Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 83

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч М.Амарзаяа,

            хохирогч Я.Гомбодорж,

            гэрч Н.Гэрэлцэцэг,

            шүүгдэгч Г.Баттулга, түүний өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Равдан овогт Гантулгын Баттулгад холбогдох 201626012586 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 19-391 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан Равдан овогт Гантулгын Баттулга /РД:УК93080296/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Баттулга нь ялтай байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Я.Гомбодоржийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Я.Гомбодоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Он сарыг нь мэдэхгүй байна. Лхагва-Эрдэний гэрт Баттулга, Гэрэлцэцэг, Лхагва-Эрдэнэ бид дөрөв 4 ширхэг 2 литр 500 граммын пиво хувааж ууцгаасан. Би Лхагва-Эрдэний гэрээс бие засах гэж гараад гэрийнх нь гадаа Гэрэлцэцэгтэй маргалдсан. Гэрэлцэцэг над руу дайраад сонин юм яриад байсан. Тэгэхэд нь миний уур хүрсэн. Тэгсэн Лхагва-Эрдэнэ гэрээсээ эхнэртэйгээ цуг гараад ирэхээр нь гэрт орж үргэлжлүүлж пиво уусан. Лхагва-Эрдэний гэрээс гараад Баттулга, Гэрэлцэцэг бид 3 манай гэрт хонох гээд явсан. Гэрийн гадаа очоод би Гэрэлцэцэгтэй маргасан, би Гэрэлцэцэг рүү салаавч гаргасан. Ээж гэрээс гарч ирээд уурласан. Тэгээд Гэрэлцэцэг явсан юм шиг байсан. Намайг гадаа байхад Гэрэлцэцэг байсан. Би болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. Би согтуудаа Баттулгатай, Гэрэлцэцэгийг булаацалдсан юм шиг байсан. Баттулга Гэрэлцэцэгийг өмөөрөөд намайг цохисон гэж бодож байна. Би Баттулгаас 300.000 төгрөг авсан. Тухайн мөнгөөр цээжний зураг, толгойны зураг авахуулсан. Баримт нь гэрт байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

 Мөн хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчим байх, би найз Баттулга, Лхагва-Эрдэнэ нартай уулзаад хамтдаа Баттулгын найз Гэрэлээ гэх охинтой Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Мандалын 3 дугаар гудамжинд байх уулзаад бид нар Лхагва-Эрдэнийнд очиж 2,5 литрийн 4 ширхэг том пиво хувааж ууцгаасан. Тухайн үед Гэрэлээ над руу шалтгаангүй дайраад хэл амаар идээд байсан боловч бид сүртэй маргаагүй, тэгсгээд больсон. Ингээд тэр өдрийнхөө шөнийн 01 цаг үед байх Лхагва-Эрдэнэ гэртээ үлдээд Баттулга, Гэрэлээ бид 3 тэднийхээс гараад манайд очсон. Бид 3 манай гэрийн үүдэнд ирээд байж байхад манай ээж гэрээс гарч ирж хаалга тайлчихаад бидэнд “та нар чинь яахаараа архи уучихдаг юм, цагдаа дуудна шүү, наад охиноо гэр оронд нь хариул гэсэн зүйл ярьчихаад буцаад гэртээ орсон. Баттулга бид 3 ээжийг уурлахаар нь манайхаас бага зэрэг холдоод гудамжиндаа зогсож байхад Гэрэлээ мөн л над руу “би ТЭСО-д ажилладаг, чи муу банди, би их цалин авдаг, чамайг барахтайгаа шүү” гээд согтуурхаад байсан. Би Гэрэлээг тэгээд байхаар нь зүгээр бай гээд өөрөөсөө холдуулах маягтай л түлхсэн ба Гэрэлээ тэгээд л яваад өгсөн. Гэрэлээг яваад өгсний дараа Баттулга намайг Гэрэлээтэй муудлаа гэх юм яриад байж байснаа миний нүүр рүү 1 удаа өшиглөхөөр нь би доошоо суусан. Тэгтэл Баттулга намайг суусан байхад миний цээж рүү 1-2 удаа өшиглөхөөр нь би босоод зугтах гэхэд Баттулга араас ирээд намайг дарж байгаад мөн хөлөөрөө нүүр рүү 1 удаа өшиглөөд би цааш нь манараад юмаа сайн санахаа больсон. Нэг сэрэхэд би гудамжинд ганцаараа хэвтэж байсан. ...Би Баттулгатай сүйдтэй муудаж маргасан зүйл байхгүй, харин Гэрэлээ гэх охин л над руу агсраад нилээн согтсон байсан болохоор яг юу гээд байгаа нь мэдэгдэхгүй, амандаа юм хэлээд л байсан. Гэрэлээгийн хэлсэн үгнээс дээр хэлсэн үгнүүдийг нь би ямар ч байсан сонссон. Гэхдээ миний хувьд Гэрэлээтэй сүртэй муудаад янз бүр болоогүй. Баттулга бид 2 өмнө нь бол муудаад маргаад байсан удаа байхгүй...”

