| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0048/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/48 |
| Огноо | 2024-04-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/48
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч И.Ш,
Өмгөөлөгч Б.Дугармаа,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн И-ийн Ш-т холбогдох 2328003360073 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч И.Ш нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн замын 3-ын хаалтын 4 замын уулзварт “Наісе” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, “Баян ундарга ложистик” ХХК-ийн “North benz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тухайн зам дээр зогсож байсан “Ийст форест” ХХК-ийн эзэмшлийн “Shacman F3000” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зогсож, “Наice” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж байсан иргэн Д.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч И.Ш-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Шивээхүрэн хилийн боомтод төмөр замын бүтээн байгуулалтад үйл ажиллагаа явуулж байгаа “Анугружин” ХХК-тай барилга барихаар манай компани гэрээ байгуулаад 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр очоод ажлын талбай нь бэлэн болоогүй байсан учраас хүлээгдэж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Морин заг” суурьшлын бүс орж ойр зуурын хэрэглээний зүйл аваад кемп орох гээд буцаж явахдаа нүүрс тээврийн замын 3-ийн хаалтын 4 замын уулзвар гатлах үедээ нүүрс тээврийн машинтай мөргөлдөж осолд орсон... Би машины урд талд голд нь сууж явсан. Урд талдаа 3 хүн суух суудалтай машин байсан... Миний гавалын яс цөмөрсөн, 2 нүдний чамархайны яс цөмөрсөн, баруун нүдний ухархайны яс хугарсан, баруун талын 7, 8 дугаар хавирга хугарсан. Ш-ын биеийн байдал тухайн үед хүндэвтэр байсан ямар гэмтэл авсныг мэдээгүй, ямар гэмтэлтэй байсныг мэдэхгүй байна. Бусад хүмүүсийн биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Сүүлд Улаанбаатар хотод ирж бүгд үзүүлэхэд М, Х, О, Б нарын биед ямар ч гэмтэл илрээгүй хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэж хэлсэн. Миний биеийн байдал гавалын ясны хагалгаанд орсон. ...Эхний машинд мөргүүлээд цохигдоод машин эрчиндээ дараалалд зогсож байсан ачаатай машины урд мөргөж зогсох үед сууж явсан машины кабин дотор байдаг толь болон толины суурь, урд салхины шилийг толгойгоороо мөргөхөд гэмтэл авсан... Одоогоор санал гомдол гээд байх зүйл байхгүй. И.Ш-тай нэг сумын хүмүүс бага байхаас тоглож өссөн ба ямар нэгэн санал байхгүй учир хэргийг хаалгуулах хүсэлтэй байна. 2,000,000 төгрөг бэлнээр авсан” /хавтаст хэргийн 29-30, 229 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Ш.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би осол болох үед Улаанбаатар хотод байсан. 2023 оны 11 дүгээр сарын 04-ний орой манай ажилтан утсаар залгаад манай компанийн JHL- 075 дугаартай машин осолд орсон байна гэж хэлсэн. Тодруулахад манай компанийн жолооч О Шивээхүрэн хилийн боомтын гаалийн хашаанаас нүүрс тээврийн машин жолоодоод нүүрс тээврийн замын 3-ийн хаалтын ойролцоо 4 замын уулзвар дээр явах үед нь туслах замаас “Hiaсе” загварын ... улсын дугаартай суудлын машин урдуур нь ороод мөргүүлсэн талаар танилцуулсан. Манай жолоочийг замын хөдөлгөөн хяналтын ажилчид үлээлгэж шалгасан архи, согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан гэж хэлсэн. Суудлын машины хүмүүсийг Гурвантэс сумын эмнэлэгт хүргэсэн юм билээ. “North benz” загварын ... улсын дугаартай автомашины урд куперт 1 ширхэг гэрэл хагарсан, 54-32 улсын дугаартай чиргүүлд эвдрэл учраагүй. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл маань одоо хэвийн ажиллагаанд тээврийн замд явж байна.” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 хилийн боомтоор 3-н хаалт буюу 4 замын уулзвар дээр манай ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг жижиг машин мөргөсөн талаар мэдсэн. Сүүлд машинаа харахад машины гупер хэсэг бага зэрэг хонхойсон байсан... Манай ХХК-ийн жолооч Э....т ямар нэгэн гэмтэл учраагүй ба тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 40 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай “Ийст Форест” ХХК-ийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Haice” загварын тээврийн хэрэгсэл манай машиныг цуваанд зогсож байхад ирээд мөргөсөн байсан. Тухайн машин мөргөсний улмаас манай машинд хохирлын үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхэд 897,700 төгрөг болсон тул нэхэмжилнэ. Хохирол болох 897,700 төгрөг барагдуулах юм бол гомдол санал байхгүй. Тээврийн жолооч Э.... нь ослоос хойш нэг сар ажиллаж байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Тухайн хүнд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан.” /хавтаст хэргийн 44 дэх тал/
