төгрөг бий гэж хэлсэн. Ингээд бид хамтран гутал хийхээр шийдэн 2013 оны 4, 5 дугаар сараас ажилдаа орсон бид гэдэг нь С.Хурандаа, Д.Э болон миний бие болно. Тэр үед С.Хурандаа нь миний мөнгө одоохондоо бүтэх болоогүй тул та хоёр эхэлж бай гэсэн. Ингээд гутлын үйлдвэрлэл явуулахад ажлын байр шаардлагатай болсон. Миний өөрийн мөнгө ихэвчлэн машины сэлбэг хэлбэрээр байсан бөгөөд нэгэнт найз Д.Э-д боломжийн мөнгө байгаа гэсэн тул цаг хожих зорилгоор бусдад түрээсийн мөнгө төлж байхаар өөрсдөө ажлын байр худалдан авья гэж ярилцаж шийдээд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд Гангар Инвест группийн ашиглалтанд оруулж буй орон сууцны барилгын 0 давхрын 120 м.кв талбайг 1 м.кв нь 750 000 төгрөгөөр худалдан авахаар борлуулалтын албатай нь ярилцаж тохиролцсон. Урдьчилгаа 40 хувь 36 000 000 төгрөгийг тушаагаад банкны зээлээр худалдан авахаар Худалдаа хөгжлийн банктай ярилцсан. Гэтэл анхнаасаа 200 000 000 төгрөгтэй гэж хэлээгүй байсан бол Барилгын компани, Банкны хооронд ажлын байр худалдаж авна гэж явахгүй байх байсан. Тиймээс бид ажлын байр түрээслэхээр болж, 2013 оны 05 дугаар сарын 01-нээс Д.Мөнхбатын Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 77 дугаар байрны подвалын 6 тоот байрыг сарын 500 000 төгрөгөөр түрээслэн, иргэн н.Одоос гутлын тоног төхөөрөмж, оёдлын машин худалдаж авсан. Энэ үед найз С.Хурандаа ажлын байранд ирэн миний мөнгө бүтлээ. Д.Э нь С.Хурандаагаар яах юм бэ, надад мөнгө байгаа, хоёулаа л хамтарья гэсэн тул Д.Э-той хамтран ажиллахаар болсон. Д.Э гутлын цехээ хариуцан, миний бие борлуулалтыг хариуцан ажиллахаар болсон нь үнэн. Харин гутлын цех амжилттай ажиллаж, ашиг орлого боломжийн байсан нь худал юм. 2013 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Д.Э бид хоёр БНХАУ-ын Бээжин, Гуанжоу хот руу гутлын үйлдвэрлэлд хэрэглэх материал, тоног төхөөрөмжид явж, Бээжин хотод гутлын доторт хэрэглэхээр нохойны 1000 ширхэг боловсруулсан үс захиалсан.

2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс үйлдвэрлэлийн ажиллагаа эхэлсэн бөгөөд захиалж авчруулсан үс чанар муу, шаардлага хангахгүй байсан бөгөөд гутлын татлаган дээр урагдаад байна гэж ажилчид маань хэлэх болсон. Хэрэв үйлдвэрлэлийн явцад татлага даахгүй урагдаж байгаа бол бүтээгдэхүүн /гутал/ болсны дараа хүн өмсвөл дотор нь шууд урагдах нь тодорхой болсон. Учир нь: 1000 ширхэг арьс 2000-3000 хос гутлын дотор болох бөгөөд өөрийн нь худалдаж авсан үнэ, зардалтайгаа 20 000 000 төгрөг болж байсан. Үүнээс үүдээд Д.Э бид хоёрын хооронд анхны санал зөрөлдөөн үүссэн. Миний бие чанарын шаардлага хангахгүй дотор үсийг гутландаа хийхгүй байх саналтай, Д.