“...Баттулга намайг ямар нэгэн зүйлээр цохиж зодсон юм байхгүй ээ. Хөлөөрөө л өшиглөсөн. Баттулга надаас хамаагүй өндөр болохоор намайг өшиглөсөн чинь нүүрэнд оночихсон. Тэгээд намайг доош суухад цээж рүү 2 удаа өшиглөсөн. Би Баттулгын цээж рүү өшиглөхөөр нь би босоод гүйх гэхэд Баттулга намайг дарж унагаад нүүр рүү дахин өшиглөсөн. Тэрнээс өөр зодож цохиогүй байх. Би Баттулгад сүүлд нь өшиглүүлээд манарсан, мөн согтуу байсан болохоор цааш нь сайн санахгүй байна. Би сэргэх хүртлээ болсон зүйлийг сайн санахгүй байна. Яг ямар хугацаанд хэвтснээ ч мэдэхгүй байх, гэхдээ нэг их удаагүй байх. Би тэндээсээ гэр рүүгээ яваагүй, ойрхон болохоор эмээгийндээ харанхуй бүрэнхий байхад л очсон. Гэхдээ тэднийд хүн байгаагүй. Тэгээд л би тэднийд хэсэг амарч байгаад нүүр ам нилээн хавдаж цээж, хавирга руу хөндүүрлээд байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би цаг хэд болж байгааг хараагүй болохоор хэдэн цагт эмээгийнд очоод, хэдэн цагт гэмтлийн эмнэлэг явсан талаар хэлж мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээр ойролцоогоор 10 цагийн орчим л очсон байх. ...Би Баттулгад зодуулснаас биш өөр хүнд зодуулсан зүйл байгаагүй.. Эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 17 х/   

 

