Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2021/00161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, 4 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Атай 2003 онд танилцаж үерхээд 2007 онд гэр бүл болж 2008 оноос гэрлэлтээ батлуулсан. Амьдрах хугацаанд 2009 оны 08 сарын 05-нд хүү И, 2016 оны 07 сарын 14-нд хүү С-ийг төрүүлсэн. 2016 он хүртэл амьдрал байх хэмжээнд байсан. Харин 2016 оноос намайг жирэмсэн байхад архи дарс ууж хонуутаар явдаг болж, ааш зан нь хувирч эхэлсэн. Яагаад байгаа юм гэхээр хэрүүл өдлөө чам шиг хүнтэй амьдрахаас залхаж байна гэж дарамтлан гар хүрдэг болсон. Нууцаар явалддаг нь ил болж, ил цагаандаа гарлаа гэж хэлсний төлөө намайг 2 сартай хөхүүл байхад нүүр нүдгүй зодож хүнд гэмтэл учруулсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад гомдол гарган явж байсан боловч мөн л дарамталсаар байгаад гомдлыг буцаалгасан. Гомдлоо буцаасны дараа энэ хүнээс салъя гэж шийдэн Улаанбаатар хот руу 3 сартай хүүгээ тэврэн явсан. Гэвч буруутайгаа ярьж, санаж байна, үр хүүхдээ өнчрүүлэхээ болъё гэж гуйж, би үнэхээр ч үнэн хэлж байна гэсэн бодолд автан өөрийгөө үнэмшүүлдэг байлаа. Гэтэл тэр нь худлаа бусадтай харилцаатай хэвээрээ л байдаг. Иймэрхүү 4 жил болсон. Гэтэл нөхөр нөгөө хүүхэнтэйгээ амьдарч, хүүхдийг нь төрүүлсэн атлаа надтай амьдарна гэж зүтгэдэг. Тэгээд орж гараад хоол унд хийлгэж, хонож өнжөөд л явдаг. Ингээд 2 талд 2 эмэгтэй, хэдэн хүүхдийн амьдралаар тоглож явна. Надыг албан ёсоор гэрлэлтээ цуцлаагүй болохоор, өөрийн эхнэр мэт, дуртай үедээ ирж доромжлоод, өмч мэт үзэж хянаж эрхийг минь хязгаарлаж, заналхийлдэг ба хүч хэрэглэн эзэмдэж зодож зовоож байна. Иймд би гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдийн асрамжийг шийдүүлэх (өөрийн асрамжиндаа авах), 2011 онд хамтран авч байсан машины үнэ 4 000 000 төгрөг нэхэмжилнэ. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Бид хоёр 2016 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Том хүүгийнхээ саналыг харсан. Хаана амьдрах хүсэлтэй байгааг нь асуухад “аавтайгаа баймаар байна” гэсэн байсан. Тиймээс аав дээр нь үлдээхэд татгалзах зүйлгүй. Бага хүү маань надтай хамт амьдардаг. Иймд бага хүүгээ өөрийн асрамжиндаа үлдээнэ. Хүүхдүүдийн асрамжийн талаар бид 2 ийм байдлаар харилцан тохиролцсон. Бидний дунд машины үнэ 4 сая төгрөгөөс өөр эд хөрөнгийн маргаан байхгүй. Уг 4 сая төгрөгийг А нь төлөхийг зөвшөөрсөн байгаа. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр Э.Б-гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2 дундаасаа хоёр хүүхэдтэй. Ярилцаж байгаад том хүүгээ өөр дээрээ үлдээж бага хүүгээ ээжтэй нь үлдээхээр ярилцсан. Том хүү маань надтай өссөн болохоор өөрөө аавтайгаа байна гэсэн. Нэхэмжлэлийг уншаад маргах зүйл байхгүй болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Машины үнэ 4 сая төгрөг нэхсэн боловч ярилцсаны үндсэн дээр өөрийн тэргээ зараад нэхсэн мөнгийг нь өгөхөөр тохиролцсон. Шүүх хуралдаан дээр ярьсан зүйлс дээр нэмж хэлэх зүйл алга. Бид хоёр ярилцаж тохиролцсон. Би 4 000 000 төгрөгийг өгнө. Машины үнээс өөр эд хөрөнгийн маргаан бидэнд байхгүй. Том хүүгээ өөр дээрээ авч, бага хүүгээ ээжид нь үлдээнэ. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд хариуцагч Б.А-д холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, 4 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)

Гэрлэгчид нь 2003 онд танилцаж, 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 294 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд тэдний дундаас 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүү А.И, 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүү А.С нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон тэдний иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн эрүүл боожиж байгаа тухай “Асралт-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 3-8, 18-19, 25 тал)

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс хамт амьдрах хүсэл сонирхолгүй болж 2016 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, эвлэрэх боломжгүй болсон, хамт амьдрах хугацаандаа хариуцагч Б.А нь эхнэртээ гар хүрч зодож байсан ба энэ байдлаа үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр, Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх 9-10 тал)

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзана” гэж, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж тус тус заасан.

Хуульд ийнхүү заасны дагуу шүүх 11 нас 6 сартай хүү А.И-ээс саналыг авсан бөгөөд тэрээр аавтайгаа хамт байх талаар саналаа хэлсэн болно.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Б.А нар нь 2009 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.И-ийг эцгийнх нь асрамжинд, 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү А.С-ийг эхийнх нь асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцож байгаа байдал болон хүүхдийн санал зэргийг үндэслэн хүү А.И-ийг эцгийнх нь, хүү А.С-ийг эхийнх нь асрамжинд тус тус үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг болон энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг эцэг Б.А, эх Э.Б нарт тус тус даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.Б нь хамт амьдарч байх хугацаандаа буюу 2011 онд худалдан авч байсан хамтран өмчлөх дундын хөрөнгө болох авто машины үнэ 4 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Б.А нь авто машинаа борлуулж, уг мөнгийг төлөх талаар нэхэмжлэгч Э.Б-тай харилцан тохиролцжээ. (хх 18-19 тал)

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж заасны дагуу шүүх хариуцагч Б.А-аас 4 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлгийн болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар өөр маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 78 950 төгрөг, нийт 219 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.А, Э.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү А.И-ийг эцэг Б.А-ын, хүү А.С-ийг эх Э.Б-гийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-аас 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-д олгосугай.

4. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар өөр маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 219 350 /хоёр зуун арван есөн мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнгөнбулгад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 ГАРГАЛТУЯА