Э дахиж үс авах мөнгөгүй тул хийхээс өөр аргагүй гэх саналтай байсан. Ингээд бид хоёр ярилцаад өөрсдийн Бээжин хотоос худалдаж авсан дотрын үсийг гутландаа хийхгүйгээр тохиролцоод Нарантуул ОУХТ-өөс иргэн н.Урнаа, н.Оюунболд нараас 200 ширхэг дотор үс худалдаж авсан. Улмаар миний бие үйлдвэрлэсэн гутлаа борлуулахаар ОХУ-ын виз аван 2013 оны 10 дугаар сарын 24-нд анх хилээр гарсан. 2013 оны 10 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 29-нийг дуустал 2 сарын хугацаанд гутлуудаа зээлээр болон бэлэн мөнгөөр борлуулж байсан бөгөөд борлуулсан мөнгийг тухай бүрт нь Д.Э руу шилжүүлж байсан болно. Энэ хугацаанд нийт 1860 хос гутал хийгдсэнээс үйлдвэрлэлийн явцын дунд ойролцоогоор цалинд 21 000 000 төгрөг, гутлын хилээр гаргах төлбөрт 25 000 000 төгрөг, түрээсэнд 11 500 000 төгрөг нийт 57 500 000 төгрөг болно. Үүнд үйлдвэрлэлийн өдөр тутмын гутлын материалын худалдан авалтын, ажилчдын хоол, унаа, орой болгоны вагоны тээшний, Сэлэнгэ-Алтанбулаг хүртэлх гутлын тээврийн, хил болон замын хоол, буудлын г.м зайлшгүй зардлууд ороогүй.

   Бид үйлдвэрлэлээ өвлийн гутлаар эхэлсэн. Өвлийн гутлын онцлог нь үйлдвэрлэлийн явцад бус, улирлын эцэст ашиг нь орж ирдэг. Борлуулалтын орлого дараагийн хийх гутлын материал, ажилчдын цалин, хоол, унаа, ажлын байрны түрээсийн төлбөр болон бусад зардалд зарцуулагдаад эргэлтэнд ордог. Бид үйлдвэрлэлийн явцад их зардал гаргасан боловч оны эцэст ашигтай ажиллаж чадаагүй. Бидний мэдлэг чадвар дутмагаас гутлын чанар хангалтгүй байсан. Мөн 2013 онд дулаан өвөл болсноос борлуулалт муу, гүйлгээ саатсан зэргээс шалтгаалан бусдад зээлээр өгсөн гутлын мөнгөө авч чадаагүй. Бид хамтран гутал хийхдээ ОХУ-ын зах зээлд борлуулах зорилготой байсан. 2013 онд Монголчууд нохой дотортой гутал их өмсдөггүй, Оросуудад худалдаалах зорилгоор үйлдвэрлэсэн.  2013 онд ОХУ руу нийт 3 удаа явснаас 2013.10.24-2013.11.20-ны өдөр болон болон 2013.11.26-2013.12.24-ний өдрүүдэд /Ю.П/, 2013.12.25-2013.12.29-ний 31/ өдрүүдэд /Д.Э, Ю.П/ явсан. Миний бие 2014 оны 9, 10 дүгээр сард гутлынхаа цехийг хариуцан ажилласан. Бид 2014 онд гутлаа борлуулахаар ОХУ руу 10 удаа явснаас 7-д нь Д.Э  хамт явж гутлаа борлуулж байсан. Нэгтгээд дүгнэвэл бид 2 жилийн хугацаанд гутлуудаа борлуулахаар ОХУ руу 13 удаа явснаас Д.Э 8 удаад нь өөрийн биеэр явж борлуулалт хийлцэж, орлого болон зээлээр өгсөн гутлын авлагыг авч байсан. Үүнийг би, манай эхнэр Г.Буянжаргалын, Д.Э, түүнтэй цуг явсан найз н.Од нарын Е серийн гадаад паспортын хил нэвтэрсэн тэмдэг болон бид нарт гутлын мөнгөний өртэй худалдаачдаас тодруулан асууж болно.