Иргэний хариуцагч О.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг Гурвантэс сумын Бага-Овоо 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Анугружин” ХХК-ийн туслан гүйцэтгэгч ХХК-наар манайх ажиллаж байсан ба амрах хугацаандаа ХХК-ийн ажилчид дэлгүүр орох гээд явж ирэхдээ зам тээврийн осолд орсон байсан. Манай ХХК-ийн ажилтан Д.Э-ийн толгой хэсэг нь гэмтсэн. Тухайн гэмтлийг нь манай ХХК-ийн зүгээс эмнэлгээр явуулж эмчлүүлсэн. Манай ХХК-ийн ажилчид амралтын өдрөө дэлгүүр орох гээд явж байхдаа осолд орсон байсан ба манай ХХК-ийн зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй. ... улсын дугаартай машинд нэхэмжилж байгаа зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 47-48 дахь тал/
Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай ажлын хамт олон 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Морин заг” суурьшлын бүс орж усанд орох, дэлгүүрээс хувийн эд зүйл авах, дизель түлш авах ажлаар явсан. Ажлаа амжуулаад буцаад кемп рүүгээ явж байгаад нүүрс тээврийн замын 3-ийн хаалтын 4 замын уулзвар дээр нүүрс тээвэрлэлтийн замыг хөндлөн гарах гээд явж байхад Шивээхүрэн талаасаа ирж байсан нүүрс тээврийн хүнд даацын машинтай мөргөлдөөд цохигдоод хүчиндээ машин өнхөрч яваад нүүрс тээвэрлэлтийн зам дээр дараалалд зогсож байсан нүүрс тээврийн машины урд талаас мөргөж зогссон. Би машинаас буугаад хөл эвгүй болоод байсан, тэгсэн хүмүүс жолоочийн бие нь хэвийн биш байна гээд байхаар нь очиход миний сууж явсан машинтай мөргөлдсөн хүнд даацын машины жолооч ирээд надтай хамжиж жолоочийг машины арын суудалд оруулж суулгасан. Миний сууж явсан суудлын машин нүүрс тээвэрлэлтийн замын баруун талын 1 дүгээр эгнээнд хойд зүг рүү харсан байрлалтай зогссон, миний сууж явсан машинтай мөргөлдсөн нүүрс тээврийн машин замын зүүн талын 1 дүгээр эгнээнд хойд зүгт харсан зогсож байсан. Замын баруун талын 1 дүгээр эгнээнд нүүрс ачсан машинуудын дараалал үүссэн зам дээр зогсож байсан. Эмч ирээд үзлэг хийгээд Гурвантэс сумын эмнэлэгт хүргэгдсэн... Миний зүүн хөлийн өвдөг орчинд хөндүүр орсон. Э-ийн толгойноос цус гарсан. Ш-ын биеийн байдал хүндэвтэр байсан, ямар гэмтэлтэй байсныг мэдэхгүй байна. О-ын шанаа хэсэгт шалбарсан харагдсан. Б, М нарт ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Миний биеийн байдал хэвийн байна. Шүүх эмнэлгээр гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Баруун талын арын хаалга болон жолооч талын хаалга хонхойсон, урд салхины шил хагарсан байсан.” /хавтаст хэргийн 52-53 дахь тал/
Гэрч Н.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нүүрс тээврийн концессын замд хөдөлгөөн хяналт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж очиход нүүрс тээврийн замын 3-ын хаалт даваад 4 замын уулзвар дээр зам тээврийн осол гарсан байдалтай байсан. Тодруулж шалгахад нүүрс тээврийн 2 автомашин, “Toyota hiace” загварын ... улсын дугаартай машинууд мөргөлдсөн байдалтай байсан. Шивээхүрэн боомт талаас ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэсэн уулзварт “North benz” загварын ... улсын дугаартай нүүрс тээврийн хүнд даацын автомашин хойд зүгт чиглэсэн байрлалтай байсан, “Toyota hiace” загварын ... улсын дугаартай машин ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байрлалтай эсрэг урсгалд ... улсын дугаартай нүүрс тээврийн хүнд даацын автомашины урд хэсгийг мөргөсөн байрлалтай зогссон байсан. Тухайн орчинд “Toyota hiace” загварын ... улсын дугаартай автомашинд зорчиж явсан иргэдийг хариуцдаг гэх хүмүүс ирсэн байсан. Ослын газрыг хамгаалалтад авч осолд холбогдсон жолооч нарыг амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар шалгаж үзэхэд “North benz” загварын ... улсын дугаартай нүүрс тээврийн хүнд даацын автомашины жолооч Г.