2. Гэрч Н.Гэрэлцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Намайг Баттулга дуудсан. Өмнө нь уулзахад Гомбодоржийн найз Ууганаа гэх залуу Гомбодоржийг гараад явсан хойгуур утсыг чинь авсан байж магадгүй гэж хэлсэн. Тухайн асуудлаас болоод Гомбодоржтой маргасан. Гомбодорж намайг гэртээ хоночхоод яв гэж хэлээд татаж чангаагаад байсан. Гомбодоржийн гэр рүү хонох гэж явсан. Гэвч ээж нь гарч ирээд уурласан. Гомбодоржийг Баттулга аваад үлдсэн. Гомбодорж их согтсон байсан.  Надтай хамт явж байхад хохирогч шүүгдэгч хоёр хоорондоо маргасан зүйл байхгүй. Гомбодорж муудалцаж байхдаа над руу салаавч гаргасан. Би Гомбодоржийн ээж нь уурласан болохоор гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Мөн гэрч Н.Гэрэлцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний таньж мэддэг хүмүүс намайг Гэрэлээ гэж дууддаг. ...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу сонгууль дуусаж байсан өдөр Баттулга над руу утсаар яриад “юу байна, хүрээд ирээч, бид нар 112 дээр байна гэхээр нь би тухайн өдрийн орой 21-22 цагийн орчим байх Баттулга дээр очиход Баттулга, Гомбодорж, Лхагваанаа нар байсан ба бид нар Лхагваанаагийнд 2,5 литрийн 4 ширхэг пиво аваад хувааж уучихаад орой 01-02 цагийн орчим байх Гомбодорж, Баттулга бид нар Лхагваагийнхаас гараад Гомбодоржийг хүргэж өгөхөөр тэдний гэрт нь очсон юм. Баттулга, Гомбодорж бид нар Гомбодоржийнд очсон хойно тэдний хашаанд нь байхад намайг “харьлаа” гээд явах гэхэд Гомбодорж намайг явуулахгүй гээд гарнаас зуураад байсан ба түүний ээж нь ч гэсэн гэрээсээ гарч ирээд “наад охиноо явуулаач” гээд уурлаад буцаад гэртээ орчихсон. Тухайн үед Гомбодорж намайг зуураад хувцас хунараас татаад байхаар нь Гомбодорж руу “мэдрэл юм уу, би явлаа” гээд Гомбодоржтой муудалцаад, тэднийхээс гараад явсан. Би Гомбодоржийн хашаанаас гараад явж байхдаа эргээд харахад Баттулга Гомбодорж нар хашааныхаа гадаа гудамжинд гараад ирсэн харагдсан. Цааш нь би юу болсныг бол мэдэхгүй байна. ...Намайг байхад Гомбодорж, Баттулга нар хоорондоо муудалцаад маргаад байсан зүйл байгаагүй. Гомбодорж, Баттулга нар багын найзууд, нэгнийгээ сайн таньдаг юм шиг л байсан. ...Уг нь бид нар тэгж муудалцаад янз бүр болоогүй л байсан. Харин Гомбодорж л намайг явуулахгүй гээд гарнаас бариад хувцас хунараас зуураад байхаар нь би уурлаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/

 

            3. Гэрч Ч.Янжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 19-ноос 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөрт
шилждэг шөнө 02 цагийн орчим байх, намайг гэртээ байхад манай хашааны
үүдэнд хүмүүс дуугараад чанга яриад хаалга нүдээд байхаар нь би гараад
харахад манай хүү Гомбодорж, түүний найз гээд байдаг залуу Баттулга, мөн нэг
танихгүй охин 3 нилээн халамцуу байдалтай хаалган дээр зогсож байхаар нь би
тэдэнд хашааныхаа хаалгыг тайлж өгчихөөд хүү Гомбодоржид “та нар яагаад үүдэн дээр том дуугараад байгаа юм, орвол ор, орохгүй бол явцгаа” гэж хэлчихээд гэртээ орсон. Манайх монгол гэрт байдаг болохоор гадаа гарч байгаа дуу чимээ сонсогддог ба Гомбодорж хамт явсан 2 хүнтэйгээ хашаанд орж ирээд гэрийн үүдэнд маргаад байгаа сонсогдсон. Тухайн үед Гомбодорж хамт явсан эмэгтэйтэйгээ л маргаад байна уу гэмээр л сонсогдсон гэхдээ яг юу гээд маргаад байгаа нь сайн сонсогдохгүй байсан юм, тэр эмэгтэй нь л ямар ч байсан чанга чанга дуугараад байсан. Тэгээд тэд нар хашаанд 5 орчим минут болохоор нь би гэрээсээ “та нарыг орохгүй бол цагдаа дуудлаа шүү” гэхэд Гомбодорж, Баттулга нар хамт явсан эмэгтэйтэйгээ хамт 3-уулаа хашаанаас гараад явчих шиг болсон. Цааш нь би юу болсныг нь мэдээгүй. Тухайн оройноо Гомбодорж гэртээ ирээгүй, харин би маргааш өглөө нь ажил дээрээ очоод байж байхад Гомбодорж Баттулгад зодуулсан гэж хэлсэн юм. ...Тухайн үед Гомбодорж Баттулга нартай хамт явсан эмэгтэйгийн дуу нь л хадаад байсан. Тэгээд Гомбодорж тэр эмэгтэйгийн өөдөөс юм хэлээд, уг 2 хүн л маргаад байна уу гэж сонсогдож байсан. Би тэд нарыг ямар учраас, яг юу гээд маргаад байсныг нь бол сайн сонсож чадаагүй. Тэр орой би Гомбодоржийг өөр газар хонохоор явсан юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21- 22 х/