н.Баяраа эгч, охин С.Элбэгжаргал ОХУ-ын Чита хотод бизнес эрхэлдэг, 2013-2014 онуудад биднээс гутал зээлээр авч зарж байсан. Д.Э нь багын найз н.Одын хамт 2014 оны 11 дүгээр сарын 24-нд ОХУ-ын Чита хотод очих үедээ тэднийд 50 хос гутал зээлээр өгснөөс одоо 89 000 рублийн авлага үлдсэн. 2015 оны 10 дугаар сарын 22-нд Д.Э бид хоёр ОХУ-ын Чита хот руу хамт явж С.Элбэгжаргалтай уулзсан. Д.Э С.Элбэгжаргалтай биечлэн ярилцаж, авлагыг зөвхөн өөрт нь өгөхийг хүсч, ХААН банкны дансны дугаараа өгсөн. н.Сүмбэрэл /Сэлэнгийн харьяат/ ОХУ-ын Хиагт хотод байсан манай агуулахаас 50 хос гутал агуулахын н.Энх-Амгалангаар яриулж зээлээр авсан боловч одоо болтол төлбөрөө хийгээгүй. Люда /ОХУ-ын иргэн/. Манайхаас байнга зээлээр гутал авч борлуулдаг байсан, одоо 13 000 рублын үлдэгдэлтэй. н.Ганбаатар /Хилок/ Дорнодын харьяат Д.Э-ын нутгийн найз, Д.Э-оос ч, надаас ч гутал авч зараад тооцоо хийгээд явж байсан. Сүүлд Хиагт хотын агуулахаас 20 хос гутал авсан нь тооцоон дээр нэмэгдсэн. Дарханы харьяат С.Одгэрэл, түүний нөхөр н.Мөнхбаяр нар Д.Э бид хоёртой 1998 оноос найзууд. Д.Э нь 2014.11.22-11.29-нд найз н.Одын хамт ОХУ руу гутлын борлуулалтанд явахдаа 2014.11.24-нд Чита хотод очоод С.Одгэрэлд 50 хос гутал зээлээр өгсний үлдэгдэл 86 000 рубль нь одоогийн авлага болно. н.Отгоо нь ОХУ-ын Иркутск хотод бизнес эрхэлдэг. Алтанбулаг дахь манай агуулахын ажилтан н.Энх-Амгалангаар зуучлуулж 50 хос гутлын захиалга өгснийг нь 2013 оны 11 дүгээр сарын 23-нд цехээс вагонд ачуулсан. Тооцоо дутуу хийсэн. Одоо 33,000 рублийн үлдэгдэлтэй. ОХУ-ын иргэн Виктор манай бизнесийн гол хамтран ажиллагч, найдвартай түнш бөгөөд тэрээр 2013 оны 12 дугаар сарын 27, 28-нд Д.Э бид хоёр ОХУ-ын иргэн Викторт урдны авсан гутал дээр нэмж 220 хос гутал хамтдаа аваачиж өгсөн бөгөөд одоогийн авлагны үлдэгдэл бол эдгээр гутлын мөнгө болно. 2015 оны 10 дугаар сарын 22-нд Д.Э, Виктор бид 3 уулзаж тооцоогоо тулгасан бөгөөд Д.Э нь өөрөө биечлэн авлагаа авахаар Виктортой ярьж тохиролцсон. Авлагаа аваад явж байгаа.Дорнодын харьяат н.Ганзориг, н.Өнөржаргал нар нь Чита хотод бизнес эрхэлж байсан гэр бүлийн хоёр. Манайхаас гутал зээлээр авч тооцоо хийгээд явж байсан. Үлдэгдэл 53 000 рубль төлөөгүй. Сэлэнгийн харьяат н.Лхагва нь манайхаас гутал зээлээр авч борлуулан 16 400 рублийн тооцоо хийгээгүй. Дорнодын харьяат н.Тулга манайхаас гутал зээлээр авсч, 20 хос гутлын 42 000 рубль төлөгдөөгүй. Дарханы н.Лхагва нь Д.Э-оос зээлээр 2-3 хос гутал аваад тооцоо хийгээгүй. ОХУ-ын иргэн Колятай гутлын тооцоогүй тул 27 500 рубль тооцоонд бичигдсэн нь ташаа болно. Моторын үнэ 3 500 000 төгрөг энэ авлагын асуудалд хамааралгүй. Миний бие “Баянцээл” ХХК-д 2 сарын ажлын байрны түрээс 2 400 000 төгрөгийг төлөхийн тулд өөрийн хувийн Тоёота Ноа 97-59 УНЦ дугаарын автомашиныг 2014 оны 06 дугаар сарын 30-нд “Бичил глобус” ББСБ-д барьцаанд тавьж төлсөн. Би энэхүү зээлийг өөртөө бус бидний бизнесийн ажлын байрны түрээсэнд зориулан авсан бөгөөд зээлийг бүрэн төлж машинаа авч чадахгүй явсаар 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүрсэн. Би хамтын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14-76 тоотын 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 05 дугаар сарын 28-ны зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөг зээлснээс 2015 оны 05 дугаар сарын 30-нд 2 923 500 төгрөгийг “Бичил глобус” ББСБ-д төлж машинаа барьцаанаас авсан. Сар болгон төлж байсан хүүтэй нийт 5 193 000 төгрөгийг “Бичил глобус ББСБ”-д төлсөн. Энэ моторын асуудал хамаарахгүй, тусдаа юм.