О нь 0.00 хувь гарч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, ... улсын дугаартай нүүрс тээврийн хүнд даацын автомашины жолооч мөн адил согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон. “Toyota hiace” загварын ... улсын дугаартай автомашины жолооч Ш гэгч нь намайг очих үед машины арын суудалд сууж байсан ба амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар шалгах оролдлогыг 2-3 удаа хийсэн боловч цээж хөндүүрлээд байна гэсэн шалтгаанаар драгер багаж үлээж шалгуулж чадаагүй. Жолооч Ш-ын баруун чих орчимд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл урсаж хатсан байдалтай байсан бөгөөд цээж хөндүүртэй гэх зовуурьтай байсан. Ослын газарт очиж осолд холбогдсон гэх автомашинуудын жолооч нарыг тодруулахад “Toyota hiace” загварын ... улсын дугаартай машины жолоочийг хариуцдаг хүмүүс нь жолооч нь Ш гэдэг хүн унаж явсан гэж хэлсэн. “North benz” загварын ... улсын дугаартай автомашиныг Г.О жолоодож явсан, ... улсын дугаартай автомашиныг ... гэх хүн жолоод явсныг тодруулсан.” /хавтаст хэргийн 56-57 дахь тал/
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хятад Улсад нүүрс буулгаад буцаад Монгол Улсын хилээр нүүрс тээврийн машин жолоодон орж ирсэн. Гаалийн хашаанаас гараад урдаас хойд зүгт чиглэн “Морин заг” суурьшлын бус орох гээд машин жолоодон явж байхад нүүрс тээврийн замын 3-ийн хаалтын залгаа 4 замын уулзвар хэсэг рүү орж явтал замын баруун талаас буюу миний зүүн гар талаас жижиг суудлын машин зам тавихгүй шууд урдуур орж ирэхээр нь сигналаа дуугаргаад тоормос гишгээд хурд сааруулах арга хэмжээ авсан ч суудлын машиныг мөргөхөд мөргүүлсэн суудлын машин эсрэг урсгалд ачаатай зогсож байсан нүүрс тээврийн машины урд талаас мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад хүрч очиход “Ніасе” загварын ... улсын дугаартай суудлын машин байсан. Машин дотор 6 хүн байсан жолооч нь жолоочийн суудалд гэмтэл авсан байдалтай сууж байсан, бусад хүмүүс нь машинаас гарч байсан. Жолоочийг хамт явсан нэг залуугийн хамт өргөж “Hiace” загварын машины арын суудалд суулгасан. Удалгүй манай компанийн эмч ирж үзээд Гурвантэс сумын эмнэлэгт хүргэх шаардлагатай гээд явуулсан. Замын хөдөлгөөн хяналтын хүмүүс ирээд намайг болон эсрэг урсгалд зогсож байсан ачаатай машины жолооч бид хоёрыг драгер багаж үлээлгэж шалгаад ослын үеийн зураг дараад осолд орсон “Ніасе” загварын суудлын машиныг замаас гаргаж замын хажууд байрлуулсан. Хөдөлгөөн хяналтын ажилчид машинаа замаас гаргаж зам чөлөөлөхгүй бол хөдөлгөөнд саад учруулаад байна гэхээр нь машиныхаа урд талын 2 дугуй байсан хэсгийг тэмдэглээд маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 05-ны орой нүүрс тээврийн замаас гаргаж байрлуулсан... “Toyota hiace” загварын ... улсын дугаартай автомашинд сууж явсан эрэгтэй хүний толгойноос цус гарсан байсан, өөр бас нэг эрэгтэй хүн хазгар гишгээд байсан, жолооч гэмтэл авсан ямар гэмтэлтэй байсныг мэдээгүй. Миний бие гэмтээгүй.” /хавтаст хэргийн 65-66 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 505 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Э-ийн биед тархины хүнд гэмтэл, дух, баруун зулайн цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, эпидурал цусан хураа, баруун талын ухархайн дээд хана, хацар ясны хугарал, баруун талын Х, ХІ хавирганы хугарал, нүүрний баруун тал, дух, хамар, баруун зулай, чамархай, зүүн нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 70-72 дахь тал/
“Вендо” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 45628 дугаартай хөрөнгийн үнэлгээнд: “Эвдэрсэн эд ангийн нэр, зүүн урд их гэрэл, эвдрэл /их/, солих 120,000 төгрөг, урд буфер, эвдрэл /их/, солих 120,000 төгрөг, зүүн урд шанаа, эвдрэл /дунд/, засварлах 180,000 төгрөг, зүүн урд булан /хуванцар/, эвдрэл /их/, солих 70,000 төгрөг, доод хамгаалалт төмөр, эвдрэл /дунд/, засварлах 50,000 төгрөг, улсын дугаар, эвдрэл /их/, солих 25,000 төгрөг, капуд /нүүр/, эвдрэл /их/, солих 380,000 төгрөг, Шууд зардал засварлах 230,000 төгрөг, солих 715,000 төгрөг, эд анги солих зардал, засварлах 90,000 төгрөг, эд анги будах зардал /солигдсон/, засварлах 350,000 төгрөг, 500 грамм будаг туслах материалын лак, засварлах 110,000 төгрөг, Шууд бус зардал 550,000 төгрөг, Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 1,495,000 төгрөг.” /хавтаст хэргийн 83-84 дэх тал/