 

            4. Гэрч П.Лхагва-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр намайг ажпаасаа тараад гэртээ ирэхэд Гомбодорж, Баттулга нар манайд бага зэрэг халамцуу байдалтай орж ирээд “гарч уух уу” гээд байж байхад Баттулга миний танихгүй Гэрэлээ гэх охиныг дуудсан ба тэр нь удаагүй ирээд бид нар 2,5 литрийн том 4 ширхэг пиво хувааж ууцгаагаад орой 01 цаг өнгөрч байхад Гомбодорж, Баттулга, Гэрэлээ нар нь манайхаас гараад явсан юм. ...Гомбодорж, Баттулга, Гэрэлээ нар манайд зүгээр л инээж хөхрөөд ууж, идэж байгаад явсан. Манайд байхдаа лав тэд нар маргаж муудсан асуудал байгаагүй. Баттулга Гомбодоржийнд очиж хононо гэсэн юм яриад гараад явцгаасан. Баттулга, Гомбодорж нарыг өмнө нь ч гэсэн хоорондоо муудаж маргаж байсныг мэдэхгүй юм байна. Уг хүмүүс нь манайхаас гарахдаа согтуу байх нь согтуу байсан боловч тийм ч их согтуу байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 х/

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14660 дугаар дүгнэлтэд:

         а/ Я.Гомбодоржийн биед хамар ясны хугарал, зүүн 9-р хавирганы хугарал, тархи доргилт, дээд уруулд шарх, дух, дээд уруул, зүүн хацар, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, баруун, зүүн зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         б/ Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

          д/ Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 26 х/

 