      Нэхэмжлэлд дурдагдаагүй нэрс н.Энхтөгс нь Д.Э-ын багын найз бөгөөд манайхаас гутал зээлээр авч борлуулдаг байсан. 2013 оны 12 дугаар сарын 20-нд цехээс Д.Этой тохиролцон урдны авсан гутал дээрээ нэмэн 100 хос гутал зээлээр авснаас үлдэгдэл 229 000 рублийн тооцоотой, өгч байсан, дууссан үгүйг мэдэхгүй. н.Ганбаа /Борзя- Дорнодын харьяат/ нь Д.Э-ын нутгийн найз. Д.Э-оос анх гутал зээлээр авснаас хойш Борзя хотоос утсаар яриад надаас гутал зээлээр авч байсан. Тооцоо дууссан. ОХУ-ын иргэн н.Саран нь манайхаас гутал зээлээр авч борлуулж, явцын дунд зээлээ төлж байсан. Дорнодын харьяат н.Ганбаа, н.Мядагаа нар нь Д.Э-той багын найзууд. Д.Э-оос гутал зээлээр авсан.Д.Э нь ОХУ-ын Иркутск хотод Дорнодын харьяат А гэгчид 40 хос гутал зээлээр үлдээснийг Д.Э-ын өөрийнх нь зөвшөөрснөөр түүний тооцоонд бичсэн. Д.Э нь эдгээр хүмүүсийн ихэнхтэй нь танил, найз нөхдийн холбоотой. Ихэнх нь өөрийн биеэр гутал зээлээр өгч байсан байдаг. Бодит байдал ийм байтал намайг ганцаараа яваад танихгүй хүмүүст гутал зээлээр тарааж өгсөн нь гүтгэлэг болно. Д.Э эдгээр хүмүүсээс 2015-2017 онд авлага аваад явж байсан.

2013 онд бидний хамтын бизнес хүнд үеийг өнгөрөөсөн. 2014 оны 08 дугаар сараас иргэн н.Баярсайханы эзэмшлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол 7 дугаар хороо, 46 Б байрны 0 давхрын 150 м.кв ажлын байрыг сарын 750 000 төгрөгөөр 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэн ажилласан. 2014 оны 09 дүгээр сараас гутлын үйлдвэрлэлээ эхлүүлж, 2014 оны 12 дугаар сар дуустал ойролцоогоор 1100 хос гутал хийж борлуулсан боловч манай хийдэг гутлын гол зах зээл бол ОХУ-д АНУ болон Европын Холбооноос тогтоосон Эдийн засгийн хоригийн улмаас рублийн ханш огцом унаж 32 төгрөгөөс 28 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан нь бидний бизнесийг их хэмжээний алдагдалд оруулсан. 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 1 100 000 рубль бэлэн байв. Бас 1 140 000 орчим рублийн авлага, контейнерт 100 хос гутал үлдсэн. Энэ бүгдийг нийлүүлбэл 2 450 000 рубль болох бөгөөд бидний анх бизнес эхлүүлж байсан үеийн рублийн ханш /55-53 төгрөг/-аар 130 000 000 төгрөг, харин тухайн үеийн рублийн ханш /32-28 төгрөг/-аар ойролцоогоор 78 400 000 төгрөг болно. Энэ нь рублийн ханшийн зөрүүнээс ойролцоогоор 51,6 сая төгрөгийн зөрүүний алдагдал бий болсон. 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар бид бусдад төлөх 30 467 000 төгрөгийн өр хуримтлагдсан байснаас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар 70 хувийг төлж барагдуулсан. Цаашид энэ хэвээр ажиллах боломжгүй болж 2015 оны 04 дүгээр сард Д.Э бид хоёр ярилцаад үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэж, оёдлын тоног төхөөрөмж, сэлбэгийн болон рублийн бүх авлагуудыг Д.Э авахаар тохиролцсон. Ингэхдээ бусдад төлөх өрийн үлдэгдэл мөнгийг эдгээр авлагуудаас төлж барагдуулна гэж ярилцаж тохиролцсон болно. 