“Вендо” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 45687 дугаартай хөрөнгийн үнэлгээнд: “Эвдэрсэн эд ангийн нэр, урд буфер /элэгдэл тооцов/, /солих 577,500 төгрөг/, улсын дугаар, улсын дугаарын хүрээ /солих 50,000 төгрөг/, Шууд зардал 627,500 төгрөг, эд анги солих зардал, /засварлах 50,000 төгрөг/, эд анги будах зардал /солигдсон/, /засварлах 200,000 төгрөг/, 100 грамм будаг туслах материалын лак, /засварлах 20,200 төгрөг/, Шууд бус зардал 270,200 төгрөг, Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 897,700 төгрөг.” /хавтаст хэргийн 88-89 дэх тал/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 241 дугаартай хөрөнгийн үнэлгээнд: “Эвдэрсэн эд анги, зардлын нэр, багажны хаалганы шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 200,000 төгрөг /солих/, хаалга ком /баруун урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 750,000 төгрөг /солих/, хаалга ком /баруун хойд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 750,000 төгрөг /солих/, толь /баруун/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 120,000 төгрөг /солих/, буфер /урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 200,000 төгрөг /солих/, гэрэл /баруун урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, гэрэл /зүүн урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, нүүр сетка, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 100,000 төгрөг /солих/, салхины шил /урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 200,000 төгрөг /солих/, шанаа /баруун урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 50,000 төгрөг /солих/, капуд, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 180,000 төгрөг /солих/, шилний хажуу багана /баруун/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 75,000 төгрөг /засах/, багана /баруун урд/, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 85,000 төгрөг /засах/, багана /баруун дунд/, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 185,000 төгрөг /засах/, орой, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 225,000 төгрөг /засах/, крыло /баруун хойд/, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 95,000 төгрөг /засах/, дээврийн эмжээр /баруун/, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 125,000 төгрөг /засах/, дээврийн эмжээр /зүүн/, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 85,000 төгрөг /засах/, кузовны гажаа гаргах, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 150,000 төгрөг /засах/, будах зардал, эвдрэлийн зэрэг бага, үнэлгээ 980,000 төгрөг /ажлын хөлс/, Шууд зардлын дүн: 4,855,000 төгрөг, 850 грамм будаг, туслах материалын, лак, өнгө гаргах, үнэлгээ 170,000 төгрөг /материалын үнэ/, эд анги солих, үнэлгээ 120,000 төгрөг /ажлын хөлс/, тэнхлэг тохируулах /ажлын хөлс/, Шууд бус зардлын дүн: 290,000 төгрөг, Нийт дүн: 5,145,000 төгрөг.” /хавтаст хэргийн 91 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэд: “ “Наiсе загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч И.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн нь зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Майдарын ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт, фото зургийн үзүүлэлт, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Beiben North Benz” загварын 59-17 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Shaanxi” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна. “Наісе” загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч И.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.2 “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно” гэж зааснаар хэний буруутайг тогтоох боломжгүй.” /хавтаст хэргийн 102-103 дахь тал/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/
Зам тээврийн ослын хэрэг дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-22 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118 дахь тал/
2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хавтаст хэргийн 125 дахь тал/
Шүүгдэгч И.Ш-ын жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 126 дахь тал/
Эрх бүхий албан тушаалтны эд зүйл, баримт бичгийг хуулбарлан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 130-135 дахь тал/
Харьяаллын дагуу шилжүүлэх саналтай материал /хавтаст хэргийн 149-203 дахь тал/
Шүүгдэгч И.Ш-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 227 дахь тал/
Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 20 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 230-231 дэх тал/
Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 20 дугаартай санал /хавтаст хэргийн 232-233 дахь тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд И.Ш-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч И.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч И.Ш нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн замын 3-ын хаалтын 4 замын уулзварт “Наісе” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, “Баян ундарга ложистик" ХХК-ийн “North benz” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тухайн зам дээр зогсож байсан “Ийст форест" ХХК-ийн эзэмшлийн “Shacman F3000" загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зогсож, “Наice” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж байсан иргэн Д.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ш-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Ш.Ч-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, иргэний нэхэмжлэгч М.Б-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Э.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/, иргэний хариуцагч О.Мө-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, гэрч Т.Х-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, гэрч Н.Мө-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/, гэрч Г.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/, “Вендо” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 45628 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 83-84 дэх тал/, “Вендо” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 45687 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 88-89 дэх тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 241 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 91 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 102-103 дахь тал/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/, зам тээврийн ослын хэрэг дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-22 дахь тал/, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хавтаст хэргийн 125 дахь тал/, харьяаллын дагуу шилжүүлэх саналтай материал /хавтаст хэргийн 149-203 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэд: “Наiсе загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч И.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн нь зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Майдарын ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт, фото зургийн үзүүлэлт, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна... “Наісе” загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч И.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон байна...” /хавтаст хэргийн 102-103 дахь тал/ гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч И.Шыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч И.Ш-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-ийн тархины хүнд гэмтэл, дух, баруун зулайн цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, эпидурал цусан хураа, баруун талын ухархайн дээд хана, хацар ясны хугарал, баруун талын Х, ХІ хавирганы хугарал, нүүрний баруун тал, дух, хамар, баруун зулай, чамархай, зүүн нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 505 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-72 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч И.Ш нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч И.Ш нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч И.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.Ш-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч И.Ш-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-ийн тархины хүнд гэмтэл, дух, баруун зулайн цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, эпидурал цусан хураа, баруун талын ухархайн дээд хана, хацар ясны хугарал, баруун талын Х, ХІ хавирганы хугарал, нүүрний баруун тал, дух, хамар, баруун зулай, чамархай, зүүн нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 505 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-72 дахь тал/-ээр тогтоогдсон ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад “Одоогоор санал гомдол гээд байх зүйл байхгүй. И.Ш-тай нэг сумын хүмүүс бага байхаас тоглож өссөн ба ямар нэгэн санал байхгүй учир хэргийг хаалгуулах хүсэлтэй байна. 2,000,000 төгрөг бэлнээр авсан” /хавтаст хэргийн 29-30, 229 дэх тал/ гэж мэдүүлсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч И.Ш-ын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч “Ийст форест” ХХК-ийн эд хөрөнгөд 897,700 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 45687 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 88-89 дэх тал-ээр/, иргэний нэхэмжлэгч “Баян Ундарга Ложистик” ХХК-ийн эд хөрөнгөд 1,495,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 45628 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 83-84 дэх тал/-ээр, иргэний хариуцагч “Туул Консултинг” ХХК-ийн эд хөрөнгөд 5,145,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 241 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 91 дэх тал/-ээр тус тус тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ш.Ч /Баян Ундарга Ложистик ХХК/ “...“North benz” загварын ... улсын дугаартай автомашины урд куперт 1 ширхэг гэрэл хагарсан, 54-32 улсын дугаартай чиргүүлд эвдрэл учраагүй. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл маань одоо хэвийн ажиллагаанд тээврийн замд явж байна.” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, иргэний нэхэмжлэгч М.Б /Ийст форест ХХК/ “...Манай ХХК-ийн жолооч Э....т ямар нэгэн гэмтэл учраагүй ба тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 40 дэх тал/, иргэний хариуцагч О.Мө /Туул консултинг ХХК/ “...Манай ХХК-ийн ажилчид амралтын өдрөө дэлгүүр орох гээд явж байхдаа осолд орсон байсан ба манай ХХК-ийн зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй. ... улсын дугаартай машинд нэхэмжилж байгаа зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ гэж тус тус мэдүүлснээс гадна “Ийст форест” ХХК-ийн эд хөрөнгөд учирсан 897,700 төгрөгийн хохирлыг төлсөн баримт /хавтаст хэргийн 228 дах тал/ авагдсан байх тул шүүгдэгч И.Ш-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Ш-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-ийн биед хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон учир хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч И.Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч И.Ш-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч И.Ш-ыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна гэх дүгнэлтүүдийг, шүүгдэгчийн зүгээс хийсэн хэрэгтэй гэмшиж байна, анхаарал болгоомжгүй байдлаас болж хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсандаа гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч И.Ш нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялд өөрчлөлт оруулсан бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасныг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчилжээ.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын доод, дээд хэмжээ, хорих, зорчих эрхийг хязгаарлах зэрэг үндсэн ялын доод хэмжээ тус тус нэмэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсны дагуу шүүгдэгч И.Ш-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэхээр прокуророос хэргийг шилжүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч И.Ш-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч И.Шын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч И.Шыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ш нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ш-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав. Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч И.Ш-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ЙИ90123114 регистрийн дугаартай, №842090 дугаартай “А, В” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн И-ийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч И.Ш-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч И.Ш-ыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ш нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ш-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч И.Шын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ЙИ90123114 регистрийн дугаартай, №842090 дугаартай “А, В” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч И.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-өд 2,000,000 /хоёр сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч “Ийст форест” ХХК-нд 897,700 /найман зуун ерэн долоон мянга долоон зуу/ төгрөг тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч “Баян Ундарга Ложистик” ХХК, иргэний хариуцагч “Туул Консултинг” ХХК нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч И.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