6. Шүүгдэгч Г.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Он сарыг нь сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр би Гэрэлцэцэг гэх охиныг дуудаад Гомбодоржтой цуг Лхагва-Эрдэний гэрт очоод архи уусан. Гэрэлцэцэг бид хоёр Гомбодоржийн гэрт очиж хонох санаатай байсан. Бид архи уусан байсан болохоор Гэрэлцэцэг, Гомбодорж хоёр муудалцсан. Би Гэрэлцэцэгтэй цуг хонох бодолтой байсан. Гомбодорж надтай Гэрэлцэцэгийг булаацалдах зүйл болсон. Гомбодорж, Гэрэлцэцэгийг хөөгөөд явуулсан. Тухайн асуудлаас болоод би Гомбодоржтой маргалдсан. Гомбодорж үгээр идээд байсан, намайг тамхи асаагаад зуусан байхад, миний уруул руу хальт цохисон, би согтуу байсан учир Гомбодоржтой хэрэлдэж, маргаан үүссэн. Би Гомбодоржийг 2-3 удаа гараараа цохисон, цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Гомбодорж бид 2 найзууд 10 гаран жил назалж нөхөрлөж байна. Би хохиролд 300.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Мөн шүүгдэгч Г.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн багын найз болох Гомбодоржийн хамт найз Лхагваанаагийнд очиж 2,5 литрийн 1 том пиво аваад уух гэж байхад зүс таних Гэрэлээ гэх охин орж ирээд бид нар Лхагванаагийнд 4-үүлээ 2,5 литрийн 4 ширхэг пиво ууцгаасан ба бүгд л нилээн согтсон. Тэгээд Гэрэлээ, Гомбодорж бид 3 Лхагваанаагийн гэрээс ойролцоогоор 02 цагийн орчим байх гарсан ба би Гомбодоржийн гэр рүү нь явсан юм. Тухайн үед Гэрэлээ, Гомбодорж бид 3 Гомбодоржийн гэрийн гадаа ирэхэд Гэрэлээ тэндээсээ салаад явсан, харин Гомбодорж бид 2 тэдний хаалгыг нь тогшиж байхад Гомбодоржийн ээж нь гарч ирж хаалга тайлчихаад буцаад орчихсон. Би уг нь Гомбодоржтой хамт тэднийд орж хоноё гэж бодож байсан боловч тэдний хашаанд орсон хойноо Гомбодорж намайг үгээр идээд бид 2 тэнд нилээн удаан маргалдаж зогссон ба Гомбодоржийн ээж нь монгол гэр дотроосоо Гомбодорж бид хоёрыг “та нар битгий хэрэлдээд бай, холдож хэрэлд” гэхээр нь Гомбодорж бид 2 тэдний хашаанаас гараад маргаж байгаад намайг тамхи асаах гэхэд Гомбодорж миний тамхийг булаагаад авахаар нь би түүнтэй барьцалдаж аваад зодолдсоноо санаж байна. Цааш нь тодорхой санахгүй байна. Гомбодорж бид нар нилээн халамцсан байсан ба Гомбодорж Гэрэлээтэй муудалцаад байсан, мөн намайг “арчаагүй амьтан, пизда” гээд л хэл амаар өдөөд байсан. Мөн намайг тамхи асаахад Гомбодорж миний амнаас тамхийг булааж авснаас болж би түүнтэй муудалцаад нүүр рүү нь би гараараа 1-2 удаа цохьсон, түүнийг унаж байхад нь нэг удаа хөлөөрөө жийснээ санаж байна. ...Тэгээд Гомбодоржийг надад цохиулчихаад газар унахаар нь би түүнийг босгож өгөөд хоёр тийшээ салсан. Гомбодорж “эмээгийнх рүүгээ явлаа пизда минь” гэхээр нь би түүнд “чамд гомдлоо” гэсэн зүйл яриад хоёр тийшээ салсан...” /хх-ийн 32-33, 35, 36 х/

 

7. Иргэн Я.Гомбодоржийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст хандан гаргасан гомдол /хх-ийн 4 х/,

 

8. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,  фото зургийн үзүүлэлүүд /хх-ийн 11-12 х/,

 

 9. Я.Гомбодоржийн нүүр хэсгийн зураг /хх-ийн 10 х/

 

10. Гэрч П.Энх-Учралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баттулга бол миний нөхөр байгаа юм. Бид 2 одоогоос 2 жилийн өмнө танилцаж, хамтран амьдарч байгаа. Гэхдээ албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид 2016 оны 7 дугаар сард дундаасаа 1 охинтой болсон. ...Баттулга 1993 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, тогоочийн ажил хийгээд явдаг байсан. Гэхдээ одоогоор ажилгүй байгаа. Баттулга зан байдлын хувьд хүний үгэнд оромтгой, үг дуу цөөтэй, даруухан хүн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 х/

 

11. Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баттулга манайд хүргэн орж байгаа хүүхэд юм. ...Зан байдлынхаа хувьд их дуугүй, байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй тийм л хүн байгаа юм. Энэ тэнд хувиараа ажил хийгээд яваад байдаг боловч тогтсон ажилгүй. Баттулга гэртээ байхдаа бол мөрөөрөө гэр орон цэвэрлээд, хоол унд хийгээд, хүүхдийнхээ даавууг угаагаад л байж байдаг. Надад Баттулга гайгүй хүүхэд шиг санагддаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/

 

12. Г.Баттулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 х/

13. Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43 х/

14. Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-54 х/

15. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 55-56 х/

16. Хорих 417 дугаар ангид ял эдлэж буй ялтан Г.Баттулгын зан байдлын тодорхойлолт, суллагдсан тухай магадлагаа /хх-ийн 57-58 х/

17. Хохирогч Я.Гомбодоржийн хүсэлт /хх-ийн 58 х/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулж, үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Баттулгыг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Тухайлбал,        

Шүүгдэгчийн гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа танхайрах сэдэлт, зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байх ба тэрээр хохирогч Я.Гомбодоржтой өөрийгөө болон хамт явсан эмэгтэй болох Н.Гэрэлцэцэгийг өмөөрч маргалдсан нь “үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан” гэж үзэх шалгуур үндэслэлийг хангахгүй байна.