Д.Э-ын оруулсан 112 254 000 төгрөгийн хөрөнгө оруулалтаас 26 152 600 төгрөгийг Д.Э явцын дунд бэлэн мөнгөөр болон бараагаар авсан. 23 400 000 төгрөгийг гутлын тоног төхөөрөмжийн үнэлгээ, 20 400 000 төгрөг нь автомашин, сэлбэгийн авлаганы үнэ 31 000 000 төгрөг /1,0 сая орчим рублийн авлага ханш 31 төгрөг/, 5 500 000 төгрөгийн үнэ бүхий гутал контейнерт /100 хос гутал/ үлдсэн, 3 500 000 төгрөгийн үнэ, өртөг бүхий 40 тонны контейнер, нийт 109 952 600 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бусдаас авах авлагыг Д.Э хүлээн авсан. 2015 оноос 2 жил гаруйн хугацаанд Д.Э эдгээр хүмүүсээс мөнгө, авлагыг аваад явж байсан. Миний бие хамтарсан бизнест бэлнээр оруулсан 20 066 500 төгрөгөөс гадна гутлын сургалтын төлбөр 1 100 000 төгрөг, ажлын байрны түрээсэнд өөрийн машиныг “Бичил Глобус” ББСБ-д барьцаанд тавьж хүү төлсний зөрүү 1 693 000 төгрөг, нийт 22 859 500 төгрөгөөр хохирч байна. Би Д.Эоос авлагатай болохоос ямар нэгэн өргүй. Д.Э миний бизнест хөрөнгө оруулсан хүн юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.П-д холбогдуулан гаргасан гутлын үнэ 696 900 рубль буюу 35 458 272 төгрөг, моторын үнэ 3 500 000 төгрөг, нийт 38 958 272 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Д.Э нь үйлдвэрлэсэн гуталнуудыг Монгол улсаас Оросын холбооны улс руу вагоноор явуулдаг байсан бөгөөд түүнийг боруулалт хариуцсан Ю.П хүлээн авч худалдан борлуулаад төлбөр мөнгийг нь Монгол улс руу Д.Э-д шилжүүлдэг байсан. Улмаар сүүлд явуулсан гуталнуудын төлбөр орж ирэхээ больж, Ю.П-оос тодруулахад зарагдахгүй, дэлхийн дулааралтай холбоотой хэмээн тайлбарлаж байсан бөгөөд сүүлдээ нэр бүхий Монгол болон Оросын холбооны улсын иргэдэд зээлээр өгсөн талаар мэдэгдсэн юм. Гуталнуудыг зээлээр өгсөн бол төлбөр мөнгийг нэхэж надад олж өг гэж хэлсэн гэтэл олж өгөөгүй, хэдэн хүмүүсийн нэр ус хэлж энэ хүмүүсээс мөнгө авна гэдэг боловч надад утас болон гэрийн хаягийг нь зааж өгдөггүй байсан тул борлуулалт хариуцсан ажилтан Ю.П-ийг гуталнуудын мөнгийг хувьдаа завшсан гэж хардаж Улсын мөрдөн байцаах газарт гомдол rapгасны дагуу Ю.П нь гуталнуудыг нэр бүхий хүмүүст зээлээр өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч баталгаа бичиж нотариатаар батлуулсан байдаг.

