Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2021/00180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн “Б” танхимд онлайн хэлбэрээр явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.У-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч О.Э, хариуцагч Ж.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У бид хоёр 2005 онд гэр бүлийн хамтын амьдралаа эхлүүлсэн ба 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 5 сарын 18-нд хүү Ч-г төрүүлсэн. Нөхөр У нь байнга шахам архи уудаг. Тэгээд гэр бүлийн дотор байнга хэрүүлтэй байдаг. Сэтгэл санаа тайван бус гомдолтой байдаг байсан. 3 жил түүнийг засрах байх, архи уухыг нь болиулахыг хичээсэн ч чадаагүй. Ингээд 2007 онд хүүгээ аваад гэртээ ирсэн. Нөхөр араас эвлэрье гэж гуйдаг ч архи уусан хэвээрээ, янз бүрийн юм яриад засарсан шинжгүй байсан учир буцаж нийлээгүй. Хадам аав, ээж ачаа санаж гээд гомдоллоод маргаж байгаад 2009 онд хүүг минь авч яваад надад хүүг маань өгдөггүй байсан. Эмээ, өвөө дээрээ хүү минь байдаг. Би хүүтэйгээ уулзах гэж очиход уулзуулахгүй гэж янз бүр болдог. Хүүхдийн сэтгэл үймүүллээ гэдэг байсан. Ингээд хааяа очоод ерөнхийд нь ажиглаж байсан. Би 2012 онд хүнтэй сууж 2 хүүхэдтэй болсон. У нь 2010 онд хүнтэй суусан. Уын ээж нас барснаас хойш хүү У дээр очсон боловч аав нь хэвтрийн болсон. Хүүг маань өгөхгүй байснаа 2019 онд нэг өдөр эхнэр нь утасдаад бид 2 хүүг чинь харж чадахгүй. Хүүхдээ ирж ав гэснээр хүүгээ аваад байгаа. Би гэрлэлтээ цуцлуулах талаар ярихад тэгье гэсэн хирнээ хөөцөлдөж өгдөггүй одоог хүрсэн. Ингээд би өөрөө эвлэрүүлэнд хандах бичиг баримтыг бүрдүүлж өгч байсан. нэгэнт бид салаад олон жил болсон, тус тусын гэр бүлтэй, амьдралтай учир албан ёсоор гэрлэлтээ цуцлуулах, хүү Ч-г миний асрамжинд үлдээх талаар тохиролцсон учир дээрх асуудлыг шийдэж өгнө үү.

Бид хоёр 2005 онд танилцаад 2006 онд хүүгээ төрүүлж, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бид нэг жил гарангийн хугацаанд л хамт амьдарсан бөгөөд 2007 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдраад 14 жил болж байна. Бид хоёр хоёулаа өөр гэр бүл, үр хүүхэдтэй болсон. Тиймээс ярилцаж тохиролцоод гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн. Асрамжийн асуудал дээр ярилцаж тохиролцоод би өөрийн асрамжиндаа хүүгээ үлдээхээр болсон. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.Э-н гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй болно.

 Надад О.Э-н хэлсэн зүйл дээр нэмж хэлэх зүйл алба. Ярьж хэлж байгаа зүйлс нь бүгд үнэн. Бид 2 хүүхдийн асрамжийн асуудал дээр ярилцаж тохиролцсон. Уг нь хүүгээсээ хэнтэй нь амьдрахыг нь асуух гэсэн боловч уулзаж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Э нь тус шүүхэд хариуцагч Ж.У-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2005 онд танилцаж, 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 82 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд тэдний дундаас хүү У.Ч төрсөн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон хүүхдийн 01.... дугаартай төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн эрүүл боожиж байгаа тухай “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 5-8, 18 тал)

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс хамт амьдрах хүсэл сонирхолгүй болж 2017 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байх бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, эвлэрэх боломжгүй болсон, хэн аль нь өөр хүнтэй хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр, Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх 9-10 тал)

Нэхэмжлэгч О.Э нь 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү У.Ч-г өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч Ж.У хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн хүү У.Ч-г эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Ж.У-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.Э-т тус тус даалгах нь зүйтэй.

Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлгийн болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Э нь шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 138/ШЗ2021/00212 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ж.У-с гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 140 400 төгрөг гаргуулан төсвийн орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ж.У, О.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү У.Ч-г эх О.Э-н асрамжинд үлдээсүгэй.

3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ж.У-с улсын тэмдэгтийн хураамжид 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              ГАРГАЛТУЯА