Учир нь, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хохирогч Я.Гомбодорж нь Н.Гэрэлцэцэгтэй маргалдах, түүнийг явуулахгүй гэж гар болон хувцас хунараас татаж чангаах зэрэг үйлдэл гаргасан төдийгүй шүүгдэгч Г.Баттулга руу чиглэсэн өдөөн хатгасан үг хэллэг хэрэглэх, татаж байсан тамхийг нь булаах зэрэг үйлдэл гаргасныг хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэн алин нь мэдүүлсэн ба түүний энэ байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байх тул сэдэлтийг хувийн сэдэлттэй гэж дүгнэхээр байна.  

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Баттулгын үйлдэлд танхайрах гэмт хэргийн  үндсэн шинж болох олон нийтийг илтэд үл хүндэтгэн айлган түгшээх, жигшил дургүйцлийг нь төрүүлэхээр тийм орчин нөхцлийг бүрдүүлж, өөрийгөө бусдын анхаарлын төвд байлгахыг хүсэж эрмэлзэх зэргээр эмх замбараагүй байдал бий болгосон буюу догшин авирласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин шүүгдэгч Г.Баттулга нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Я.Гомбодоржтой хувийн таарамжгүй харилцаанаас буюу өөрийгөө болон хамт явсан Н.Гэрэлцэцэг гэх эмэгтэйг хохирогчоос өмөөрч, хохирогчийн зүгээс гаргаж буй үг хэллэг, зан байдалд нь дургүйцэн маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Я.Гомбодоржийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр найз Баттулга, Лхагва-Эрдэнэ Гэрэлээ гэх охинтой хамт Лхагва-Эрдэнийнд очиж 2,5 литрийн 4 ширхэг том пиво хувааж ууцгаасан. Тухайн үед Гэрэлээ над руу шалтгаангүй дайраад хэл амаар идээд байсан боловч бид сүртэй маргаагүй, тэгсгээд больсон. Ингээд тэр өдрийнхөө шөнийн 01 цаг үед байх Лхагва-Эрдэнэ гэртээ үлдээд Баттулга, Гэрэлээ бид 3 тэднийхээс гараад манайд очсон. Баттулга бид 3 ээжийг уурлахаар нь манайхаас бага зэрэг холдоод гудамжиндаа зогсож байхад Гэрэлээ мөн л над руу “би ТЭСО-д ажилладаг, чи муу банди, би их цалин авдаг, чамайг барахтайгаа шүү” гээд согтуурхаад байсан. Би Гэрэлээг тэгээд байхаар нь зүгээр бай гээд өөрөөсөө холдуулах маягтай л түлхсэн, Гэрэлээ яваад өгсөн. Гэрэлээг яваад өгсний дараа Баттулга намайг Гэрлээтэй муудлаа гэх юм яриад байж байснаа миний нүүр рүү 1 удаа өшиглөхөөр нь би доошоо суусан. Тэгтэл Баттулга намайг суусан байхад миний цээж рүү 1-2 удаа өшиглөхөөр нь би босоод зугтах гэхэд Баттулга араас ирээд намайг дарж байгаад мөн хөлөөрөө нүүр рүү 1 удаа өшиглөөд би цааш нь манараад юмаа сайн санахаа больсон. Намайг нэг сэрэхэд би гудамжинд ганцаараа хэвтэж байсан. Баттулга Гэрэлээг өмөөрч намайг зодсон байх, тухайн үед би их согтуу байсан болохоор бүх зүйлийг сайн санахгүй байна. Мөн Баттулга бид хоёр Гэрэлээг авч хонох гэж булаалцалдсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 17 х болон шүүх хуралдааны тэмдэглэл/     

 

Гэрч Н.Гэрэлцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баттулга над руу утсаар яриад “юу байна, хүрээд ирээч, бид нар 112 дээр байна гэхээр нь би тухайн өдрийн орой 21-22 цагийн орчим байх Баттулга дээр очиход Баттулга, Гомбодорж, Лхагваанаа нар байсан ба бид нар Лхагваанаагийнд 2,5 литрийн 4 ширхэг пиво аваад хувааж уучихаад орой 01-02 цагийн орчим байх Гомбодорж, Баттулга бид нар Лхагваагийнхаас гараад Гомбодоржийг хүргэж өгөөд тэдний гэрт нь очсон юм. Баттулга, Гомбодорж бид нар Гомбодоржийнд очсон хойно тэдний хашаанд нь байхад намайг “харьлаа” гээд явах гэхэд Гомбодорж намайг явуулахгүй гээд гарнаас зуураад хувцас хунараас татаад байхаар нь Гомбодорж руу “мэдрэл юм уу, би явлаа” гээд Гомбодоржтой муудалцаад, тэднийхээс гараад явсан. Уул нь тухайн өдөр Баттулга, Гомбодорж нартай хамт Гомбодоржийн гэрт хонох гэж очсон чинь ээж нь гарч ирээд уурлаад байхаар нь харихаар явах гэтэл Гомбодорж хоночихоод яв гээд татаж чангаагаад байсан юм. Тэгээд жоохон маргасан юм. Би Гомбодоржийн хашаанаас гараад явж байхдаа эргээд харахад Баттулга Гомбодорж нар хашааныхаа гадаа гудамжинд гараад ирсэн харагдсан. Цааш нь би юу болсныг бол мэдэхгүй байна. ...Намайг байхад Гомбодорж, Баттулга нар хоорондоо муудалцаад маргаад байсан зүйл байгаагүй. Гомбодорж, Баттулга нар багын найзууд, нэгнийгээ сайн таньдаг юм шиг л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х болон шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Гэрч Ч.Янжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:     “...2016 оны 10 дугаар сарын 19-ноос 2016 оны 10 дугаар сарын 20-нд шилждэг шөнийн орой 02 цагийн орчим байх манай хашааны үүдэнд хүмүүс дуугараад чанга яриад хаалга нүдээд байхаар нь би гараад харахад манай хүү Гомбодорж, түүний найз гээд байдаг залуу Баттулга, мөн нэг танихгүй охин 3 нилээн халамцуу байдалтай хаалган дээр зогсож байхаар нь би тэдэнд хашааныхаа хаалгыг тайлж өгчихөөд хүү Гомбодоржид “та нар яагаад үүдэн дээр том дуугараад байгаа юм, орвол ор, орохгүй бол явцгаа” гэж хэлчихээд гэртээ орсон. Манайх монгол гэрт байдаг болохоор гадаа гарч байгаа дуу чимээ сонсогддог ба Гомбодорж хамт явсан 2 хүнтэйгээ хашаанд орж ирээд гэрийн үүдэнд маргаад байгаа сонсогдсон. Тухайн үед Гомбодорж хамт явсан эмэгтэйтэйгээ л маргаад байна уу гэмээр л сонсогдсон гэхдээ яг юу гээд маргаад байгаа нь сайн сонсогдохгүй байсан юм, тэр эмэгтэй нь л ямар ч байсан чанга чанга дуугараад байсан. Тэгээд тэд нар хашаанд 5 орчим минут болохоор нь би гэрээсээ “та нарыг орохгүй бол цагдаа дуудлаа шүү” гэхэд Гомбодорж, Баттулга нар хамт явсан эмэгтэйтэйгээ хамт 3-уулаа хашаанаас гараад явчих шиг болсон. Цааш нь би юу болсныг нь мэдээгүй. Харин би маргааш өглөө нь ажил дээрээ очоод байж байхад Гомбодорж Баттулгад зодуулсан гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21- 22 х/

 

            Гэрч П.Лхагва-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:       “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр намайг ажлаасаа тараад гэртээ ирэхэд Гомбодорж, Баттулга нар манайд бага зэрэг халамцуу байдалтай орж ирээд “гарч уух уу” гээд байж байхад Баттулга миний танихгүй Гэрэлээ гэх охиныг дуудсан ба тэр нь удаагүй ирээд бид нар 2,5 литрийн том 4 ширхэг пиво хувааж ууцгаагаад орой 01 цаг өнгөрч байхад Гомбодорж, Баттулга, Гэрэлээ нар нь манайхаас гараад явсан юм. ...Гомбодорж, Баттулга, Гэрэлээ нар манайд зүгээр л инээж хөхрөөд ууж, идэж байгаад явсан. Манайд байхдаа лав тэд нар маргаж муудсан асуудал байгаагүй. Баттулга Гомбодоржийнд очиж хононо гэсэн юм яриад гараад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14660 дугаар дүгнэлтэд: а/ Я.Гомбодоржийн биед хамар ясны хугарал, зүүн 9-р хавирганы хугарал, тархи доргилт, дээд уруулд шарх, дух, дээд уруул, зүүн хацар, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, баруун, зүүн зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. б/ Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. д/ Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 26 х/

 

Я.Гомбодоржийн нүүр хэсгийн зураг /хх-ийн 10 х/

 

         Шүүгдэгч Г.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн багын найз болох Гомбодоржийн хамт найз Лхагваанаагийнд очиж 2,5 литрийн 1 том пиво аваад уух гэж байхад зүс таних Гэрэлээ гэх охин орж ирээд бид нар Лхагванаагийнд 4-үүлээ 2,5 литрийн 4 ширхэг пиво ууцгаасан ба бүгд л нилээн согтсон. Тэгээд Гэрэлээ, Гомбодорж бид 3 Лхагваанаагийнхаас ойролцоогоор 02 цагийн орчим байх гарсан ба би Гомбодоржийн гэр рүү нь явсан юм...Гомбодорж бид нар нилээн халамцсан байсан ба Гомбодорж Гэрэлээтэй муудалцаад байсан, мөн намайг “арчаагүй амьтан, пизда” гээд л хэл амаар өдөөд байсан. Мөн намайг тамхи асаахад Гомбодорж миний амнаас тамхийг булааж авснаас болж би түүнтэй муудалцаад нүүр рүү нь би гараараа 1-2 удаа цохьсон, түүнийг унаж байхад нь нэг удаа хөлөөрөө жийснээ санаж байна. ...Тэгээд Гомбодоржийг надад цохиулчихаад газар унахаар нь би түүнийг босгож өгөөд хоёр тийшээ салсан. Гомбодорж “эмээгийнх рүүгээ явлаа пизда минь” гэхээр нь би түүнд “чамд гомдлоо” гэсэн зүйл яриад хоёр тийшээ салсан...” /хх-ийн 32-33, 35, 36 х болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

            Иймд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Равдан овогт Гантулгын Баттулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Баттулгыг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

            Шүүгдэгч Г.Баттулга нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 45-58 х/

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг тус хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг ялтай  байдал тасарсан, ялтайд тооцно.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-ийн 55х/ Г.Баттулгын  эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх боловч дээрх хугацаа нь  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Г.Баттулга нь хохирогч Я.Гомбодоржид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлснийг хохирогч Я.Гомбодорж нь хүлээн зөвшөөрсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, хүсэлт авагдсан /хх-ийн 58 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул Г.Баттулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           

   Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ нь :

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Равдан овогт Гантулгын Баттулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Равдан овогт Гантулгын Баттулгыг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг  2 (хоёр) сар баривчлах ялаар шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгын эдлэх 2 сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.  

 

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хорих газраас тэнсэн суллагдсан шүүгдэгч Г.Баттулгын хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Г.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Баттулгын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

 

          9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Баттулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