Гэтэл шүүх хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан тул талууд ашиг болон эрсдэлээ тэнцүү хэмжээгээр хариуцана гэж дүгнэсэн нь учир дутагдалтай талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хамтран ажиллах гэрээний маргаан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамрааралтай талаас нь үнэлээгүй. Хариуцагч борлуулалтаа хариуцан ажиллаж байсан бөгөөд миний бие хариуцагч болон гэрч нарын тайлбарласанаар ОХУ-д нэг ч удаа гутлаа борлуулахаар ажиллаагүй бөгөөд эхнэрийн бизнесийн шугамаар хэд хэдэн удаа жимс татахаар хилээр гарсан түүхийг гутал зарахаар явсан мэт шүүхэд тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагч 38 958 272 төгрөгийн үнэ бүхий гуталнуудыг хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс бусдад зээлээр худалдах эрхийг хариуцагчид өгөөгүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс нэр бүхий иргэнийг гэрчээр асуулгах хүсэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан боловч шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг хэлэлцсэн гэж үзэхээр байна. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчаас С.Одгэрэл, С.Элбэгжаргал, П.Ганбаатар, Л.Гэрэлт-Од, А.Энх-Амгалан, А.Алтантөгс нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангасан бөгөөд нэхэмжлэгч талаас дээрх 6 иргэн болон н.Баярхүүг асуулгах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр н.Баярхүүг гэрчээр асуулгасан. Нэхэмжлэгчээс С.Элбэгжаргал, А.Алтантөгс нарыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ю.П-д холбогдуулан гутлын үнэ 696 900 рубль буюу 35 458 272 төгрөг, моторын үнэ 3 500 000 төгрөг, нийт 38 958 272 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилгоор Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасны дагуу амаар хийх, хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцож, Д.Э 112 200 000 орчим төгрөгийн, Ю.П 20 000 000 орчим төгрөгийн хөрөнгө оруулж, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс гутлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлэн явуулсан ба 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд, нийт 1860 ширхэг хос гутал үйлдвэрлэж, ОХУ-руу гаргаж, зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон байна. Зохигчид энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Ю.П-д залилуулсан гэж эрүүгийн журмаар шалгуулж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн  хамтран ажиллаж байсан болон авлагатай хүмүүсийн жагсаалт, авах авлагын мөнгөн дүнг төгрөгөөр тооцож, хэн аль нь гарын үсгээ зурж баталгаажуулсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтын ажлын эцсийн үр дүн нь  хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор үлдэх хөрөнгийн жагсаалт гаргаж, үүнийгээ хуваах асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл хариуцагч Ю.П борлуулалтыг дангаар хариуцан, уг үүргийн гүйцэтгэл буюу худалдан борлуулсан гутлын үнийг бодитойгоор гаргуулан авсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хамтран ажиллах гэрээнээс гарах үед бий болсон ашиг буюу бодит хохирол гарсан гэж үзэхгүй. Тиймээс хамтын үйл ажиллагааны улмаас учирсан алдагдал гэж шүүх үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан Улсын мөрдөн байцаах газарт гаргаж байсан баримтуудаас үзэхэд, талууд /хх-6-8/ бусдаас авах авлагын жагсаалтыг үйлдсэн болохоос хоорондын үүргээ хуваарилан, тодорхойлсон гэж үзэх боломжгүй, энэ талаар гэрч Д.Ганбаатар, С.Одгэрэл нарын шүүхэд өгсөн мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Ийм учраас анхан шатны шүүх талуудын хоорондох хамтран ажиллах гэрээний  харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэсэн нь зөв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо гэрч С.Элбэгжаргал, А.Алтантөгс нарыг асуулгах хүсэлтээсээ нэхэмжлэгч татгалзаагүй байхад шүүх хариуцагч талын эдгээр гэрч нарыг асуулгах хүсэлтээсээ татгалзсныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэжээ. Гэрч С.Элбэгжаргал ОХУ-д байгаа, гэрч А.Алтантөгс оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр эдгээр гэрч нарыг асуулгах хүсэлтээсээ хариуцагчийн өмгөөлөгч татгалзсан байхад нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд гэрч нарыг асуулгах хүсэлтээ дэмжиж, хүсэлт гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

  Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00815 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА